Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0291

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т*********” ХК

Нэхэмжлэгч: Б*********-ын Д*********

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э*********

Хариуцагч: У********* газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л*********

Гуравдагч этгээд: Д*********-ийн Б*********

Гуравдагч этгээд: В*********-ийн Ё*********

Гуравдагч этгээд В.Ё*********-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.О*********

Маргааны төрөл: О********* газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаалаар “А*********” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л********* /цахимаар/, гуравдагч этгээд В.Ё*********-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т*********” ХК, иргэн Б.Д********* нараас О********* газарт холбогдуулан “О********* газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор О********* газрыг У********* газар гэж өөрчилсөн байх тул тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2288 дугаар захирамжаар О********* газрын эрх залгамжлагчаар У газрыг тогтоосон болно.

2. “А*********” ХХК нь 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр В.Ё*********, Ц.П********* нар тус бүр  50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэн байгуулж, Гадаад дотоод худалдаа, зорчигч тээврийн үйлчилгээний зориулалтаар улсын бүртгэлийн 2674599 дүгээр гэрчилгээг авсан байна.

2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлээр тус компанийн 93 хувийг В.Ё*********, 7 хувийг С.Э********* нар эзэмшиж байгаад 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Б*********-ыг 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэн, хөрөнгийг 45 сая төгрөгөөр нэмэгдүүлснийг бүртгэсэн байна.

Улмаар 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн В.Ё*********, Д.Б********* нарын хооронд, Д.Б*********, Б.Д*********,  Д.Б*********, “Т*********” ХК-ийн нарын хооронд тус тус байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тогтоолоор дүрмийн сангаа 40 сая төгрөгөөр нэмэгдүүлэн компанийн 20 хувийг “Т*********” ХК-д,  15 хувийг Б.*********-д эзэмшүүлэхээр тогтоон 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад Д.Б********* гаргаж, “А*********” ХХК-ийн 32,5 хувийг В.Ё*********, 32,5 хувийг Д.Б*********, 20 хувийг “Т*********” ХК, 15 хувийг Б.Д********* эзэмшихээр бүртгүүлсэн байна.

Иргэн Д.Б*********-с 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр О********* газрын даргад “А*********” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүрмийн сан нэмэгдсэн болон үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн, шинэчилсэн дүрмийг тус итус бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гомдол гаргасан байна.

О********* газрын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/3481 дүгээр албан бичгээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст дээрх асуудлыг шалгуулахаар шилжүүлсэн боловч тус дүүргийн Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2802 дугаар тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй боловч хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. 

Дээрх гомдлыг хянаад О********* газрын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1492 дугаар дүгнэлтээр “А*********” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар шийдвэрлэснийг үндэслэн тус газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаалаар “А*********” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийг  хүчингүй болгожээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Б*********-с “Т*********” ХК, Б.Д*********, В.Ё********* нарт холбогдуулан “2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Д.Б********* болон “Т*********” ХК-ийн хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Д.Б********* болон Б.Д********* нарын хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Д.Б********* болон В.Ё********* нарын хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “А*********” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх тухай” нэхэмжлэл гаргасныг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02046 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.5, 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2159 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн бөгөөд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч гомдлыг хянан хэлэлцэхээс өмнө нэхэмжлэлээсээ татгалзсаныг Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Харин “Т*********” ХК болон Б.Д********* нараас Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “А*********” ХХК, Д.Б********* нарт холбогдуулан “”А*********” ХХК-ийн 20 хувийн хувьцааг “Т*********” ХК, 15 хувийн хувьцааг Б.Д********* эзэмшдэг болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасныг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШЗ2020/0156 дугаар шийдвэрээр хариуцагч “А*********” ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Б*********-д холбогдох “А*********” ХХК-ийн 20%-ийн хувьцааг “Т*********” ХК, 15%-ийн хувьцааг Б.Д********* эзэмших эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг Д.Б*********-н давж заалдах гомдлоор хянаад, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 648 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. О********* газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаалыг эс зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр О********* газрын даргад гомдол гаргасныг тус газрын Хяналтын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/8799 дүгээр албан бичгээр хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хариуг хүргүүлснийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, нэхэмжлэгч нараас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүрдүүлбэрээ хангаж тус шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн байна.

4. Нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

“1/ Хяналтын улсын байцаагч нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1492 дугаартай дүгнэлт, О********* газрын дарга 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр А/637 дугаартай тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дүгээр зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй болно.

2/ Хэдийгээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй ч 2010 оны бүртгэлийн асуудлыг 7 жилийн дараа ямар үндэслэлээр хяналт шалгалт хийж хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй, шүүхэд хэрэг маргаан хянагдаж байхад дур мэдэн бүртгэлийг хүчингүй болгосон нь бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 1.4-д заасны дагуу Улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахих, шийдвэр гаргахдаа бусдын нөлөөнд үл автах, үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга байх зарчмыг баримтлах ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалт хийгээгүй байж, бүртгэлийг хүчингүй болгосон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу О********* газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаартай захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2016 оны сүүлээр “А*********” ХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б********* нь тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, одоогоор энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн төрсөн дүүг нягтлан бодогчоор ажиллуулсан байдаг. Компанийн санхүүгийн тайлан, хөрөнгийн зарцуулалтын тайлагналаа 2016 оны 12 дугаар сард хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулах хурал зарласан. Хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн төрсөн дүүг нягтлан бодогчоор авч ажиллуулсан зэрэг асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн юм. Хувьцаа эзэмшигчид буюу Д.Б*********, С.Ё********* “Т*********” ХХК, түүнийг төлөөлж захирал С.Г*********, Б.Д********* нарын хооронд компанийн хөрөнгийн зарцуулалтын тухай маргаан үүссэн. Маргаантай холбоотойгоор өнөөдрийн захиргааны хэрэг, өнгөрсөн 2017 оноос одоог хүртэлх хугацаанд 2 тусдаа захиргааны хэрэг маргаан үргэлжилсэн байдаг. 

Улсын ерөнхий бүртгэгч Д.Б*********-ын гаргасан гомдол 2017 оны 03 дугаар сарын өдөр 21-ний өдөр О********* газарт гуравдагч этгээд Д.Б********* гомдол гаргасныг улсын бүртгэлийн газраас хяналт шалгалт явуулсан байдаг.

Хяналт шалгалтын явцад Д.Б********* нь би өөрөө хуурамч материал бүрдүүлснийг У********* газраас харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Эрүүгийн журмаар шалгагдах явцад гуравдагч этгээд нь хуурамчаар материал бүрдүүлсэн нь тогтоогдсон гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учир хариуцлага хүлээлгэх боломжгүй, гэхдээ Д.Б********* нь өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэдэг үндэслэлээр прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гарсныг үндэслэн У газрын улсын бүртгэгчээс дүгнэлт гарсан нь хувьцаа эзэмшигч Д.Б*********-ын гаргасан гомдлоор хяналт шалгалт явагдаж байна гэдэг байдлаар хандаагүй нь харагдаж байна. Учир нь гуравдагч этгээд В.Ё********* болон “Т*********” ХК-ийн захирал С.Г********* нарыг улсын байцаагч Л.Б********* гэдэг хүн дуудаж уулзсан байдаг. 2016 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тухайн үеийн хувьцаа эзэмшигч нар В.Ё*********, Б.Д*********, С.Г********* нар нь компанийн эд хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр өргөдөл гарган шалгуулж байсан. Үүнтэй холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэгч Л.Б*********-т хүсэлт гаргасан.

Уг хүсэлтэд 2013 оны 09 дүгээр сарын сонгон шалгаруулалтын дүрмээр бид материал бүрдүүлж өгсөн учир хүчин төгөлдөр, бидний зүгээс гарын үсгээ зурж баталгаажуулсан харин компанийн хувьцаа эзэмшигч Д.Б********* нь өөрийн дураар хурлын тэмдэглэл, шийдвэрийг хуурамчаар үйлдэж хувь нийлүүлэгчдийн гарын үсгийг хуурамчаар зурж шийдвэрт өөрчлөлт оруулсан байж магадгүй байгаа учраас хувьцаа эзэмшигч Д.Б********* нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа учир хэргийг эцэслэн шийдвэрлэгдэж дуусах хүртэл компаний хувьцаа эзэмшигчдэд  ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулахгүй байхыг хүссэн хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Л.Б*********-рт өгсөн. 

Гэтэл улсын ерөнхий бүртгэгч акт гаргахдаа энэ хүсэлтийг сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. 

Тухайн үед Д.Б*********-ыг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан аливаа шийдвэр, бичиг цаасыг гардан хариуцаж байсан юм. Энэ утгаараа 2010 оны 4 хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй холбоотой бичиг цаасны ажлыг Д.Б********* хариуцан ажилласан. Д.Б********* 4 хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг улсын бүртгэлд мэдүүлж бүртгүүлсэн юм. 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө." гэсэн хуулийн заалтаас харахад улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хийлгэхээр мэдүүлж байгаа иргэн, хуулийн этгээд тухайн эрхийн баримтын үнэн зөвийг өөрөө хариуцахаар байна. Гэтэл О********* газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг тодруулбал тухайн үед мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д "улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох", мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болж буй хуулийн зохицуулалтуудаас харахад улсын бүртгэгч буюу төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгоно гэснээс биш мэдүүлэг гаргагч буюу Д.Б*********-с гаргаж өгсөн, хувьцаа эзэмшигчдийн алдаатай хийсэн баримт бичгийг улсын бүртгэгч мэдэх боломжгүй, хуулийн дагуу бүрдүүлээд ирсэн баримтын бүрдэл, гарын үсэг, тамга тэмдгийг шалгаад бүртгэлээ хийсэн. Гэтэл түүнийг Д.Б********* өөрөө бусдын өмнөөс гарын үсэг зурсан байдал, компанийн тэмдгийг гэрээний тэмдгээр сольж дарсан зэрэг тухайн үеийн өөрийн буруутай үйл ажиллагааг ганцаараа мэдэж байсан, түүнийг зөвхөн өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд иргэний шүүх, улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж байгаагаас шалтгаалан улсын бүртгэлийн байгууллага бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, 7 жилийн дараа акт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийг нэмэх бүртгэлийн гадаад илэрхийлэл болсон баримт бичиг алдаатай байснаас биш “А*********” ХХК-ийн хувьцааг хуваан эзэмших хүсэл зориг алдаатай байгаагүй юм. Улсын бүртгэлийн байгууллага бол аливаа бүртгэлийг хийхэд тухайн бүртгэлтэй холбоотой бүртгүүлэгчээс гаргаж өгсөн баримтыг бүрдэл талаас нягтлан шалгаж, улсын бүртгэлд тухайн өргөдөл, мэдүүлэгт тусгасан байдлыг ямар нэгэн ашиг сонирхолгүйгээр бүртгэх ёстой. Харин улсын бүртгэгч өргөдөл, мэдүүлэгт бичигдсэнээс зөрүүтэйгээр худал бүртгэл хийсэн бол Улсын ерөнхий бүртгэгч тухайн улсын бүртгэгчийн хууль зөрчсөн бүртгэлийг залруулах нь маргааны бүхий захиргааны актад барьж буй хуулийн үндэслэлд хамаарах юм. Харин мэдүүлэг гаргагч өөрийн өргөдөл мэдүүлгийн үнэн зөвийг хариуцах ёстой. 

Улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлт, иргэн хуулийн этгээдийн өргөдөл, гомдлын дагуу улсын бүртгэлтэй холбоотой тодорхой нөхцөл байдлыг тогтооход үйлдэгдэж байгаа баримт бичиг гэж тайлбарласан байдаг. Үүнээс харахад нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг уг тушаал нь зөрчиж байна. Нэхэмжлэгч нарын хувьд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчид хүсэлт гаргасан байдаг. Улсын байцаагчийн зүгээс дуудаж уулзахдаа Д.Б*********-ын гаргасан гомдол, энэ хяналтын шалгалтын улмаас ямар үр дагавар үүсгэсэн акт гарах талаар огт танилцуулаагүй юм. Зөвхөн компанийн үүсэл, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг хүссэн байдаг. Энэ ч утгаараа тухайн үед нэхэмжлэгч Б.Д********* огт уулзаагүй, нэхэмжлэгч “Т*********” ХК-ийн захирал С.Г*********, гуравдагч этгээд В.Ё********* нар компанийн мэдээллийг агуулсан хүсэлтээ бичгээр илэрхийлэн Б.Д*********-р гарын үсэг зуруулан хамт өгсөн байдаг юм. Уг хүсэлтэд 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дүрмээр бид сонгон шалгаруулалтын материал бүрдүүлж өгсөн учир энэ дүрэм хүчин төгөлдөр бөгөөд бид дөрөв гарын үсгээ зурж баталгаажуулсан болно. Д.Б********* нь дур мэдэн хурлын тогтоол шийдвэрийг хуурамчаар үйлдэж, хувь нийлүүлэгчдийн гарын үсгийг хуурамчаар зурж, тухайн баримтууд дээр компанийн тамгыг ашиглаагүй, гэрээний тамга даран баталгаажуулж, хувьцаа худалдах худалдан авах хуурамч гэрээ үйлдэж улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн байсныг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн, Д.Б*********-д холбогдуулан өргөдөл гаргасан, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа учраас энэ хэргийг эцэслэн шийдвэрлэгдэж дуусах хүртэл тус компанийн хувь эзэмшигчдэд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулахгүй байхыг хүссэн байдаг. Гэтэл улсын ерөнхий бүртгэгч акт гаргахдаа энэ хүсэлтийг сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, 3 хувьцаа эзэмшигчийн зүгээс өөрсдийгөө хувьцаа эзэмшигч, бидний хувьцааны эрхийг Б********* хуурамч баримт бичиг үйлдсэн хүчингүй болгох эрсдэлтэй байна, Б*********-д холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд улсын бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхыг хүссэн. Нэхэмжлэгч нарын хүсэлтдээ дурдаад буй эрүүгийн хэрэг гэдэг нь О********* газрын өөрсдийнх нь шалгуулсан хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан Прокурорын тогтоолтой эрүүгийн гомдол биш бөгөөд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдсан Д.Б*********-ын компанийн эд хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй тухай гомдолтой эрүүгийн хэрэг юм.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л********* татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ “А*********” ХХК нь 2001 онд иргэн В.Ё*********, Ц.П********* нар тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр анх улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж 28 сая төгрөг болгон, нийт хувьцааны 93 хувийг В.Ё*********, 7 хувийг С.Э********* нар тус тус эзэмшихээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А********* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс иргэн С.Э*********-г хасч, иргэн Д.Б*********-ыг 50 хувийн хувьцаа эзэмшигч болгон, хөрөнгийг 45 сая төгрөгөөр нэмэгдүүлсэнийг бүртгэсэн ба уг бүртгэлийг илт хууль бус болох тухай маргаан танай шүүхэд хэрэг үүсч, анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 

2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу иргэн Б.Д*********-д, “Т*********” ХК-д “Т*********” ХХК-ийн хувьцаа шилжиж, дүрмийн санг 113,000,000 төгрөг болгон бүртгэгдсэнээр нийт хувьцааны 32,5 хувийг иргэн В.Ё*********, 32,5 хувийг Д.Б*********, 20 хувийг "Т*********" ХК, 15 хувийг Б.Д********* нар тус тус эзэмших эзэмшихээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2/ Иргэн Д.Б********* нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “А*********” ХХК-ийн дүрмийн сан нэмэгдсэн бүртгэл, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн бүртгэл, дүрмийг бүртгэсэн улсын бүртгэгч Ч.Б*********-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох" утгатай өргөдөл гаргасан байдаг. 

Уг бүртгэлийг шалгах явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр "А*********" ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Ё********* “Т*********” ХК-ийн захирал С.Г*********, Б.Д********* нар уг бүртгэлтэй холбоотой асуудлаар тайлбар гаргаж байсан байна.

Бүртгэлийн хяналтын газар уг өргөдлийг шалгаад уг бүртгэлийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байж болзошгүй гэж үзээд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны 4/3481 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн шалгуулсан.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас уг асуудлыг шалгаад 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2802 дугаар тогтоолоор “гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй боловч хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан” шийдвэрлэсэн байдаг.

Улмаар О********* газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаалаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011047119 дугаарт бүртгэлтэй 2674599 стрийн дугаартай “А*********” ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Ё*********-ын Д.Б*********-тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, Д.Б*********-ын Д.Д*********-той байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн нэмэлт өөрчлөлтийн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсгийг зөрчсөн байх тул бүртгэлийг хүчингүй" болсонд тооцжээ.

О********* газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаал нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр бөгөөд хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  ““А*********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг дөрөв болгож бүртгэсэн дүрмийн сангийн бүртгэл нь эрх бүхий байгууллагын дүгнэлт нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Прокурорын байгууллагын тогтоолоор мөн батлагдсан. Бүртгэлд хавсралтаар авсан эрх шилжүүлэх гэрээ нь өөрөө хуурамч тул бүртгэлийг үнэн зөв гэж үзэх нөхцөл байхгүй юм. Ийм учраас У********* газрын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргаж хүчингүй болгосон. 

У********* газрын ахлах бүртгэгч А/637 дугаартай дүгнэлтийг гаргахдаа шаардлагатай захиргааны байгууллагуудаас тодруулж мэдээлэл авсан гэж үзэж байна.” гэв.

6. Гуравдагч этгээд В.Ё*********-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“"А*********” ХХК-ийн үүсгэн байгуулагч, мөн 32,5 хувийн хувьцаа эзэмшигч болно. 2010 оны 10 дугаар сард компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэлбэрээр “Т*********" ХК, болон иргэн Б.Д********* нарын материаллаг баазыг ашиглах үүднээс үйл ажиллагаа нийлүүлэх тохиролцоонд хүрч, улмаар "Т*********" ХК-д 20 хувь, иргэн Б.Д*********-д 15 хувийн хувьцааг шилжүүлэхээр болж “Худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулан 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Дээр дурдсан хугацааны “А*********" ХХК-ийн дүрмийн сан нэмэгдсэн бүртгэл, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн бүртгэлийг миний бие хүчин төгөлдөр бүртгэл хэмээн үзэж байна.

Хэдийгээр О********* газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаартай тушаал нь бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэр боловч, уг шийдвэрийг гаргахдаа “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зарчим”-уудыг баримтлаагүй, хянан тодруулсан үйл ажиллагаа хийгээгүй.

Өөрөөр хэлбэл бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан хэрнээ, эрх ашиг нь хөндөгдсөн этгээдүүдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах ажиллагаа хийгээгүй байж бүртгэлийг хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд В.Ё*********-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хэдийгээр бүртгэлийг хүчингүй болгосон үйл явц нь гуравдагч этгээдийн эрх ашгийг дээрдүүлэн эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ нэмэгдэж байгаа юм. Гэхдээ хувьцааны хувь нэмэгдсэн тохиолдолд компаний үйл ажиллагаа уналтад орох үр дагавар шууд бий болно. “Т*********” ХК болон Б.Д********* нарын оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж өгөх боломжгүй нөхцөл байдал үүснэ.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хүсэлтээр гуравдагч этгээдээр оролцсон иргэн Д.Б*********-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “...байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар хэргийг гуравдагч этгээд Д.Б*********-ыг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 9.1.5.улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.” гэж заасан эрхийнхээ хүрээнд О********* газрын дарга 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаалаараа “А*********” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсгийг зөрчсөн үндэслэлээр тус бүртгэлийг  хүчингүй болсонд тооцсон байна. 

Дээрх тушаал гарах үндэслэл болсон Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1492 дугаар дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр В.Ё*********, Д.Б********* нарын 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”, Д.Б*********, Б.Д********* нарын 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”, Д.Б*********, “Т*********” ХК-ийн 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-нүүд дээрх гарын үсэг Д.Б*********, Б.Д*********, В.Ё*********, С.Г********* нарын гарын үсгүүдтэй тохирохгүй байгааг дурдаж улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлээ болгожээ. 

Гэвч шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Д.Б********* болон “Т*********” ХК-ийн хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Д.Б********* болон Б.Д********* нарын хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Д.Б********* болон В.Ё********* нарын хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “А*********” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх тухай” нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;

Мөн “Т*********” ХК болон Б.Д *********нараас “А*********” ХХК, Д.Б********* нарт холбогдуулан “”А*********” ХХК-ийн 20 хувийн хувьцааг “Т*********” ХК, 15 хувийн хувьцааг Б.Д********* эзэмшдэг болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШЗ2020/0156 дугаар шийдвэрээр хариуцагч “А*********” ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсгийг баримтлан Д.Б*********-д холбогдох “А*********” ХХК-ийн 20%-ийн хувьцааг “Т*********” ХК, 15%-ийн хувьцааг Б.Д********* эзэмших эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

Дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээс үзвэл иргэн Д.Б********* “2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Д.Б********* болон “Т*********” ХК-ийн хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Д.Б********* болон Б.Д********* нарын хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”, Д.Б********* болон В.Ё********* нарын хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “А*********” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх тухай” нэхэмжлэлээсээ татгалзснаар “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-үүд хүчин төгөлдөр үлдсэн байх бөгөөд мөн “А*********” ХХК-ийн 20%-ийн хувьцааг “Т*********” ХК, 15%-ийн хувьцааг Б.Д********* эзэмших эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаснаар нэхэмжлэгч нар “А*********” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхтэй болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д зааснаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.

Нэгэнт “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-үүд хүчинтэй, “А*********” ХХК-ийн 20%-ийн хувьцааг нэхэмжлэгч “Т*********” ХК, 15%-ийн хувьцааг нэхэмжлэгч Б.Д********* тус тус эзэмших эрхтэй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна: … 7.1.3.хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн;”,  22 дугаар зүйлийн 22.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “О********* газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4,  7 дугаар зүйлийн 7.1.3, 22 дугаар зүйлийн 22.2 тус тус баримтлан “Т*********” ХК, иргэн Б.Д********* нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, О********* газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 


 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ДАМДИНСҮРЭН