Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/00687

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 23-р хороо Ж.Ж нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 23-р хороо, А.М холбогдох хүүхдийн эцгээр тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ж, хариуцагч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.М-тэй хэсэг хугацаанд хамтран амьдарсан. Ингээд 2004 оны 02-р сарын 19-нд охин Ж.А-ийг төрүүлсэн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй учраас өөрөөрөө овоглож гэрчилгээ авсан. Одоо охин маань 16 нас хүрч үнэмлэх авах болсон. Би өөрөө тусдаа амьдардаг, эцгийнх нь овгоор овоглох хүсэлтэй байдаг. Иймд А.М-г охин Ж.А-ийн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.А гэж ганц охинтой, охин маань ээжээрээ овоглодог. Энэ жил 16 нас хүрч иргэний үнэмлэх авна, би эцэг нь мөн. Маргалдах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ж нь А.М-д холбогдох хүүхдийн эцгээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Ж.Ж, А.М нар нь гэр бүл болох зорилгоор хамтран амьдарч байхдаа 2004 оны 2-р сарын 19-нд охин Ж.А-ийг төрүүлж өсгөжээ.

 

Охин А төрснөөр түүнийг эхийн нэрээр овоглож Ж.Агт 0000086 тоот төрсний гэрчилгээ /хх 5/ олгогдсон байна.

 

Харин талууд тусдаа амьдраад 4 жил болж байгаа гэх ба А.М нь хүүхдийн эцгийн хувьд маргаагүй байна. Иймд түүнийг хүүхдийн эцгээр тогтоох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2004 оны 02-р сарын 19-нд төрсөн охин Ж.Аийн эцгээр А.М-г тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч А.М-ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА