| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2023/0996/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1059 |
| Огноо | 2023-08-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1059
2023 8 4 1059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Э.Намуун,
хохирогч А.Энх-Амар, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2303 00308 0292 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..., урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 349 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, регистрийн ОЮ96120613 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
шүүгдэгч Б.Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээтэй холбоотой төлбөр нэхэмжлээгүй байхад дансаар 700.000 төгрөг төлсөн.” гэх,
хохирогч А.Энх-Амарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “05 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед “Баялаг Ундраа” төвөөс гараад гарах хаалга дээр зам хөндлөн гарч байхдаа мөргүүлсэн. Би Портер машинд баруун хөлний шагай хэсгээ мөргөсөн. Баруун хөлөндөө 2 хадаас хийлгэсэн. Хагалгаанд 05 дугаар сарын 10-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт орсон. Хадаас авхуулна. Би барилга дээр зуны 3 сар ажилладаг. Хэрэгт гаргаж өгсөн баримтын дагуу хохирол төлбөр нэхэмжилж байгаа. Би гомдолтой байна. Удаан алхаж гишгэж чадахгүй байгаа. Хадаас авхуулаад 1 сарын хугацаанд гам барь гэж хэлсэн. 700.000 төгрөг төлсөн.” гэх,
хохирогч А.Энх-Амарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...14 цагийн орчимд Өгөөмөр худалдааны төвөөс гараад ахындаа оччихоод Нарантуулын урд явган хүний замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй алхаж явсан, ингээд “Баялаг ундраа” төвийн харалдаа урд автомашин гарах хэсгийн явган хүний зохицуулдаггүй гарцаар зүүнээс баруун тийш зам хөндлөн гарч явахад миний баруун гар талаас буюу “Баялаг Ундраа” төвөөс гарч явсан Киа Бонго маркийн автомашин миний баруун хөл хэсэг рүү мөргөөд урагшлаад хөлөн дээр гараад зогссон, тэгэхээр нь би “машинаа ухраагаачээ, хөл дайрчихлаа, хөлөө авъя” гэхэд жолооч нь ухраад миний хөлийг машины зүүн урд дугуйн доороос нь гаргасан” гэх /хх-ийн 14 дэх тал/ мэдүүлгүүд,
Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 4 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6272 дугаар “1. А.Энх-Амарын биед баруун шагайн дотор хавчаар яс хөндлөн зөрөөтэй, тахилзуур ясны зөрөөгүй далд хугарал, баруун шагайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 48-50 дахь тал/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батбаярын гаргасан 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 699 дүгээр “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 53 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж, 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Б хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Хавтас хэрэгт авагдсан эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан гэм хорын хохирол 1.199.670 төгрөгөөс шүүгдэгч Б.Б 700.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 499.670 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөх, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөх, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэс 499.670 төгрөгийг гаргуулан хохирогч А.Энх-Амарт олгосугай.
6. Хохирогч А.Энх-Амар нь энэ гэмт хэргийн улмаас гарсан зардал болон цаашид гарах гэм хорын хохирлыг болон прокуророос Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газраас гарсан төлбөртэй холбоотой баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Б.Бэс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ