| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 123/2025/0055/З |
| Дугаар | 221/ма2025/0703 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 221/ма2025/0703
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.М
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж
Нэхэмжлэгч: С.И
Хариуцагч: Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн Засаг даргаар томилохоос татгалзсан 05/165 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Галуут багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэхийг сумын Засаг даргад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 123/ШШ2025/0079 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 123/2025/0055/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.И-аас Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн Засаг даргаар томилохоос татгалзсан 05/165 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Гауулт багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэхийг сумын Засаг даргад даалгах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 123/ШШ2025/0079 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн Засаг даргаар С.И-ыг томилохоос татгалзсан тус сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05/165 дугаар албан бичиг хууль бус болохыг тогтоож, Баяндэлгэр сумын иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолыг биелүүлэхийг хариуцагч сумын Засаг даргад даалган шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Сумын Засаг дарга Д.Э нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд С.И-ыг багийн Засаг даргаар батлахаас татгалзсан байдаг. Уг шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэлийг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д маш тодорхой, хоёрдмол утгагүйгээр зааж өгсөн байна. Гэтэл шүүгч шийдвэртээ “...багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй байгаа тохиолдолд сумын Засаг дарга томилохоос татгалзах эрхтэй. Бусад тохиолдолд тухайн нэр дэвшигчийг багийн Засаг даргаар тохиолохоос татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу тухайн хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Энэ нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд шууд нөлөөлж байгаа тул хариуцачийн зүгээс гомдолтой байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бичгээр гарч байгаа захиргааны актын хэлбэрийн шаардлагыг хуульчлан зааж өгсөн. 40.2.1-т захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр дугаарыг тодорхой заасан байх гэж заасанчлан хууль ёсны тамга тэмдэг дарагдаж байж тухайн захиргааны акт хүчин төгөлдөр болох ёстой.
Сумын Засаг дарга нь багийн Засаг даргад үүрэг чиглэл өгөх, тухайн үүрэг чиглэлийг биелүүлэхгүй бол хариуцлага тооцох бүрэн эрхтэй. Гэхдээ энэ тохиолдолд сумын Засаг дарга багийн Засаг даргад хариуцлага тооцон арга хэмжээ авч байгаа зүйл биш бөгөөд татгалзах үндэслэлээ дэлгэрүүлэн тайлбарлахдаа тухайлбал ийм зөрчил дутагдал байгаа тул хамтран ажиллах боломжгүй гэдгээ дэлгэрүүлж тайлбарласан байна.
Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.И-аас Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/165 дугаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн Засаг даргаар томилохоос татгалзсан албан бичгийг хүчингүй болгуулах, Галуут багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэхийг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан “... багийн Засаг даргад нэр дэвшиж, олонхын санал авч сонгогдсон иргэнийг Монголд Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан шаардлага хангагдахгүй байгаа тохиолдолд сумын Засаг дарга томилохоос татгалзах эрхтэй ...хариуцагч Баяндэлгэр сумын Засаг дарга нь С.И-ыг Галуут багийн Засаг даргаар томилохоос татгалзсан эрх зүйн актад ямар үндэслэлээр томилохоос татгалзаж байгаа үндэслэлээ дурдаж өгөөгүй байгаа нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
4. Хэргийн үйл баримтын тухайд:
4.1. Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж багийн Засаг даргад Н.Ц, С.И нарыг нэр дэвшүүлэх санал гаргасны дагуу Галуут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцогчдын олонхын буюу 54.5 хувийн санал авсан С.И-ыг багийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлж сумын Засаг даргад уламжилсан.
4.2. Тус Галуут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот албан бичгээр С.И-ыг багийн Засаг даргаар нэр дэвшүүлсэн тогтоол гарсныг багийн Засаг даргад уламжилсан боловч Баяндэлгэр сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/165 дугаар албан бичгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-т заасныг үндэслэн С.И-ыг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан байна.
5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4-д “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”, гэж тус тус заасны дагуу Галуут багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуульд заасны бүрэн эрхийнхээ хүрээнд С.И-ыг багийн Засаг даргаар нэр дэвшүүлсэн. Энэ талаар хэргийн оролцогчдийн хэн аль нь маргаагүй.
6. Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна”, 56.4.1-т “хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой”, 56.4.2-т “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”, 56.4.3-д “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, 56.4.4-д “ялгүй байх”, 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна”, 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”, 56.7-д “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” гэж тус тус заасны дагуу багийн Засаг даргад нэр дэвшиж, олонхын саналаар сонгогдсон С.И-ыг багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсныг дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн тохиолдолд сумын Засаг дарга томилохоос татгалзах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
7.Түүнчлэн мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Бүх шатны Засаг дарга тухайн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй”, 56 дугаар зүйлийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, ... томилно” гэж заасны дагуу Галуут багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрийг сумын Засаг дарга хэрэгжүүлэх үүрэгтэй байна.
7. Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга нь С.И-ыг багийн Засаг даргаар томилохоос татгалзахдаа хууль зүйн үндэслэлээ тусгаагүйн зэрэгцээ давж заалдах гомдолдоо “ ...сумын Засаг дарга нь багийн Засаг даргад үүрэг чиглэл өгөх, тухайн үүрэг чиглэлийг биелүүлэхгүй бол хариуцлага тооцох ...ийм зөрчил дутагдал байгаа тул хамтран ажиллах боломжгүй гэдгээ дэлгэрүүлэн тайлбарласан.” гэж маргасан нь дээрх хуульд заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй.
8. Мөн хариуцагчийн давж заалдах гомдолд Галуут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолд өөр тамга тэмдэг дарсан, хууль ёсны тамга, тэмдэг дарагдаж байж тухайн захиргааны акт хүчин төгөлдөр болох ёстой гэж маргадаг боловч “...энэ нь тухайн сонгуулийн үр дүнг үгүйсгэх үндэслэл болохгүй...” гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
9. Дээрх үндэслэлүүдээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН