| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2025/0285/З |
| Дугаар | 221/МА2025/0571 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0571
С.Дийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0413 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч С.Д
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Д
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0413 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн С.Доос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Үүнд:
2.1. Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй эсэх, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаа өнгөрсөн эсэх талаар огт маргаагүй.
2.2. Харин хяналт шалгалтын удирдамжийн 4.1 дэх заалт болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 11.1-д “Хяналт шалгалтын дүнг тухайн хяналт шалгалтыг хийж дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан улсын ерөнхий байцаагч, хяналт шалгалтын нэгжийн даргад энэ журмын 13.1- д заасан илтгэх хуудсаар танилцуулна” гэж зааснаар шалгалтын дүнг 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор улсын ерөнхий байцаагчид танилцуулах байсан бөгөөд уг хугацаандаа танилцуулагдаж, тухайн үед ажиллаж байсан улсын ерөнхий байцаагч ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргалгүйгээр хяналт шалгалтын үйл ажиллагааг дуусгасан.
2.3. Учир нь “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 11.6-д “Хяналт шалгалтын дүнтэй холбогдуулан холбогдох этгээдэд энэ журмын 15, 16- д заасан улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллана” гэж зааснаар зөрчлийг арилгуулахаар хүргүүлж буй шаардлага нь хяналт шалгалтын дүнтэй холбогдон гарахаар байх бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 46 дугаартай албан шаардлагыг хяналтын улсын ахлах байцаагч Б.Э гаргасан нь шалгалтын дүнг удирдамжид заасан хугацаанд улсын ерөнхий байцаагчид танилцуулсан болохыг нотолж байна. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 46 дугаартай албан шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар илтгэх хуудас бичигдсэн.
2.4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 18.5-д заасны дагуу Засгийн газраас эрх олгогдсон өмнөх улсын ерөнхий байцаагч нэгэнт шийдвэр гаргасан асуудлаар, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт хэрэгжүүлэх эрхгүй, улсын ерөнхий байцаагчийн эрх олгогдоогүй даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч дахин шийдвэр гаргаж, маргаан бүхий актын үндэслэл болгосон 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн илтгэх хуудсыг хүчин төгөлдөр эр зүйн акт гэж үзэх эсэх талаар маргасан.
2.5. Мөн Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж шалган тогтоох эрхтэй ч шалгалтын үйг ажиллагааны хэлбэр, хугацааны талаар тус журмаар нарийвчлан зохицуулсан хариуцагчаас яагаад шалгалтын үйл ажиллагаа уг журамд заасны дагуу явагдаагүй талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж чадаагүй.
2.6. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.4.4-т зааснаар шалгагч этгээд нь сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийн хувьд заавал “гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох” ёстой. Ийнхүү тогтоосноор тус журмын 6.1-д “албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулна” гэж заасан үндэслэл бүрдсэн эсэх нь буюу уг журмын 3.4-т заасан сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарах тохиолдол үүссэн эсэх нь нотлогдох ёстой байсан.
2.7. Маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13. 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг тус тус үндэслэл болгон “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэсэн байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ”, 55.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална” гэж тус заасан.
2.8. Нэхэмжлэгч С.Дийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ маш сайн хэрэгжүүлсэн гэж 2023, 2024 онд үнэлж байсан мөртлөө, маргаан бүхий актаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчилтэй, хууль бус шийдвэр болсон.
2.9. Мөн маргаан бүхий актад Хөдөлмөрийн дотоод журмын 10.1, 10.9, 10.10.11 дэх заалтуудыг үндэслэл болгосон бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 10.10 дахь заалтад ноцтой зөрчлүүдийг нэрлэн заагаад 10.10.11-т сахилгын зөрчил давтан гаргасан тохиолдолд халах сахилгын шийтгэл ногдуулахаар нарийвчлан заажээ.
2.10. Нэхэмжлэгч С.Дийн тухайд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/572 дугаар тушаалаар ёс зүйн хариуцлага хүлээсэн, сахилгын зөрчил давтан гаргасан үйлдэл байхгүй буюу халах сахилгын шийтгэл хүлээх хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй. Ёс зүйн зөрчил нь сахилгын зөрчлөөс тусдаа ойлголт болох нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд ялган зохицуулснаас харагдаж байна.
2.11. Анхан шатны шүүх “иргэний улсын 15 төрлийн бүртгэл тус бүрийн мэдээлэл нь дээрх бүртгэлд хамаарна” гэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь иргэний улсын бүртгэлийн төрөлд хамаарах бүртгэл хийгээгүй, дутуу мэдээллийг нөхөж бүртгэсэн үйлдэл байхгүй бөгөөд зөвхөн нэгэнт бүртгэгдсэн бүртгэлийн мэдээллийг цахимжуулахад алдаа гарсан.
2.12. Сахилгын шийтгэл ногдуулахдаа харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар зэрэг олон нөхцөл байдал, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр журмаар зохицуулсан байхад иргэний улсын бүртгэлийн төрөлд хамаарахгүй, техникийн шинжтэй, иргэний болон улсын бүртгэлийн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөгүй, эрх зүйн үр дагаваргүй, нэгэнт арилсан зөрчлийг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
2.13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл болон тайлбарт дурдагдсан дээрх хууль тогтоомжуудад нийцээгүй захиргааны актыг хэвээр үлдээсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0413 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх үйл баримтыг буруу үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч С.Доос “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
3. Маргаан бүхий Б/72 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Дийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, энэ нь дотоод хяналт шалгалт болон өөрийнх нь гаргасан тайлбараар тогтоогдсон гэж үзэж, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
4. Анхан шатны шүүх “... шалгалтын явцад илэрсэн зөрчилд үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг зөрчсөн С.Дид хариуцагч мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь сонгох боломжийг зөв хэрэглэсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Маргаан бүхий актад дотоод хяналт шалгалт болон өөрийнх нь гаргасан тайлбараар “удаа дараа” албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэгчийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар тогтоосон зөрчилд арга хэмжээ авсан гэж үзэхээр байна.
Уг шалгалтын илтгэх хуудсаар нэхэмжлэгч С.Дийг “... 2023 оноос 2024 оны 9 сар хүртэл 9 удаагийн зөрчил гаргасан” гэж /хүснэгтээр хүн тус бүрээр харуулахдаа н.Төгсчимэг, н.Солонго гэх 2 хүнийхийг давхардсан/ тогтоосон, хариуцагч нь үүнийг 9 удаагийн зөрчил, үүнээс 7 удаагийнх нь хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзээд, үлдэх 2 хүний цахим бүртгэлд мэдээллийг алдаатай бүртгэсэн үйлдлийг нь “удаа дараа” албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ.
6. Гэтэл уг шалгалтын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаар албан шаардлагаар “...нэр бүхий улсын бүртгэгч нарын гаргасан зөрчлийг арилгаж, хууль, журам зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгох ... шалгалтаар илэрсэн алдаа, зөрчлийг цаашид дахин гаргахгүй байх, ... улсын бүртгэгч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ... урьдчилан сэргийлэх арга хэмжээг удирдлагын түвшинд зохион байгуулах, ... шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх илтгэх хуудсыг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг шаардсан.
Үүний дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс уг шаардлагын дагуу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх илтгэх хуудсыг үйлдэн хүргүүлснээс үзэхэд нэхэмжлэгч С.Д нь гаргасан зөрчлөө тухайн үед арилгасан болох нь тогтоогдож байна.
7. Мөн тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь тухайн хяналт шалгалтын илтгэх хуудас, албан шаардлагын дагуу улсын бүртгэгч нарт хариуцлага тооцохтой холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2024 оны жилийн эцсийн байдлаар үнэлж дүгнэсэн үед ч тухайн асуудлаар хариуцлага тооцоогүй, 88,8 оноогоор үнэлэгдсэн байна.
8. Үүнээс хойш нэхэмжлэгч нь ямар нэгэн алдаа зөрчил гаргалгүй ажиллаж байхад нь илтгэх хуудас гарснаас хойш 4 сарын дараа 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргаж, “2 хүний иргэний бүртгэлийн мэдээллийг цахим мэдээллийн санд алдаатай бүртгэсэн” зөрчилд буруутган “халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т заасны дагуу Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна.” гэж заасанд нийцээгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, дээрх журмын дагуу нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтаар илрүүлсэн “... 2024 оны 01, 02 дугаар сард иргэний бүртгэлийн цахим мэдээллийг алдаатай оруулж чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасныг төрийн албанд ажиллуулах боломжгүй зөрчил гэж үзсэн бол 4 сарын хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах ч боломжгүй атал үргэлжлүүлэн ажиллуулж, цалин хөлсийг хэвийн олгосоор байжээ.
9. Үүнээс үзвэл маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэл хамгаалах” зарчмыг зөрчсөн, мөн тодорхой хугацаанд хэвийн ажиллуулж байсан атлаа “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл /цалин хөлсгүй болгож/ ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48.1-д “...” гэж зааснаар зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзэхээр байна.
10. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь илтгэх хуудас, албан шаардлагатай танилцсан, гаргасан алдаа нь техникийн шинжтэй байсан засагдсан, алдааны улмаас бусдын ашиг сонирхол зөрчигдөөгүй, ийм учраас ямар нэгэн хариуцлага тооцох шийдвэр гаргаагүй, хяналт шалгалтын үр дагавар дууссан гэж бодоод ажлаа хийж байсан, жилийн эцэст 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө ч сайн үнэлүүлсэн байхад шинээр даргын үүрэг гүйцэтгэгч нь нэгэнт шийдвэрлэгдсэн илтгэх хуудасны дагуу дахин маргаан бүхий актыг гаргаж төрийн албанаас халсан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу холбогдох шимтгэлийг суутган, олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0413 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, үлдсэн хэмжээгээр С.Дид олгохыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журм