Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0710

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Ц нарын нэр бүхий 13 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М

Нэхэмжлэгч: Ш.Ц, Т.А, Л.Л, Т.Н, Т.Б, Б.Г, Н.А, Д.М, Ц.Б, Ц.Д, М.Б, Д.С, Б.Ж

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар

Гуравдагч этгээд: “Л” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1245 дугаар захирамжийн “Л” ХХК-д холбогдох хэсэг, Хот байгуулалт, хотын стандартын газраас “Л” ХХК-д олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/00-220 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 535 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Ш.Ц, Ц.Б, Б.Г, Л.Л, Б.Ж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0245/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Ц, Т.А, Л.Л, Т.Н, Т.Б, Б.Г, Н.А, Д.М, Ц.Б, Ц.Д, М.Б, Д.С, Б.Ж нар нь Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1245 дугаар захирамжийн “Л” ХХК-д холбогдох хэсэг, Хот байгуулалт, хотын стандартын газраас “Л” ХХК-д олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/00-220 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.       

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 535 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1245 дугаар захирамжийн “Л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүчингүй болгож, Хот байгуулалт, хотын стандартын газраас “Л” ХХК-д олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/00-220 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх газар болоод барилгын зөвшөөрөлтэй холбоотой хууль, тогтоомжийг буруу тайлбарлаж, хууль тогтоогчийн санаа зорилго, тухай хуулийн системчлэлийн хүрээнд оновчтой дүгнэлт өгсөнгүй гэж харж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн гол үндэслэл болоод байгаа Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтад 2 асуудалд хязгаарлалт тавьж байгаа. Хүн амын нягтаршил хэтэрсэн байршилд 1 дүгээрт газар эзэмших эрхийг олгох, 2 дугаарт барилга байгууллагын барих зөвшөөрөл олгохыг хориглож байгаа. Хүн амын нягтаршил хэтэрсэн байршил болохыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 64 дүгээр тогтоолын хавсралтаар гарцаагүй тогтоосон. Тухайн тогтоосон байршилд маргаан бүхий газар хамаарч байгаа юм. Тэгэхээр газар болон газрыг ашиглахтай холбоотой барилгын зөвшөөрөл олгох энэ захиргааны үйл ажиллагаа хоорондоо хамааралтай уялдаатай байж болох ч тус тусдаа өөр, өөр хуулиар зохицуулагддаг, өөр, өөр захиргааны байгууллага, албан тушаалтнаас гардаг тухайлсан тусдаа захиргааны үйл ажиллагаанууд юм. Энэ 2 асуудал нь Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалт болон бусад хууль тогтоомжид нийцэж, аль, аль нь хуулийн шалгуурыг давж байх ёстой. Тэгэхээр Газрын тухай хуульд газар эзэмших, газар ашиглах гэдгийг тодорхойлохдоо хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, хуулиар зөвшөөрсөн хүрээнд ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг гэж тайлбарласан” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Ш.Ц нарын нэр бүхий 13 иргэнээс Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1245 дугаар захирамжийн “Л” ХХК-д холбогдох хэсэг, Хот байгуулалт, хотын стандартын газраас “Л” ХХК-д олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/00-220 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

3. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1245 дугаар захирамжийн тухайд:

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/195 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1680310020 нэгж талбарын дугаартай, 1,520 м.кв газрыг дулаан гараж, үйлчилгээтэй орон сууцны барилга барих зориулалтаар “О” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай сунгаж, 000017427 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

3.2. Дараа нь газар эзэмшигч “О” ХХК, иргэн Л.Т нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд “О” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/237 тоот албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу тус дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/528 дугаар захирамжаар маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Л.Тт шилжүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/707 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1680310020 нэгж талбарын дугаартай, 1,100 м.кв газрыг авто тээврийн дулаан зогсоолын зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0000201804 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

3.3. Мөн газар эзэмшигч Л.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, иргэн нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, мөн өдрийн М.Мгаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтийн дагуу маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1245 дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд “Л” ХХК-д шилжүүлж, 1680310020 нэгж талбарын дугаартай 1,100 м.кв газрыг “авто тээврийн дулаан зогсоол”-ын зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0000230992 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйл баримтууд тогтоогдож байна.

3.4. Нэхэмжлэгч нараас “... Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/867 дугаар захирамжаар хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршилд шинээр газар олгохгүй гэснийг зөрчиж олгосон” гэж тайлбарлах боловч уг захирамжид “Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудад улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн дагуу баригдах барилга байгууламж, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайн бүтээн байгуулалтын ажлаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, зориулалт өөрчлөх, барилга байгууламжийн үе шатны захиргааны акт олгох үйл ажиллагааг зогсоохыг ... тус тус үүрэг болгосугай” гэснээс үзвэл гуравдагч этгээд “Л” ХХК-ийн эзэмшлийн газар хамаарахааргүй байна.

3.5. Учир нь, маргаан бүхий Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1680310020 нэгж талбарын дугаартай, 1,100 м.кв газрын эзэмших эрх Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/867 дугаар захирамж гарахаас өмнө буюу Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/195 дугаар захирамжаар үүссэн байх ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж заасан журмын дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1245 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг гуравдагч этгээд “Л” ХХК-д шилжүүлсэн байх тул дээрх үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

3.6. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын холбогдох хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

4. Хот байгуулалт, хотын стандартын газраас “Л” ХХК-д олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/00-220 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын тухайд:

4.1. Анхан шатны шүүх “... газрын зориулалт зөрүүтэй олгогдсон байхад олон нийтийн барилга, байгууламж барих зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь ... хуульд заасантай нийцэж байгаа эсэх, мөн газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан зориулалт нь нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжид хэрхэн хамаарч байгаа эсэх, гуравдагч этгээдийн архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах хүсэлтийг үндэслэл болгож буй шийдвэрүүдтэй хэрхэн уялдуулан шийдвэрлэсэн эсэх зэрэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул хариуцагч өөрөө дахин нягтлах шаардлагатай” гэж дүгнэж, маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцээгүй байна.

4.2. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газраас маргаж буй Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа үндэслэл болгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1245 дугаар захирамжид гуравдагч этгээд” Л” ХХК-ийн эзэмшлийн 1,100 м.кв газрын зориулалтыг “авто тээврийн дулаан зогсоол” гэсэн байхад 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0000230992 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд дээрх газрын зориулалтыг “4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц” гэж газрын зориулалтыг өөрчилж бичсэн, харин маргаан бүхий 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/00-220 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын зориулалтыг “сургалт, хүмүүжлийн барилга /олон нийтийн барилга, байгууламж/” гэж эрх олгосон захирамжид заасан зориулалтаас өөрөөр баталсан болох нь тогтоогдож байна.

4.3. Хот байгуулалт, хотын стандартын газраас “Л” ХХК-д олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/00-220 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын 1-д “Газар олголтын захирамжийн дугаар, олгогдсон газрын байршил, хэмжээ, үндэслэл” гэсэн хэсэгт “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1245 дугаар тушаалаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 4 дүгээр хороолол-8 /16067/ бүсчлэлд, 3 дугаар нэгж хороололд, 46 дугаар байрны хойд талд байршуулан “4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц” зориулалтаар эзэмшүүлсэн 1680310020 нэгж талбарын дугаартай 0.11 га газар” гэж бичсэнээс үзвэл, маргаан бүхий архитектор төлөвлөлтийн даалгаварыг Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1245 дугаар захирамжийг үндэслэн батлахдаа зориулалтыг өөрчилсөн байна.

4.4. Тодруулбал, уг захирамжид гуравдагч этгээд” Л” ХХК-ийн эзэмшлийн 1,100 м.кв газрын зориулалтыг “авто тээврийн дулаан зогсоол” гэж заасан байхад хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газраас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/00-220 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа газар эзэмших захирамжид заасан зориулалтаар бус нийтийн орон сууцны барилга барихаар олгосон нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх ...” 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно”, 24.1.3-т “олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах” гэж заасныг зөрчсөн байна.

4.5. Дээрхээс дүгнэхэд маргаан бүхий акт хууль зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүх нөхцөл байдлыг дахин тодруулж шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу, өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагагүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйлгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

4.6. Иймд шүүхийн шийдвэрт Хот байгуулалт, хотын стандартын газраас “Л” ХХК-д олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/00-220 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 535 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хот байгуулалт, хотын стандартын газраас “Л” ХХК-д олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/00-220 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1245 дугаар захирамжийн “Л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2, 3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтыг 2 гэж дугаарлаж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                      ШҮҮГЧ                                                                  Л.ОДБААТАР

 

 

                       ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ