| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/04147/И |
| Дугаар | 102/ШШ2020/00380 |
| Огноо | 2020-01-29 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2020/00380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, Б хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Г ХХК-д холбогдох 87 654 641 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч З.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2019 оны 04-р сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 58 436 427 төгрөгийн шимтгэл төлөөгүй байна. Энэ нь ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч үр дүн гарсангүй. Иймд Нийгмийн Даатгалийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Г ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 58 436 427 төгрөг, алданги 29 218 214 төгрөг нийт 87 654 641 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч З.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Г ХХК-тай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Баянтэсийн уурхайд туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулан, олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл 2019 оны 2-р сараас уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн хөдөлгөөн үүсч, улмаар засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Захиалагч Баянтэсийн уурхайн эзэмшигч С ХХК-ний тусгай зөвшөөрлийг цуцалснаас шалтгаалж Г ХХК нь төлбөрийн чавдаргүй болж, 2018 оны 10 сараас хойш манай төлбөрийг төлөх боломжгүй болсон тухай мэдэгдсэн. Одоогоор 120 сая төгрөг гаргуулахаар шүүхэд хандаад байгаа. Энэ мөнгөөр ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь Г ХХК-д холбогдох 87 654 641 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Г ХХК нь 2019 оны 04-р сарын шимтгэл төлөлтийн тайлангаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд 58 436 427 төгрөг төлөхөөр тайлагнасан байх ба энэ шимтгэлийг төлөөгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, шимтгэл төлөлтийн тайлангаар тогтоогдсон /х 30-33/ байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17-р зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх, 4 дэх хэсэгт зааснаар ...эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20-р зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар 58 436 427 төгрөгийн шимтгэлийг хугацаанд төлөөгүйгээс тооцсон алданги 29 218 214 төгрөг нийт 87 654 641 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16-р зүйлийн 1 дэх хэсэг, 20-р зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан Г ХХК-иас 87 654 641 /наян долоон сая зургаан зуун тавин дөрвөн мянга зургаан зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж Б хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-иас 596 223 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА