| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/04265/И |
| Дугаар | 102/ШШ2020/00237 |
| Огноо | 2020-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2020/00237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Б.Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, Х.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь 2015 оны 4-р сард Х.Ахүсэлтээр 10 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлүүлсэн. Ингэж зээлүүлэхдээ сарын 5 хувийн хүү тохиролцоод Х.А эхнэрийн дансанд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний хугацаа өнгөрөхөд Х.А нь хүүнд 500 000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээсээ нэг ч төгрөг өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Х.А нь сүүлд тохиролцоо гэж бичиг өгсөн. Үүнд 2019 оны 11-р сард 6 000 000 төгрөг, 2020 оны 04-р сард үлдсэн мөнгөө өгнө гэсэн. Гэвч нэг ч төгрөг төлөөгүй байна. Б.Ц холбогдолгүй, утсаа авахгүй байгаа тул хэргийг шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Х.А шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.Ц нэхэмжилсэн 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг төлбөрийг 2020 оны 4-р сар хүртэл хувааж төлнө. Товлогдсон шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь Х.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Б.Ц нь Х.А 2015 оны 4-р сард 10 000 000 төгрөгийг зээлүүлсэн байх ба зээлдэгч мөнгийг төлөөгүй нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан 2019 оны 11-р сарын 1-ний өдрийн зээл төлөх тохиролцоо гэсэн баримтаар тогтоогдсон байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаагүй, 10 000 000 төгрөгийг 2020 оны 4-р сард багтааж төлөхөөр зөвшөөрсөн, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхийг хүсчээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хишигдоржийн Ариунболдоос 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулж Б.Ц-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.А-с 174 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА