| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/00232/и |
| Дугаар | 102/ШШ2019/00670 |
| Огноо | 2020-03-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2019/00670
| 2020 оны 03 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2020/00670 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Ш
Хариуцагч: Э.Б
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Ш, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 онд Э.Бтай танилцаж, 2013 оноос хамтран амьдарсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй. Охин Б.А 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн. Хамт амьдрах хугацаанд зан харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж маргалдан 2017 оны 12 дугаар сараас тус тусдаа амьдрах болсон. Энэ үеэс хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч ирсэн. Цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Б.Ад хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2013 оноос хамт амьдарсан. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.А төрсөн. Миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ш нь хариуцагч Э.Бд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Х.Ш, Э.Б нар 2012 онд танилцаж, 2013 онд хамтран амьдарч, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.А төрсөн байна.
Зохигч таарамжгүй байдлын улмаас 2017 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч, талууд цаашид хамтран амьдрахгүй гэж тайлбарлан нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасанг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч Э.Бгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б.А-г 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл эцэг Э.Бгаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хэдийгээр хүүхэд эхийн асрамжид байгаа боловч эцэг Э.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Шд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б.А-г 11 нас хүртэл тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Э.Бгаар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Шд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
.