Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 26

 

 

“Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00071/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    С.Оюунцэцэг

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Нэхэмжлэгчийн төлөөлөгч      Ж.Энхжаргал

                             Хариуцагчийн төлөөлөгч        Д.Ванчигмаа

                             Хариуцагчийн өмгөөлөгч        Л.Доржпүрэв

                           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 158 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор “Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-т холбогдох “194.102.469 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр  сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч “Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...“Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК нь 2017 онд “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГазартай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч тал болох “Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК нь гэрээний дагуу 3289.5 тн нүүрс нийлүүлсэн, түүний үнэ 152.836.749 төгрөгийг “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ манай компанид төлөх нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2 талын тооцоо нийлсэн актаар тогтоогдож нотлогдсон юм. Худалдагч тал нь 2017 оны 04 дүгээр сард нүүрс нийлүүлж дууссан бөгөөд гэрээнд зааснаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор худалдан авагч тал үнийг төлөх үүрэг хүлээсэн.

 Иймд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг дуустал 270 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги 41.265.720 төгрөгийг нэмж, бүгд 194.102.469 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГазар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Манай “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ нь уг нэхэмжлэлд бичсэн хугацаа хэтрүүлсэний алданги гэх 41.265.720 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Ер нь нүүрсний үндсэн үнэ 152.836.749 төгрөгийг ч төлөхгүй байх үндэслэл байгаа ч энэ талаар бид маргаан гаргаагүй болно. Төлөхгүй байх учир нь: Тухайн үед нүүрс нийлүүлэх гэрээ хийгээгүй, нүүрсний үнэ, тээврийн зардал нь тодорхойгүй байхад тус компани нь шууд нүүрс вагонд ачуулж манай байгууллагад хаяглан явуулсан тул бид уг нүүрсийг хүлээн авахгүй буцааж явуулах нөхцөл бүрдсэн байсан гэвч “Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК-ний захирал нь: манай байгууллагад хандаж бидний нүүрсийг хүлээж авна уу нүүрсний төлбөрийн тооцоог боломжтой үедээ төлж барагдуулж болно гэсэн хүсэлтийн /гуйлтын/ дагуу уг нүүрсийг хүлээж авсан. Гэтэл одоо 41.285.720 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн “Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК нь Татварын хуулийн дагуу НӨАТ-ийн буцаан олголтыг нийт үнийн дүнгийн /152.836.749 төгрөг/ 10% буюу 15.836.749 төгрөгийг татварын тайланд тусгаагүй байна. Иймд нүүрсний нийт үнийн дүнгээс 15.836.749 төгрөгийг хасч тооцох, мөн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нүүрсний үнэд 20.000.000 төгрөгийг шилжүүлгээр төлсөн тул эдгээр тооцоогоор хасалт хийхэд 117.000.000 төгрөгийн төлбөрийн тооцооны үлдэгдэлтэй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр  хянан хэлэлцээд 158 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГазраас 174.102.496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК-д олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.128.462 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГазраас 1.028.462 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

...Гомдол гаргаж буй учир нь: Манай “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ нь шүүх хурал болохоос 2-3 хоногийн өмнө шүүхэд хандаж “манай байгууллагын санхүүгийн баримтууд нь Дархан-Уул аймагт байдаг Аудитын байгууллагад байгаа тул бид шүүхэд нотлох баримтууд гаргаж өгөх боломжгүй байна. Энэ байдлыг харгалзан санхүүгийн баримтуудыг иртэл шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт албан бичгийг шүүхэд өгсөн юм. Гэтэл шүүгч танай хүсэлтийг хүлээж авахгүй, хурлыг хойшлуулахгүй гэсэн захирамж гаргаж манай байгууллагын зүгээс шүүхэд нотлох баримт гаргаж өгөх эрхийг зөрчиж шууд хурал хийсэн юм. Тэгээд дан ганц нэхэмжлэгч тал болох “Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК-ны гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шударга бус шийдвэр гаргасан юм.

 Шүүгчийн энэ байдал нь Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид... нотлох баримтуудыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэрлэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно гэж заасныг илт зөрчсөн явдал юм. Зөвхөн дан ганц нэхэмжилж байгаа талын гаргаж өгсөн баримтыг үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь  хууль зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нүүрсийг 2017 оны 4-р сард нийлүүлж дууссан гэж бичсэн байгаа нь худлаа зүйл юм. 2017 оны 4-р сард биш ,2017 оны 10-р сард 1880,5 тн нүүрс буулгасан юм шүү дээ. Энэ 10 -р сард буулгасан нүүрсний үнэ нь 50.100.28/ төгрөг болж байгаа юм. Энэ тухай бүх баримтууд манай байгууллага дээр байгаа билээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичихдээ 2017 оны 5-р сараас эхлэн алданги тооцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь манай байгууллагад 2017 оны 10-р сард 1880,5 тн нүүрс буулгасан атлаа үүнээс өмнө буюу 2017 оны 5-р сараас эхлэн алданги тооцсон байгаа нь 150 хоногийн хугацааг илт буруу тооцож үндэслэлгүй их алданги нэхсэн байгаа явдал юм. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ямар мөнгөн дүнгээс эхлэн ямар байдлаар тооцож алданги нэхэж байгаагаа огт бичээгүй, тооцоолоогүй зөвхөн 270 хоногийн алданги гэсэн байхад шүүх юуг үндэслэж хэдэн төгрөгнөөс өөрөө бодож 41.265. 720 төгрөгийн алданги төлүүлэх шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн бодит үнэнд нийцэхгүй алданги нэхсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3-р сарын 28 -ны өдрийн 158 дугаартай шийдвэрийн алданги төлүүлөхээр заасан заалтыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн үндэслэлгүй алданги нэхэмжилсэнийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэлийг шүүхэд гаргаад 2 сар шахам болсон байхад хариуцагч тал татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй, шүүх хуралдаан эхлэхэд ”Манай санхүүгийн баримт Дархан хотод байгаа тул хурал хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөөгүй. Учир нь үнэхээр Аудит шалгаж байгаа гэсэн хирнээ энэ талаар ямар нэгэн нотлох баримт  гаргаж өгөөгүй тул хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүй нь шүүх хууль зөрчөөгүй.

Хариуцагчийн төлөөлөгч нар  нэхэмжлэлд  хариу тайлбар гаргахдаа нүүрсний зарим хэсгийг 10-р сард нийлүүлсэн талаар огт дурьдаагүй, нотлох баримт гаргаагүй тул анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргаж өгсөн бичгийн нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК нь “Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазарт холбогдуулан  худалдан худалдан авах гэрээний үүрэг буюу нүүрсний үнэ   152.836.749 төгрөг, алданги 41.265.720 төгрөг нийт  194.102.469 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч алданги 41.265.720 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд нүүрс худалдах болон худалдан авах талаар гэрээ  байгуулжээ.  

Талуудын хооронд  гэрээ байгуулсан эсэх болон гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний хэмжээний талаар маргаагүй бөгөөд харин гэрээний үнэ төлөх хугацаа болон алданги  тооцох эсэх талаар маргасан байна.

 

Нэхэмжлэгч “Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: худалдах худалдан авах гэрээний 4.1-т зааснаар төлбөрийг  нүүрс нийлүүлснээс хойш 10 хоногийн дотор шилжүүлэх, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон.  Нүүрсийг худалдан авагчид 2017 оны 04 сард нүүрсийг нийлүүлж дууссан тул 2017 оны 05 сараас эхлэн төлбөр төлөх ёстой тул төлбөрийг төлөөгүй 270 хоног  хожимдуулсан тул гэрээний 4.1-т заасны дагуу алданги нэхэмжлэх эрхтэй гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа: Нэхэмжлэгч байгууллага нь нүүрс худалдан авах болон нүүрсний үнийн талаар тохиролцоогүй байхад манайд нүүрс нийлүүлсэн. Гэвч тус компаний захиралын хүсэлтээр төлбөрийг боломжит хугацаанд төлөхөөр тохиролцон нүүрсийг хүлээн авсан. Нүүрс хүлээн авсны дараа 2017 оны 10 сарын 24-ний өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, тэр өдрөө худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан   тул алданги тооцох үндэслэлгүй гэж  тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзвэл:

Зохигчдын хооронд  2017 оны 03 сарын 06-ны өдөр  Нүүрс худалдах худалдах авах Атг/005991 дугаартай гэрээ байгуулж гэрээний 4-т гэрээний төлбөр тооцоо, талуудын хүлээх үүргийг заажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 10 сарын 24-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлджээ.

Энэхүү актын 1 дэх заалтаар гэрээний талууд 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэл  хугацаанд харилцан нийлүүлсэн зүйл үйлчилгээний тооцоо нь хоёр байгууллагад хөтлөгдөж байгаа нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй бичилтээр нэг бүрчлэн  нийлж үзэхэд гээд  “Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК нь хоорондын тооцооны үлдэгдэлийг 152.836.749 төгрөг төлөх тооцооны үлдэгдэлтэй гарсныг баталж гэрээний талууд гарын үсэг зурж тамга даран баталгаажуулжээ.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл гэрээний талууд алданги тооцох талаар гэрээндээ тохиролцсон боловч  гэрээний үүрэг биелүүлэх хугацааг талууд тогтоогоогүй, талууд тооцоо  нийлсэн актын 3 дахь заалтаар үнэ төлөгдөөгүй нэхэмжлэх баримтын жагсаалтаар зөвхөн  нүүрсний үнэ, вагон тээврийн зардал нийт 152.836.749 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргийг 2017 оны 05 сар гэхэд төлөх үүрэг хүлээсэн  төлбөрийг төлөх хугацааг 270 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч  2017 оны 10 сарын 24-ний өдөр тооцоо нийлсэн актдаа төлбөр төлөх хугацаа хэтэрсэн болон алданги төлөх талаар огт дурьдаагүй байна.

Гэрээний талууд тооцоо нийлсэн акт үлдэж байгаа нь гэрээний хоёр тал байгуулсан гэрээгээ дүгнэж байгаа ойлголт бөгөөд энэхүү тооцоо нийлсэн актаараа төлбөр төлөх хугацаа болон алданги төлөх талаар харилцан тохироогүй байх тул  нэхэмжлэгч “Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК-ны алданги гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй  байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 41.265.720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  нүүрсний үнэ 152.836.749 төгрөг түүнээс хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад  хариуцагчаас  нүүрсний үнэд шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг хасаж тооцон гаргуулахаар  анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн

1 дэх заалтыг:  

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 466 дугаар зүйлийн 466.1, 466.2-д зааснаар хариуцагч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГазраас  нүүрсний үнэ 132.836.749 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч “Сэлэнгэ Тэнгэр Хараа” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 61.265.720  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг: 

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.128.462  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 922.134 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364.280 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                          Г.ДАВААРЕНЧИН