| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0460/3 |
| Дугаар | 221/МА2025/0689 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0689
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүн: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б
Нэхэмжлэгч: “Х” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, “У” ОНӨХХК
Гуравдагч этгээд: “Г” ХХК, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны СТ-4 дүгээр байрны Хяналтын хороо
Нэхэмжлэлийн шаардлага:
“Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай А/1424 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 3 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “У” ОНӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Г” ХХК-д олгосон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах эрх олгосон Батламжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 628 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П, хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны СТ-4 дүгээр байрны Хяналтын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Т.Б нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0460/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, “У” ОНӨХХК-д тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/1424 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 3 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “У” ОНӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Г” ХХК-д олгосон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах эрх олгосон Батламжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 628 дугаар шийдвэрээр: Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.3, 11.1.4, 14 дүгэр зүйлийн 14.7.3, 14.7.3.в, 22 дугаар зүйлийн 22.1.6, 22.1.11, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай А/1424 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 3 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “У” ОНӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Г” ХХК-д олгосон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах эрх олгосон Батламжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.25-д Нийслэлийн Засаг даргаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулаагүй, 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй байгаа боловч хариуцагч хуульд заасан сонсох ажиллагаа явуулснаар “Х” ХХК нь маргаан бүхий актыг өөрчлөх, асуудлыг өөрөөр шийдвэрлэх нөхцөл байдлыг тогтоохуйц нотлох баримтыг гаргаж өгч чадахгүй байсан гэдэг нь одоо шүүхэд тогтоогдож байх тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзсэн гэж дурдсан.
3.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" тусгай зарчмыг баримтална гэж заасан.
3.3. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай бодит нөхцөл байдлыг тогтооно, гэхдээ энэ ажлын хүрээнд шаардлагатай бүхий л ажиллагааг хийж, нотлох баримтыг цуглуулж, үнэлэн, захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, санал гаргах боломж олгохоор зохицуулсан.
3.4. Анхан шатны шүүх захиргааны байгууллагаас дээрх ажиллагааг хийгээгүй орхигдуулсан болохыг тогтоосон. Дээрх ажиллагаанууд нь захиргааны байгууллагаас ямар шийдвэр гаргахаас үл хамаарч шийдвэр гаргах тохиолдол бүрт хийгдэх хуульчилсан ажиллагаа бөгөөд дээрх ажиллагааг хийсний дараа асуудлыг шийдвэрлэнэ. Гэтэл анхан шатны шүүх дээрх ажиллагааг явуулсан ч гэсэн “Хур алтан өргөө" ХХК нь асуудлыг өөрөөр шийдвэрлэх нөхцөл байдлыг тогтоохуйц нотлох баримтыг гаргаж өгч чадахааргүй байсан тул нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзсэнийг хуулийн үндэслэлгүй гэж ойлгож байна.
3.5. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.26-д “Нэхэмжлэгчийн гаргасан СТ-4 дүгээр байрны Хяналтын хороо нь хуульд заасан нөхцөл, журмын дагуу бус, хууль бус бүрэлдэхүүнээр байгуулсан, Хяналтын хорооны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралд хорооны гишүүдээс гадна Засаг дарга Д.Э, бусад хамааралгүй этгээд болох Т.Б, Хяналтын хорооны 4 гишүүн нь төсөлд хамрагдаагүй, төслийн хэрэгжилтэд хяналт тавих эрхгүй этгээд оролцсон” гэснийг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй”, Үндэслэх хэсгийн 3.27-д “Учир нь хуульд зааснаар Хяналтын хорооны гишүүдийг өмчлөгч, эзэмшигчээс бүрдүүлэхээр заасан бөгөөд Хяналтын хороонд ямар иргэн, эрх зүйн этгээд орох талаар төсөл хэрэгжүүэгч “Х” ХХК шаардах эрхгүй”, Үндэслэх хэсгийн 3.28-д “Энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй тул нэхэмжлэлийн энэ үндэслэлийг хүлээн авч шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв” гэжээ. /Мөн үндэслэх хэсгийн 3.5, 3.6, 3.7, 3.8 дахь хэсгүүд/
3.6. Хяналтын хорооны бүрэлдэхүүн, байгуулах нөхцөл, журмын талаар Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хороог тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна” гэж тодорхойлсон.
3.7. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.5-д “хуулийн энэ заалтын дагуу Хяналтын хороог тухайн буулгагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн төлөөллийг оролцуулан байгуулах шаардлагыг тогтоосон бөгөөд СТ-1, СТ-2, СТ-3, СТ-4, СТ-5 дугаар байрны Хяналтын хорооны дарга, гишүүд, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга нарыг байлцуулан хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар СТ-4 байрны хяналтын хороог байгуулж шийдвэрлэсэн, уг Хяналтын хороонд П., Ж.Г, Ц.На, Б.О, Ж.Б нарыг сонгон байгуулсан байх бөгөөд уг шийдвэрийг тус Засаг дарга 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/10 дугаар захирамжаар баталж шийдвэрлэсэн нь хууль зүйн зөрчилгүй байна” гэжээ.
3.8. Хуулийн дээрх зүйл, хэсэгт Хяналтын хорооны бүрэлдэхүүнд мөн тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, мэргэжлийн байгууллагын төлөөлөл тус тус хамрагдахаар заасан байхад зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн төлөөллийг оролцуулан байгуулах шаардлагыг тогтоосон гэснийг хуулийг буруугаар тайлбарласан гэж үзэхээр байна.
3.9. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс Хяналтын хорооны бүрэлдэхүүн нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна гэснийг Хяналтын хороонд ямар иргэн, эрх зүйн этгээд орох талаар төсөл хэрэгжүүлэгчээс шаардах эрхгүй гэсэн нь ойлгомжгүй байна.
3.10. Түүнчлэн Хяналтын хорооны дарга П.Б, гишүүн Ц.Н, Ж.Б, Б.О нар нь Нийслэлийн Засаг дарга болон төсөл хэрэгжүүлэгч нартай гурван талт гэрээ байгуулж, төсөлд хамрагдаагүй байдаг ба Нийслэлийн орон сууцны бодлогын газраас 3 талт гэрээ байгуулаагүй 7 иргэнд тусад нь дахин хяналтын хороо байгуулж, хурал хийн, шийдвэрээ гарган ирүүлэх талаар зааж зөвлөсөн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг.
3.11. Нийслэлийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах талаар захирамж гаргах эрх хэмжээтэй боловч тухайн захиргааны акт гаргах үйл ажиллагаа нь холбогдох хуулийн шаардлагыг хангаагүй түүнчлэн актын үндэслэл болсон Хяналтын хорооны бүрэлдэхүүн нь хууль бус хуульд нийцээгүй байсан тул эрх зүйн зөрчилтэй акт болно гэж үзэж байна.
3.12. Шүүх шаардлагатай гэж үзвэл Хяналтын хорооны бүрэлдэхүүнд хамрагдсан оршин суугч нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь байрны оршин суугч мөн эсэхийг шалган тогтоох боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс энэ үндэслэлээр маргадаггүй.
3.13. Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа нь тухайлан сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэгчээс боловсруулсан төслийн хүрээнд хэрэгждэг. Иймд төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төлөөллийн байгууллага болох Хяналтын хороо байгуулагдахыг хуулиар Хяналтын хорооны тоог тогтоогоогүй, олон хяналтын хороотой байхыг хориглоогүй гэж тайлбарласан нь хуулийн агуулгад нийцээгүй байна.
3.14. Төрийн байгууллага дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжийн аль нэгийн эрх ашгийг хамгаалж, нөгөөг нь үгүйсгэсэн шийдвэр гаргахдаа “хууль дээдлэх” болон “хуульд үндэслэх” зарчмуудыг бүрэн хангах ёстой байсан. Уг зарчмуудыг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн ”, Үндсэн хуулийн 70-ийн 1-т “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж тус тус заасан. “Хуульд үндэслэх зарчим” нь төрийн байгууллагаас хүн, хуулийн этгээдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргах бол заавал хуулийн тодорхой шаардлагыг хангасан байх гэсэн агуулгыг илэрхийлдэг.
3.15. Иймд Нийслэлийн засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1424 тоот “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” захиргааны актыг зөв гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан ба хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох хуулийг зөрчсөн боловч төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс өнөөдөр мөрдөгдөж буй Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн зохицуулалтад үндэслэн дүүргийн засаг даргын Тамгын газраас эхлээд Ерөнхий сайд улмаар шүүх хүртэл хандсан.
3.16. Санхүүгийн байдлаас шалтгаалж барилгын ажил удааширсан, сонирхогч этгээдээс санхүүгийн чадавхтай эсэхээ нотлохыг шаардсаныг хууль бус гэж үзсэн, компани ажлыг төлөвлөгөөний дагуу хийгээгүй зэрэг асуудлаар маргасан зүйл байдаггүй билээ.
3.17. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.29-д “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/721 дүгээр захирамжаар СТ-4 орон сууцны төсөл хэрэгжүүлэгчийг шинээр сонгон шалгаруулах, Үнэлгээний хороо байгуулах шийдвэр, уг шийдвэрийн дагуу Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлээр “Г” ХХК-ийг шалгаруулж олгосон Батламж нь хууль зөрчөөгүй бөгөөд уг шалгаруулалтад нэхэмжлэгч “Х” ХХК ороогүйн хамт СТ-4 байрны оршин суугчид болон Хяналтын хороо нь тус компанийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгохоос татгалзсан зэрэг нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1424 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/721 захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “У” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Г” ХХК-д олгосон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах эрх олгосон Батламжийг хүчингүй болгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл боллоо” гэж дүгнэжээ.
3.18. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах бүрэн эрхийг зөвхөн Нийслэлийн засаг даргад олгосон ба энэхүү бүрэн эрхийг хэн нэгэн байгууллага, этгээдэд шилжүүлж болох талаарх зохицуулалт байхгүй. Энэ талаар Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх 11.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.1-д хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 11.1.3-т төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах; 11.1.4-т төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах; 11.2-т Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулна" гэж заасан.
3.19. Мөн “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагаа”-ны журмын 4.8 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, гурван талт гэрээ байгуулах эрх олгоно”, 4.7 дахь хэсэгт “Үнэлгээний хорооны дүгнэлтийг бичгээр үйлдэх бөгөөд гишүүн тус бүр албан тушаалаа тэмдэглэн, гарын үсэг зурж баталгаажуулж, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ” гэж тус тус нарийвчлан зохицуулсан.
3.20. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/721 тоот “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, түүний үйл ажиллагааны удирдамжийг шинэчлэн батлах тухай” захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан удирдамжийн Үндэслэл хэсэгт “... төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагаа"-ны журмыг мөрдлөг ... болгон хэрэгжүүлж ажиллана ”, удирдамжийн 3.1 дэх хэсэгт “Үнэлгээний хороо нь ... үнэлгээний нэгдсэн дүгнэлт гаргах ...” гэж тус тус заасан байна. Мөн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах баримт бичгийн 1.2.10 дахь хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч гэж үнэлгээний хорооны дүгнэлтийг Нийслэлийн засаг дарга баталгаажуулсны үндсэн дээр 3 талт гэрээ байгуулсан этгээдийг” гэж тодорхойлжээ.
3.21. Удирдамжийн 3.11 дэх хэсэгт “Үнэлгээний хорооны санал, дүгнэлтийг бичгээр гарган орон нутгийн өмчит “У” ХХК-ийн гүйцэтгэх захиралд танилцуулснаар иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулна” гэж заасан байна. Энд батламж буюу эрх олгох талаар тусгагдаагүй байна.
3.22. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8 1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасан.
3.23. Үнэлгээний хороо нь сонгон шалгаруулалт явуулсан тухай хурлын тэмдэглэл, шийдвэрийг баталгаажуулж, Нийслэлийн Засаг даргад хүргүүлснээр сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа дуусгавар болно.
3.24. Батламж бол эрх олгосон шийдвэр бөгөөд батламжийг ашгийн төлөө орон нутгийн өмчит “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө олгож, баталгаажуулсныг өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлжээ гэж үзэхээр байна.
3.25. “Х” ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2/23 тоот албан бичгээр нутгийн өмчит “У” ХХК-д сонгон шалгаруулалтыг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусталх хугацаагаар түр хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт хүргүүлж байсныг дурдах байна.
3.26. Гэрээ байгуулаагүй гэж буруутгасан атлаа гэрээний үүрэг биелүүлээгүй гэсэн нь логикийн хувьд ойлгомжгүй, зарим оршин суугчид байрыг чөлөөлж, гэрээ байгуулахаас татгалзсаны улмаас нураалт, угсралтын ажил зогссон. Энэ талаар маргаагүй бөгөөд, ямар ч хамааралгүй аргаар гэрээг байгуулах ёстой байсан гэж буруутгасан байдаг.
3.27. Орон сууцны зарим өмчлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Х” ХХК тухайн маргаанд гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэгч нарыг өөр байрлалд байр орон сууц авахыг зөвшөөрч эвлэрч байсан талаар өмгөөлөгч шүүх хуралдаанд дурдсан байдаг.
3.28. Дээрх байдлаар иргэд хуулиас давсан шаардлага, мөнгө эд хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгчээс шаардаж эхэлсэн бөгөөд гэрээ байгуулаагүй үлдсэн иргэд Хяналтын хороо байгуулж дүгнэлт гаргасныг шүүх анхаарч үзсэнгүй.
3.29. Шүүхийн шийдвэрийн 3.11-3.15 дахь үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.г-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах”, 14.7.3.б-д “нөхөх олговор олгох, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэн шилжүүлэх, сонгосон талбайг чөлөөлөх” гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга энэ харилцаанд төрийг төлөөлсөн оролцогч болохын албадлагын арга хэмжээг авах учиртай. Тодруулбал, 80 хувиас дээш иргэд дахин барилгажуулахыг зөвшөөрсөн учраас сонгон шалгаруулалт явагдаж, нураах талаар шийдвэр гаргадаг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс иргэдийн орон байрандаа хурдан хугацаанд орох эрхийг нэхэмжлэгч компани зөрчсөн талаар тайлбарладаг боловч нэгэнт дахин барилгажуулах шийдвэр гарч, процесс эхэлсэн үед орон сууцыг чөлөөлж өгөхгүй ажлыг гацааж буй иргэд нь өөрсдийн зүй бус шаардлагыг гүйцэлдүүлэхийн бусад оршин суугчдын эрхийг зөрчсөн гэдгийг дурдах нь зүйтэй.
3.30. Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, ... Газрын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, 18 дугаар зүйлийн 18.5-д “Газар чөлөөлөх, газар өмчлөх, эзэмших эрх шилжүүлэхтэй холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна” гэж заасан тул Газрын тухай хуулийн газар чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт энэ харилцаанд хэрэглэгдэнэ.
3.31. Нийслэлийн Засаг даргын зүгээс энэ харилцаанд хууль болон журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, газар чөлөөлөхтэй холбоотой бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй атлаа гэрээний хугацаа хэтэрсэн үндэслэлээр төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан нь хууль бус болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/1424 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 3 дугаар шийдвэр болон “У” ОНӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Г” ХХК-д олгосон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах эрх олгосон “Батламж”-ийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.1. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/1424 дүгээр захирамжаар “Х” ХХК-ийг төслийн хүрээнд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нарийвчилсан төлөвлөгөө батлуулаагүй гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Х” ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, уг захирамжийн 4 дэх заалтаар анх төсөл хэрэгжүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/81 дүгээр захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1-д заасан СТ-4, СТ-5 гэснийг СТ-5 гэж өөрчилжээ.
3.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Гэрээний аль заалтыг зөрчсөн талаар маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдаагүй. Санхүүгийн эх үүсвэрээ нотлох ёстой юм уу, энэ үүргийг гэрээгээр хүлээсэн юм уу, журмаар хүлээсэн юм уу, хуулиар хүлээсэн юм уу гэдгийг Нийслэлийн Засаг дарга тодруулж шалгах ёстой байсан ... нийслэлийн Засаг даргын зүгээс төсөл хэрэгжүүлэгчийнхээ эрхийг цуцлахаас өмнө уулзалт хийж болох байсан. Иргэдийн төлөөлөл буюу Хяналтын хорооны төлөөллийг болон тухайн гүйцэтгэгч компанийг, мөн Нийслэлийн орон сууцны бодлогын газар буюу хариуцсан агентлагийг нь оролцуулж уулзалт хэлэлцүүлэг хийж нөхцөл байдлыг тодруулж, асуудлыг шийдвэрлэх ёстой байтал хэн нэгний эрхийг хааж, боогдуулж, хязгаарлаж, нэг этгээдэд сөрөг нөлөөлөл үзүүлж нөгөө этгээдэд давуу байдал олгох гэж захиргааны байгууллага байдаггүй. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 4.1-т хуульд үндэслэх зарчим, бодит нөхцөлд тохирсон байх, зорилгодоо нийцсэн байх гэж заасныг зөрчсөн. Нийслэлийн Засаг даргын зүгээс Хот байгуулалтын газраас, Орон сууцын газраас эсхүл Газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох чиг үүрэг бүхий агентлагуудаас ажлын хэсэг байгуулж тухайн нөхцөл байдлыг шалгаж тогтоох боломжтой байсан шүү дээ. Энэхүү ажиллагааг огт хийгээгүй ... Нийслэлийн Засаг даргын захирамжаар хар жагсаалтад оруулсан буюу нэхэмжлэгчийн төсөл сонгон шалгаруулалтад оролцох эрхийг нь хязгаарласан. “Х” ХХК төсөл сонгон шалгаруулалтад дахин оролцох ямар ч эрхгүй нөхцөл байдалтай болсон. Хэрэв захиргааны актын үндэслэлийг шүүхээр хянуулсны дараа сонгон шалгаруулалтаа зарласан бол нэхэмжлэгч компани сонгон шалгаруулалтад оролцон ялж барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжтой байсан” гэж тайлбарлан маргажээ.
3.3. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 5.1-д “Журмын 4.10-т заасан гэрээ байгуулсан төсөл хэрэгжүүлэгч нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.а, 14.7.2.б-д заасан төлөвлөгөөг боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад 30 хоногийн дотор танилцуулна”, 5.4-т “Төсөл хэрэгжүүлэгч нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан гурван талт гэрээний үлгэрчилсэн загварын дагуу сууц өмчлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулна”, 5.6-д “Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй төслийн бэлтгэл үе шатанд тохиролцох, ойлголцолд хүрэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ”, 5.7-д “Төсөл хэрэгжүүлэгч нь энэ журмын 5.6-д заасны дагуу тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.3.в-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж болно”, 7.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь хот, суурин газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулж, батлуулах, барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тухайн шатны Засаг даргаас баталсан төслийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ”, 7.4-т “Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж тус тус журамлажээ.
3.4. Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны СТ-4, СТ-5 дугаар байрнуудыг буулган, шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд зааснаар СТ-4, СТ-5 дугаар байруудыг буулгах ажлыг 2022 оны 09 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарын хооронд, хоёр болон гурван талт гэрээг 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч нэхэмжлэгчээс уг төслийн хүрээнд байгуулсан төлөвлөгөөнд заасны дагуу дээрх үүргээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн хариу тайлбар, оршин суугч иргэдийн захиргааны байгууллагуудад гаргаж байсан гомдлууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “...маргаан бүхий захирамжийг гаргах үед 7-8 иргэнтэй 3 талт гэрээ байгуулаагүй байсан ... төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс Хяналтын хорооны дарга н.Батжаргалтай 3 талт гэрээ байгуулахаар удаа дараа санаачилга гаргасан боловч тохиролцоонд хүрч чадаагүй ... оршин суугчид гэрээ байгуулахгүй, тухайн байрнаасаа нүүхгүй, төслийн үйл ажиллагааг гацаасан” гэсэн тайлбаруудаас тогтоогдож байна.
3.5. Хэдийгээр нэхэмжлэгч талаас “...төслийн гол оролцогч нь төр, тиймээс орон сууцаа чөлөөлж өгөхгүй байгаа иргэдийг албадан гаргах эрх нь төрд байсан, бид хувийн аж ахуйн нэгж учир хязгаарлагдмал эрхтэй байсан” гэж тайлбарлан маргах боловч дээр дурдсан журмын 5.6-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч “Х” ХХК нь гурван талт гэрээ байгуулаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй төслийн бэлтгэл үе шатанд тохиролцох, ойлголцолд хүрэх арга хэмжээг авч хэрэгжүүлж, тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.3.в-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж боломжтой байсан боловч орон сууцаа чөлөөлж өгөөгүй оршин суугчидтай шүүхийн журмаар маргаагүй энэ тохиолдолд хариуцагчийг албадан нүүлгэх арга хэмжээ аваагүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
3.6. Өөрөөр хэлбэл, нэгэнт төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдсон тохиолдолд гурван талт гэрээ байгуулаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй төслийн бэлтгэл үе шатанд тохиролцох, ойлголцолд хүрэх арга хэмжээг зөвхөн “Х” ХХК нь авч хэрэгжүүлэх үүрэгтэй, хэрвээ тохиролцоонд хүрээгүй бол шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байх тул журамд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, гурван талт гэрээ байгуулаагүйгээс шалтгаалан СТ-4 дүгээр байрыг буулгаж нураагаагүй, СТ-5 дугаар барилгыг төлөвлөгөөнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй маргааны энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргаас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/1424 дүгээр захирамжаар “Х” ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь хуульд нийцжээ.
3.7. Нөгөө талаар нэхэмжлэгч талаас Хяналтын хорооны гишүүдийг томилсон нь хууль бус, өөрөөр хэлбэл, гурван талт гэрээ байгуулсан оршин суугчдын төлөөлөл ороогүй байсан гэж маргадаг.
3.8. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/09 дүгээр захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны СТ-1, СТ-2, СТ-3, СТ-4, СТ-4 дугаар байрны барилгажилтын төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хорооны даргаар СТ-4 дүгээр байрны оршин суугч Т.Батжаргалыг, гишүүдээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хөтөлбөр, дахин төлөвлөлт, индекс хариуцсан мэргэжилтэн Б.А, Захилагчийн ажлын албаны инженер Д.Э, СТ-1 дүгээр байрны оршин суугч Т.Г, СТ-2 дугаар байрны оршин суугч О.Б, СТ-3 дугаар байрны оршин суугч О.Отгонбилэг, СТ-5 дугаар байрны оршин суугч Ё.Д нарыг оролцуулан байгуулсан байх бөгөөд Хяналтын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр хуралдаанаар СТ-4 дүгээр байрны Хяналтын хорооны дарга болон гишүүдээр П.Б, Ж.Г, Ц.Н, Б.О, Ж.Б нарыг сонгосныг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны А/10 дугаар захирамжаар баталжээ.
3.9. Улмаар СТ-1, СТ-2, СТ-3, СТ-4, СТ-4 дугаар байрны Хяналтын хорооны дарга Т.Батжаргал болон СТ-4 дүгээр байрны Хяналтын хорооны нийт гишүүдийг оролцуулан 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр СТ-5 дугаар байрны барилгажилтын нөхцөл байдал, барилгын ажлын явц, СТ-4 дүгээр байрны барилгажилтын ажлыг “Х” ХХК болон түүний гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлэх эсэх, СТ-4 дүгээр байрны барилгажилтын ажлыг хийж гүйцэтгэх өөр хуулийн этгээдийг холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шалгаруулж сонгохыг зохих төрийн байгууллагуудад мэдэгдэх талаар хуралдаж, “Х” ХХК нь цаашид СТ-5 дугаар байрнаас бусад байрнуудын барилгажилтын ажлыг гүйцэтгэх санхүүгийн чадамжгүй, барилгын ажлын нарийвчилсан төлөвлөлтгүй болох нь илэрхий болж барилгажилтын ажлыг цаашид гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн СТ-4 дүгээр байрын барилгажилтын ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, уг барилгажилтын ажлыг гүйцэтгэх өөр компанийг шалгаруулах талаар эрх бүхий этгээдэд мэдэгдэхээр шийдвэрлэжээ.
3.10. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна”, 26.2-т “Хороо таваас доошгүй, сондгой тооны гишүүдээс бүрдэнэ”, 26.3-т “Хорооны бүрэн эрх гурван талт гэрээний хугацаанд хэрэгжинэ.”, 26.4-т “Хорооны бүрэн эрх:”, 26.4.1-д “төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх;”, 26.4.2-т “нөхөх олговрын хэмжээг тогтоох зорилгоор үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах”, 26.5-д “Хороо өөрийн дүрэмтэй байх бөгөөд дүрмийг гишүүдийн олонхын саналаар батална”, 26.7-д “Хороо олонхын саналаар шийдвэр гаргана” гэж зааснаас үзэхэд Хяналтын хороог үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллагаас буюу зөвхөн гурван талт гэрээ байгуулагдсан иргэдийн хүрээнд гэж хязгаарлахгүйгээр тэдгээрийн сонгосон төлөөллөөс оролцуулж болохоор байх бөгөөд энэ агуулгаараа оршин суугчид хуралдан өөрсдийн эрхийг хамгаалахаар идэвхтэй ажиллах боломжтой төлөөллийн хүмүүсийг Хяналтын хорооны гишүүнээр сонгосон нь хурлын тэмдэглэлээс тогтоогдож байх тул давж заалдах гомдолд дурдсан “...Хяналтын хорооны бүрэлдэхүүнд мөн тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, мэргэжлийн байгууллагын төлөөлөл тус тус хамрагдахаар заасан байхад зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн төлөөллийг оролцуулан байгуулах шаардлагыг тогтоосон гэсэн хуулийн заалтыг анхан шатны шүүх буруугаар тайлбарласан гэж үзэхээр байна. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс Хяналтын хорооны бүрэлдэхүүн нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна гэснийг Хяналтын хороонд ямар иргэн, эрх зүйн этгээд орох талаар төсөл хэрэгжүүлэгчээс шаардах эрхгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Хяналтын хорооны дарга П.Б, гишүүн Ц.Н, Ж.Б, Б.О нар нь Нийслэлийн Засаг дарга болон төсөл хэрэгжүүлэгч нартай гурван талт гэрээ байгуулж, төсөлд хамрагдаагүй байдаг” гэх үндэслэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.11. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/1424 дүгээр захирамжийн 3 дахь заалтаар дээрх байршилд дахин барилгажуулах үйл ажиллагааг зохион байгуулах санал боловсруулан танилцуулахыг Нийслэлийн орон сууцны бодлогын газарт даалгажээ.
3.12. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний “Төслийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/359 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр тэмдэглэлд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны байрны сууц өмчлөгчидтэй хууль журмын дагуу холбогдох гэрээ байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган дахин барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг “У” ХХК-д даалгасан бөгөөд мөн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/721 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх, гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, явц үр дүнг тухай бүх танилцуулж ажиллахыг “У” ХХК-д даалгасны дагуу шинээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах шаардлагатай болсон тул дахин сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад “Г” ХХК төслийн саналаа ирүүлсэн байна.
3.13. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.1-д “...аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын алба нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг 14 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулна”, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 11.1.1-д “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;”, 11.1.3-д “төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах”, 11.1.4-т “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах;” гэж тус тус зааснаас үзвэл уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулах эрх үүрэг бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу зарласан, уг сонгон шалгаруулалтад “Г” ХХК шалгарч хариуцагчаас 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах батламж олгосон нь хууль зөрчөөгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.14. Маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн батламж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх энэ тохиолдолд нэхэмжлэгч “Х” ХХК төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсонтой холбоотой хариуцагчаас дахин сонгон шалгаруулалт зарласан нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих үйл ажиллагааны журамд нийцсэн бөгөөд энэ сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлгээ авсан “Г” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.
3.15. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар маргаан бүхий акт нь хууль бус, эсхүл эрх зүйн илэрхий алдаатай байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны акт хуульд нийцээгүй бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол тухайн актыг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргахаар зохицуулжээ.
3.16. Нэхэмжлэгчийн тухайд хэдий 64 орон сууц эзэмшигч нартай 3 талт гэрээ байгуулж, “Д”ХХК-тай орон сууц үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг гүйцэтгэх, ажлыг үе шат бүрээр шаардлагатай санхүүжилтийг оруулах тухай гэрээг байгуулж, эх загвар зургийг хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулан ажилласан ч маргаан бүхий А/1424 дүгээр захирамж гарснаас хойших хугацаанд “Г” ХХК СТ-4 төслийг хэрэгжүүлэх ажиллагааг гардан гүйцэтгэж, дахин барилгажуулах төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
3.17. Харин сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлийн хувьд анхан шатны шүүхээс “... Нийслэлийн Засаг даргаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулаагүй, 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд одоо тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй байгаа боловч хариуцагч хуульд заасан сонсох ажиллагаа явуулснаар “Х” ХХК нь маргаан бүхий актыг өөрчлөх, асуудлыг өөрөөр шийдвэрлэх нөхцөл байдлыг тогтоохуйц нотлох баримтыг гаргаж өгч чадахгүй байсан гэдэг нь одоо шүүхэд тогтоогдож байх тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийжээ.
3.18. Учир нь сонсох ажиллагаа нь захиргааны байгууллагаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох зохицуулалт бөгөөд анх төсөл хэрэгжүүлэх эрх авснаас хойш төлөвлөгөөнд зааснаар бүх оршин суугчидтай 2 болон 3 талт гэрээ байгуулаагүй, СТ-4 дүгээр байрыг чөлөөлж буулгах ажлыг бүрэн дуусгаагүй, улмаар барилгыг төлөвлөгөөнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй нэхэмжлэгч компанид сонсох ажиллагаа явуулах нь үр нөлөөгүй байх бөгөөд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
3.19. Орон сууцны бодлогын газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Өргөдөл уламжлах тухай” 03/521 дүгээр албан бичгээр “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны өмчлөгч нараас “Х” ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах тухай гомдол ирүүлээд байна. Иймд төслийн хүрээнд томхиролцох, ойлголцолд хүрэх, гэрээ байгуулах үйл ажиллагааг хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, хийсэн ажлын тайланг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг”, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/830 дугаар албан бичгээр “... “Х” ХХК нь холбогдох зөвшөөрөлгүй байж барилга буулгах үйл ажиллагаа явуулж байгаа талаар иргэдийн гомдол ирээд байна. Иймд барилгын тухай хууль тогтоомжийн дагуу холбогдох зөвшөөрөл авах, иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлт нөхцөл байдал үүсгэхгүй байхыг”, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10/752 дугаар албан бичгээр “...батлагдсан график төлөвлөгөөнөөс ажлын гүйцэтгэл хоцорч байгаа нь хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болж иргэд хохирч байна. Иймд хийсэн ажлын тайланг ирүүлэхийг” тус тус “Х” ХХК-д мэдэгдэж байжээ.
3.20. Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1424 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоох үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ хариуцагч “У” ХХК-иас дахин сонгон шалгаруулалт зарлаж 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны СТ-4 дүгээр байрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Г” ХХК-ийг шалгаруулсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 628 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ