Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 221/ШШ2025/0028

 

 

 

Т.Эын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч  Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

 

Нэхэмжлэгч: Т.Э

Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гуравдагч этгээд: өмгөөлөгч Ж.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын өмгөөлөгчдийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн МТ/2025/006 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Гуравдагч этгээд Ж.Ц

Иргэдийн төлөөлөгч Н.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө

Хэргийн индекс: 221/2025/0034/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Э нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын өмгөөлөгчдийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн МТ/2025/006 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Монголын өмгөөлөгчдийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн МТ/2025/006 тоот тогтоолоор: “Хариуцагч Ж.Ц нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.5, 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.5, 14.1.6, 14.1.7, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3-д заасныг зөрчөөгүй болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Цд холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн МТ/2025/006 тоот тогтоолыг эс зөвшөөрч, маргаж байна. Үүнд:

3.1. ...Өмгөөлөгч Ж.Цд холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “шийтгэх тогтоол гардаж аваад биечлэн уулзаагүй, давж заалдах гомдол бичиж өгөөгүй, өөрөө гомдол гаргаагүй байх боловч Т.Э давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч Ж.Цг оролцуулахаас татгалзсан” гэсэн байдаг. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Мэргэжлийн хариуцлагын хорооноос хянан шалгагч Ц.М гэх хүн ирж уулзан надаас тайлбар мэдүүлэг авсан бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч Ж.Ц ирсэн байсан учир татгалзах хүсэлт өгч хурлыг хойшлуулсан. Өмгөөлөгч Ж.Ц 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирж уулзаад “чамайг өмгөөлөхгүй, хөлөө хүрэх газар явж заргалдаарай” гээд хөөж гаргасан учир би гомдол гаргасан байхад “татгалзчихаад гомдол гаргасан” мэт тайлбарласан байна. Өөрөө эхэлж мөнгөө нэмэхийг шаардаж, мөн холбоонд гомдол гаргасан гэдэг шалтгаанаар уурлаж, намайг өмгөөлөхгүй гэсэн. 

Дүүгээс маань мөнгө нэхсэн гэж (нэмж) би гомдол гаргаагүй, анхан шатны шүүх хуралдааны дараа надаас мөнгөө нэмэхийг шаардсан. Надад холбогдох хэрэгт хууль зүйн туслалцаа авч, эрх ашгаа хамгаалуулах гэж л өмгөөлөгч Ж.Цг өмгөөлөгчөөр сонгосон. Гэтэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир миний бие өөрөө давж заалдах шат болон хяналтын шатанд гомдлоо өөрөө бичиж, дээд шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 70 дугаартай тогтоолоор надад оногдуулсан анхан болон давж заалдах шатны тогтоол, магадлалыг хүчингүй болгосон байдаг. Дээд шүүхэд бичсэн миний гомдлыг шүүхийн журмаар гаргуулан авч, танилцаж болно. Гомдолд дурдсан үйл ажиллагаа өмгөөлөгч Ж.Ц хийх ёстой байсан энгийн бөгөөд өмгөөлөгч хүний хууль хэрэглээний чадварыг илтгэсэн, үйлчлүүлэгчдээ үзүүлэх ёстой зайлшгүй тусламж үйлчилгээ юм. Үүний тулд мөнгө төлж, өмгөөлөгч хөлсөлсөн. Дахин мэдүүлэг өгөх 3 удаагийн хүсэлтийг хангуулах талаар арга хэмжээ аваагүй, өмгөөлөгчийн зүгээс хийж болох, хийвэл зохих хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлээгүйг хэргийн материалаас харж болно.

3.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ нийтийн ашиг сонирхолтой давхацсан, хохирогчийн эрх ашгийг хамгаалж оролцоно гэж заасан. Мөн мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдаанд өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргасан байдлыг нотлох чиг үүргийг хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Гэтэл өөрийнхөө хувийн үзэл бодлыг илэрхийлээд нотлох баримт, өмгөөлөгчийн ёс зүйн зөрчил гаргасан талаар буруутай эсэх талаар өөрийнхөө хувийн үзэл баримтлалыг илэрхийлээд Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол нь үндэслэлтэй учраас хэвээр үлдээж өгнө үү гэсэн байсан. Хянан шалгагчийн тогтоолыг гаргахдаа Ж.Ц нь Өмгөөллийн тухай хууль болоод ёс зүйн дүрмийн тодорхой зүйл заалтуудыг зөрчөөгүй болохыг дурдсугай гэсэн байдаг. Гэтэл мөн дүрмийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна гэсэн байгаа, мөн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт өмгөөллийн хөлсийг өмгөөлөгч үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно гэсэн. Дээрх заалтуудыг зөрчөөгүй гэж дүгнэсэн. Мөн хэрэг шүүхэд шилжсэн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс анхан шатны шүүх хурал болтол 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл надтай нэг ч ирж уулзаагүй. Тэгээд шүүх хурлаас хойш өмгөөлөхгүй гэж хэлэх хүртлээ бас ирээгүй. Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйл,Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийг зөрчөөгүй байна гэсэн үндэслэлүүд нь хууль бус, илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол, дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Э Мэргэжлийн хариуцлагын хороонд 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасан байдаг. Мэргэжлийн хариуцлагын хороо гомдлыг маргаан хянан шийдвэрлэх журмын дагуу шалгасан. Өмгөөлөгч Ж.Ц нь Т.Эын хүсэлтийн дагуу түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцож, 2 удаагийн мэдүүлэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд оролцсон нь маргааны материалд авагдсан баримтаар нотлогдсон байдаг. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 26 дугаар зүйлд зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах талаар тусгасан байдаг. Үйлчлүүлэгч нь хууль зүйн туслалцаа авах, авахаас татгалзсан тохиолдолд өмгөөлөгч үргэлжлүүлэн хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй. Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагч миний зүгээс гомдол гаргагч Т.Эын дүү Т.Ттай утсаар холбогдож тайлбар авсан байдаг. Энэ тайлбарт өмгөөлөгч Ж.Ц нь гомдол гаргагчийн ар гэрээс үндэслэлгүй мөнгө нэмж шаардсан, дарамталсан талаар тайлбар авсан. Тайлбар авахад Т.Эын дүү Т.Т нь өмгөөллийн хөлсөнд 2,000,000 төгрөг шилжүүлснээс өөр мөнгө шилжүүлээгүй, дахиж мөнгө нэхээгүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Цагдан хоригдох хугацаанд ирж уулзаагүй гэдэг боловч цагдан хорих байрнаас авсан лавлагаанд цагдан хоригдож байх явцад 9 удаа очиж уулзсан байдаг. Энэ талаар баримт авагдсан байгаа. Давж заалдах гомдлын талаар Т.Э болон өмгөөлөгч Ж.Ц давж заалдах гомдлын талаар хоорондоо тохиролцоод энэ талаар зөвлөгөө өгөөд Ж.Ц өмгөөлөгч давж заалдах гомдол гардаж авснаас хойш ээжийнх нь бие муудсан. Давж заалдах гомдол бичих заавар зөвлөгөөг Т.Эт өгөөд Т.Э энэ дагуу давж заалдах гомдол гаргаад дараа нь өмгөөлөгч Ж.Ц давж заалдах гомдолтой танилцсан талаарх тэмдэглэл маргааны материалд авагдсан. Хэргийн материалд авагдсан баримтуудаар өмгөөлөгч Ж.Ц үйлчлүүлэгч Т.Эт хууль зүйн туслалцааг зохих ёсоор үзүүлсэн гэж үзээд Ж.Цд холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэв.

5. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Э нь 2024 оны 08 дугаар сард анх манай ажлын өрөөнд ирээд зөрчлийн хэрэгт холбогдсон тул хууль зүйн зөвлөгөө өгөөч гэж уулзаад надаас зөрчлийн хэрэгт зөвлөгөө авсан. Түүнээс хойш бараг сар гаруй хугацаа өнгөрч дараа 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр цагдан хорих байранд намайг дуудахад эрүүгийн хэрэгт холбогдоод цагдан хоригдсон байсан. Надаас хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргаад бид хөлсөө тохиролцсон. Тухайн үед би гэрээний бланкгүй очсон байсан. Тэгээд Т.Э өөрөө цагдаа хоригдож байсан тул ээж болон дүү нар нь надтай холбогдож байсан. Цаасаар гэрээ хийгээгүй, намайг мөнгө авсан гэдэг. Хууль зүйн зөвлөгөө, хууль зүйн туслалцаа үзүүлээгүй гэдэг байдлаар гомдол гаргасан. 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хавтаст хэргийн 19 дүгээр талд н.Азбаяр мөрдөгч намайг оролцуулаад мэдүүлэг авсан байдаг. Тус мэдүүлэгт Ж.Ц өмгөөлөгчийг авсан талаар мэдүүлэгт дурдсан байгаа. Миний хувьд хавтаст хэргийн 35-аас 59 дүгээр хуудсанд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоол зэрэг авагдсан байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 зүйл заалтаар буруутгасан байсан. Миний хувьд нэг зүйл заалтыг нь хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар анхнаасаа бид 2 ярилцаж шүүх хуралдаанд оролцсон. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 3 удаагийн шүүх хуралдаанд миний бие оролцсон. Т.Э нь өөрийнхөө одоо биед мэс хүргэж амиа хорлохыг завдсан ийм байдал гаргасан учраас энэ үндэслэлээр намайг цагдан хориод байна гэсэн байр суурьтай байсан. Цагдан хорих байранд 9 удаа очиж өөрийнх нь хүсэлтээр уулзсан. Давж заалдах шатны хуралд миний бие оролцсон боловч надаас өөрөө татгалзсан учраас давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй” гэв.

6. Иргэдийн төлөөлөгч “Өмгөөлөгч Ж.Ц өөрөөс татгалзсан тул татгалзах болсон, шаардлагатай тохиолдолд нэхэмжлэгчтэй уулзаагүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргав.

ХЯНАВАЛ:

1. Шүүх, нэхэмжлэгч Т.Эаас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн хянан хэлэлцээд Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн МТ/2025/006 тоот тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар тус хороонд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.Э нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн МТ/2025/006 дугаар тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргасан. Үүнд: 

2.1. Өмгөөлөгч Ж.Ц нь эхэлж мөнгөө нэмэхийг шаардаж, дараа нь холбоонд гомдол гаргасан гэдэг шалтгаанаар уурлаж, намайг өмгөөлөхгүй гэсэн. 

2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирж уулзаад “чамайг өмгөөлөхгүй, хөлөө хүрэх газар явж заргалдаарай” гээд хөөж гаргасан учир би гомдол гаргасан.

2.2. Дүүгээс маань мөнгө нэхсэн гэж (нэмж) би гомдол гаргаагүй, анхан шатны шүүх хуралдааны дараа надаас мөнгөө нэмэхийг шаардсан. Надад холбогдох хэрэгт хууль зүйн туслалцаа авч, эрх ашгаа хамгаалуулах гэж л өмгөөлөгч Ж.Цг өмгөөлөгчөөр сонгосон. Гэтэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир миний бие давж заалдах болон хяналтын шатанд гомдлоо өөрөө бичиж, Дээд шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 70 дугаартай тогтоолоор надад оногдуулсан анхан болон давж заалдах шатны тогтоол, магадлалыг хүчингүй болгосон байдаг. Өмгөөлөгчийн зүгээс хийж болох, хийвэл зохих хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлээгүйг хэргийн материалаас харж болно.

2.3. Хянан шалгагчийн тогтоолыг гаргахдаа Ж.Ц нь Өмгөөллийн тухай хууль болоод ёс зүйн дүрмийн тодорхой зүйл заалтуудыг зөрчөөгүй болохыг дурдсугай гэсэн байдаг. Гэтэл мөн дүрмийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна гэсэн байгаа, мөн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт өмгөөллийн хөлсийг өмгөөлөгч үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно гэж заасан байхад дээрх заалтуудыг зөрчөөгүй гэж дүгнэсэн.

2.4. Мөн хэрэг шүүхэд шилжсэн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс анхан шатны шүүх хурал болтол 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл надтай нэг ч ирж уулзаагүй. Тэгээд шүүх хурлаас хойш өмгөөлөхгүй гэж хэлэх хүртлээ бас ирээгүй. Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийг зөрчөөгүй байна гэсэн үндэслэлүүд нь хууль бус, илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Иргэн Т.Эаас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хандан гомдол гаргасныг Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагч Ц.М хүлээн авч, өмгөөлөгч Ж.Цд гомдлыг танилцуулан, эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

Өмгөөлөгч Ж.Цгээс 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд тайлбараа гаргаж өгсөн.

Үүнтэй холбогдуулан Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчаас 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ЗД/05 дугаар Зөрчлийн дүгнэлтээр:

“... Хариуцагч Ж.Ц нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.5, 4.1.6-д заасан өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.5, 14.1.6, 14.1.7, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож” холбогдох зөрчлийн маргааныг хянан шийдвэрлэх хуралдаанаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

Улмаар, Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн МТ/2025/006 дугаар тогтоолоор “... Хариуцагч Ж.Ц нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.5, 4.1.6-д заасан өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.5, 14.1.6, 14.1.7, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3-д заасныг тус тус зөрчөөгүй болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Цд холбогдох маргааныг хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материал болон холбогдох бусад баримтаар тогтоогдсон.

4. Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, энэ хууль болон Ёс зүйн дүрмийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.1-д заасан маргааныг Мэргэжлийн хариуцлагын хороо өөрийн санаачилгаар, эсхүл ... гомдол, мэдээллийн дагуу үүсгэж, хянан шийдвэрлэнэ” гэж,

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 7 дугаар зүйлийн 7.1 “Өмгөөлөгч зөрчил гаргасан эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрх мэдлийг зөвхөн Хороо хэрэгжүүлнэ”, 11 дүгээр зүйлийн 11.1 “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 46.1 “Гомдолд дурдагдсан үйл баримт нь зөрчилд хамаарах бол хянан шалгагч маргаан үүсгэж, энэ тухай тогтоол үйлдэнэ”, 60.1 “Хянан шалгагч нь хариуцагч зөрчил гаргасныг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл зөрчлийн дүгнэлт үйлдэн, маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар шийдвэрлүүлэхээр урьдчилан тогтоосон дарааллын дагуу томилогдсон Гишүүнд шилжүүлнэ”, 87 дугаар зүйлийн 87.1.1-д “хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал нь зөрчил мөн эсэх”, 87.1.2.-т “тухайн зөрчилд хариуцагч буруутай эсэх”, 87.1.3-т “тухайн зөрчил нь хууль, Ёс зүйн дүрмийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах”, 87.1.4-т “хариуцагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэх” гэж тус тус заасан.

 Хууль тогтоомжийн дээрх заалтын дагуу хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаандаа ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн /субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн/ гомдлоор хяналтын цар хүрээг хязгаарлахгүй. Мөн өмгөөлөгч хууль, дүрэмд заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн эсэхийг тухайн гомдол, мэдээлэлд заасан хүрээнд шалгаж, хууль зүйн дүгнэлт хийн маргааныг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

5. Тухайн тохиолдолд, хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хороо нь хянан шалгагчийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ЗД/05 дугаар Зөрчлийн дүгнэлтэд дурдсан үндэслэл тус бүрт дүгнэлтийг хийхгүйгээр холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4-т “Өмгөөлөгч тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсноо үйлчлүүлэгчийн бичгээр үйлдсэн хүсэлтээр баталгаажуулж, шүүх, прокурор, мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс Мэргэжлийн хариуцлагын хороонд хандан гаргасан гомдолдоо  “өмгөөлөгч Ж.Ц нь ..“... дүрмийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна..., 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт өмгөөллийн хөлсийг өмгөөлөгч үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэснийг зөрчсөн” гэсэн агуулгаар,

Мөн, “...эхэлж мөнгөө нэмэхийг шаардаж, дараа нь холбоонд гомдол гаргасан гэдэг шалтгаанаар уурлаж, намайг өмгөөлөхгүй гэсэн”, “... үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир миний бие өөрөө давж заалдах шат болон хяналтын шатанд гомдлоо өөрөө бичсэн” зэрэг үндэслэлээр маргаж, эл үндэслэлээр Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчийн 2025 оны ЗД/05 дугаар Зөрчлийн дүгнэлт үйлдэгдсэн.

Өмгөөлөгч Ж.Цгийн зүгээс тухайн маргаж буй үндэслэлтэй холбогдуулан “...анх уулзахдаа гэрээний маягтгүй очиж уулзсан. Ар гэртэй нь байгуулсан гэрээгээ олохгүй байгаа” хэмээн тайлбарласнаас өөрөөр тухайлан үгүйсгэсэн болон няцаасан баримтыг гаргаж өгөөгүй байхад хариуцагч “өмгөөлөгч Ж.Ц нь ... мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүх хуралдаанд оролцож, цагдан хорих байранд түүнтэй удаа дараа уулзаж байсан, шийтгэх тогтоол гардан аваад биечлэн уулзаагүй, давж заалдах гомдол бичиж өгөөгүй, түүнчлэн өөрөө гомдол гаргаагүй байх боловч Т.Э нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Цг оролцуулахаас татгалзсан, ... Т.Э болон түүний гэр бүлийн гишүүдтэй өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргуулаагүй байх боловч тэрээр гомдол гаргагч Т.Эыг өмгөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон” хэмээн маргааны үндсэн асуудалд дүгнэлт хийлгүйгээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

Энэ асуудалтай холбогдуулан иргэдийн төлөөлөгчөөс “Өмгөөлөгч Ж.Ц өөрөөс татгалзсан тул татгалзах болсон, шаардлагатай тохиолдолд нэхэмжлэгчтэй уулзаагүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

6. Иймд дээрх үндэслэлээр Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн МТ/2025/006 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн МТ/2025/006 дугаар хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар тус хороонд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг үндэслэн Т.Эаас Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хуульд заасан урьдчилан төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ШҮҮГЧ                                                  Г.МӨНХТУЛГА

 

                  ШҮҮГЧ                                                  Д.ОЮУМАА

 

                  ШҮҮГЧ                                                  Б.АДЪЯАСҮРЭН