Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/00685

 

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/00685

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Ж

Хариуцагч: Л ХХК.

Дархан уул аймаг Дархан сум 11 дүгээр баг Ласти таун 144 айлын орон сууцны 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Ж, хариуцагч Л ХХКийн захирал Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Ж миний бие Л ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдөр №49 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж Дархан уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байршилтай Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны А блокны 71,46 мкв тайлбайтай 3 өрөө байрыг 71.460.000 төгрөгөөр бариулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Захиалагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр барилгын үнэд 30.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр барилгын үнэд 29.850.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр барилгын үнэд 20.000.000 төгрөг нийт 71.460.000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд Л ХХК нь удахгүй орон сууц ашиглалтанд орно, орон сууц ашиглалтанд оронгуут үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгнө гэсэн хариу өгдөг байсан. Ийнхүү байрны үнийг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлж дуусгасан тул Л ХХК нь надтай байгуулсан гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд шилжүүлэх ёстой байсан. Гэтэл бидний хооронд байгуулагдсан гэрээний 3.6-д зааснаар байрыг акт үйлдэн хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй өгөх үүргээ Л ХХК зөрчсөн. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны 10 а байрны 6 давхарын 22 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Авто зогсоолтой холбоотой нэхэмжлэлээ тусд нь шийдвэрлүүлэх юм гэв.

Хариуцагч Л ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар захирал Т.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л ХХК нь Дархан уул аймагт Ласти таун 144 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан байсан. Миний бие Л ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож шилжүүлэн авсан юм. Өмнөх компаний хувьцаа эзэмшигч байсан А.Л уулзаж Л ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. Гэтэл А.Л нь Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгэлгүй Хятад улс руу 2018 оны 03 дугаар сард яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш А.Л нэг ч удаа уулзаагүй, холбоо бариагүй. Дархан уул аймагт баригдсан 144 айлын орон сууц эд хөрөнгийг шүүхийн захирамжаар битүүмжилсэн байгаа. Тус компани нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй, төлбөр хөрөнгийн маргааны асуудлаар шүүхийн шатанд шалгагдаж байгаа. Санхүүгийн бичиг баримтыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй. Нэхэмжлэгч Ч.Ж нь Дархан уул аймаг Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 10 дугаар байр А блокны 22 тоот орон сууцны төлбөрийг Л ХХК-ийн ХХБ дахь 464004610 дансанд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 30.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 29.850.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөг нийт 79.850.000 төгрөг тушаасан гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ч.Ж нь хариуцагч Л ХХК-нд холбогдох Дархан уул аймаг Дархан сум 11 дүгээр баг Ласти таун тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Ч.Ж нь хариуцагч Л ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 049 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч нь Дархан уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны барилгыг барьж ашиглалтанд оруулах, захиалагч тус байрны А блокны 71.46 мкв талбай бүхий 3 өрөө байрыг захиалж байрны үнэ 71.460.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч, хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнийн дүнд маргаангүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Зохигч гэрээний 2.1, 2.4-т зааснаар захиалагчийн сонгон захиалсан байрны нийт үнэ 71.460.000 төгрөг, захиалагч байрны үнийг гүйцэтгэгчийн Худалдаа хөгжлийн банкны 000000000000 тоот дансанд шилжүүлэхээр тохирч захиалагч Ч.Ж 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 30.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 29.850.000 төгрөг нийт 79.850.000 төгрөгийг гэрээнд заасан Л ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 000000000000000000 тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч ажил гүйцэтгэгч Л ХХК нь гэрээний 3.5, 3.6, 5.1-д заасан улсын комисс орон сууцыг байнгын ашиглалтанд хүлээн авч, акт үйлдсэн тохиолдолд гүйцэтгэгч нь энэ тухай захиалагчийн гэрээнд бичүүлсэн цахим хаяг, эсхүл утсаар мэдэгдэх, барилгыг улсын комисс хүлээн авсаны дараа захиалсан байрныхаа төлбөрийг 100 хувь төлсөн захиалагчид байрыг акт үйлдэн хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй өгөх, гүйцэтгэгч нь түлхүүр хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байрыг захиалагчид актаар хүлээлгэн өгнө гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Нэхэмжлэгч Ч.Ж нь хариуцагч Л ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 0000 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр захиалсан Дархан уул аймаг Дархан сум 3 өрөө орон сууцны үнийг 100 хувь төлж байрыг өмчлөх эрхтэй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515.250 төгрөгний 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-наас 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 445.050 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Жд тус тус олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Л ХХК-нд холбогдох хэрэгт нэхэмжлэгч Ч.Жг Дархан уул аймаг Дархан сум орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515.250 төгрөгний 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-наас 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 445.050 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Жд тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА