Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/00428

 

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/00428

Улаанбаатар хот

МОНГОЛ НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК.

Хариуцагч: Т.Б

Хариуцагч: Г.Л

Гэрээний үүргийн биелэлт, зардалд 7.662.821 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Т.Б, Г.Л нар 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1090017092 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Тэдний хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн зээлийн үлдэгдэл 4.442.287.51 төгрөгийг үндсэн гэрээнд заагдсан 2017 оны 08 дугаар сарын 06-наар биш 2018 оны 12 дугаар сарын 31-нээс дуусгавар болгохоор сунгасан. Зээлдэгч гэрээний 3.2.1-т зааснаар үндсэн зээл, хүүг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Хариуцагч Т.Б, Г.Л нартай Эвлэрлүүлэн зуучлалаар орсон боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Хариуцагчийн хүсэлтээр хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх боломжгүй. Иймд хариуцагч Т.Б, Г.Л нараас үндсэн зээл 3.974.614 төгрөг, хүү 3.197.750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 490.457 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг нийт 7.692.821 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж групп тогтоолгосон. Хөдөлмөр эрхлээгүй байгаа тул 7.692.821 төгрөгийн хүү, алдангийг багасгаж өгнө үү. Үндсэн зээл 3.974.614 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын дотор цувуулж төлөх саналтай байна гэв.

Хариуцагч Г.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийг Т.Б нь 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр банкнаас авсан. Тухайн үед бид гэр бүл салсан тусдаа амьдарч байсан. Т.Бгийн гуйлтын дагуу очиж зээлийн батлан даагч болсон. Бид хоёр 2012 оноос хойш тусдаа амьдарч байсан. Т.Б группт орсон, түүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалж шүүхээр орж гэр бүл салах боломжгүй байдаг. Иймд хэрэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Т.Б, Г.Л нарт холбогдох гэрээний үүргийн биелэлт, зардалд 7.692.821 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 7.000.000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдэж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн зээлийн үлдэгдэл 4.730.192.72 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцсон болох нь зээл, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, шүүх хуралдаант тайлбарласан зохигчийн тайлбар гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч ХХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд үндсэн зээл 3.974.614 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх хүсэлт гаргасан, хариуцагч Г.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа Т.Бгийн гуйлтаар зээлийн батлан даагч болсон, бид хамт амьдардаггүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч хариуцагч нар зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг баталгаажуулж гарын үсэг зурсан, гэрээний 3.1.5-д зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк зээлдэгч, хамтран зээлдэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй, 3.2.1-т зээл хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй, 4.1, 4.2-т үндсэн төлбөр, хүү төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлөхөөр тохирсон байх тул хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хариуцагчийг чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Т.Б, Г.Л нараас гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 3.974.614 төгрөг, хүү 3.197.750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 490.457 төгрөг нийт 7.662.821 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эвлэрүүлэн зуучлалд өрөгдөл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг гаргуулах шаардлагыг зайлшгүй гарах зардалд тооцох үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тал эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэн шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зохицуулах ажиллагаанд өөрийн хүсэлтээр өргөдөл гаргаж, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн байдлыг зайлшгүй гарах зардалд тооцон хариуцагчаас гаргуулах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч Г.Л өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Т.Б, Г.Л нараас 7.662.821 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-нд олгож, үлдэх 30.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.036 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, Г.Л нараас 137.555 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА