Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/00251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо,  Р.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, А.Т-д холбогдох гэрээний улмаас учирсан хохирол 6 250 000 төгрөг гаргуулахыг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Э, хариуцагч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 онд Ү компани дээр очиж А.Т-тэй уулзсан. Энэ компани нь хүмүүсийг Солонгосын Чежү арал руу аялуулж байгаа, нэг сар ажиллаж болно гэсэн фейсбүүк зар тавьсан байсан. Ингээд 2018 оны 12-р сарын 18-ны өдөр А.Т-ийн өөрийнх нь дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Миний зорилго бол 1 сар ажиллаад байршуулсан мөнгөө буцааж авах зорилготой байсан. Би 12-р сарын 20-ны өдөр тийзийнхээ мөнгийг олох зорилгоор сарын 1 000 000 төгрөгийн цалинтай, 50 хоног ажиллахаар хөдөө явсан. Энэ хугацаанд онгоцны тийзний мөнгө нэхэгдсэн учраас миний эгч Р.Э нь 2019 оны 1-р сарын 20-ны өдөр А.Т-ийн дансанд 1 250 000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 6 250 000 төгрөгийг бэлнээр тушаасан. Би ажлаасаа 2019 оны 02-р сарын 09-нд ирсэн, энэ сардаа Солонгос явах байсан ч 3-р сарын 01-нийг хүртэл хойшилсон. Гэтэл БНХАУ-ын Бээжин хот хүртэлх зардлыг бид хувиасаа гаргах болсон. Зардлаа гаргаад Бээжинд очсон боловч онгоцны буудалд 7 хоносон. Ингээд 7 дахь хоногт нь Солонгос руу ниссэн, гэвч 15 хүнээс 2 нь хилээр орж, бусад нь буцсан. Иймд А.Т-өөс бэлнээр өгсөн 6 250 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Ү ХХК нь Солонгосын Чежү арал руу явуулна гэж зар тавьсан нь үнэн. Учир нь Z24 гээд нислэгийн тийзийн компани манайд 70 хувийн шууд нислэгтэй аяллын санал тавьсан. Бид нэхэмжлэгч Р.Э-г Чежү арал руу явуулсан. Ингэхдээ 15 хүн явсан ч 13 нь хил дээрээс буцсан. Үүний шалтгаан нь эдгээр хүмүүсээс 3 нь хилээр согтуу орсон. Бээжинд 7 хоносон шалтгаан нь Z24 компани нь онгоцны тийзний мөнгөө байршуулаагүй шалтгаанаас болоод ийм алдаа гарсан. Одоо Z24 ХХК үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Миний хувьд 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, харин 1 250 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Э нь А.Т-д холбогдох аялал жуулчлалын гэрээний улмаас учирсан хохирол 6 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Р.Э нь БНСУ-ын Чежү аралд аялахаар А.Т-тэй тохирч, 2018 оны 12-р сарын 20-нд 5 000 000 төгрөг, 2019 оны 1-р сарын 20-нд 1 250 000 төгрөг нийт 6 250 000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн байх ба ингэхдээ Ү ХХК болон А.Т нартай гэрээ хийгээгүй, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Талуудын хооронд Чежү аралд аялах зорилго биелэгдээгүй, БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу өөрийн зардлаар явсан, нисэх онгоцны буудалд 7 хоносон, улмаар БНСУ-ын хилээр нэвтрүүлээгүйгээс маргаан гарч, 2019 оны 4-р сарын 18-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ хийж А.Т нь 6 250 000 төгрөгийг 2019 оны 5-р сарын 1-ний дотор төлөхөөр тохирч байжээ.

 

Аялал жуулчлал зохион байгуулагч нь аяллыг доголдолгүй зохион байгуулах үүрэгтэй бөгөөд гарсан доголдлыг арилгаагүй, доголдлын улмаас жуулчинд хохирол учирсан, учирсан хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 370-р зүйлийн 370.1, 374-р зүйлийн 374.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Т 6 250 000 /зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Р.Э олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т-өөс 114 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

        

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА