| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2023/1008/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1044 |
| Огноо | 2023-08-01 |
| Зүйл хэсэг | 21.11.1., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1044
2023 8 1 1044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,
улсын яллагч А.Намдаг,
шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А-д холбогдох эрүүгийн 2306 00000 1815 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..., урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил хорих ял шийтгэгдсэн, регистрийн УМ90041939 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байхдаа оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр албаны гал тогоонд ажиллаж байгаад цэнэглэгч батарей хоёр хураалгасан. Тэгээд Сэргэлэн дэслэгчтэй цуг ахлах төлөөлөгч хошууч Мэндсайханы өрөөнд орсон. Энэ утастай байгаа асуудлыг чинь тодорхойлолт бичээд өнгөрүүлье учир нь өмнө албан хаагчдын өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг байсан болохоор гээд чи яг ямар шийтгэл авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би бороохойдуулчихъя гээд цахилгаан бороохойгоор 9 удаа Мэндсайхан хошуучид цохиулсан. Тэгээд маргааш өглөө нь би ажилдаа 7 цагт цагаа бүртгүүлчхээд 8 цаг өнгөрч байхад ангийн дэд дарга Баатарчулуун хошууч өрөөндөө дуудаад чи яагаад утас бариад байгаа юм бэ? чи надад утсаа гаргаж өгсөн ч би чамайг цус нөжтэй чинь хутгана гэсэн. Тэр үед хажууд ахлах дэслэгч Баянмөнх байсан. Тэгээд би та намайг дарамтлаад байна гэхэд би чамайг угаасаа дарамтлах ёстой, чи одоо гараад утсаа аваад ир гэсэн. Тэгээд би айсандаа байр луугаа очоод хашаагаар гарч явсан. Намайг дарамтлаад байсан. Тэгээд би тэр үгнээс нь айгаад 09 цаг өнгөрч байхад гараад Шар хад руу явсан. Би гарч яваад нууж авсан гар утсаараа эхнэр лүүгээ яриад хүүхдүүдээ асуусан. Тэгээд би авга ах Баттулга руу залгаад учир явдлаа хэлсэн. Гэтэл намайг ах буцаад анги руугаа оч гээд би ерөөсөө ийш тийш яваагүй Таван шардаа л байсан. Намайг хайж байна гэж авга ах минь хэлсэн. Тэгээд би Шүүхийн Шийдвэрийн Ерөнхий газрын Хишигбаяр хурандаатай холбогдоод намайг дарамтлаад заналхийлсэн, би тодорхойлолт бичээд байгаа бүх юм аа гаргаж өгөөд 9 удаа бороохойдуулаад асуудлаа шийдсэн. Гэтэл дэд дарга Баатарчулуун надад уурлаад цус нөжтэй чинь холино гээд уг нь би зөрчил гаргаж байгаагүй. Би албан хаагчийн цайны газар давхар ажилладаг байсан. Анх бол Тамир даргын тогоочоор томилогдож байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
/хавтаст хэргийн 4 дэх тал/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
/хавтаст хэргийн 7-9 дэх тал/
Гэрч Г.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангид төлөөлөгч ажилтай, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 08:00 цагийн үед ажил дээрээ ирсэн. Тэгээд 09:20 цагийн үед хорих ангийн алба хаагчдаас надад Ж.А байхгүй байна гэж хэлсний дагуу аж ахуйн үйлчилгээний хэсэгт очиж шалгахад Ж.А байхгүй байсан болохоор би ангийн удирдлага болох ангийн дэд дарга хошууч Д.Баатарчулуунд мэдэгдээд өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа гарах ээлжийн бүрэлдэхүүнээр анги дотор хайлгасан. Миний үүрэг бол хорих анги дотор гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх үүрэгтэй, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхгүй. Яг тодорхой хариуцсан ажилтан гэж байхгүй, бүгд л хариуцах ёстой байсан. Ж.А бол хорих ангийн хашаан дотор байдаг аж ахуйн үйлчилгээний хэсэгт худгийн сахиулын ажил хийдэг байсан. Би хорих ангийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Ж.А нь аж ахуйн хэсгийн худгийн хойд талын хашааг өглөө 09:20 цагийн үед ганцаараа даваад гараад явсан шиг байсан.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 21-22 дахь тал/
Гэрч Г.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр хорих ангийн ахлах төлөөлөгч. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би ажил дээрээ байхад хорих ангийн хоригдол Ж.А оргосон байна гэж дэд дарга Баатарчулуун хэлсэн. Би шууд ангиас гараад Шар хадны чиглэлд гарч яваад эрэн сурвалжлах ажил эхлүүлсэн. Ж.Ж.Аыг цохиж зодсон зүйл байхгүй, урд өмнө нь цохиж зодсон асуудал гарч байгаагүй.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 24-25 дахь тал/
Гэрч Д.Баатарчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр хорих ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд даргаар ажилдаг. 2023 оны 05 дугаар сарын 15-ны орой 19:00 орчим цагийн үед манай хорих ангийн аж ахуйн ажилтан ахлах дэслэгч Сэргэлэн албаны гал тогоонд ажиллаж буй гурван хоригдолд гэнэтийн үзлэг хийх явцад хоригдол Ж.А-ы хууль бусаар ашиглаж байсан гар утасны цэнэглэгч батарей залгуураас олдсон бөгөөд Ж.А-ы биед гар утсыг хурааж авахаар үзлэг хийхэд тасалгааны жижиг цонхоор алба хаагчийн шаардлага эсэргүүцэн зугтсан үйлдэл гаргасан байсан. Тухайн болсон асуудлыг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 08:30 цагийн үед ажил дээрээ ирээд би мэдсэн, уг асуудлыг хорих ангийн төлөөлөгч нараас тодруулахад Ж.А биедээ байсан гар утсаа хураалгахгүйн тулд албаар зугтаж гар утсаа нуусан байсан. 08:50 цагийн үед гал тогоонд хоригдож байсан хоригдол Ж.А-ыг албаны өрөөнд дуудсан, намайг уулзахад хажууд төлөөлөгч ахлах дэслэгч Баянмөнх цуг байсан, өчигдөр болсон асуудлын талаар тодруулж та гар утсаа хураалгахгүй бол ажлын байргүй болно гэдгийг сануулсан өчигдөр нуусан гар утсаа надад авчирч өг гэж хэлэхэд надад авчирч өгнө гэж хэлээд өрөөнөөс гарсан, дараа нь би Баянмөнхөд араас нь дагаад хаанаас гар утсаа авахыг нь үз гэж үүрэг өгсөн. Дараа Ж.А ирэхгүй байсан болохоор би дуудуулахад Ж.А байхгүй байсан, ээлжийн бүрэлдэхүүн болон алба хаагчийг томилон эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн, тэгээд хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд хашаа давж оргосон байсан. Хорих ангид өдөр бүр 22:00 цагт биеийн үзлэг хийдэг бөгөөд ямар нэгэн гэмтэл шарх илэрч байгаагүй.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Гэрч Ц.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ж.А 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр миний ... дугаарын утас руу ... дугаарын утсаар залгаж надтай ярьсан юм. Тухайн үед Ж.А нь хүүхдийнхээ талаар асуусан бөгөөд дэлгүүрийн утсаар ярьж байна гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 35-36 дахь тал/
Гэрч А.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 5 дугаар сарын 15-ны орой 19 цагийн орчим албаны гал тогоонд Ж.А бид нар байсан. Сэргэлэн ахлах дэслэгч гар утасны батарей байхыг хараад Ж.Аыг утас барьж байгаа юм уу? гэж асуухад Ж.А зугтаагаад гүйсэн. Маргааш нь оргосон байсан. Тийм зүйл болоогүй. Намайг харж байхад Ж.А-ыг хэн нэгэн хүн цохиж зодож, муухай харьцаа байгаагүй.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 39-40 дэх тал/
Шүүгдэгч Ж.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 67 дахь тал/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хавтаст хэргийн 50-54 дэх тал/
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол,
/хавтаст хэргийн 70-81 дэх тал/
Ялын тооцооны тодорхойлолт,
/хавтаст хэргийн 82 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хавтаст хэргийн 68 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.А нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байхдаа оргон зайлсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Оргон зайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх заалтад “...хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.
Шүүгдэгч Ж.А нь ангид хорих ял эдэлж байхдаа оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх7-9/, гэрч Г.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...09:20 цагийн үед хорих ангийн алба хаагчдаас надад Ж.А байхгүй байна гэж хэлсний дагуу аж ахуйн үйлчилгээний хэсэгт очиж шалгахад Ж.А байхгүй байсан болохоор би ангийн удирдлага болох ангийн дэд дарга хошууч Д.Баатарчулуунд мэдэгдээд өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа гарах ээлжийн бүрэлдэхүүнээр анги дотор хайлгасан. Би хорих ангийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Ж.А нь аж ахуйн хэсгийн худгийн хойд талын хашааг өглөө 09:20 цагийн үед ганцаараа даваад гараад явсан шиг байсан.” гэх /хх21-22/, гэрч Г.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр хорих ангийн ахлах төлөөлөгч 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би ажил дээрээ байхад хорих ангийн хоригдол Ж.А оргосон байна гэж дэд дарга Баатарчулуун хэлсэн. Би шууд ангиас гараад Шар хадны чиглэлд гарж яваад эрэн сурвалжлах ажил эхлүүлсэн.” гэх /хх24-25/, гэрч Д.Баатарчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ж.А ирэхгүй байсан болохоор би дуудуулахад Ж.А байхгүй байсан ээлжийн бүрэлдэхүүн болон алба хаагчийг томилон эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн, тэгээд хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд хашаа давж оргосон байсан.” гэх /хх27-28/, гэрч Ц.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ж.А 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр миний 96462060 дугаарын утас руу 95895285 дугаарын утсаар залгаж надтай ярьсан юм. Тухайн үед Ж.А нь хүүхдийнхээ талаар асуусан бөгөөд дэлгүүрийн утсаар ярьж байна гэж хэлсэн.” гэх /хх35-36/, гэрч А.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 5 дугаар сарын 15-ны орой 19 цагийн орчим албаны гал тогоонд Ж.А бид нар байсан. Сэргэлэн ахлах дэслэгч гар утасны батарей байхыг хараад Ж.А-ыг утас барьж байгаа юм уу? гэж асуухад Ж.А зугтаагаад гүйсэн. Маргааш нь оргосон байсан. Тийм зүйл болоогүй. Намайг харж байхад Ж.А-ыг хэн нэгэн хүн цохиж зодож муухай харьцаа байгаагүй.” гэх мэдүүлгүүд /хх39-40/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх50-54/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол /хх70-81/, Ялын тооцооны тодорхойлолт /хх82/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй болно.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгээд нийт 4 жил 4 сар 25 хоногийн ялыг эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч Ж.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шүүгдэгч Ж.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулав.
Шүүгдэгч Ж.А нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил хорих ял шийтгэгдсэн болох нь /хх70-81/ тогтоогдож байна.
Хорих ангийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ялын тооцооны тодорхойлолтоор 4 жил хорих ялаас биеэр 1 жил 3 сар 5 хоног эдэлсэн, шагналын 4 сар авч, нийт 1 жил 7 сар 5 хоногийн хорих ял эдэлсэн байх бөгөөд үлдэх 2 жил 4 сар 25 хоногийн хорих ялтай болох нь тогтоогдож байх тул хасч тооцох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр түүнд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 10 сар 25 хоногийн хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-д оногдуулсан 2 жил 10 сар 25 хоногийн хорих ялыг хуульд заасан дээрх нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, саарал өнгийн “Nokia” гэсэн бичигтэй улаан өнгийн гар утас 1 ширхэг, “Nokia” гэсэн бичигтэй саарал өнгийн баттерей 1 ширхэг, AICATEL бичигтэй хар өнгийн гар утас 1 ширхэг, А18695155, AL7719018, AL7439624, AL5716331, AK1507342 дугаартай 20.000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, AS1505930, AQ4363447, AR6606973, AR7713410, AS6735184, AP7889795, AR4763656, АЅ9623131дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 8 ширхэг зэргийг шүүгдэгчид буцаан олгож, хар өнгийн оосортой түлхүүр 1 ширхэг, Хас банкны виза карт 1 ширхэг, Төрийн банкны виза карт 1 ширхэгийг тус тус устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ж.Аы урьд 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-д оногдуулсан 2 жил 10 сар 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.А-ы 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, саарал өнгийн “Nokia” гэсэн бичигтэй улаан өнгийн гар утас 1 ширхэг, “Nokia” гэсэн бичигтэй саарал өнгийн баттерей 1 ширхэг, AICATEL бичигтэй хар өнгийн гар утас 1 ширхэг, А18695155, AL7719018, AL7439624, AL5716331, AK1507342 дугаартай 20.000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, AS1505930, AQ4363447, AR6606973, AR7713410, AS6735184, AP7889795, AR4763656, АЅ9623131 дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 8 ширхэг зэргийг шүүгдэгчид буцаан олгож, хар өнгийн оосортой түлхүүр 1 ширхэг, Хас банкны виза карт 1 ширхэг, Төрийн банкны виза карт 1 ширхэгийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ