Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 12

 

М.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0436/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                       Г.Уянга

Хохирогч                                       Д.Л-

Шүүгдэгч                                       М.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолтой, М-ын Б-т холбогдох, 1918005900441 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь :

2018 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 1 жил хорих ялаар,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2.т зааснаар түүнд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийн хугацаагаар хорих ял дээр  2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 134 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 8 хоног хорих ялыг нэмж нэгтгэн,  нийт  2 сар 8 хоног хорих ялаар шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай, Б- овогт М-ын Б-.

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын өврийн 7-3360 тоот иргэн Д-гийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхийг хагалан орж орчин цагийн цагаан толгойтой, алтан нуухтай дунд гарын гартаам хөөргийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан.,  мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Л-д хүч хэрэглэн довтолж 180.000 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт М-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 3 /гурав/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.т зааснаар М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар М.Б-т оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч М.Б-ын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар М.Б-аас 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргаж, 450.000 дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 7 дугаар гудамж, 3360 тоотод оршин суух З- овогт Ж-ийн Д- /РД: **********, утас- ********/-Д, 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 22 тоотод оршин суух Т- овогт Д-н Л- /РД: **********, утас: ********/-Д тус тус олгох,

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан гарын хурууны 7 ширхэг мөрийг хэрэгт хавсаргаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдолдоо:

Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэвч би залуу хүн учраас ажил хийж нийгэмших бололцоог хангаж ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Б- тайлбартаа:

Үйлдсэн хэрэгтээ маш их  гэмшиж байна., оногдуулсан ялаас хасч өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. М.Б-ыг нийгэмших боломжоор хангаж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Л- тайлбартаа:

Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүлй, хэсэг зөв, анхан шатны шүүх хуульд заасан ял оногдуулсан., Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг хянаж үзлээ.

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын өврийн 7-р гудамжны 3360 тоотод оршин суух  иргэн Ж.Д-гийн  өвлийн байшингийн цонхийг хагалан орж орчин цагийн  хийцтэй, алтан нуухтай, дунд гарын гартаам хөөргийг хулгайлж  450.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг,  мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Л-д хүч хэрэглэн довтолж 180.000 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1., 17.2 дугаар зүйлийн 2.т гэмт хэрэг үйлдсэн байна.  

Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох:

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгийн үед шүүгдэгч М.Б-ын өөрийн  өгсөн мэдүүлэг болон хохирогч  Ж.Д-, Д.Л-, гэрч  Ц.Б-,  Д.С-,  Б.Э-  нарын  өгсөн мэдүүлэг, хэргийн газрын эд зүйлээс шүүгдэгчийн гарын  хээг  авч шинжилсэн  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны  02/210дугаар дүгнэлт,          / х.хийн 116-132-р хуудас /  эд зүйлд үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ийн  дүгнэлт,  / х.хийн 135-136-р хуудас / хохирогч Д.Л-гийн эд зүйлд үнэлгээ хийсэн  “Капитал зууч”  ХХК –ийн дүгнэлт,  / х.хийн 45-46-р хуудас / хохирогчийн биед үзлэг хийсэн  Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн  2019 оны 8 дугаар сарын 20-ны 694 дүгээр дүгнэлт, / х.хийн 51-52-р хуудас / болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /х.хийн  7-8., 106-107-р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогджээ. 

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн  холбогдох заалтыг зөв  тайлбарлан хэрэглэж ял оногдуулсан байна.

Гэвч шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж  гэм буруугаа ойлгож байгаа  байдлыг  харгалзан үзэж  анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялаас хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3., 4. дугаар заалтыг :

-Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 2 жил хорих ялаар., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 2  жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй гэж.,

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.т зааснаар М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил  хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн  шүүгдэгч  М.Б-ыг  нийт 4 жил хорих ялаар шийтгэсүгэй гэж.,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар М.Б-т оногдуулсан 4  жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч М.Б-ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ТУЯА

                                                                  ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР