Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 29

 

 

“******* *******”-ны Сэлэнгэ салбарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00504/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                           Даргалагч

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    С.Оюунцэцэг

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                                 Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Туяа

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 45 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн *******ын давж заалдсан гомдлоор “******* *******”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох “Үндсэн зээлийн үлдэгдэл 35.143.18067 төгрөг, хүү 9.155.718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890.017 төгрөг нийт 45.188.91567 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Марта анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч ******* *******, ******* ******* нар нь манай *******наас 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 80.000.000 төгрөгийг 19 сарын хугацаатай, жилийн 32,4%-ийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлдэгчийн хүсэлтээр 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлийн барьцаа нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Амарбаясгалан хийдийн баруун талд байрлах 288 метр квадрат үйлчилгээний зориулалттай барилга мөн Баруунбүрэн сумын Амарбаясгалан хийдийн баруун талд байрлах 2 га талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт тус тус барьцаалсан. Зээлдэгч *******тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн бусад үүрэг хариуцлагаа зөрчсөн. Зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа. Банкны зүгээс зээлийн төлбөрийг төлөх талаар зээлдэгчид удаа дараа сануулж байсан. Нэхэмжлэл өгөх өдрийн байдлаар 307 хоног хугацаа хэтэрсэн байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 35.143.180,67 төгрөг, хүү 9.155.718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890.017 төгрөг, нийт 45.188.915,67 төгрөг төлөхөөр болсон байна. Одоо хариуцагч талаас нэгдүгээрт 45.188.915,67 төгрөгийг гаргуулах, хоёрдугаарт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би ******* ******* ХХК-аас авсан зээлээ төлж барагдуулна. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо би өөрөө зээл төлөх хуваарь гаргасан байгаа. Үүнд: Зээлээс 2018 оны 07 дугаар сард 10%, 08 дугаар сарын 20-нд 30%, 09 дүгээр сарын 20-нд 30%, 10 дугаар сарын 30-нд 30%-ийг тус тус төлж барагдуулна гэж бодож байна. Түүнээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  хянан хэлэлцээд 45 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 35.143.18067 төгрөг, хүү 9.155.718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890.017 төгрөг нийт 45.188.91567 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******инд олгож,

- Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн *******-01 дугаартай гэрээнд заасан барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж, ******* *******ны Сэлэнгэ салбарын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаартай гэрээний үүргийг хангуулж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383.895 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******аас 191.9475 төгрөг, хариуцагч *******өөс 191.9475 төгрөг нийт 383.895 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  ******* миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх иргэн миний эрхэлдэг бизнесийн онцлог, сүүлийн жилүүдэд болж енгөрсөн байгаль цаг уурын хүндрэл, таагүй нөхцөл байдал зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь иргэн надад гомдолтой байна.

Миний бие ******* *******наас 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 80.000.000 /наян сая/ төгрөгийг жилийн 32,4%-ийн хүүтэй, 19 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 44.856.820 /дөчин дөрвөн сая найман зуун тавин зургаан мянга найман зуун хорь/ төгрөгийг хүүгийн хамтаар гэрээний дагуу төлж барагдуулсан болно. Зээл төлсөн графикийг хавсаргав. Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд оршдог Амарбаясгалант хийдийг түшиглэн аялал жуулчлалын чиглэлээр жуулчны бааз ажиллуулдаг бөгөөд сүүлийн 2 жилд манай нутагт жил дараалан ган болж, өвс ногоо багатай байсны улмаас манай баазад ирдэг гадаадын болон дотоодын жуулчдын тоо эрс цөөрсөн нь бизнесийн орлогод шууд нөлөөлж ******* *******наас авсан энэхүү зээлээ гэрээний дагуу эргэн төлөх боломжгүй болсон юм. Би зээлийн үндсэн төлбөр болох 35.143.18067 /гучин таван сая нэг зуун дөчин гурван мянга нэг зуун наян төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Энэхүү үнийн дүнгийн 10%-ийг 2018 оны 8 дугаар сард, 20%-ийг 2018 оны 9 дүгээр сард, 30%-ийг 2018 оны 10 дугаар сард, үлдсэн 40%-ийг 2018 оны 11 дүгээр сард тус тус төлж барагдуулна. Миний эрхэлдэг бизнес нь улирлын чанартай, цаг уурын нөхцөл байдлаас шууд шалтгаалдаг бөгөөд энэхүү онцлог нөхцөл байдлыг минь харгалзан үзэж зээлийн хүү болох 9.155.718 /есөн сая нэг зуун тавин таван мянга долоон зуун арван арван найм/ төгрөгөөс хөнгөлөлт үзүүлж 50%-ийг төлүүлэх, нэмэгдүүлсэн хүү болох 890.017 /найман зуун ерэн мянга арван долоо/ төгрөгийг хасч, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү.

 Миний хамгийн гол хүсэлт бол уг шийдвэрийн тогтоох хэсгийн 2-р заалтыг хүчингүй болгож өгөхийг л дахин, дахин хүсэж байна. Учир нь би 10-15 /1 хүний ард дор хаяж 3-4 ам бүл/ хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд манай ажилчдын болон миний гэр бүлийн амьжиргааны гол үндэс болсон бизнесийг минь бүр мөсөн үгүй хийх уг заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье. Би төлбөрөө заавал дурдсан хугацаанд нь төлөх болно. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 45 тоот дугаартай шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяа давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч  нь давж заалдах гомдолдоо “Миний эрхэлдэг бизнеч нь улирлын чанартай, цаг уурын нөхцөл байдлаас шууд шалтгаалдаг бөгөөд энэхүү онцлог нөхцөл байдлыг минь харгалзан үзэж зээлийн хүү болох 9.155.718 /өсөн сая нэг зуун тавин таван мячга долоон зуун арван найм/ төгрөгөөс хөнгөлөлт үзүүлж 50%-ийг төлүүлэх, нэмэгдүүлсэн хүү болох 890.017 /найман зуун ерэн мянга арван долоо/ төгрөгийг хасч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаа нь улирлын чанартай, цаг уурын нөхцөл байдлаас шууд шалтгаалдаг онцлог нөхцөл байдлыг харгалзан хуримтлагдсан хүүг хөнгөлөх,  нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд хариуцагч нь гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчийн тавьсан болзолыг зөвшөөрч ипотекийн гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүрэн дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ХАС” ******* хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 45.188.91567 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгүүлэх хангуулах тухай шаардлага гаргажээ.

Хэргийг судлан үзвэл:   нэхэмжлэгч “ХАС” ******* “Далх бүрэн уул” ХХК-ний  хооронд 2015 оны 04 сарын 13-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулагдаж 80.000.000 төгрөгийг 19 сарын хугацаатай жилийн 32.4 хувийн хүүтэй зээлж,  зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр иргэн Х.Ганжид оролцжээ.

 

Тухайн өдрөө зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор Баталгаат ипотекийн гэрээ байгуулж “Далх бүрэн уул” ХХК-ны хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын нутагт Амарбаясгалант хийд ойролцоо байрлалтай үйлчилгээний зориулалтай барилга, газар  зэрэг хөрөнгийг  барьцаалсан байна. Мөн 2015 оны 04 сарын 14-ны өдөр “ХАС” ******* нь иргэн *******, ******* нартай батлан даалтын гэрээг тус тус байгуулжээ.

Дээрхи баримтуудаас үзвэл: Нэхэмжлэгч  “ХАС” *******, “Далх бүрэн уул” ХХКомпани хоёрын хооронд  зээлийн гэрээ байгуулагдсан байна. Харин *******, ******* нар нь батлан даалтын гэрээгээр “Далх бүрэн уул” ХХК-ний батлан даагч болжээ.

Батлан даалтын гэрээ нь батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрэв гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг буюу үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг хэлцэл юм.  Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бөгөөд зээлдэгч “Далх бүрэн уул” ХХК нь зээлийн гэрээний хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байгаа тохиолдолд түүний гүйцэтгэх үүргийг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т зааснаар батлан даагч нараас  шаардах эрх үүснэ.

 

Гэтэл  зээлийн гэрээний дагуу зээлдэгч  “Далх бүрэн уул” ХХК-аар зээлийг төлүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан, тухайн зээлдэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байгаа байдлыг нэхэмжлэгч ХАС ******* нотолж чадаагүй өөрөөр хэлбэл зээлдэгч “Далх бүрэн уул” ХХК-нд холбогдуулан  зээл төлөх талаар ямар арга хэмжээ авсан, гэрээнд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг тухайн компаний  барьцаа хөрөнгөөр хангуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авсан эсэх  нь тодорхойгүй байгаа бөгөөд зээлдэгчээс зээл төлүүлэх талаар шаардлага гаргаагүй атлаа  шууд батлан даагч нараас зээлийн гэрээний үүргийг төлүүлэхээр  нэхэмжилж байгаа нь  хуулийн үндэслэлгүй байна.   Учир нь батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөн хариуцлага хүлээдэг этгээд юм. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь үүргээ биелүүлэх чадахгүй нь илт тодорхой болсон тохиолдолд дараа нь батлан даагч нарт холбогдуулан шаардлага гаргах эрхтэй.

Мөн  нэхэмжлэгч “ХАС” ******* нь /“Далх бүрэн уул” ХХК-ний хөрөнгө болох үйлчилгээний зориулалт бүхий барилга, газар/  барьцаа хөрөнгийн өмчлөгч бус этгээд  болох батлан даагч нарт холбогдуулан  шаардлага гаргасан нь ойлгомжгүй  байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “ХАС” *******ны *******, ******* нарт холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж залдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар “давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны  дагуу хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 45 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-д зааснаар нэхэмжлэгч “ХАС” *******ны *******, ******* нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 45.188.91567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383.900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН