| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/00158/И |
| Дугаар | 102/ШШ2020/00542 |
| Огноо | 2020-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2020/00542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 554 094 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э нь 2017 оны 10-р сарын 25-ны өдөр банктай кредит картын гэрээ байгуулж , 1 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн. Д.Э нь кредит картны эргэн төлөлтөө хугацаанд нь төлөөгүй 455 өдрийн хугацаа хэтрүүлсэн байна. Кредит картаар бэлэн гүйлгээний 380 422 төгрөг, бэлэн бус 532 571, бэлэн бус гүйлгээний шимтгэл дээр 35 000 төгрөг, үндсэн хүүний төлбөр 399 562 төгрөг, лимит хэтрүүлсний хүү 71 266 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү нь 135 272 төгрөг нийт 1 554 094.36 төгрөгиг төлөөгүй байна. Иймд Д.Э-ээс 1 55 094.36 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 947 993 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин үндсэн хүү 399 562 төгрөг, лимит хэтрүүүлсэн хүү 71 266 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 135 272 төгрөг зэрэг 3 давхар тооцсон хүүг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь Д.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 554 094 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 427 467 төгрөгийг гаргуулахаар хангаж шийдвэрлэлээ.
Г ХХК нь Д.Э -тэй 2017 оны 10-р сарын 25-ны өдөр ЗГ/220715990 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 1 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, бэлэн мөнгөний гүйлгээний хүү сарын 3.5 хувь байхаар /хх 9-11/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Зээлдэгч гэрээний хугацаанд бэлнээр 380 422 төгрөг, бэлэн бусаар 532 571 төгрөгийг зээлсэн байх ба зээлийг бэлэн бус гүйлгээний шимтгэл 35 000 төгрөгийн хамт нийт 947 993 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна.
Талууд гэрээний 2.1-т зааснаар бэлнээр болон бэлэн бусаар зээлсэн тохиолдолд хүү төлөхөөр тохирсон тул зээлийн хүү 399 562 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй.
Харин гэрээний энэ заалтаар зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тохирсон нь Иргэний хуулийн 452-р зүйлийн 452.2-т заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна.
Иймд зээлийн хүү 399 562 төгрөгийг 20 хувиар нэмэгдүүлэн 79 912 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 452-р зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Э-ээс 1 427 467 /нэг сая дөрвөн зуун хорин долоон мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөг гаргуулж Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 126 627 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 815 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 37 789 төгрөг гаргуулж Г ХХК-д олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА