| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 221/2021/0028/З |
| Дугаар | 221/ШШ2022/0007 |
| Огноо | 2022-03-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 221/ШШ2022/0007
Д.Нын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н,
Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, иргэдийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нар оролцов.
Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Н нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор: “Д.Н нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн буруутайд тооцож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т зааснаар Д.Нын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэж” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Өмгөөлөгч Д.Н би Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд 10 жил шүүгчийн туслахаар ажиллаж байсан бөгөөд 2015 онд Өмнөговь аймагт шүүгчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэж байсан. 2015 оны 07 дугаар сард өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхээ авч одоог хүртэл Архангай аймагт өмгөөлөгчөөр ажиллахдаа хууль дээдэлж, шударга ёсыг сахисаар ирсэн.
4.1. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 129 дугаартай шийтгэврийн тухайд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлт гаргагч Б.Оы хүсэлттэй иргэний хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд хуралдааны даргалагчид “шүүгчийн туслах хүсэлт гаргагчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй тул хүсэлт гаргагчийг хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай, учир нь хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд хүсэлт гаргагчийн эрх ашиг хохирох магадлалтай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан боловч даргалагчаас шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн эзгүйд шийдвэрлэсэн. Миний хувьд туслахын буруутай үйл ажиллаганаас болж миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хохирох гээд байсан тул хуульд заасан хүсэлтүүдийг тус шүүх хуралдаанд гаргасан байхад шүүгч 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 129 дугаартай шийтгэврээр надад торгуулийн арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байсан бөгөөд уг шийтгэвэр нь одоо хүртэл биелэгдээгүй, шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдээгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөрчлийн хэрэг нээгдээгүй, торгуулийн хуудас бичигдээгүй болно.
4.2. 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 129 дугаартай шийтгэврийн тухайд 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагт болох шүүх хуралдааны товыг өмгөөлөгч Д.Н надад мэдэгдсэн боловч миний үйлчлүүлэгч Г.М-А өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцъё гэсэн бөгөөд өмгөөлөгчөөс татгалзсан хүсэлтээ бичгээр үйлдээд шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл шүүх хуралдаанд хүсэлт өгөөгүй байсан. Нэхэмжлэгч өмгөөлөгчөөс татгалзсан хүсэлтээ шүүхэд өгөөгүй байхад асуудлыг шалгаагүй байж шүүгч Д.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэсэн үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авсан нь ойлгомжгүй, үндэслэлгүй байсан, мөн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129 дугаартай шийтгэвэрт шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдээгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөрчлийн хэрэг нээгдээгүй, торгуулийн хуудас бичигдээгүй, харин 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 93 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хассан байна.
4.3. Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 1912003680215 дугаартай тогтоолын хувьд тус тогтоол нь тус газрын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болсон.
4.4. Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 1912002570353 дугаартай тогтоолын хувьд уг тогтоолд дурдсанаар өмгөөлөгч Д.Н би тус хэргийг үйлдээгүй бөгөөд төрсөн ах Д.Э-ы эхнэр байсан М.Тын “өргөдөл бичээд өг” гэсэн гуйлтын дагуу өргөдөл бичиж өгч тус болсон. Гэтэл М.Т нь архиваас өгсөн баримтуудаа өөр хүний баримт гэдгийг өөрөө мэдээгүй байсан бөгөөд тус баримт нь буруу байсан байна гэж зөвтгөөд шүүхэд өгөхөд шүүгч Д.Б цагдаагийн байгууллагад хандсан байсан. Өмнө шийдүүлсэн баримтуудаа буруу байна, зөвтгөе гэж хандахад М.Тыг гэмт хэрэгтэн болгож, мөн намайг оролцуулсан. Тус хэрэг нь мөрдөн байаалтын шатанд байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүнийг гэм буруутайд тооцохгүй гэдгийг мэдсээр байж өмгөөлөгч В.У нь тус баримтуудыг зориудаар өрсөлдөгч өмгөөлөгч Д.Н миний эрхийг хасуулах хүсэлт өвөрлөн Өмгөөлөгчдийн Мэргэжлийн хариуцлагын хороонд явуулж Өмгөөлөгчдийн Мэргэжлийн хариуцлагын хороог өөрийн өрсөлдөгчөө унагах зэвсэг болгон ашиглаж байгаад үнэхээр харамсалтай байна. Тус өмгөөлөгч нь өмнө нь миний үйлчлүүлэгч нарт “А.Ц, Ж.Ц” миний эсрэг нууцаар худал зөвлөгөө өгч Хуульчдын холбоонд явуулж байсан. Мөн одоо Д.Н өмгөөлөгчийн эрх түдгэлзсэн, өмгөөлөх эрхгүй гэсэн цуу яриаг н.Э гэх өмгөөлөгчийн хамт хүмүүст хүргэж төөрөгдүүлж байгааг хүмүүс хэлдэг.
4.5. Архангай аймгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд намайг гүтгэж тайлбар өгсөн. Миний бие иог бясалгалаар хичээллэдэг бөгөөд бусадтай аль болох эв найртай, хүндэтгэлтэй, зарчимч байдлаар харьцдаг. Гэтэл энэ туслахтай шүүхэд таараад “юун үндэслэлгүй баахан худлаа миний эсрэг талбар гаргасан” талаар асуухад “Д.Н өмгөөлөгчөө уучлаарай, шүүх намайг томилохоор нь шүүгчийн хэлснээр аргагүй байдлын улмаас хэлсэн шүү” гэж хэлсэн. Маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд миний талаар худлаа тайлбар гаргасан байсан. Өмнө нь мөн Хуульчдын холбоонд шүүгч Д.Б хувийн зорилгоор гүтгэлгийн шинжтэй мэдүүлэг өгүүлж байсан бөгөөд Хуульчдын холбооноос гомдлуудыг шалгаж үндэслэлгүй тул маргаан үүсгэхээс татгалзаж шийдвэрлэж байсан. Гүтгэлгийн шинжтэй гомдолдоо дахин Өмгөөлөгчдийн холбоонд гаргасан байна. Гүтгэлгийн гомдлыг нь Өмгөөлөгчдийн холбоо нягтлан шалгахгүйгээр худлаа тайлбар өгсөн туслах гэх Э.Эгийн тайлбараар миний амьдралын асуудлыг шийдэж байгаа нь маш гайхалтай.
4.6. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос өмгөөлөгч Д.Н надад гомдолтой холбогдуулан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэг болон гомдолтой холбогдуулан өгсөн нотлох баримтуудыг танилцуулаагүй болно.
4.7. Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай хуралдааны тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хариу тайлбартаа: “... Архангай аймгийн шүүхийн Тамгын газраас 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өмгөөлөгчдийн холбоонд “... Д.Н өмгөөлөгч нь шүүх хуралдааны дэг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирэхгүй байх, шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнуудыг загнах зэрэг ёс зүйгүй үйлдлийг гаргаж байх тул өмгөөлөгч Д.Нд өмгөөллийн үйл ажиллагаа хууль, хэрэгжүүлэхийг өмгөөллийн удирдах байгууллага ажилтны зүгээс анхааруулж сануулна уу” гэх гомдлыг ирүүлсэн.
5.1. Уг гомдлын дагуу хянан шалгах ажиллагааг Мэргэжлийн хариуцлагын хорооноос хууль болон журмын хүрээнд явуулсан бөгөөд гомдолд холбогдох нотлох баримтуудыг Архангай аймгийн шүүхийн Тамгын газраас ирүүлсэн байх бөгөөд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд тус шүүхийн захиргааны ажилтан шүүгчийн туслах Э.Эг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэл олгосон байдаг.
5.2. Архангай аймгийн шүүхийн Тамгын газраас өмгөөлөгч Д.Нд холбогдох гомдолд нотлох баримтаар Б.Оы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд шийтгэврээр хариуцлага хүлээлгэсэн тухай баримт, эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Д.Ныг яллагдагчаар татсан Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол болон 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол зэрэг нэмэлт нотлох баримтуудыг хуулбарлан ирүүлсэн.
5.3. Гомдол гаргагчийн гомдлын үндэслэлд дурдсан “Архангай аймгийн шүүхийн захиргааны ажилтан Э.Эгийн үгэнд тус хорооны гишүүд хөтлөгдөн дүгнэлт гаргасан нь өрөөсгөл” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд ёс зүйн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Э.Э нь гомдол гаргагчийг төлөөлөн гомдлын үндэслэлийг хуралдаанд тайлбарласан, өөрийн хувийн байр суурийг илэрхийлээгүй гэж үзэж байна.
5.4. Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд өмгөөлөгч Д.Н нь өөрийн биеэр оролцоогүй, маргаан хянан шийдвэрлэх журамд тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй ба энэ нь маргааны материалд цугларсан баримтуудаар нотлогдоно.
5.5. Өмгөөлөгч Д.Нын гаргасан гомдол нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Э.Эд холбогдуулан хувийн шинжтэй тайлбарыг дурдсан байгаа нь өөрийн ёс зүйн зөрчилд холбогдох шалтгаан, үндэслэлийн талаар огт дурдаагүй байна гэж үзэхээр байна. Иймд гомдол гаргагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
6. Иргэдийн төлөөлөгч Б.Э “Д.Н өмгөөлөгч нь хуулийн тайлбар гомдол байхгүй ховын чанартай зүйлээр хэрэгт холбоогүй тайлбар тавьж өөрийгөө буруугүйг тодорхойлж чадахгүй байна. Иймээс өмгөөлөгчдийн холбооны ёс зүйн хорооны гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг харгалзан Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлийг хянахад тогтоол үндэслэлтэй байх тул Д.Нын нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Д.Н нь “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2.2. Маргаан бүхий 15 дугаар тогтоолоор “Д.Н нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн, тодруулбал тэрээр шүүх, шүүхийн захиргааны ажилтнуудтай ёс зүйгүй харьцаж, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх, шүүх хуралдаанд мэргэжлийн өндөр ёс зүйтэй оролцох, бусадтай хүндэтгэлтэй харьцах мэргэжлийн наад захын хэм хэмжээг зөрчсөн болох нь холбогдох баримтуудаар нотлогдсон” гэж үзээд түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаатайгаар түдгэлзүүлсэн байна.
2.2.1. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.5-д тус тус зааснаар өмгөөллийн үйл ажиллагаанд хууль дээдлэх, шударга ёсыг сахих, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах зарчмыг баримталж ажиллахаар хуульчилсан, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Өмгөөлөгч нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа чин сэтгэлээсээ хандах бөгөөд хүчин чармайлт гаргаж, шуурхай, зохион байгуулалттай ажиллана”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хууль болон энэ дүрэмд заасан үүрэг, шаардлагыг зөрчсөн өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцно” гэж тус тус заажээ.
2.2.2. Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газраас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Архангай аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаартай “Өмгөөлөгч Д.Н нь шүүх хуралдааны дэг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирэхгүй байх, шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнуудыг загнах зэрэг ёс зүйгүй үйлдлүүдийг гаргаж байх тул өмгөөлөгч Д.Нд өмгөөллийн үйл ажиллагаагаа хууль, журмын дагуу хуульч, өмгөөлөгчийн ёс зүйг баримталж хэрэгжүүлэхийг өмгөөллийн удирдах байгууллага, ажилтны зүгээс анхааруулж сануулна уу” гэх албан бичгийг, Архангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлөөс Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай “... гомдол, асуудлуудыг шалгаж, арга хэмжээ авч өгнө үү” гэх албан бичгийг тус тус ирүүлсэн байна.
2.2.3. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл “... Б.Оы хүсэлттэй иргэний хэрэгт даргалагчаас шүүх хуралдааны дэг зөрчсөн гэх үндэслэлээр хүсэлт гаргагчийн өмгөөлөгч /Д.Н/-ийг шүүх хуралдааны танхимаас гаргасан”, мөн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай шийтгэврээр “Д.Нд шүүх хуралдааны дэг зөрчсөн гэх үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” бөгөөд Д.Н нь энэхүү шийтгэврийг эс зөвшөөрч хууль журмын дагуу маргаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд зохих журмын дагуу засвар оруулахаар санал гаргаагүй, шүүх хуралдаанд “... Б.Оы хэрэг аятайхан шийдэгдсэн тул гомдол гаргаагүй, торгох шийтгэл биелэгдээгүй” гэж тайлбарлах ч 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөг “торгуулийн орлого” гэж түүний нэрээр төлөгдсөн, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 954 дүгээр захирамжаар “... Нэхэмжлэгч Г.Мэнд-Амарын өмгөөлөгч Д.Нд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн өдөр 300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч мэдсэн атлаа уг шийтгэврийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй, уг шийтгэлийг төлөөгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлж байна. Эдгээр үйл баримтаас үзвэл Д.Н нь товлогдсон шүүх хуралдаанд оролцож мэргэжлийн үйл ажиллагаандаа чин сэтгэлээсээ хандаж, хүчин чармайлт гаргах, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны дэгийг зөрчсөн гэх зөрчлүүдийг үгүйсгэж маргаагүй байна.
2.2.4. Мөн хариуцагч “Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журам”-ын 14.2-т зааснаар өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэхдээ түүний гаргасан зөрчил, түүний шинж, үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх бөгөөд 31.2-т зааснаар өмгөөлөгч энэ журамд заасан хугацаанд тайлбар, гаргаагүй бол гомдлыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор заасан байна.
2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгчтэй удаа дараа холбогдож эрх, үүрэгтэй танилцах, шалгалтын ажиллагаанд оролцох, нотлох баримт, тайлбар ирүүлэх талаар мэдэгдсэн, өмгөөлөгч нь Архангай аймагт оршин суудаг тул би очиж танилцуулах боломжгүй, шуудангаар явуулж байсан, өөрөө баримтуудаа баталгаажуулж буцаан ирүүлээгүй, шалгалтын хугацаанд ирээд танилцах, эсхүл баримтаа явуулах хангалттай хугацаа байсан” гэж тайлбарлах бөгөөд энэхүү тайлбар нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчтэй холбогдож “гомдлыг шуудангаар явуулахаар болсон” гэх утсаар ярьсан тэмдэглэл, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “...маргаан үүсгэн шалгаж шийдвэрлэх болсныг мэдэгдэж маргаан үүсгэх тогтоол, эрх, үүрэг танилцуулах тэмдэглэлийг Д.Нд гэх хаягаар илгээж, Д.Нд утсаар холбогдож мэдэгдсэн талаар” үйлдсэн баримт, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “... Д.Нд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зөрчлийн дүгнэлтийг илгээсэн талаарх” тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Д.Нын өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хувийн дугаарыг дээрх зөрчлийн дүгнэлтэд дурджээ.
2.3.1 Мөн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Д.Нын “... Коронавирусын хавьтагч болсон тул хуралдаанд биечлэн оролцохоор хойшлуулах”, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “... биеийн эрүүл мэндийн байдлын улмаас хуралдаанд оролцох боломжгүй тул хойшлуулах” хүсэлтүүдийг гаргасныг хүлээн авч хуралдааныг хойшлуулж, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны товыг мэдэгдэхэд Д.Наас “... тухайн үеийн байдлаар амжих амжихгүйгээ хэлье, амжихгүй бол хүсэлтээ явуулна” гэх тайлбарыг хийсэн, уг тэмдэглэлд “... хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тухай хүсэлтээ бичгээр гаргаж болно, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүйг мэдэгдье” гэсэн ч хуралдаанд ирээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй байна.
2.3.2 Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн “... миний эрх зүйн байдлыг тогтоогоогүй, ... маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, үүрэг болон гомдолтой холбогдуулан өгсөн нотлох баримтуудыг танилцуулаагүй, ажиллагаанд оролцуулаагүй” гэх тайлбарыг хүлээн авч маргаан бүхий 15 дугаартай тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчид гомдол, маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой баримтуудыг танилцуулж, илгээсэн, нэхэмжлэгчээс тайлбар, баримтаа ирүүлээгүй, маргааныг хянан шалгахтай холбоотой хүсэлт гаргаагүй, хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг эзгүйд маргааныг шийдвэрлэсэн, хариуцагчаас нэхэмжлэгчийг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй, дээрх үйл баримтыг нэхэмжлэгчээс үгүйсгэж маргаагүй бөгөөд энэ эрхээ эдлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.
2.3.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь эрх зүйн мэргэжлийн боловсрол эзэмшсэн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхтэй мэргэшсэн хүний хувьд аливаа гомдол, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх харилцааг мэдэж, түүнд хэрхэн оролцох, өөрт хуулиар олгогдсон эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар бусад иргэдээс илүү мэдлэгтэй тул ийнхүү тайлбарлан маргаж байгаа нь хуульчийн ёс зүйд нийцэхгүй.
3. Товчхондоо хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаар нэхэмжлэгч нь Өмгөөллийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй, ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй гэх үйл баримт баттай тогтоогдохгүй байх бөгөөд иргэдийн төлөөлөгчийн “Д.Н өмгөөлөгч нь хуулийн тайлбар гомдол байхгүй ховын чанартай зүйлээр хэрэгт холбоогүй тайлбар тавьж өөрийгөө буруугүйг тодорхойлж чадахгүй байна. Иймээс Өмгөөлөгчдийн холбооны ёс зүйн хорооны гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.
4. Иймд маргаан бүхий тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн өмгөөлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ”, 31.3.2-т “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус заасантай нийцсэн, уг тогтоолыг хүчингүй болгох хууль үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3.2-т тус тус заасныг баримтлан Д.Наас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ с.мөнхжаргал
ШҮҮГЧ н.хонинхүү