Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/199

 

 

 2023          6               06                                 2023/ШЦТ/199

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,  

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Н.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Н.О-т холбогдох эрүүгийн 2325000000208 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Н.О

Шүүгдэгч Н.О нь;

2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум _______ хохирогч А.Болорцэцэгтэй “зээлийн төлбөрийн үлдэгдэл 4500 төгрөгийг өгөхгүй” гэж маргалдан, улмаар баруун гарыг нь мушгиж, хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Н.О “...гэм буруугийн талаар маргаангүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч А.Б “...2023 оны 4 дугаар сарын 08-ны өдөр...Одбаяр миний ажилладаг “Дэлгэрэх” дэлгүүрт 15 цаг 30 минутын орчим согтуу орж ирээд дэлгүүрт тавьсан өр болох 24.500 төгрөгөөс 20.000 төгрөгийг өгчихөөд, “дахин зээл тавьж, пиво авч ууя” гэж хэлээд пивоны лангуу хэсэг рүү явсан. Тухайн үед бараа ирчихсэн байсан болохоор анзаараагүй байж байхад хоёр лаазтай “Ub hero” пиво авч байсан, тэгэхээр нь би “дахиж зээл өгөхгүй” гэхэд тоохгүй лангуунаас авсан хоёр пивотойгоо гарах гэж байхаар нь цамцнаас нь татаж, “авсан пиво үлдээгээд гар” гэж хэлээд хоёр пивийг нь авахад миний баруун гарыг мушгисан, тэгэхээр нь би тавихгүй гараа улам ахиулж барихад гарын шуу хэсгээс дөрвөн удаа хазчихаад гараад явчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Н.О яллагдагчаар өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчим гэрийнхээ урд талд байрлах “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрт тавьсан өрөө өгөх гэж орсон. Тэгээд би өөрийн тавьсан 13.500 төгрөгийн өрөө өгөх гэхэд худалдагч Болорцэцэг “чи манай дэлгүүрт 24.500 төгрөгийн өртэй юм байна, 24.500 төгрөг өг” гэсэн, би “яахаараа 24.500 төгрөгийн өртэй байдаг юм” гэж хэлсэн чинь “танай найз Болоржин чамаас ав” гэж хэлсэн гэхээр нь “тэгвэл би өгч чадахгүй” гэж хэлээд өөрт байсан 20.000 төгрөгийг буцааж халаасандаа хийгээд гарах гэхэд худалдагч Болорцэцэг миний цамцнаас татаад, надтай зууралдаад байхаар нь өөрт байсан 20.000 төгрөгөө өгсөн. “Үлдэгдэл мөнгөө өг” гэж хэлээд намайг тавихгүй байхаар нь эгч Болорчимэг рүү ярьж “би өрөө өгөх гэсэн чинь мөнгөгүй болчихлоо” гэж хэлээд утсаа тасалсан, тэгээд зогсож байхад Болорцэцэг надтай зууралдаад байхаар нь би Болорцэцэгийн гараас нь хазаж тавиулаад гэр лүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 313 дугаартай; “...1.С.Болорцэцэгийн биед баруун гарын бугуйн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.Баруун гарын бугуйн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

А.Б “...Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12 дугаар байрны “Дэлгэрэх” дэлгүүрт бусдад зодуулж гэмтсэн.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Н.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 32, 48 дахь тал/,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 34-36 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос болон Н.Одбаяраас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Н.О-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Н.О нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр  “Дэлгэрэх” хүнсний дэлгүүр дотор худалдагч, хохирогч А.Болорцэцэгтэй “зээлийн төлбөрийн үлдэгдэл 4500 төгрөгийг өгөхгүй” гэж маргалдан, улмаар баруун гарыг нь мушгиж, хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч А.Б“...Одбаярын цамцнаас татаж, “авсан пиво үлдээгээд гар” гэж хэлээд хоёр пивийг нь авахад миний баруун гарыг мушгисан, тэгэхээр нь би тавихгүй гараа улам ахиулж барихад гарын шуу хэсгээс дөрвөн удаа хазчихаад гараад явчихсан.” гэх,

Н.О өөрийнх нь өгсөн “...худалдагч Болорцэцэг надтай зууралдаад байхаар нь Болорцэцэгийн гараас нь хазаж тавиулаад гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлгүүдээр,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 313 дугаартай; “...С.Болорцэцэгийн биед баруун гарын бугуйн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

хохирогч А.Б “...Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12 дугаар байрны “Дэлгэрэх” дэлгүүрт бусдад зодуулж гэмтсэн.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Н.Одбаяр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.О, хохирогч А.Б эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, баруун гарыг нь мушгиж, хазаж, эрүүл мэндэд нь “баруун гарын бугуйн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хууль зүйн хувьд,

Шүүгдэгч Н.О хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Н.Одбаярын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Н.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Н.О-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Н.Одбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх шүүгдэгч Н.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нь тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

         шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.  

Шүүгдэгч Н.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.  

          Хохирогч А.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой баримт гаргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, хавтаст хэргийн 15 дахь талд авагдсан “...ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлгийг нь үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.О нь урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 256 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсныг нотлох шийтгэх тогтоолын хуулбар хэрэгт авагдсан байхад хяналтын прокурор Т.Д нь яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт “урьд ял шийтгэлгүй” гэж,

мөн шүүгдэгчийн ургийн овгийг “Мухардан” гэхийг “Мухартан” гэж бичиж алдаа гаргасныг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ