Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 01

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Г.Амарсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч П.Гарамбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  П.Гарамбаярт холбогдох 20161700282 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

харъяат, 1991 оны 11 сарын 08-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Мөнххаан сумын 2 дугаар баг Хар овоот гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй /ЛД 91110830/ регистрийн дугаартай, Хатгин овгийн Пионерын Гарамбаяр.   

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

 

Шүүгдэгч П.Гарамбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Киа Пронтер маркын 59-28 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хар овоот гэх газраас иргэн Мягмаржавын 2 тооны бярууг хулгайлж, бусдад 600000 төгрөгний үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

- Шүүгдэгч П.Гарамбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2016 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилших шөнө Мягмаржав гэдэг айлын 2 бярууг авч Хэнтий аймагт аваачиж өгсөн. Би 2 бярууг авчихаад ах руугаа яриад 2 малын гарал үүслийн бичиг авчих гэж хэлсэн. Тэгээд 2 бярууных гэж хэлэх гэтэл миний утасны цэнэг дуусаад унтарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Би Мөнххаан сумын Хар овоо гэх газар эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, 

 

            - Хохирогч Ю.Мягмаржавын мөрдөн байцаалтанд өгсөн:  Миний хэдэн малыг Мөнххаан сумын харьяат П.Гарамжав малладаг юм. Гэтэл 2016 оны 08 сард Гарамжавын дүү П.Гарамбаяр нь миний үхрээс 2 тооны бярууг хулгайлж аваад Хэнтий аймагт хүнд зарсан байсан. П.Гарамбаяр нь миний хоёр бярууны хохирлыг төлсөн тул гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 /,

- Гэрч П.Гарамжавын мөрдөн байцаалтанд өгсөн:...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Хар овоот” гэх газар Мягмаржав гэдэг хүний хэдэн малыг маллаж амьдардаг. Манай дүү П.Гарамбаяр нь 2016 оны 08  сарын 22-ны өдөр намайг байхгүй байхад Мягмаржавын үхрээс улаан бяруу хар халзан бярууг өөрийнхөө 59-28 ДАХ улсын дугаартай машинаар ачаад хэнтий аймагт аваачиж зарсан байсан... гэх мэдүүлэг  /хх-ийн 21/,

-Гэрч П.Цогтбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Манай дүү П.Гарамбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр над руу утсаар яриад та 2 үхрийн бичиг авчихаач гээд үхрийнхээ зүсийг нь хэлсэн. Тэгээд насыг нь асууж амжилгүй утас нь тасарсан багийн Засаг дарга Отгонбатаас 2 үхрийн бичиг хийлгэж аваад байтал орой 20 цаг өнгөрч байхад дүү Гарамбаяр өөрийнхөө машинд 2 бяруу ачаад ирсэн байсан. Надад хэлэхдээ хүнээс авсан гэж байсан. Тэгээд цагдаагаас бичгээ аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

-Гэрч О.Энхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Мөнххаан сумын хэсгийн цагдаагаар ажилладаг. 2016 оны 08 дугаар сарын 22-ны орой 20 цаг өнгөрөөгөөд зам дээр шалгалт хийж байхад П.Гарамбаяр 2 үхэр аччихсан 59-28 ДАХ улсын дугаартай машинтай ирээд малын бичиг баталгаажуулаад явсан. Би үхрийг нь бол хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

-  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл,  /хх-ийн 6-7/

    

-  Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/

 

-Мал мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ

 

-ХААН банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /59-72

 

          -Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 76-78 /

 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын  2 дугаар багийн Засаг даргын

тодорхойлолт. /хх-ийн 81/

 

-  П.Гарамбаярын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 42/...зэрэг болно.

 

Шүүгдэгч П.Гарамбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Киа Пронтер маркын 59-28 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хар овоот гэх газраас иргэн Мягмаржавын 2 тооны бярууг хулгайлж, бусдад 600000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Гарамбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ю.Мягмаржав, гэрч П.Гарамжав, П.Цогтбаяр, О.Энхзул нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/, Мал мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ, ХААН банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /59-72/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 76-78 / зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

   Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч П.Гарамбаяр  нь ашиг олох зорилгоор өөрийнх нь өмч биш гэдгийг мэдсээр байж иргэн Ю.Мягмаржавын 2 тооны бярууг хулгайлан авч өөрийнхөө Киа Пронтер маркын 59-28 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан тухайн гэмт хэргийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар үйлдсэн нь түүний өөрийнх нь болон хохирогч Ю.Мягмаржавын  “Миний хэдэн малыг Мөнххаан сумын харьяат П.Гарамжав малладаг юм. Гэтэл 2016 оны 08 сард Гарамжавын дүү П.Гарамбаяр нь миний үхрээс 2 тооны бярууг хулгайлж аваад Хэнтий аймагт хүнд зарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч П.Гарамжавын  “Манай дүү П.Гарамбаяр нь 2016 оны 08  сарын 22-ны өдөр намайг байхгүй байхад Мягмаржавын үхрээс улаан бяруу хар халзан бярууг өөрийнхөө 59-28 ДАХ улсын дугаартай машинаар ачаад Хэнтий аймагт аваачиж зарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч П.Цогтбаярын “Манай дүү П.Гарамбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр над руу утсаар яриад та 2 үхрийн бичиг авчих гээд үхрийнхээ зүсийг нь хэлсэн. Тэгээд насыг нь асууж амжилгүй утас нь тасарсан багийн Засаг дарга Отгонбатаас  2 үхрийн  бичиг хийлгэж аваад байтал орой 20 цаг өнгөрч байхад дүү Гарамбаяр өөрийнхөө машинд 2 бяруу ачаад ирсэн байсан. Надад хэлэхдээ хүнээс авсан гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч О.Энхзулын “Би Мөнххаан сумын хэсгийн цагдаагаар ажилладаг. 2016 оны 08 дугаар сарын 22-ны орой 20 цаг өнгөрөөгөөд зам дээр шалгалт хийж байхад П.Гарамбаяр 2 үхэр аччихсан 59-28 ДАХ улсын дугаартай машинтай ирээд малын бичиг баталгаажуулаад явсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт хангалттай тогтоогджээ.

           

Иймд шүүгдэгч П.Гарамбаярт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл хүлээлгэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

П.Гарамбаяр нь  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг зэргийг нь үндэслэн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүхээс ял шийтгэл ногдуулахад П.Гарамбаярын үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч П.Гарамбаяр нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч, бүрэн нөхөн төлөгдсөн зэрэг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, тэнсэж хянан харгалзах нь зохистой гэж үзлээ. 

Шүүгдэгч П.Гарамбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний  эзэмшлийн Киа Пронтер маркийн 59-28 ДАХ улсын дугаартай автомашиныг хурааж улсын орлого болгох, П.Гарамбаяр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 11 сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолоос П.Гарамбаярын 5 ханатай Монгол гэр, Дакар маркийн улаан өнгийн мотоцикль зэргийн битүүмжилэлийг хүчингүй болгох,  тогтоол гүйцэтгэх ажиллагаа явагдтал шүүгдэгч П.Гарамбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн Киа Пронтер маркийн 59-28 ДАХ улсын дугаартай автомашины битүүмжлэлийг хэвээр байлгах, шүүгдэгч П.Гарамбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ю.Мягмаржавд учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  297, 298  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овгийн Пионерын Гарамбаярыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч П.Гарамбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр/ жилийн  хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан П.Гарамбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д заасныг журамлан ялтан П.Гарамбаярт оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын  хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан П.Гарамбаярт хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь  Цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-т заасныг журамлан ялтан П.Гарамбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний  эзэмшлийн Киа Пронтер маркийн 59-28 ДАХ улсын дугаартай автомашиныг хурааж улсын орлого болгосугай.

7. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Ялтан П.Гарамбаярын эзэмшлийн Киа Пронтер маркийн 59-28 ДАХ улсын дугаартай автомашины /АЯ0298319/ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан П.Гарамбаярын эзэмшлийн эд хөрөнгө битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолоос түүний   5 ханатай Монгол гэр, Дакар маркийн улаан өнгийн мотоцикль зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгож, Киа Пронтер маркийн 59-28 ДАХ улсын дугаартай автомашины битүүмжлэлийг тогтоол гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр  байлгасугай.  

9. Ялтан П.Гарамбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ю.Мягмарсүрэнд учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан П.Гарамбаярт урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.СУГАР