| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2019/00117/И |
| Дугаар | 245 |
| Огноо | 2020-03-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 245
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 5 дугаар баг, 5-4 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ80010920, Элжигин овогт Бат-Эрдэнийн Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0245 дугаар ангид холбогдох,
Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 6.206.449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартүвшин, иргэдийн төлөөлөгч Ж.Сорог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цагцалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Лхагвасүрэн 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймаг дахь Хилийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.Эрдэнэдалайн үйлдсэн гэмт хэргийн хохирогч болж, хэвлийдээ буудуулан нуруу, нугасны хүнд гэмтэл авч тахир дутуу болсон. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 5 тоот шийтгэх тогтоолоор Б.Эрдэнэдалай нь 25 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Б.Лхагвасүрэнд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн байна. Шийтгэх тогтоолд заасны дагуу Б.Лхагвасүрэнд Хилийн 0245 дугаар ангиас 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэм хорын хохиролд 1.117.810 төгрөг, мөн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр гэм хорын хохиролд 2007 оны 1, 2 дугаар сард худалдан авсан эмийн үнэ 265.682 төгрөг, мөн 2010 оны 6 дугаар сараас 2016 оны 2 дугаар сар хүртэл эм тарианы зардалд 3.157.480 төгрөг тус тус гаргуулж байжээ. Б.Лхагвасүрэн нь дээрх гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан бөгөөд олон жилийн турш хүнд өвчтэй сэтгэлээрээ шаналан зовж, байнгын хэвтэрт асаргаа, сувилгаа эмчилгээтэй байснаас гадна эрүүл мэндийн шалтгаанаэс болж ажил хийх ямар ч боломжгүй хүнд хэцүү байдалд амьдарч байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,44 98 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэсний дагуу байлдагч Б.Эрдэнэдалайгийн цэргийн алба хааж байсан Увс аймаг дахь Хилийн 0245 дугаар ангиас дараахь төлбөрийг гаргуулахаар шаардаж байна. Иймд хохирогч Б.Лхагвасүрэн нь байнгын хэвтэрт эмчилгээтэй байгаа бөгөөд 2016 оны 8 дугаар сараас 2019 оныг дуустал эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх, хагалгаа хийлгэх, эм тарианы зардалд нийт 6.206.449 төгрөгийн зардал гарсан байх тул дээрх хохирлыг хариуцагч байгууллага болох Хилийн 0245 дугаар ангиас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймаг дахь Хилийн 0245 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хилийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.Эрдэнэдалай нь 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэг гүйцэтгэж байсан харуулын байраа орхин, өс хонзон авах зорилгоор харуулын дарга, ахлагч Н.Нандин-Эрдэнийг 2005 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө байлдааны зэвсэг АКМ буугаар буудаж амь насыг нь хохироож, иргэн Б.Лхагвасүрэн, байлдагч Б.Отгонбат нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Увс аймаг дахь Сум дундын шүүх 2007 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 5 тоот шийтгэх тогтоолд хилийн цэргийн анги, салбарыг дурдаагүй байгаа нь энэ хэргийн хариуцагч нь зөвхөн Б.Эрдэнэдалай гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” заалтыг үндэслэн Б.Эрдэнэдалайг төрийн албан хаагч мөн гэж маргасан. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн хамаарна” гэж заасны дагуу Хил хамгаалах байгууллага нь төрийн тусгай албыг хэрэгжүүлдэг. Дээрх хуулиар зохицуулсан төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, төрлүүдэд хугацаат цэргийн албан хаагчийг хамааруулсан зүйл заалт байхгүй байгаа нь хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан тушаал хашдаггүй нь илэрхий байна. Хугацаат цэргийн алба хаагч нь дээрх цалингийн сүлжээний дагуу цалин, хөлс авдаггүй бөгөөд Засгийн газрын 1999 оны 38 дугаар тогтоолын дагуу Гэрээт цэргийн алба хаагчийн сарын дундаж цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний цолны мөнгөн хангалт эдэлдэг. Хил хамгаалах байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан албаны үйл ажиллагааг явуулдаг бөгөөд уг бүтэц, орон тоонд хугацаат цэргийн албан хаагчдад хамаарах орон тоо байдаггүй нь хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан тушаалтан биш болох нь харагдаж байна. Иймд Б.Эрдэнэдалай нь хугацаат цэргийн алба хаагч мөн боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчид хамаарахгүй юм. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу бусдад учруулсан гэм хорыг Б.Эрдэнэдалай өөрөө хариуцхариуцан арилгах үүрэгтэй. Иймд Хилийн 0245 дугаар анги хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Ж.Сорог шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хилийн 0245 дугаар анги нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч мөн гэж тогтоосон тул буруутай гэж үзэв. Харин нэхэмжлэгчийн төлбөр төлсөн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №101/ШШ2018/03731 тоот Баянзүрх дүүгийн Иргэний хэргийн анхан шатны шийдвэртэй давхцаж байна гэж үзэв. Үүнийг тодруулж шийдэх саналтай байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0245 дугаар ангид холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 6.206.449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь “Хилийн 0245 дугаар анги харицагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.
Байлдагч Б.Эрдэнэдалай нь хугацаат цэргийн алба хааж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хилийн 0245 дугаар ангийн 4 дүгээр заставын “Тураг”-ийн харуулын байрыг дур мэдэн орхиж явсан, Харуулын дарга а/ч Н.Нандин-Эрдэнийг 2005 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө АКМ буугаар буудаж амь насыг нь хохироосон, энгийн Б.Лхагвасүрэн, байлдагч Б.Отгонбат нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан, иргэн Бум-Эрдэний 1 морь хулгайлсан, байлдааны галт зэвсгийг хууль бусаар олж авсан, цэргийн эд хөрөнгө болох зэвсгийн сейф, цоожийг санаатай эвдэж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 5 тоот шийтгэх тогтоол, Увс аймгийн Давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09 тоот магадалалаар тус тус тогтоогдож, тэрээр 25 жилийн хорих ялаар шийтгэгджээ.
Түүнийг гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан буюу 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан “Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн жинхэнэ алба нь төрийн албаны онцлог төрөл” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн жинхэнэ алба нь байлдагч, түрүүчийн алба, ахлагчийн болон офицерын албанаас бүрдэнэ” гэж заасан байх ба уг хуульд зааснаар тухайн цэргийн жинхэнэ албан хаагч нь цэргийн дүрэмт хувцас, цол хэрэглэх, цэргийн алба хааж байх хугацаандаа цалин, хангамж эдлэх эрхтэй этгээд байна.
Түүнчлэн дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Байлдагч, түрүүчийг цэргийн алба хааж эхэлсэн хугацааг тэднийг цэрэг татлагын байрнаас анги, байгууллагад хуваарилсан өдрөөс тооцно” гэж, 5 дахь хэсэгт “Байлдагч, түрүүчийн цэргийн алба хааж дуусгасан хугацааг тэднийг бэлтгэлээр халах тухай ангийн захирагчийн тушаал гарсан өдрөөс тооцно” гэж тус тус заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Б.Эрдэнэдалай нь төрийн албан хаагч биш тул түүний бусадад учруулсан хохирлыг төр хариуцах үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
2002 оны 6 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан “Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Цэргийн алба хаагчийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу цэргийн анги, байгууллага төлсөн тохиолдолд гарсан зардлыг гэм буруутай цэргийн алба хаагч энэ хуульд заасан журмын дагуу барагдуулна” гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаас үзэхэд цэргийн албан хаагч буюу байлдагч Б.Эрдэнэдалайгийн цэргийн алба хааж байх хугацаандаа бусдад учруулсан хохирлыг түүнийг хариуцаж байсан анги хариуцах хууль зүйн үндэслэлтэй.
Өмнөх шүүхийн шийдвэр буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3731 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 380 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 883 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнд 2010 оны 6 дугаар сараас 2016 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд гарсан эрүүл мэндийн шинжилгээ, эм тарианы зардалд нийт 3.157.480 төгрөг, 2005 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд цалин хөлс, орлогогүй байсны нөхөн төлбөр 1.478.776 төгрөг, нийт 4.636.256 төгрөгийг хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0245 дугаар ангиас гаргуулж, олгожээ.
Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд дурдсанаар нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд гарсан эмчилгээний зардлыг давхардуулан нэхэмжлээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүх хэрэгт авагдсан “Зуун наст” эмийн сангаас 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эм тариа авсан 143.100 төгрөг, “Зуун наст” эмийн сангаас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эм тариа авсан 112.450 төгрөг, “Өгөөмөр амин дэм” ХХК-иас 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр эм тариа авсан 127.200 төгрөг, “Хангай ханы хангарьд” ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр эм тариа авсан 71.900 төгрөг, “Ганган гонтиг” ХХК-иас 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эм тариа авсан 81.650 төгрөг, “Өгөөмөр амин дэм” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эм тариа авсан 207.500 төгрөг, “Ганган гонтиг” ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр эм тариа авсан 43.450 төгрөг, “Зуун наст” эмийн сангаас 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эм тариа авсан 279.100 төгрөг, “Өгөөмөр амин дэм” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эм тариа авсан 587.100 төгрөг, “Зуун наст” эмийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эм тариа авсан 292.500 төгрөг, “Энхжин Увидас” ХХК-иас 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр эм тариа авсан 7.150 төгрөг, “Энхжин Увидас” ХХК-иас 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр эм тариа авсан 12.850 төгрөг, “Харгайтын дамжиг” ХХК-иас 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр эм тариа авсан 26.650 төгрөг, “Дэлгэрэх” эмийн сангаас 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр эм тариа авсан 100.850 төгрөг, “Есөн цэн” ХХК-ийн Ундрах эмийн сангаас 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр эм тариа авсан 23.800 төгрөг, “Өгөөмөр амин дэм” ХХК-иас 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдөр эм тариа авсан 284.200 төгрөг, “Жанд” ХХК-иас 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эм тариа авсан 364.800 төгрөг, “Зуун наст” эмийн сангаас 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр эм тариа авсан 581.750 төгрөг, “Сувдням” ХХК-иас 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдөр эм тариа авсан 566.000 төгрөг, “Энхжин Увидас” ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр эм тариа авсан 12.000 төгрөг, “Увс эм хангамж” ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эм тариа авсан 15.262 төгрөг, “Өгөөмөр амин дэм” ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эм тариа авсан 240.000 төгрөг, “Ган алим” ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр эм тариа авсан 14.000 төгрөг, “Жанд” ХХК-ийн Ариун эмийн сангаас 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эм тариа авсан 155.850 төгрөг, “Хаш” эмийн сангаас 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр эм тариа авсан 71.750 төгрөг, “Өгөөмөр амин дэм” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эм тариа авсан 264.900 төгрөг, “Энхжин Увидас” ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр эм тариа авсан 34.250 төгрөг, “Жанд” ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр эм тариа авсан 162.150 төгрөг, “Өгөөмөр амин дэм” ХХК-иас 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр эм тариа авсан 130.500 төгрөг, “Харгайтын дамжиг” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эм тариа авсан 60.050 төгрөг, “Монгол Эм Импекс Концерн” ХХК-иас 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр эм тариа авсан 22.083 төгрөгийн зардлууд нь нотлох баримтаар тогтоогдож байх тул 5.096.895 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Хилийн 0245 дугаар ангиас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.109.554 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Үүнд: 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Ганган гонтиг” ХХК-иас 121.600 төгрөгийн эм тариа авсан гэх баримт, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Дэл оюу Дөл” ХХК-иас 750.000 төгрөгөөр стомийн уут, хөтөвч авсан гэх баримтуудын огноо засвартай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, түүнчлэн нэхэмжлэлд дурдсанаас “237.954 төгрөг”-ийн шаардлага нь огт баримтгүй байх тул эдгээр зардлуудыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0245 дугаар ангиас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 5.096.895 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.109.554 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0245 дугаар ангиас улсын тэмдэгтийн хураамж 96.500 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0245 дугаар ангиас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 5.096.895 /таван сая ерэн зургаан мянга найман зуун ерэн тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.109.554 /нэг сая нэг зуун есөн мянга таван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0245 дугаар ангиас улсын тэмдэгтийн хураамж 96.500 /ерөн зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ