Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар  2023/ШЦТ/1046

 

 

      2023        8           01                                           2023/ШЦТ/1046

 

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О холбогдох 2306 02511 2294 дугаар хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

О, Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн хэсэг гудамж Их цуурай 48 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 18 дугаар гудамж 518а тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: ).

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагаан шөнө нэртэй шөнийн цэнгээний газарт тус газарт барменаар ажилладаг хохирогч Б-ийн толгойн тус газарт пивоны шилээр цохиж, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч О шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “... Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан шөнө” нэртэй шөнийн цэнгээний газрын дотор талын заалны хэсгийг харуулсан хяналтын камерын 01 минут 12 секундийн дүрс бичлэг байна. Дүрс бичлэгийн зүүн дээд буланд 2023-04-20 04:35:12 гэсэн бичиглэлтэй байна. Уг дүрс бичлэгийн play товчлуур дарж тоглуулахад өнгөтөөр бичигдсэн байх ба зураг №1 00 минут 01 секундээс 00 минут 54 секундийн хооронд камерын бичлэгт баруун талд хар өнгийн куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй эмэгтэй байна. Түүний зүүн талд хар өмд, хар гуталтай хүн толгойн хэсэг нь харагдахгүй байна. Зүүн талд нь улаан канттай өмдтэй, цагаан алаг пүүзтэй, шар алаг бомбор куртиктэй эрэгтэй хүн баруун гартаа пивоны шил бариад зогсож байна. Зураг №2 00:43 секундээс 00:58 секундын хооронд улаан канттай өмдтэй цагаан алаг пүүзтэй, шар алаг бомбор куртиктэй эрэгтэй хүн камерын зүүн буланд очоод хүн маргалдаж байгаа дүрс бичлэг байна. Зураг №4, Зураг №5 01 минут 09 секундээс 01 минут 12 секундын хооронд улаан канттай өмдтэй цагаан алаг пүүзтэй, шар алаг бомбор куртиктэй эрэгтэй хүн өөр хүнтэй маргалдаж байгаад хяналтын камерын гол хэсэгт ирээд баруун гартаа барьсан байсан пивоны шилээ шидэж байгаа дүрс бичлэг байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн “Цагаан шөнө” баарны дотор зүүн талын хяналтын камерын 00 минут 53 секундын бичлэгт үзлэг хийхээр тогтов. Уг дүрс бичлэг нь хар цагаан өнгөөр бичигдсэн дүрс бичлэг байна. Дүрс бичлэгийг тоглуулахад зүүн дээд буланд 2023-04-20 04:38:05 гэсэн бичиглэлтэй байна. 00 минут 12 секундэд зүүн талын баганы араар эмэгтэй хүн явж байгаа дүрс бичлэг байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 39-46 дугаар хуудас),

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Цагаан шөнө гэх бааранд бармен хийж байхад хажуу талын баарны дижи хийдэг О  гэх залуу манай бааранд орж ирээд архи уусан. Тэгээд тухайн залуу нэлээн согтуу болсон байх үедээ өөр хүмүүстэй муудалцаад байсан. О  өөр хүнтэй муудалцаж байх үед хажууд нь би ширээ дээр байсан бохироо хураах гээд явж байсан. О  тухайн үед муудалцсан залууг пивоны шилээр цохих гэж байгаад намайг цохисон. Тэгээд миний дух хэсэгт 6 оёо тавиулсан. Дараа нь би О  миний толгой өвдөөд байна. Эм тариа авах гэсэн юм гэтэл надад мөнгө байхгүй, цагдаагаараа яв гэсэн. Тэгээд би гомдол гаргаж байна. ...миний дотор муухайраад байна. Толгой өвдөөд байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

Гэрч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагаан шөнө нэртэй бааранд зөөгчөөр 2023 оны 4 дүгээр сараас эхлэн ажиллаж байна. Би 2023 оны 4 дүгээр сарын 19-ний орой 21 цаг өнгөрөөгөөд өөрийн ажилладаг Цагаан шөнө нэртэй бааранд ирж ажилласан. Надтай хамт бармен Бямбацэцэг, зөөгч Мөрөн, хамгаалагч Барсболд, Содтэргэл, дижи Жамъяндорж нар ажилласан. Шөнө 03 цаг өнгөрч байсан байх манай бааранд хуучин Моника бааранд дижи хийдэг байсан О  гэдэг залуу 2 эмэгтэй найзын хамт орж ирж үйлчлүүлсэн. Үйлчлүүлж байгаад баар хаах үед хүмүүсээ гаргаж байтал О  нь эсрэг талынхаа ширээний эрэгтэй хүнтэй маргалдаад байсан. О  нэг эрэгтэйтэй үүдний хэсэгт маргалдаад зогсож байсан. Тэр үед манай бармен Б нь тамхины өрөө рүү алхаж байсан. О  маргалдаж байсан залуу руугаа пиво шил аваад шидэх үед нөгөө залууг оноогүй. Харин ард нь явж байсан Бямбацэцэгийн дух хэсэгт нь шил нь оноод хагалчихсан. ...О  өөрийнхөө ууж байсан Сэнгүр нэртэй пивоны шилээ шидсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5417 дугаар “...Хэсэг газрын үзлэгт: Духанд гол хэсэгтээ 1.3x0.6 см зах ирмэг тэгш бус оёдол бүхий язарсан шархтай, хамрын уг 2 нүдний зовхи руу хавдсан. ...КТГ: 2023.04.22 ...зүүн талын дух ясанд шинэ хугарал үүссэн. 1). Б-ийн биед духанд язарсан шарх, нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2). Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3). Хэсэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4). Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5). Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),  

Шүүгдэгч О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ Би 2023 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө 02 цагийн орчим ганцаараа цагаан шөнө нэртэй бааранд орсон. Тэнд би зүс таних хүмүүстэй тааралдаад пиво авхуулж уусаар байгаад бараг 5 шил пиво уучихсан. Баар хаах дөхөөд 04 цаг өнгөрч байхад зүс таньдаг 2 охин нэг залуутай маргалдаад байхаар нь би тэр залууг очоод болчих гээд хэлчхээд нөгөө зүс таних хоёр охиныг зодоон цохион хийгээд яах юм бэ гээд хориглож байсан чинь нөгөө маргалдсан залуу нь намайг үгээр идээд янз бүрээр хэлээд доромжлоод байсан. Тэр залуу хогийн золбин банди дагаж явах гээд байхын гээд байхаар нь чи хэнийг золбин гээд байгаа юм бэ гээд эргэж хараад нөгөө залуутай би маргалдсан. Нөгөө зүс таних хоёр охиныг би аваад гарах гэж байсан чинь нөгөө залуу араас дахиад үгээр идээд доромжлоод байхаар нь гартаа барьчихсан байсан жоохон пивотай шилээ нөгөө залуу руу шидсэн чинь хажуугаар нь явж байсан урд нь хамт ажиллаж байсан бармен эгч болох Бямбасүрэнгийн дух хэсэгт нь оночихсон. Тэр үед Бямбасүрэн эгчийн духнаас жоохон цус гоожиж байсан. Би болохгүй юм хийчихлээ гэдгээ мэдээд нөгөө хоёр охиноо гаргаж явуулаад Бямбасүрэн эгч дээр очоод уучлалт гуйсан. Бямбасүрэн эгчийг эмнэлэгт үзүүлэхээр өөр хүмүүс аваад гарсан. Би тэндээсээ гэр лүүгээ ганцаараа яваад амарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг нөхөн барагдуулахад татгалзах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04/1829 дугаар албан тоот, хавсралт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 66, 69, 70 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагаан шөнө нэртэй шөнийн цэнгээний газарт тус газарт барменаар ажилладаг хохирогч Б-ийн толгойн тус газарт пивоны шилээр цохиж, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 39-46 дугаар хуудас), хохирогч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас), гэрч Г.Сумъяахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас), Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5417 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),  шүүгдэгч О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж,

мөн 513.2 дахь хэсэгт “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хохирогч Э.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдол, санал, нэхэмжлэх зүйл гэсэн байх тул шүүгдэгч О бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин иргэний нэхэмжлэгч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газраас хохирогч Б үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээний төлбөрт 161.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн байх ба, төлбөрийн баримт 36-37 дугаар хуудаст авагдсан байна.

Иймд шүүгдэгч О 161.000 төгрөгийг гаргуулан Эрүүл Мэндийн Даатгалын санд олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, О уг саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О 161.000 төгрөгийг гаргуулан Эрүүл Мэндийн Даатгалын санд олгосугай. 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ