Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0182

 

 

  

     2022           03           14                                        128/ШШ2022/0182

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ш овогтой Н,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т овогтой Г,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Д,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т, Б нарыг оролцуулан Нийслэлийн засаг даргын 2021 оны 8 сарын 03-ны өдрийн А/Х дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Ш.Н нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид  холбогдуулан “Нийслэлийн засаг даргын 2021 оны 8 сарын 03-ны өдрийн А/Х дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Ш.Н нь маргаан бүхий газрыг анх Х дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/203 дугаар захирамжаар эзэмшсэнийг Х дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжаар хүчингүй болгосныг тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 257 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээж, олгосон боловч Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/Х тоот захирамжаар дахин газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

          3. Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 сарын 03-ны өдрийн А/Х дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4. Нэхэмжлэгч Ш.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Х дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/203 дугаар захирамжаар Х дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Газрын төлбөр тооцоогоо цаг тухайд нь хийж, газар эзэмшиж ашиглахтай холбоотой хууль зөрчсөн асуудал гаргаж байгаагүй. Гэвч 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Х дүүргийн Засаг дарга А/235 дугаар захирамжаар Д.Г-ын газартай давхцалтай байна гэх үндэслэлээр миний газар эзэмших эрхэнд хууль бусаар халдаж хүчингүй болгосон.

          Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шүүхийн тогтоол зэргээр миний эзэмшлийн газар Д.Г-ын газартай давхцаагүй бөгөөд аливаа холбогдох хуулиудыг зөрчөөгүй болохыг тогтоож зөрчигдсөн хууль ёсны эрх ашгийг минь сэргээж өгсөн. Ингээд шүүхээс сэргээгдсэн газар эзэмших эрхээ баталгаажуулахын тулд Нийслэлийн Газрын албанд хүсэлтээ өгсөн.

          Улмаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох 22 гишүүнтэй зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөгдсөн бөгөөд “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөнд харшлах үндэслэл байхгүй” гэж үзсэний үндсэн дээр 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг минь сэргээж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших гэрчилгээг олгосон.

          Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэрчилгээгээ хүлээн авахын өмнөх өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийг минь хүчингүй болгох тухай 02-06/4417 дугаар мэдэгдэл ирж 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг дарга А/Х дугаар захирамжийг гаргаж газар эзэмших эрхийг минь хүчингүй болгож миний шүүхээр сэргээлгэсэн эрхэнд халдлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу бид хууль ёсны дагуу газар эзэмшсэн байтал эрхэнд минь удаа дараа халдаж байгаад гомдолтой байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 сарын 03-ны өдрийн А/Х дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү.” гэжээ.

          5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Ш.Н нь Х дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр А/235 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улсын Дээд шүүхийн тогтоолоор газар эзэмших эрх нь сэргэсэн.

          Шүүхээс сэргээгдсэн эрхийнхээ дагуу газар эзэмших хүсэлтээ Нийслэлийн Газрын албанд гаргаж, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх газар эзэмших зөвшөөрөл олгох 22 гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээд 4 дүгээр сарын 06-ны өдөр А/263 тоот захирамж гарч, газар эзэмших эрх нь баталгаажсан байдаг.

          Ингээд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авах гээд хүлээгээд байж байх хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээ 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гарсан. Эзэмших эрхийн гэрчилгээ авахын өмнөх өдөр буюу 7 дугаар сарын 05-ны өдөр таны газар эзэмших эрхийг цуцалж байгаа гэдэг мэдэгдлийг газрын албанаас өгсөн байдаг. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/Х тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь цуцалсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

          6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Иргэн Ш.Н-д 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/Х тоот захирамжаар хүчингүй болгосон. Хүчингүй болгосон захирамжийн үндэслэл нь тухайн газар нь эрчим хүчний хамгаалалтын зурваст орсон буюу Эрчим хүчний тухай хуулийн 33.1, Газрын тухай хуулийн 56.1-т заасан хот тосгон, бусад суурины газарт зөвхөн тухайн жилийн газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцсэн хот төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу газар олгоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь Засаг дарга өөрөө Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсэг буюу өөрийн хууль зөрчиж гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон.

          Энэ нь 2012 онд Улсын Их хурлаар батлагдсан 2020 оны хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлагын баримт бичигт мөн 2015 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 198 дугаар тогтоолоор батлагдсан Нисэх, яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд авто зам байхаар тусгагдсан байршил байгаа юм, хорооллын чанартай том хэмжээний авто зам байхаар тусгагдсан.

          Эрчим хүчний тухай хуулийн 33.1 дэх хэсэг буюу цахилгааны 10.000 кваттын хамгаалалтын зурвас явж байна гэсэн үндэслэл байгаа. Үүнийг нотлох баримтаар гаргуулахаар өмнөх шүүх хуралдаан хойшилсон, нотлох баримт ирээд энэ нь тодорхой болсон байгаа гэж үзэж байна. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/Х тоот захирамж нь үндэслэлтэй гарсан. Энэ нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд мөн суугаагүй газар байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Маргаан бүхий газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 147 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрт авсан. Тэгэхээр энэ нь нийтийн эрх ашгийг хөндөж гарсан, иргэн Ш.Н-д газар олгохдоо анхнаасаа нийтийн эрх ашгийг хөндсөн байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 сарын 03-ны өдрийн А/Х дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ.

          2. Нэхэмжлэгч Ш.Н нь 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор миний эзэмшлийн газрыг давхцалгүй, холбогдох хуулиудыг зөрчөөгүй болохыг тогтоож зөрчигдсөн хууль ёсны эрх ашгийг минь сэргээж өгсөн.

          Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг минь сэргээсэн атлаа 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/Х дүгээр захирамжаар буцаан хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж маргасан.

          3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий газрыг анх Х дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/203 дугаар захирамжаар Ш.Н-д эзэмшүүлж, мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

          Уг захирамжийг хүчингүй болгуулахаар Ш.Н-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 257 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаар тогтоолоор тус тус бүхэлд нь хангаж,  Х дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

           4. Ш.Н-ыг газар эзэмших эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэрийг биелүүлж, Х дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/338 дугаар захирамжаар Ш.Н-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Х дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

          5. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээж, олгосон.

          Ингэхдээ Нийслэлийн Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Ш.Н-д шүүхийн шийдвэрээр эрхийг нь сэргээсэн газрыг эзэмшүүлэх боломжтой гэж үзсэний дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар Ш.Н-д газар эзэмших эрх олгож, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 148837 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон боловч Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/Х тоот захирамжаар дахин газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

6. Хариуцагчаас маргаан бүхий А/Х дүгээр захирамжаар Ш.Н-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлээ Эрчим хүчний тухай хуулийн 33.1 дэх хэсэг буюу цахилгааны 10.000 кваттын хамгаалалтын зурвас газарт хамаарч байгаа, мөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж тайлбарладаг.

Гэтэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 3/1420 дугаар албан бичигт ...Ш.Н нарын газрын баталгаажсан кадастр нь Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвас-ыг зөрчөөгүй...” гэж дурдсан.

Түүнчлэн Х дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан Х дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дараа  Ш.Н-д Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж газар эзэмших эрх олгосон.

7. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ гэж заасныг зөрчиж Ш.Н-д газар эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасан шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай давхцаагүй болох нь  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 3/1420 дугаар албан бичиг болон маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

8.Тодруулбал, тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийдвэрийн дагуу Ш.Н-д шүүхийн шийдвэрийн дагуу газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаа 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/Х дүгээр захирамжаар хүчингүй болгосон нь нэхэмжлэгч Ш.Н-ын газар эзэмших эрхийг зөрчжээ.

Иймд дээрх хуульд заасан үндэслэл болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Ш.Н-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/Х дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 9411 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/Х дүгээр захирамжийг уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Н-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 сарын 03-ны өдрийн А/Х дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН