Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч П.Нархажид,

хохирогч Л.Сарантуяа, түүний өмгөөлөгч Б.Адалбек,

шүүгдэгч Д.Жамуух, түүний өмгөөлөгч Ж.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харагчин овогт Дэмбэрэлийн Жамуухад холбогдох эрүүгийн 201625013529 дугаартай, 105/2017/0069/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цахилгааны инженерийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 00 бичил хороолол, Хасбаатарын гудамж, 00 байр 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д Ж, /РД:НЮ000000/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Жамуух нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороолол 108 дугаар байрны 05 тоотод архидан согтуурсан үедээ хувцсаа тайлж нүцэглэж бүжиглэх гэхээр нь гэрийн эзэн Ц.Адъяахүү “найз нөхдөө хүндлээч” гэсэн шаардлага тавихад түүнийг түлхэн унагаж, иргэн С.Уянга, Л.Сарантуяа нар түүнийг салгаж гэрээс гаргасны дараа гадаа С.Уянгыг түлхэн унагаж, Л.Сарантуяагийн нүүр рүү нь гараараа цохиж биед нь зүүн доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 3 шүд унасан, дээд уруулын зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн Ц.Адъяахүүгийн баруун нүд рүү цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтог хэсэг, баруун бугалганы гадна хэсэгт цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулж, 2 хүний биед давтан үйлдлээр хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Жамуух нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би согтуу үедээ ийм зан ааш гаргасандаа хохирогчоос уучлалт гуйж байна. Би нилээд согтоод тасарсан байсан. Намайг нэг сэргэхэд эд нар намайг хөөгөөд байсан. Би өмнө нь тэднийд 3 хоносон тул анх орж ирээд куртик, цамцаа тайлж өлгөөд майктайгаа сууж байсан. Би шатаар буугаад хүнд зодуулж байснаа санаж байна. Намайг ухарч байхад миний хоёр гарт хоёр хүн тулж ирэхэд нь би баруун гараараа нэг цохиход ам руу нь орсон. Тэгээд гэрэлд гараад харахад Адъяахүү, Сарантуяа хоёр орц руугаа орж байгаа нь харагдсан. Түүнээс биш эд нарын хэлж байгаа шиг Сарантуяаг газар унагаагаад дээрээс нь цохиод байсан зүйл байхгүй. Гэхдээ би буруугаа хүлээж байгаа тул хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэв.

Хохирогч Л.Сарантуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид зөндөө сууж байгаад Төмөрсүх бүжиглэнэ гээд хүүхэд хөгжим тавьж өгсөн. Адъяахүү шаардлага тавиад Төмөрсүхийг унтлагын өрөөнд оруулсан. Хэдэн минутын дараа орилох чимээ гарахад нь бид араас нь очсон. Төмөрсүх зүүн гараараа Адъяахүүг заамдаад далайсан байдалтай, Адъяахүүгийн нүд улайсан байсан. Төмөрсүх намайг хоёр удаа шилэн хүзүүнээс барьж хоёр тийшээ савчиж цохисон. Төмөрсүх гэж Жамуухыг ярьж байна. Намайг гадаа гарахад Төмөрсүх миний элэг рүү өшиглөөд цаашаа гүйгээд явсан. Буцаад явах гээд орц руу ороход Төмөрсүх Уянгааг өшиглөж унагаад, дараа нь намайг цохисон. Би машинд тулаад газар унаад арай гээд босч ирэхэд нүд рүү хоёр удаа, Адъяахүүг хоёр удаа цохисон. Би ямар ч байсан шүдтэй болмоор байна, гомдолтой байна. Одоо би Төмөрсүхийн өөрийнх нь санал болгосон Энх смайл гэдэг эмнэлгийн үнийг авчирсан...” гэв.

Хохирогч Л.Сарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төмөрсүх гэнэт босч ирээд бүжиглээд, хувцсаа тайлаад нүцгэлэх гээд байсан. Тэгсэн чинь Адъяахүү Төмөрсүхэд хандаж чи манай гэрт тайчих үзүүлбэр үзүүлэх гээд байгаа юм уу гэж хэлээд унтлагын өрөө рүү Төмөрсүхийг дагуулаад орсон. 5 орчим минутын дараа унтлагын өрөөнөөс Адъяахүү орилохоор нь би орсон чинь Төмөрсүх Адъяахүүгийн хоолойг нь зүүн гараараа боогоод хэвтүүлчихсэн, баруун гартаа өмдний тэлээ далайчихсан байж байсан. Тэгэхээр нь би ингэж болохгүй шүү дээ гэж хэлээд салгах гээд Төмөрсүхийг татсан чинь дийлэхгүй байсан. Төмөрсүх Адъяахүүг тавьчихаад над руу хараад чамд ямар хамаатай юм, чи зайл гэж хэлээд  миний шилэн хүзүүний дээрээс бариад хана руу түлхсэн. Намайг унтлагын өрөө рүү ороход Адъяахүүгийн баруун гар талын нүд нь улайчихсан байсан. ...Төмөрсүх миний араас гүйж ирээд миний толгойны ар хэсэг рүү гараараа цохихоор нь би газар хажуу тийшээ хараад унасан. Босох гэж байсан чинь миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би тэнцвэрээ алдсан, миний уруул руу гараараа хоёр удаа цохисон. Адъяахүү ирээд бид хоёрыг салгах гэж байгаад бас нүд рүүгээ цохиулсан. Миний хамар, амнаас цус гараад  байхад Төмөрсүх гүйгээд яваад өгсөн. Би тухай үед Төмөрсүх гэдэг нэрээр нь мэдэж байсан болохоор Төмөрсүх гэж дуудаж  байсан, сүүлд Жамуух гэж мэдсэн. Би гомдолтой байна, шүдээ хийлгэж авмаар байна...” гэх мэдүүлэг. /хх 15-18, 52 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Адъяахүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Жамуух согтсон юм уу чанга чанга орилоод байсан. Жамуух гэнэт цамц, майкаа тайлаад байхаар нь би Жамуухыг унтлаганы өрөө рүү ороод чи битгий ингээд байгаач, манай найз нөхдийг хүндлээч гэсэн чинь Жамуух би яагаач үгүй, солиороод байгаа юу гэж хэлээд намайг ор руу түлхсэн. Би ор руу унаад байж байсан чинь Сарантуяагийн охин Жамуухад хандаж та өөрөө хувцасаа тайлах гэж байсан гэсэн чинь Жамуух түлхээд хана мөргүүлсэн. Сарантуяа унтлагын өрөө рүү орж ирээд Жамуухад чи миний охиныг зоддог хэн юм бэ гээд хэсэг зуур маргалдсан. Ойролцоогоор 5 минутын дараа унтлагын өрөө рүү орж ирээд бид нарыг салгасан. ...Би гэрээс гарсан чинь Сарантуяагийн охин  газар ойччихсон, Жамуухыг Сарантуяа татчихсан зууралдчихсан байсан бөгөөд Жамуух намайг Сарантуяагаас салгасан чинь цаашаа гүйгээд явчихсан. Сарантуяад манай гэрт оръё гэж хэлээд орох гэж байсан чинь Жамуух араас гүйж ирээд Сарантуяагийн нүүр рүү гараараа хоёр юм уу нэг удаа цохисон бөгөөд Сарантуяа газар ойчоод унасан. Би Жамуухад чи яаж байгаа юм бэ гэсэн чинь миний баруун талын нүдний доод шанаа яс руу гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хх 19-22 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Жамуух гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг болон миний ээж мөн Адъяахүү эгчийг зодож биед нь гэмтэл учруулсан. Тухайн үед би зүүн талын хойд халаасандаа Самсунг Галакси Эс 5 маркийн гар утсаа хийсэн байсан. Гэтэл Жамуух миний араас 2 удаа хөлөөрөө өшиглөөд гар утсыг минь эвдэлсэн...” гэх мэдүүлэг. /хх 67-69 дүгээр хуудас/,

Гэрч С.Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төмөрсүх ах ганцаараа бүжиглэж байх явцдаа дээгүүрээ өмсөж байсан богино цамц, өмдний тэлээ зэргээ тайлаад байсан. Тэгсэн чинь Адъяахүү эгч Төмөрсүх ахад хандаж чи яагаад хүний гэрт тайчих гээд байгаа юм бэ гэж хэлээд Төмөрсүх ахыг унтлаганы өрөө рүү дагуулаад орсон. Хэсэг хугацааны дараа Адъяахүү эгч өрөөндөө орилох шиг болохоор нь ээж араас нь орсон. Би бие засчихаад ээжийн хойноос унтлагын өрөө рүү орсон чинь Адъяахүү эгч орны дээр суучихсан, ээж Төмөрсүх ахыг болохгүй шүү дээ гэх зүйл ярьчихсан зогсож байсан бөгөөд би Төмөрөө ахын хажуу талд нь очоод та ингэж болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь Төмөрсүх ах эргэж хараад намайг түлхээд чам шиг пиздаад хамаа байхгүй гэж хэлээд миний өгзөг рүү өшиглөсөн. Гэнэт Төмөрсүх ах гараад гүйсэн бөгөөд ээж, Адъяахүү эгч нар дагаад араас нь гүйгээд гэрээс гарсан. Би яасан юм бол гэж бодоод араас нь гарч харсан чинь Төмөрсүх ах цаашаа алхаад явж байсан бөгөөд ээж Адъяахүү эгч хоёр миний урдаас алхаад ирж байсан. Хэсэг хугацааны дараа Адъяахүү эгчийн баруун нүд нь улайчихсан, ээжийн урд талын хоёр шүд нь доошоогоо санжиганачихсан, хамраас нь цус гарчихсан орж ирсэн. Цагдаагийн ажилтан ирээд гадаа байсан Төмөрсүх ахыг оруулж ирээд иргэний үнэмлэхэн дээрх нэрийг нь Жамуух гэж бичсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх 23-24, 70-71 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Үржинхандын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Жамуух Сараагийн охиноор утсан дээрээ дуу тавиулаад бүжиглэж дээгүүрх майкаа тайлаад шидсэн чинь Адъяахүү Жамуухыг чи манай ангийн хүүхдүүдийн дэргэд эвгүй байдал үзүүллээ гээд уурлаад Жамуухыг унтлагын өрөө рүү дагуулаад орсон. Тэр өрөөнд маргалдаад байх шиг байсан. Жамуух Адъяахүүг орон дээр дарчихсан байсан, ноцолдож зодолдож байгаа зүйл харагдаагүй. Би нооль ороод удаагүй байтал пир пар гээд гурвуулаа гараад явчихсан, араас гарах гэсэн боловч хаалга үүд нь онгорхой болохоор нь гараагүй. Төд удалгүй Сараагийн амнаас нь цус гарчихсан орж ирэхээр нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хх 73-74 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹12935 дүгнэлтэд:

1. Адъяахүүгийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтон хэсэг, баруун бугалганы гадна доод хэсэгт цус харвалт үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө гэжээ /хх 28 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹12936 дүгнэлтэд:

1. Сарантуяагийн биед зүүн доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 3 шүд унасан, дээд уруулын зөөлөн эдийн няцрал үүсчээ.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Дээд үүдэн 3 шүд унасан нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол 10% нөлөөлнө гэжээ /хх 30 дугаар хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ /хх 72 дугаар хуудас/,

            Баянгол дүүргийн засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар захирамжаар Дэмбэрэлийн Төмөрсүхийг Дэмбэрэлийн Жамуух гэж өөрчилсөн гэрчилгээний хуулбар /хх 43 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 41 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Жамуух нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороолол 108 дугаар байрны 05 тоотод архидан согтуурсан үедээ хувцсаа тайлж нүцэглэж бүжиглэх гэхээр нь гэрийн эзэн Ц.Адъяахүү “найз нөхдөө хүндлээч” гэсэн шаардлага тавихад түүнийг түлхэн унагаж, иргэн С.Уянга, Л.Сарантуяа нар түүнийг салгаж гэрээс гаргасны дараа гадаа С.Уянгыг түлхэн унагаж, Л.Сарантуяагийн нүүр рүү нь гараараа цохиж биед нь зүүн доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 3 шүд унасан, дээд уруулын зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн Ц.Адъяахүүгийн баруун нүд рүү цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтог хэсэг, баруун бугалганы гадна хэсэгт цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулж, 2 хүний биед давтан үйлдлээр хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Жамуухад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг байгаа нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Шүүх шүүгдэгч Д.Жамуухад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Хохирогч Л.Сарантуяа нь гэм хорын хохиролд 7.735.450 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс Энх Смайл шүдний эмнэлгээс 3 шүд имплант хийлгэхэд 6.900.000 төгрөг болох нь үнэн гэсэн баримтыг үндэслэн 6.900.000 төгрөг, үүн дээр 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр худалдан авсан эмийн үнэ 99.050 төгрөг, мөн эмнэлэгт үзүүлсэн баримт бүхий 47.000 төгрөгийн хохирлыг гаргуулах, бусад баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, гэм хор учирсантай шалтгаант холбоогүй байна гэж дүгнэлээ. Хохирогч Л.Сарантуяа нь үүдэн шүд учир авдаггүй шүд суугуулна гэж байгааг шүүхээс үгүйсгэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Жамуухаас 7.046.050 төгрөг гаргуулж хохирогч Боржигон овогт Лхагваагийн Сарантуяад олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч С.Уянга, хохирогч Ц.Адъяахүү нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч Д.Жамуух нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.