| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/03809/И |
| Дугаар | 102/ШШ2020/00255 |
| Огноо | 2020-01-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2020/00255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Э ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, Б.Ц холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 246 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь манай компанитай 2016 оны 12-р сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Kirby Sentria тоос сорогчийн иж бүрдэл бүтээгдэхүүнийг 6 200 000 төгрөгөөр худалдаж авсан. Уг гэрээний 5.2.1-т зааснаар худалдан авагч анхны төлөлт 300 000 төгрөгийг 3 хоногийн дотор төлөх, үлдсэн төлбөрийг 18 сарын хугацаанд сар бүр 327 777 төгрөг төлж дуусгах үүргээ биелүүлээгүй. Өнөөдрийн байдлаар 954 000 төгрөгийг төлж, 5 246 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан, улмаар 2017 оны 05-р сарын 14-нд 327 000 төгрөг төлснөөс хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-т заасны дагуу Б.Ц-оос 5 246 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 12-р сарын 4-нд Kirby Sentria тоос сорогч авсан. Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авах явцад ажилгүй болж, дүүгийн хүүхэд зүрх нь цоорхой, Солонгос улс руу хагалгаанд явах болж ажлаас чөлөөлөгдсөн, их хэмжээний төлбөр үүсч яваад ирсэн. Төлбөрөө сар бүр төлж чадаагүйн улмаас бараа материалын талыг хураалгаж хүлээлгэж өгсөн. Одоо үлдэгдэл тоос сорогчийг түр хугацаанд хүлээлгэн өгч өрийн асуудлаа цэгцэртэл, ажилд орж тогтсон орлогтой болох хүртэл чөлөөлж харилцан ойлголцож эрсдлээс гарах боломж олгоно уу. Одоогоор төлөх ямар ч боломжгүй болсон тул аль аль талаа ойлголцон хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь Б.Ц-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 246 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Э ХХК нь Б.Ц-той 2016 оны 12-р сарын 4-ний өдөр Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Kirby Sentria тоос сорогчийн иж бүрдэл бүтээгдэхүүнийг 6 200 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр /хх 7-11/ тохирчээ.
Худалдагч бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн байх ба харин худалдан авагч 954 000 төгрөг төлж, үлдэх 5 246 000 төгрөгийг төлөөгүй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаагүй, харин бусад шалтгааны улмаас төлж чадаагүй талаар тайлбарлажээ.
Шүүх хуралдааны мэдэгдлийг хариуцагч хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ц-оос 5 246 000 /таван сая хоёр зуун дөчин зургаан мянга/ төгрөг гаргуулж Э ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 886 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-оос 98 886 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА