| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/03802/И |
| Дугаар | 102/ШШ2020/00254 |
| Огноо | 2020-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2020/00254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, Б.Д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 384 931 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь 2016 оны 08-р сарын 26-ны өдөр Б.Д-тэй цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 5 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,2 хувийн хүүтэйгээр олгосон. Энэхүү гэрээнд 2016 оны 11-р сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж сарын хүүг 1,7%, жилийн хүүг 20,4% болгон өөрчилсөн. Тухайн үед зээлдэгч нь хэлтсийн захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан, 2016 оны 11-р сарын 16-ны өдрийн Б/1414 тоот тушаалаар Б.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Зээлдэгч 2018 оны 05-р сараас цалингийн зээлийн болон эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байсан нь баримтаас харагдана. Хариуцагч Б.Дарханцэцэгээс үндсэн зээлийн төлбөр 3 924 336 төгрөг, зээлийн хүү 1 298 329 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162 236 төгрөг нийт 5 384 931 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эхнэр зээл авсан нь үнэн, хэрэглэсэн учраас төлнө. Төлөхдөө хүү, хүүгийн алданги бууруулж өгөхийг хүсч байна. Б.Д нь одоогоор эрхэлсэн ажилгүй, миний хувьд уран бүтээлээр, тэр тусмаа кино бүтээл хийж амьдралаа авч явдаг. Нэхэмжлэгч талд өөрсдийн нөхцөл байдлыг танилцуулсан. Иймд уян хатан байдлаар төлөх нөхцлийг тохиролцмоор байна. Бид авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тнь Б.Д-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 384 931 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Төрийн банк нь Б.Д-тэй 2016 оны 8-р сарын 26-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,2 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирч, гэрээнд 2016 оны 11-р сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж сарын хүүг 1,7% болгон /хх 7-12/ өөрчилжээ.
Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүг тогтоосон хуваариар төлөхөөр тохирсон боловч 2018 оны 5-р сараас үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгч зээлээ төлөхийг мэдэгдэх хуудсаар мэдэгдэж /хх 13, 16/ байсан, зээлийн төлөлт /хх 9/ болон төлөгдөөгүй зээл 3 924 336 төгрөг, зээлийн хүү 1 298 329 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162 236 төгрөг нийт 5 384 931 төгрөг нэхэмжилснийг хариуцагч маргаагүй байна.
Харин гэрээгээр тохирсон хүүг багасгах боломжгүй, алданги нь хуулиар тогтоосон хэмжээнээс хэтрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 452-р зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Д-ээс 5 384 931 /таван сая гурван зуун наян дөрвөн мянга есөн зуун гучин нэг/ төгрөг гаргуулж Төрийн банкинд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-гээс 101 109 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА