Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 235

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор  даргалан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

      Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

     Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш, М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компани нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Засаг даргатай аймгийн Ахмадын сувиллын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр манай компани нь Увс аймгийн Түргэн сумын нутаг “Цүнхэг” гэх газарт Ахмадын сувиллын барилгын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал нь ажлын хөлсөнд 400.000.000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан ба гэрээг улсын төсвөөр санхүүжүүлэхээр болсон. Ингээд гэрээний дагуу манай компани Ахмадын сувиллын барилгыг зураг төсвийн дагуу барьж дуусган 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ашиглалтад оруулж, мөн өдрийн 53 тоот актаар улсын комисс хүлээн авснаар уг ахмадын сувилал үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4-д “Барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил байна” гэж заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон үлдээж, барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулснаас хойш 3 жилийн дараа манай компанид олгох хуулийн заалттай, мөн гэрээнд уг хуулийн заалтыг тусгасан учраас барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд манай компанид 377.865.747 төгрөгийн санхүүжилт олгогдож, 22.134.526 төгрөгийг үлдээсэн. 2.134.526 төгрөгийг нэхэмжлэхгүй байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 төгрөгийг Увс аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус аймгийн Түргэн суманд баригдсан “Ахмадын сувилалын барилга угсралтын ажлыг” 400.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/18 тоот тушаалаар Увс аймгийн Засаг даргад гэрээ байгуулах эрхийг шилжүүлж 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Г” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээнд заасан санхүүжилт нь улсын төсвөөс бүрэн гүйцэд шилжиж ирээгүй бөгөөд 2016 онд Засгийн газар векселиэр уг ажлын санхүүжилтийг Увс аймгийн төрийн сангийн дансаар дамжуулахгүйгээр шууд “Г” ХХК-д шилжүүлсэн байдаг. Ингэхдээ тус компани нь 22.134.250.0 төгрөгийн дутуу санхүүжилтийг барьцаа 5 хувь суутгасан гэж үзэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст 3 жилийн дараа ямар нэгэн тооцоо нийлсэн акт, үлдэгдлийн баталгаажуулалт хийхгүйгээр хандсан. Нэхэмжилж байгаа 20.000.000 төгрөг бол барьцаа 5 хувь биш танай гүйцэтгэлийг дутуу санхүүжүүлсэн үлдэгдэл байх тул Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандах нь зүйтэй гэдгийг албан бичгээр мэдэгдсэн. Түүнчлэн уг ажлын эцсийн санхүүжилт нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээр дамжихгүйгээр тухайн яамнаас гүйцэтгэгч “Г" ХХК-ийн дансанд шууд орсон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/18 дугаар эрх шилжүүлэх тухай тушаалаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх Ахмадын сувиллын барилгын 400.000.000 төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг Увс аймгийн Засаг даргад шилжүүлсэн. Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/18 дугаар эрх шилжүүлэх тухай тушаал болон Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 1/227 дугаар албан бичигт дурьдсанаар дараах эрхүүдийг Увс аймгийн засаг даргад шилжүүлсэн. Үүнд:

     1. Эрх шилжсэн төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах авах тухай хуулийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах,

     2. Барилгын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэхэд хяналт тавьж ажиллах,    

     3. Холбогдох журмын дагуу гүйцэтгэлийн тайлан мэдээг хүргүүлж байх,

   4. Барилгын ажлын батлагдсан гүйцэтгэлээр улсын төсвөөс олгосон санхүүжилтийг гүйцэтгэсэн компаний данс руу тухай бүр шилжүүлэх зэрэг багтаж байгаа юм. Дээрх эрхүүдийн хүрээнд Увс аймгийн Засаг дарга 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн ахмадын сувиллын барилга угсралтын ажил гүйцтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулсан байдаг. Уг ахмадын сувиллын 400.000.000 төгрөгийн өртөг бүхий төсөл арга хэмжээний үнэ болох 400.000.000 төгрөг бүхэлдээ Увс аймгийн Засаг даргын тамгын газарт орж ирсэн зүйл биш. Харин барилгын ажлын явцад санхүүжилтийг олгохдоо Засаг дарга барилгын ажлын батлагдсан гүйцэтгэл, төсөв, гүйцэтгэгч компаний мөнгө олгохыг хүссэн албан тоот зэрэг баримтуудыг Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт тухай бүр хүргүүлдэг. Үүний үндсэн дээр Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын данс руу Сангийн яамнаас тухай бүр нь гүйлгээ хийдэг. Ингээд орж ирсэн хөрөнгийг орж ирсэн үнийн дүнгээр нь гүйцэтгэгч компаний данс руу шилжүүлдэг байгаа. Энэ зарчмаар л уг барилгын ажлын санхүүжилтийг “Г” ХХК-ийн данс руу шилжүүлж байсан. Уг ахмадын сувиллын барилгын ажил нь орон нутгийн төсвөөс санхүүждэг ажил биш учир аймгийн Засаг дарга Сангийн яамнаас орж ирсэн санхүүжилтийг нэхэмжлэгч “Г” ХХК-ийн данс руу шижлүүлэх л үүрэгтэй. Барилга угсралтын ажлын гүйцэтгэлээс хамаараад 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 133.356.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 100.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 40.073.747 төгрөгийн буюу нийт 273.429.747 төгрөгийн явцын санхүүжилтийг Сангийн яамнаас орж ирсэн үнийн дүнгээр “Г” ХХК-ийн данс руу шижлүүлсэн. Ингээд үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын 2016 оны 72 дугаар тогтоолоор вексель гаргаж, шилжүүлсэн байдаг. Эцсийн санхүүжилт Увс аймгийн Засаг даргын санхүү төрийн сангийн хэлтсээр дамжаагүй гэдэг нь Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 150017300 тоот хөрөнгө оруулалтын дансны хуулгаар нотлогдож байгаа юм. Түүнчлэн ахмадын сувиллын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар гүйцэтгэлийн баталгаа болгож, гэрээний үнийн дүнгийн 5 хувь буюу 20.000.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу эцсийн санхүүжилтээс авч үлдэх ёстой. Гэтэл дээрх эцсийн санхүүжилт нь Увс аймгийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын санхүү төрийн санийн хэлтсээр дамжиж хийгдээгүй учир уг мөнгийг Увс аймгийн Засаг дарга хариуцах ёсгүй. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Төсвийн захирагч нь өөрийн эрх үүргээ доод шатны төсвийн захирагчид шижлүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байгаа. Энэ ахмадын сувиллын барилгын ажил нь улсын төсвөөс санхүүжиж байгаа ажил байгаа юм. Мөн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Тухайн шатны төсвөөр төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ” гэж заасан. Иймд энэ ажлыг улсын төсвөөс санхүүжиж байсан учир үлдэгдэл төлбөрийг улсын төсвөөс барагдуулах ёстой. Ер нь уг барилгын ажил нь 2015 оны улсын төсөвт Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын багцад багтсан ажил байгаа. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч эсхүл харъяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь хэсэгт зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн үеийн Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд юм. Иймд уг төлбөрийг  Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаас нэхэмжлэх нь зүйтэй байгаа юм.  Увс аймгийн Засаг дарга хариуцагч биш юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Хариуцагч нь “Увс аймгийн Засаг дарга хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.

      Увс аймгийн Засаг дарга Ц, “Г” ХХК-ийн захирал Г нар нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №УВБУА-02/2015 тоот Увс аймгийн Ахмадын сувиллын барилг угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. Гэрээний нийт үнийн дүн 400.000.000 төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Үүнээс Зураг төсвийн үнэ 22.125.000 төгрөг, техник хяналтын зардал 5.294.779 төгрөг, зохиогчийн хяналтын зардал 1.323.695 төгрөг, магадлашгүй ажлын зардал 6.618.474 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа гэрээний үнийн дүнгээс 5% буюу 20.000.000 төгрөг гэжээ. Мөн гүйцэтгэгч нь Увс аймгийн Ахмадын сувиллын барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэж ашиглалтад оруулахаар тохиролцжээ.

      Гэрээний 2 дугаа зүйлийн 2.5-д “...нийт төлөх дүн 100% буюу 400.000.000 төгрөгийг санхүүжүүлэх бөгөөд зураг төсөл зөрчиж буруу, дутуу, чанаргүй хийсэн ажлыг засах, гүйцээн хийхийг шаардах, уг шаардлагыг биелүүлэх хүртэл санхүүжилтийг зогсоох эрхийг захиалагч эдлэхээр заажээ.

      Гэрээний 3 дугаар зүйлийн 3.9-д “Гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн баталгааг ажил дууссан тухай мэдэгдэл /техникийн комиссын акт/ гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байлгах бөгөөд тус хугацаанд гэрээний нийт үнийн дүнгийн 5%-тай тэнцэх хэмжээний барилгын чанарын баталгааг хангах барьцаа хөрөнгийн баталгааг 3 жилийн хугацаагаар байршуулж захиалагчид ирүүлнэ. Энэ хугацаанд багтаж баталгааг ирүүлээгүй тохиолдолд захиалагч гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгох эрхтэй, мөн гэрээний тусгай нөхцлийн 35 дугаарт “Гүйцэтгэсэн ажлын баталгаа болох барьцаа хөрөнгийн хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 5% байх бөгөөд барилгын ажлыг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн хугацаанд ажлын гологдол, зөрчил гараагүй нөхцөлд буцаан олгоно” гэж мөн 49 дүгээрт “Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээний үнийн дүнгийн 5% байна. Баталгааны дүн: 5% буюу 20.000.000 төгрөг байна” гэжээ.

      “Г” ХХК нь Увс аймгийн Ахмадын сувиллын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 100 хувийн саналаар байнгын ашиглалтад оруулсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын №53 тоот актаар нотлогджээ. 

      Нэхэмжлэгч нь “Г” ХХК нь Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/598 тоот захирамжаар Увс аймгийн Ахмадын сувиллын барилга угсралтын ажлын явцын санхүүжилтэд 133.356.000 төгрөг, Увс аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/677 тоот захирамжаар явцын санхүүжилт 100.000.000 /энэхүү мөнгө нь 77.875.00 төгрөг болон 22.125.000 төгрөгөөр орсон/ төгрөг, Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/774 тоот захирамжаар явцын санхүүжилт 40.073.747 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр вексель худалдах, худалдан авах гэрээний дагуу 104.436.000 төгрөг нийт 377.865.747 төгрөгийн санхүүжилт авсан болох нь   Нэхэмжлэгч “Г” ХХК нь нийт 377.865.750 төгрөгийн санхүүжилт авсан, одоо 22.134.250 төгрөгийн санхүүжилт дутуу байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

      Мөн Увс аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1419 тоот албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1/1207 тоот албан Сангийн яаманд явуулсан бичгүүдийн агуулгаас харахад “Г” ХХК-ийн “Алтан үе” ахмадын сувиллын барилга угсралтын ажлын санхүүжилтийн дутуу болох 22.134.250 төгрөгийг шилжүүлж өгнө үү” гэх агуулгатай байна.

   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. 

      Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.000.0000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 257.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгох нь зүйтэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 20.000.0000 /хорин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгосугай. 

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 257.950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                                                                                                                       

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.БОЛОР