Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 02

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Б.Уранцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Хохирогч С.Сүхчулуун

Шүүгдэгч Ч.Төгсөө, У.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Түмэн мээрэн  овгийн Чинзоригийн Төгсөө, Хатигин овгийн Уранбилэгийн Жавхлан нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201617000310 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  харьяат, 1985 оны 12 дугаар сарын 06-нд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг 60 айлын 1-8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ялаар шийтгэгдсэн б /ЛЮ 85120618/ регистртэй, Түмэн мээрэн  овгийн Чинзоригийн Төгсөө. 

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, 1988 оны 03 дугаар сарын 13-нд төрсөн, 29 настай, эрэгтэй,боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Сүхбаатар аймгин Сүхбаатар сумын 5 дугаар баг Шинэ булаг гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  урьд Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс ялгүй болсон бие эрүүл, ухаан бүрэн, /ЛЗ 88031370/ регистртэй, Хатигин овгийн Уранбилэгийн Жавхлан. 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

  Шүүгдэгч Ч.Төгсөө, У.Жавхаа нар согтуурсан үедээ буюу  2016 оны 09 дүгээр сарын 27-ны орой 19 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах Онцгой байдлын газрын баруун талд бүлэглэн иргэн С.Сүхчулууныг зодож, биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ч.Төгсөө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна, Жавхлан бид хоёр “Эрхэс” буудлаас гараад хохирогч С.Сүхчулуунтай таарсан. Бид хоёр буудлаас гараад явж байгаад хохирогчийн явж байсан замын эсрэг талд явж байсан. Тэр хүн та хоёр хүн шоолоод байгаа юм уу гэж хэлж байсан. Цаашаа юу болсныг санахгүй байна гэх.  

 

      -Шүүгдэгч У.Жавхлан  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна, бид хоёр Эрхэс буудлаас гарч яваад хохирогчтой таараад би эхэлж өшиглөсөн. Төгсөө нүүр ам руу нь цохьсон Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

- Хохирогч С.Сүхчулуун шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 сарын 27-ны орой би ажлаа тараад гэр рүүгээ явж байгаад Онцгой байдлын урд талын явган хүний зам дээр энэ хоёр хүнтэй таарсан. Хажуугаар нь өнгөрөх гэхэд нэг нь намайг мөрлөөд Жавхлан нь намайг эхлээд өшиглөсөн. Тэгээд намайг зодоод байхаар нь би гэрэлд гараад цагдаа дуудлаа шүү гэхэд Жавхлан нь Төгсөөгөө аваад цаашаа зугатаасан. Би цагдаа хүлээгээд нэг цагдаагийн машин харагдахаар нь ирж байна гэж бодоод энэ хоёрын араас явсан. Тэгтэл тэр замын цагдаа байсан. Цагдаа дуудлаа гээд энэ хоёр харанхуйгаас гарч ирээд энэ хүнийг алчихья гээд намайг дахиад зодсон. Тухайн үед би шууд цагдаад өгье гэж бодоогүй. Энэ хоёр хүнийг хашраая гээд цагдаад өгсөн. Энэ хоёр надаас уучлалт гуйхгүй Төгсөөгийн ээж нь ирж надтай уулзсан. Дараа нь Жавхлан, Төгсөө нар ирж уучлалт гуйсан. Тэр үед миний уруул язарсан байсан. Одоо биед гэмтэл байхгүй. Миний хавирга хуучин хугаралтай байсан. Хугарсан хавирга руу өшиглөсөн байсан. Тэр үед архи уугаагүй байсан. Одоо гомдолгүй гэв.

 

- Хохирогч С.Сүхчулуун мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 09 сарын 27-ны орой 19 цаг 30 минутын үед ажлаасаа тараад аймгийн Онцгой байдлын баруун хойт зам дагаад  гэррүүгээ явж байтал зүүн талаас өөдөөс ирж явсан 2 залуугийн нэг нь зөрөх үедээ шууд миний гэдэс рүү өшиглөсөн юм. Тэгэхээр нь би яаж байнаа дүү нараа, зүгээр явж байхад чинь гэж хэлсэн чинь намайг өшиглөөгүй  залуу нь наад муу гөлөг чинь юу гээд байгаа юм алчихая л даа гээд миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би тэр залууг цааш нь түлхээд цагдаа дуудлаа шүү гээд утсаараа цагдаагийн газар руу дуудлага өгөхөд тэр хоёр хоёулаа над руу дайраад миний нүүр амруу цохиод байсан. Тэгтэл цагдаагийн машин ирж яваа харагдахаар нь би цагдаа ирж байна гэсэн чинь эхэлж миний гэдэс рүү зугтаая гээд нөгөө залуугаа аваад надаас салаад  Хүүхдийн больницийн байр руу зугтаачихсан... нөгөө хоёрын юу ч гэсэн араас нь дагаж очоод байгаа газрыг нь цагдаад хэлье гээд Номин дэлгүүрийн зүүн ард тал зээрийн хөшөөний ойрхон зогсоод хүлээж байтал нөгөө намайг зодсон 2 залуу больницийн байрны зүүн талаас гарч ирээд цагдаа байна үүнийг энд нь алчихая гээд миний нүүр рүү эхэлж цохисон залуу нь Номин дэлгүүрийн баруун тал руу харанхуйруу чирээд ноцолдож байх үед цагдаагийн машин ирээд бид гуравыг  аваад цагдаагийн газар руу явсан ...гэх мэдүүлэг ...” /хх-ийн 9/

 

- Гэрч О.Алтанцөгцийн  мөрдөн байцаалтанд өгсөн “Сүхчулуун нь архи уугаагүй эрүү, Жавхлан, Төгсөө хоёр арх уусан согтуу байдалтай байсан. Сүхчулуун нь ярихдаа энэ 2 хүн намайг зүгээр явж байхад гудамжинд намайг зодчихлоо гэж байсан... Төгсөө нь жижүүрийн өрөөнд орж ирчихээд ... “та зүгээр явж байсан хүнийг авчирсан та нар юу юм” гээд орилж  хашигчаад  агсараад байхаар нь Жавхлан, Төгсөө нарыг саатуулах байранд хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 15/ 

 

- Гэрч Х.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн “ахлагч Мөнхдоржийн хамт явж очиход хоёр хүн Номин худалдааны төвийн хойд талаар  Одконы байрны зүг рүү зугтааж явахыг хараад очиж барьж аваад  дуудлага өгсөн  хүн рүү нь дагуулаад очиход зодуулсан хүн нь энэ хоёр хүн намайг зодсон гэж хэлж байсан... тухайн үед Сүхчулууны уруул нь язарсан байсан. Сүхчулуун нь ажлаасаа тараад явж байхдаа зодуулсан гээд архи  уугаагүй эрүүл байсан. Харин Жавхлан, Төгсөө нар архи уучихсан согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 419 тоот Шинжээчийн дүгнэлтэнд: 1. С.Сүхчулууны биед уруулын дотор салстын язарсан шарх, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” 5. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой  гэсэн дүгнэлт

 

 -  Ч.Төгсөөгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 46/

 

-  Ч.Төгсөөгийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 47,50/ 

 

   -  У.Жавхлангийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 48-49/ 

 

- Сүхбаатар аймаг дахь Сумд дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 07 сарын 08-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоол 

 

-Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 12 сарын 10-ны өдрийн 103 тоот шийтгэх тогтоол 

 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн Засаг даргын  2016 оны 11 сарын 27-ны өдрийн 42 дугаартай албан бичиг/хх-67/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын  2016 оны 11 сарын 11-ний  өдрийн 1/763 дугаартай албан бичиг /хх-64/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Төгсөө нь согтуурсан үедээ У.Жавхлантай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны орой 19 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах Онцгой байдлын газрын баруун талд иргэн С.Сүхчулууныг ямарч   шалтаг шалтгаангүйгээр зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг,

          Шүүгдэгч  У.Жавхлан нь согтуурсан үедээ Ч.Төгсөөтэй бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны орой 19 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах Онцгой байдлын газрын баруун талд бүлэглэн иргэн С.Сүхчулууныг ямарч шалтаг шалтгаангүйгээр зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Төгсөө, У.Жавхлан нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Сүхчулууны шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон гэрч О.Алтанцөгц, Х.Бат-Эрдэнэ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шинжээчийн 419 тоот дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Ч.Төгсөө, У.Жавхлан нар нь  архи ууж согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин гудамжинд таарсан  иргэн С.Сүхчулууныг  ямарч шалтаг шалтгаангүйгээр зодож түүний бие махбодид  хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг шууд санаатайгаар үйлджээ. Энэ нь хохирогч С.Сүхчулууны ... “2016 оны 09 сарын 27-ны орой 19 цаг 30 минутын үед ажлаасаа тараад аймгийн Онцгой байдлын баруун хойт зам дагаад  гэррүүгээ явж байтал зүүн талаас өөдөөс ирж явсан 2 залуугийн нэг нь зөрөх үедээ шууд миний гэдэс рүү өшиглөсөн юм. Тэгэхээр нь би яаж байнаа дүү нараа, зүгээр явж байхад чинь гэж хэлсэн чинь намайг өшиглөөгүй  залуу нь наад муу гөлөг чинь юу гээд байгаа юм алчихая л даа гээд миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би тэр залууг цааш нь түлхээд цагдаа дуудлаа шүү гээд утсаараа цагдаагийн газар руу дуудлага өгөхөд тэр хоёр хоёулаа над руу дайраад миний нүүр амруу цохиод байсан гэх мэдүүлэг...”  гэрч Х.Бат-Эрдэнийн  “.ахлагч Мөнхдоржийн хамт явж очиход хоёр хүн Номин худалдааны төвийн хойд талаар Одконы байрны зүг рүү зугтааж явахыг хараад очиж барьж аваад  дуудлага өгсөн  хүн рүү нь дагуулаад очиход зодуулсан хүн нь энэ хоёр хүн намайг зодсон гэж хэлж байсан... тухайн үед Сүхчулууны уруул нь язарсан байсан. Сүхчулуун нь ажлаасаа тараад явж байхдаа зодуулсан гээд архи  уугаагүй эрүүл байсан. Харин Жавхлан, Төгсөө нар архи уучихсан согтуу байсан..” гэх мэдүүлэг зэргээр хэрэгт хангалттай  тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ч.Төгсөө, У.Жавхлан нар нь ямарч шалтаг шалтгаангүйгээр хуулиар хамгаалагдсан бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд хүч хэрэглэн халдаж “чамайг алчихая гэж харанхуй газар руу чирч”  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ч.Төгсөө, У.Жавхлан нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож, тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн байх тул шүүгдэгч нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Ч.Төгсөө, У.Жавхлан нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Сүхчулуун гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Шүүгдэгч нарт шүүхээс ял оногдуулахад согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүндрүүлэх нөхцөл, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9,55.1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

 

Ч.Төгсөө, У.Жавхлан нар нь  гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байснаа хүлээн зөвшөөрөх ба үүнийг хохирогч С.Сүхчулуун, гэрч О.Алтанцөгц, Х:Бат-Эрдэнэ нар гэрчилжээ.

Шүүгдэгч Ч.Төгсөө, У.Жавхлан нар  урьд шүүхээр ял шийтгэгдэж байсан боловч тэдний  ялтай байдал нь арилсан нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэлийн тэмдэглэл, цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 10/226  тоот албан бичгээр тус тус нотлогдож байна. Иймд тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Төгсөө, У.Жавхлан нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн гэмтэл учирсан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч С.Сүхчулуун гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Төгсөө, У.Жавхлан нарт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн уг ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай бичлэг  бүхий” 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргах зүйтэй байна. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Түмэн мээрэн  овгийн Чинзоригийн Төгсөө, Хатигин овгийн Уранбилэгийн Жавхлан нарыг согтуурсан үедээ бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн иргэн С.Сүхчулууныг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Төгсөөд 3/ гурван/ жил 1/нэг/ сарын хорих, шүүдэгч У.Жавхланд 3 /гурав/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Ч.Төгсөө, У.Жавхлан нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан ялтан Ч.Төгсөө, У.Жавхлан нарт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тус тус тэнсэж,  тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар  хянан харгалзсугай.

 

5. Ялтан Ч.Төгсөө, У.Жавхлан нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Сүхчулуун гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай” бичлэг  бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ч.Төгсөө, У.Жавхлан нарт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Төгсөө, У.Жавхлан  нарт урьд авсан батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

                                     

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.СУГАР