Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/002

 

Ж.М, М.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Уламбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч Ж.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /цахим сүлжээгээр/, *******,

Шүүгдэгч М.Д

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/1009 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор *******гийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцэлээр Ж.М, М.Д нарт холбогдох эрүүгийн 1914002650229 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, М.Д, .................................., оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Ж.М, ......................, улсаас авсан гавъяа шагналгүй, 2012 оны 1 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөгдөж байсан

М.Д, Ж.М нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Хавцгайн эх” гэх газраас 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд иргэн Ж.Б, Ж.А нарын эзэмшлийн 11 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр дээрээс хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/ 

Баянхонгор аймгийн прокурорын газраас М.Д, Ж.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч *******ээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 191400628, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 191400729 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 191400774, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 191400773 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай мөрдөгчийн тогтоолуудын шинээр гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн “Долоод” гэх газраас 2 тооны үхрийг бусадтай бүлэглэн хулгайлсан талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, нэг шүүгдэгч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулах үүднээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн бусдын малыг хулгайлсан гэх мэдүүлгийг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг Баянхонгор аймгийн Прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор ******* 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно'' гэж, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэж заасан.

Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах”, 2.6-д “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах,” “...нэгтгэх...” асуудал нь прокурорын бүрэн эрхэд, 6.2 дугаар зүйлийн 2.2-т “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргах эрх нь мөрдөгчийн эрхэд хуульчлагдсан байна.

Түүнчлэн мөн хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ”, 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ", 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тоггоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж, 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус хуульчилсан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Д нь шүүх хуралдааны явцад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Долоод” гэх газраас 2 тооны үхрийг бусадтай бүлэглэн хулгайлсан талаар мэдүүлсэн ч гэсэн хөндлөнгийн бусад нотлох баримтаар давхар нотлогдсон тохиолдолд түүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хууль зүйн үр дагавар үүсэхээр байна.

Дээрх хэрэг бүртгэлтийн 191400729 дугаартай “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Долоод гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө иргэн М.Мөнхбаярын 2 тооны үхэр хулгайд алдагдаж 2.400.000 төгрөгийн хохирол учирсан” гэх хэрэг одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд М.Дыг Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно", 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй”, 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 11 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй”, 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй”, 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээлэлийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно”, 5.1 дүгээр зүйлийн 2.9-д “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцаж, төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах гэж заасан байхад өмгөөлөгч нь эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хууль зөрчиж өөрт хамааралгүй хэргийн материалын баримтыг хаанаас, хэнээс хэрхэн авсан болох нь тодорхойгүй, төрийн байгууллага, албан тушаалтнаас баталгаажуулаагүй баримтыг шүүхэд гарган өгч шүүх уг баримтуудыг үнэлсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байхад анхан шатны шүүх нь дээрх заалтыг зөрчиж өмгөөлөгчөөс гаргасан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, шүүгдэгч М.Дын өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслэн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол нь иргэнээс гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй эсэх, хэн үйлдсэн болох зэрэг нь бүрэн нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүхээс М.Дыг гэмт хэрэг үйлдсэн байна гэж урьдчилан дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Хэрэв дээрх хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар М.Д нь үйлдсэн болох нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ялыг нэмж нэгтгэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжтой болно.

Иймд шүүгдэгч М.Д, Ж.М нарт холбогдох эрүүгийн 1914002650229 хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1009 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ гаргасан саналдаа: Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч М.Дын үйлдсэн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхээр байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолуудыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн хэдий ч М.Д нэг үйлдлийг нь хүлээн зөвшөөрч бусад үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй байхад хэргийг нэгтгэн шалга гэж буцаасан нь үндэслэлгүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “...хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” хэмээн тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч *******ээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 191400628, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 191400729, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 191400774, 191400773 дугаартай М.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай мөрдөгчийн тогтоолуудыг гаргаж өгсөн хэдий ч энэ нь түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотолсон нотлох баримт гэж үзэхгүй тул хэргийг Прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй болжээ.

Нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй, яллагдагчаар татах үндэслэл байгаа эсэх нь тодорхойгүй байхад шүүх хэргийг нэгтгэх тухай дүгнэлт зааж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Хэрэв М.Дыг тухайн хэргүүдэд нь шүүхээс гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох хуулийн боломжтой бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй тул шүүхээс хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд үнэлж хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоох боломжтой гэж үзнэ.

Өөрөө хэлбэл хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагагүй болно.

Иймд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор *******гийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/1009 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Д, Ж.М нарт холбогдох эрүүгийн 1914002650229 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Д, Ж.М нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ                                                   Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Г.УЛАМБАЯР   

М.МӨНХДАВАА