| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2023/1014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1053 |
| Огноо | 2023-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1053
2023 8 1 1053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Жаргал,
хохирогч Т.Алтанбагана,
шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,
гэрч Б.Содхүү,
шинжээч эмч Ш.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т-д холбогдох эрүүгийн 2306 00000 1962 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да хүрээ захын хойд талд байрлах автомашин угаалгын газарт Т.Алтанбаганатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “5 дугаар сарын 05-ны өдөр Гал-Эрдэнэ, Батболд, Алтанбагана бид нар ахынхаа угаалгын газрын нээлтэд 2 шил виски аваад очиж хамт уусан. Ууж байгаад Баганаа бид хоёр жаахан маргаад би Алтанбаганыг нэг удаа цохисон. Би тухайн үед хөгшөөн миний буруу гэж уучлалт гуйсан. Тэгээд дахин үргэлжлүүлээд уусан. Манай аавын бие муу байсан тул ахтайгаа аавынхаа биеийг ярьж уйлж байгаад, 20 цаг 30 минутад гэртээ харьцгаасан.” гэв.
Хохирогч Т.Алтанбагана шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би М.Тд цохиулснаа санаж байгаа. Хойд дагзаараа унасан гэдэг нь үнэн. Зүүн хацарт М.Тд нэг удаа цохиулснаа санаж байгаа. Дагзаараа савж унасан нь үнэн. Гэхдээ би шүд хөдөлтөл, хамраа мурийтал газар унана гэж байхгүй. Араараа унасан хүн газар унасан ч гэсэн ингэж унахгүй. Би санахгүй тул цагдаад хандсан. Хэрэв би санасан бол цагдаад хандахгүй байсан.” гэв.
Шинжээч эмч Ш.Цэцэгмаа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Алтанбаганд үзлэг хийхэд хамар өвдсөн, цус гарсан, шүд өвдсөн гэж хэлсэн. Үзлэг хийхэд хамрын амьсгал хоёр талдаа саадгүй, хамарт ямар нэгэн ил харагдах гэмтэл байхгүй гэж гарсан байна. 5 дугаар сарын 07-ны өдөр компьютер томогарфикт харуулсан зурагт хамар яс дээрээ таславчны мурийлт өгсөн гэж дүгнэлт хийсэн эмч бичсэн байсан. Хэрэв шинэ мурийлт байсан бол хамарт ямар нэгэн байдлаар цус хуралт юм уу зөөлөн эдийн няцрал, хамар хавдаж, хөхрөх, эсвэл хамрын амьсгал хугарсан талдаа ч юм уу хамар битүүрч саадтай болж, амьсгал авахад төвөгтэй болдог. Алтанбаганыг үзэх үед ямар нэгэн хамрын шинэ гэмтэлтэй холбоотой ил харагдах гэмтэл байхгүй байсан. Үзлэг хийсэн эмч нь хамрын хуучин гэмтэл гэж дүгнэлт гарсан байна. Хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө авсан гэмтэл гэж үзээд дүгнэлтэд тусгаагүй. Суурь яс болон гавлын ясанд хугаралгүй, хамар яс хоёр талдаа цөмөрч хугарч, зөрсөн хугаралтай, таславч бага зэрэг мурий гэж бичсэн байгаа. Ард нь дүгнэлт гэж англи хэлээр бичсэн байгаа. Надад 7-ны өдөр буюу 2 хоногийн дараа үзүүлэхэд шинэ гэмтэл харагдаагүй. Шүд хөдөлсөн гэдэг дээр зовуурь байгаа боловч шүдийг үзэхэд хөдөлсөн шүд мэдэгдэхгүй байсан тул шүд хөдөлсөн гэсэн дүгнэлт байхгүй. Өөрөө л миний шүд хөдөлчихлөө, хамар өвдөөд байна гэж хэлж байгаа болохоос тэр зовуурь нь миний үзлэгээр батлагдсан зүйл байхгүй учраас гэмтэл гэж үзэхгүй. Энэ хүний шүдэнд илт мэдэгдэж хөдөлсөн зүйл үзлэгээр байхгүй байсан. Наашаа цаашаа хөдөлгөж үзэхэд ганхаад хөдөлбөл бид нар хөдөлсөн байна гэж үзнэ.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Алтанбаганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би манай найз эмэгтэйн хамаатны хүмүүсийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Да хүрээ” захын ар талд байрлах угаалгын газар архи уусан. ...5 хүний хамт 2 шил нэрийг нь мэдэхгүй виски уусан. Дараа нь би тасраад өгсөн юу болсон талаар огт санахгүй байна. Орой нь хадмындаа очиж хоносон байна лээ. Тэнд байсан хүний хэн нь намайг зодсоныг мэдэхгүй байна намайг зодсон байсан. ...Миний хоёр хацар хавдсан, уруул хавдсан, үүдэн 2 шүд хөдөлсөн толгой өвдөж байна. ...Гомдолтой байна. 10 сая төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал/
Гэрч Т.Гал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Да хүрээ” дээр хамт машин зарж зогсдог байсан манай хүргэн ах болох Эрдэнэ-Очир угаалгын газар нээсэн гээд би Батболд, М.Т, Содхүү, Гал-Эрдэнэ, Алтанбагана нарын хамт угаалгын газар дээр нь 16:00 орчим цагийн үед очсон. Бид хэд 2 шил виски авч очоод хамт ууцгаасан. Тэгээд яг юунаас болж маргалдсаныг сайн санахгүй байна. М.Т Алтанбаганы нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон, би голоор орж салгасан. Алтанбаганы амнаас цус гарсан байсан. Тэгээд би Алтанбаганыг аваад дуудлагын жолооч дуудаад аавындаа очоод хоносон.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Гэрч Б.Содхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ах нар 2 шил виски авсан байсан, тэрийгээ задлаад ууцгаасан, би бол уугаагүй байсан. Тэгээд сууж М.Т, Алтанбагана хоёр хоорондоо ялихгүй зүйлээс болж маргалдаад М.Т Алтанбаганы нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон, өөр зүйл болоогүй. Өөд өөдөөсөө харж сууж байгаад баруун гараараа зүүн хацарт нэг удаа цохисон. Дараа нь Алтанбагана ахын зүүн хацар нь хавдсан байсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Тэгээд л удалгүй бид нар тараад явсан, Алтанбагана ахыг Гал-Эрдэнэ ах аваад явсан. Тэнд байсан хүмүүс ер нь бол их согтсон байсан.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 30-31 дэх тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6064 дүгээр:
“1. Т.Алтанбаганы биед дух, баруун доод зовхи, зүүн хацар, зүүн завж, дээд уруулд цус хуралт, зүүн завжинд шарх, баруун хацрын төвгөр, дээд уруул, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Зүүн завжны шарх, зүүн хацрын цус хуралт гэмтлүүд нь тус, тусдаа Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 33-34 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хавтаст хэргийн 44 дэх тал/
“Медтраума” эмнэлгийн дүрс оношилгооны хариу,
/хавтаст хэргийн 54 дэх тал/
Хохирогчийн гарган өгсөн баримт /хавтаст хэргийн 53-57 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч М.Т хохирогчийг цохисон гэдэг үйлдэл дээрээ маргахгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да хүрээ захын хойд талд байрлах автомашин угаалгын газарт Т.Алтанбаганатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч М.Тгийн шүүх хуралдаанд өгсөн “Ууж байгаад Баганаа бид хоёр жаахан маргаад би Алтанбаганыг нэг удаа цохисон” гэх, хохирогч Т.Алтанбаганы шүүх хуралдаанд өгсөн “Зүүн хацарт М.Тд нэг удаа цохиулснаа санаж байгаа.” гэх, шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн шүүх хуралдаанд өгсөн “Алтанбаганд үзлэг хийхэд хамар өвдсөн, цус гарсан, шүд өвдсөн гэж хэлсэн. Үзлэг хийхэд хамрын амьсгал хоёр талдаа саадгүй, хамарт ямар нэгэн ил харагдах гэмтэл байхгүй гэж гарсан байна. 5 дугаар сарын 07-ны өдөр компьютер томогарфикт харуулсан зурагт хамар яс дээрээ таславчны мурийлт өгсөн гэж дүгнэлт хийсэн эмч бичсэн байсан. Хэрэв шинэ мурийлт байсан бол хамарт ямар нэгэн байдлаар цус хуралт юм уу зөөлөн эдийн няцрал, хамар хавдаж, хөхрөх, эсвэл хамрын амьсгал хугарсан талдаа ч юм уу хамар битүүрч саадтай болж, амьсгал авахад төвөгтэй болдог. Алтанбаганыг үзэх үед ямар нэгэн хамрын шинэ гэмтэлтэй холбоотой ил харагдах гэмтэл байхгүй байсан. Үзлэг хийсэн эмч нь хамрын хуучин гэмтэл гэж дүгнэлт гарсан байна.” гэх, хохирогч Т.Алтанбаганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тасраад өгсөн, юу болсон талаар огт санахгүй байна. Орой нь хадмындаа очиж хоносон байна лээ. Тэнд байсан хүний хэн нь намайг зодсоныг мэдэхгүй байна намайг зодсон байсан. Маргааш өглөө нь тэр хүмүүстэй холбогдоход хэн ч юу ч ярихгүй байгаа юм.” гэх /хх11-12/, гэрч Т.Гал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “М.Т Алтанбаганы нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон би голоор орж салгасан. Алтанбаганы амнаас цус гарсан байсан.” гэх /хх27-28/, гэрч Б.Содхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.Т, Алтанбагана хоёр хоорондоо ялихгүй зүйлээс болж маргалдаад М.Т Алтанбаганы нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон өөр зүйл болоогүй. Өөд өөдөөсөө харж сууж байгаад баруун гараараа зүүн хацарт нэг удаа цохисон. Дараа нь Алтанбагана ахын зүүн хацар нь хавдсан байсан.” гэх мэдүүлгүүд /хх30-31/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6064 дүгээр “1. Т.Алтанбаганы биед дух, баруун доод зовхи, зүүн хацар, зүүн завж, дээд уруулд цус хуралт, зүүн завжинд шарх, баруун хацрын төвгөр, дээд уруул, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Зүүн завжны шарх, зүүн хацрын цус хуралт гэмтлүүд нь тус, тусдаа Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх33-34/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т нь хохирогч Т.Алтанбаганы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
М.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Тг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Т.Алтанбагана шүүх хуралдаанд “М.Тд цохиулснаа санаж байгаа, хойд дагзаараа унасан. Гэхдээ би шүд хөдөлтөл, хамраа мурийтал газар унана гэж байхгүй, би нүүрээрээ унаагүй, гэж мэдүүлж, шүүгдэгчээс шүд болон хамрын эмчилгээнд 10 сая төгрөг нэхэмжилж байх боловч хэрэг болсон гэх цаг хугацаанд хамт байсан гэрч Б.Содхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Баруун гараараа зүүн хацар руу нь нэг удаа цохисон.” гэх, мөн хохирогчийн хадам ах гэрч Т.Гал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Алтанбаганы нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон, би голоор орж салгасан” гэх, шинжээч эмч Ц.Цэцэгмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Өөрөө л миний шүд хөдөлчихлөө, хамар өвдөөд байна гэж хэлж байгаа болохоос тэр зовуурь нь миний үзлэгээр батлагдсан зүйл байхгүй учраас гэмтэл гэж үзэхгүй. Энэ хүний шүдэнд илт мэдэгдэж хөдөлсөн зүйл үзлэгээр байхгүй байсан.” гэх мэдүүлгүүд болон Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6064 дүгээр дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан дух, баруун доод зовхи, зүүн хацар, зүүн завж, дээд уруулд цус хуралт, зүүн завжинд шарх, баруун хацрын төвгөр, дээд уруул, бүсэлхийд зулгаралт гэмтлүүдийг шүүгдэгч М.Т учруулсан болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс хохирогчийн шүд, хамарт гэмтэл учирсан нь тогтоогдохгүй, уг хамрын гэмтэл хуучин гэмтэл, шүд хөдлөөгүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хохирогчийн нэхэмжилсэн 10 сая төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлгүй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна.” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Ял хариуцлагын тухайд шүүхэд дараах саналыг гаргаж байна. 1. М.Тгийн тухайд аавынхаа хорт хавдартай байгаа талаар баримт гаргаж өгсөн. М.Тгийн хувьд аавыгаа байнга асарч байгаа. Ойр ойрхон эмэнд явдаг. Тийм учраас байнгын асаргаатай хүнийг зорчих эрх хязгаалах юм бол амьдралын нөхцөл нь хүнд нөхцөл байдалд орно. Мөн М.Тгийн хувьд 6 сартай нялх хүүхэдтэй. Цаашдаа өвчтэй байгаа аавыгаа асрах боломжийг олгож, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа тул торгуулийн ялыг оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч М.Тд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 305.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ