| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/03383/и |
| Дугаар | 102/ШШ2020/00245 |
| Огноо | 2020-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2020/00245
| 2020 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2020/00245 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ц.г
Хариуцагч: Э.Н
21,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Г, өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Н тай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хувийн сууц, газрыг 70.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Э.Н банкны зээлд хамрагдан зээл авч миний үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохирсон юм. Ингээд Төрийн банкнаас зээл авч миний дансанд 70.000.000 төгрөг шилжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ Э.Н ын нэр дээр шилжсэн. Тэгээд Э.Н банкнаас зээл авахдаа хүнээс 21.000.000 төгрөг хүүтэй зээлсэн тэр мөнгөө өгөх гэсийн гээд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 21.500.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдсэн. Бид хоёр ямар ч гэрээ хийлгүй би данснаас авч бэлнээр өгсөн. Гэтэл авсан цагаас хойш төлөх талаар ямар ч санаачлага гаргахгүй өдийг хүрсэн. Мөнгөө өгөхгүй болохоор нь 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бид хоёр төлбөр барагдуулах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Энэ гэрээгээр Э.Н 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 0000000000000000000000-ны өдрийн дотор гэрээний хавсралтад зааснаар төлөхөөр тохирсон боловч нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Э.Н аас 21.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Э.Н миний бие 2014 оны 11 дүгээр сараас 00 орших үл хөдлөх хөрөнгийг Ц.Г түүний нөхөр н.Баянмөнх нараас түрээслэн 6 нэрийн хүнсний дэлгүүр байдлаар ажиллуулан амьдарч эхэлсэн. 2015 оны 01 дүгээр сараас Ц.Г тухайн обеъктийг худалдана хэмээн хүмүүст үзүүлж эхэлсэн. Энэ байдлаас болж анх түрээслэхдээ оруулсан бараа таталтын болон түрээсийн төлбөр гэх мэт нийтдээ 10 орчим сая төгрөгөө эргүүлэн олж авч чадахааргүй нөхцөл байдал үүссэн тул хашаа байшинг худалдан авахаар шийдсэн. Ц.Гтэй үнэ тохиролцон 65.000.000 төгрөгөөр худалдан авахаар ярилцсан. Тухайн үед банкны урьдчилгаанд байршуулах мөнгө байгаагүй учир худалдах худалдан авах гэрээний үнийг 70.000.000 төгрөг болгон өсгөж бусдаас 21.000.000 төгрөг хүүтэй зээлэн банкны урьдчилгаанд байршуулж зээл гарсны дараа зээлсэн хүндээ тухайн 21.000.000 төгрөгийг буцааж төлөөд 49.000.000 төгрөгийг Ц.Гт өгч, анх ярилцсан 65.000.000 төгрөгнөөс үлдсэн зөрүү 16.000.000 төгрөгийг Ц.Г, н.Баянмөнх нарт цувуулан төлөхөөр ярилцаж тохирсон. Тохиролцсоны дагуу бусдаас хүүтэй зээлсэн 21.000.000 төгрөгийг тухайн хүнд нь буцаан төлж Ц.Гийн дансанд 49 сая орчим төгрөг үлдсэн. Ингээд би Төрийн банкинд сар бүр 1.410.000 төгрөг төлж эхэлсэн бөгөөд үүний хажуугаар Ц.Гт анх тохиролцсоны дагуу төлөх 16.000.000 төгрөгийг барагдуулахын тулд тухайн хашаанд байрлах өвлийн байшингаа тухайн үеийн ханшаар бусдад 250.000 төгрөгөөр түрээслүүлэх хэрэгтэй байна гэхэд тэд үлдэгдэл 16.000.000 төгрөгийг төлж дуустал байрыг 220.000 төгрөгөөр тооцон түрээс хэлбэрээр ээж, дүү нараа хуучин амьдарч байснаар нь үргэлжлүүлэн амьдруулж үлдэгдэл 16.000.000 төгрөгнөөс суутгаж хасах хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийнх нь дагуу бид тохиролцож ээж дүү нар нь одоог хүртэл амьдарсаар байгаа. Энэ хугацаанд дэлгүүрийн хажууд бөөний үнийн дэлгүүр нээгдсэнээр дэлгүүрийн ажил дампуурч банкны зээл болон Ц.Гт төлөх үлдэгдэл мөнгийг төлж чадаагүй. Тухайн байрыг худалдаж зээлээ төлөх гэсэн боловч анх худалдаж авсан үнэ 65.000.000 төгрөг байтугай 40.000.000 төгрөгөөр ч зарагдахгүй байсан. Сонирхож ирсэн хүмүүсийг эээ дүү нар нь хөөгөөд явуулчихдаг байсан учир сүүлдээ зар тавьж хүнд үзүүлэх боломжгүй болсон бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн н.Энхцэцэг, н.Баяраа нарт худалдахаар тохиролцож гэрээ хийсэн боловч тэднийг ирхэд хөөж явуулснаас гадна хашааны хаалга үүд түгжээд миний машиныг оруулахгүй байх эхнэр хүүхдүүдийг 00-д оруулахгүй гэх мэтээр урд талын байшиндаа амьдрахад улам хэцүү болсон. Аргагүй эрхэнд 2016 оны 07 дугаар сард нүүж одоог хүртэл түрээсийн байранд амьдарч байна. Энэ хүмүүс одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд сар бүрийн 220.000 төгрөг буюу 2015 оны 03 дугаар сарын 16-наас өнөөдрийг хүртэл 56 сарын түрээсийн төлбөр 12.320.000 төгрөгийн төлбөрийг төлүүлэх эсвэл үлдэгдэл гэх 16.000.000 төгрөгнөөс суутган төлүүлэх. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г хариуцагч Э.Н д холбогдох 21.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээхээр заасан тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт 21.500.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Зохигчийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хувийн сууц, газрыг 70.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч Э.Н Төрийн банкнаас зээл авч нэхэмжлэгчид үнийг төлсөн үйл баримт шүүхэд гаргасан нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, орон сууц, газар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдсон байна.
Хариуцагч Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа хүнээс хүүтэй мөнгө зээлж банкны урьдчилгаанд 21.000.000 төгрөг байршуулсан. 21.000.000 төгрөгийн хамт Төрийн банкнаас 49.000.000 төгрөгний зээл гарч нийт 70.000.000 төгрөг Ц.Гийн дансанд орсон. Бусдаас зээлсэн 21.000.000 төгрөгийг тухайн хүнд нь буцааж төлсөн, нэхэмжлэгчийн ээж дүү нар худалдсан хашаа байшиндаа өнөөдрийг хүртэл түрээслэн амьдарч байгаа тул түрээсийн төлбөр 12.320.000 төгрөгийг хасаж тооцно. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар ирүүлсэн боловч бусдаас авсан зээлээ төлөх зорилгоор нэхэмжлэгчээс 21.500.000 төгрөг авч зээлээ төлж, хоёр тал тохиролцон 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж 21.500.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 0000000000000000000000-ний дотор гэрээний хавсралтад заасан хугацаа, хувиарийн дагуу хэсэгчлэн төлж дуусгахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй, худалдсан хашаа байшинд ээж дүү нар нь амьдарч байгаа тул түрээсийн төлбөр 12.320.000 төгрөгийг хасаж тооцоно гэсэн тайлбарыг нотолсон баримтгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан өөрийн татгалзалын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул түүний тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Зээлдэгч Э.Н зээлийг 0000000000000000000000-ны дотор гэрээний хавсралтад заасан хугацаа хувиарийн дагуу хэсэгчлэн төлж дуусгах, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ тус тус биелүүлээгүй, тохирсон хугацаанд мөнгөө төлөөгүй буруутай байна.
Иймд хариуцагч Э.Н аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 21.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Гт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Н аас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагч Э.Н д энэ өдрийн шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Н аас 21.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Гт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Н аас 265.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА