| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/00124/и |
| Дугаар | 102/ШШ2020/00525 |
| Огноо | 2020-02-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2020/00525
| 2020 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2020/00525 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.А
Хариуцагч: Т.Ц
Түрээс, хохиролд 6.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.А нь Баянгол дүүрэг 12 дугаар хороо 12 дугаар байр 102 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. С.Агийн охин А.А тус орон сууцыг К ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан ба зээлээ хугацаанд нь төлөөгүй тул зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулан, байрыг чөлөөлөх талаар ББСБ-аас мэдэгдсэн. Нэхэмжлэгч С.Агийн хүү А.О нь тухайн орон сууцанд түр амьдарч байсан тул түүнийг мэдэгдлийн дагуу нүүлгэж, орон сууцыг чөлөөлөх арга хэмжээ авахаар очиход миний хүү биш Т.Ц /сая нэрээ өөрчилж Т.Ц нэртэй болсон/ нь хоёр хүүхдийн хамт амьдарч байсан. Түүнд орон сууцыг өөрийн өмч гэдгийг тайлбарлаж зээлийн төлбөрт тооцох болсон талаар хэлж яаралтай суллах арга хэмжээ авч, нүүх талаар хэлээд нэлээдгүй хугацаанд хүлээсэн боловч суллаж өгөлгүй үргэлжлүүлэн амьдарсаар байсан тул 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орон сууцыг Т.Цын эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж орон сууцыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Уг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх үед Т.Ц нь миний хүүгээс хүүхдийн тэтгэмж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр 2 хүүхдэд тэтгэмж тогтоож шийдвэрлэсэн. Хүү А.О нь зохих ёсоор хүүхдийн тэтгэмж төлж яваа. Гэтэл Т.Ц нь өнөөдрийг хүртэл шүүхээс гарсан шийдвэрийг үл хүндэтгэн орон сууцыг чөлөөлөлгүй үргэлжлүүлэн амьдарсаар байгаа нь өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ ашиглаж, захиран зарцуулах аливаа халдлагаас хамгаалах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна. Т.Ц орон сууцыг шударга бусаар эзэмшиж байх хугацаанд өмчлөгчид орох байсан орлого буюу алдагдсан боломжийн өртгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Т.Цийг 3 шатны шүүхийн шийдвэрээр байрыг чөлөөл гэж шийдвэрлэсэн боловч тэрээр Т.Ц гэдэг нэрээ Т.Ц болгон өөрчлөн, сольсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж чадахгүйд хүрсэн. Өнгөрсөн 10 сарын хугацаанд орон сууцыг бусдад түрээслэсэн бол орлого орж зээлийн төлөлтөө хийх байсан тул сарын 600.000 төгрөгөөр түрээсийг тооцож түрээс, хохиролд 6.000.000 төгрөг хариуцагч Т.Цээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.А нь Т.Ций хадам ээж байсан. Т.Ц нь хүү А.Отэй нь 2012 оноос хамтран амьдарч хоёр хүүхэд төрүүлсэн. 2014 оны 08 дугаар сараас энэ байранд гэр бүлийн хамтаар шилжин ирж амьдарсан. 2018 оны 07 дугаар сараас А.Одгэрэл, Т.Ц нар тусдаа амьдарч байна. С.Агийн нэхэмжлэлээр орон сууцнаас албадан чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсан боловч өвлийн улиралд бага насны хоёр хүүхэд дагуулаад очих газаргүйн улмаас орон сууцыг чөлөөлж өгөх боломжгүй байсан. Т.Ц нь хууль зөрчсөн үйлдэл хийж С.Агийн эрх ашигт хохирол учруулж, түүний олох ёстой байсан ашиг орлогыг алдагдуулсан зүйлгүй. Түүний зүгээс бусдад түрээслээд ашиг орлого олоод байсан орон сууцыг нь миний бие булааж авчихаад байгаа зүйл байхгүй. Алдагдсан боломжийн өртөг гэдэгт юуг ойлгох талаар Иргэний хуульд заасан ямар зүйл хэсгийг үндэслэж хохирол нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Одоогийн нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцыг бусдад түрээслэсэн бол 6.000.000 төгрөгний орлого орох байсан гэж тайлбарлан түрээсийн төлбөр нэхэмжилж байна. С.А бусдад орон сууцыг түрээслэж, түрээслэгчийг Т.Ц гаргаад амьдраад байгаа юм байхгүй. Бусадтай түрээсийн гэрээ хийчхээд Т.Ц орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа үйл баримт байхгүй. Түрээсийн төлбөр нэхэмжилж Т.Цийг орон сууцнаас гаргах гэсэн санаа л байх. Нэхэмжлэгчийн төлөөлөгч орон сууцыг чөлөөлөх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дахин хандсан гэсэн утгатай тайлбар өгч байна. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй бол дахин шүүхэд хандахгүй. Шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлдэг журамтай. Т.Ц нэрээ өөрчилсөн боловч түүний овог, регистрийн дугаар хэвээр байгаа. Одоогоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.А хариуцагч Т.Цд холбогдох түрээс, хохиролд 6.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
С.А нь Баянгол дүүрэг 12 дугаар хороо 000000000000 орон сууцны өмчлөгч бөгөөд өмчлөлийн орон сууцаа Т.Цын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасанг шүүх хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа болох нь өмчлөлийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд зохигч Т.Ц нь нэрээ өөрчилж Т.Ц нэртэй болсон, маргаан бүхий орон сууцанд Т.Ц хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа талаар тайлбарлалаа.
Нэхэмжлэгч нь орон сууцыг бусдад түрээслэж орлого олох байсан тул сарын 600.000 төгрөгөөр түрээсийг тооцож түрээс, хохиролд 6.000.000 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад зориулж хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, түрээсийн гэрээг бичгээр байгуулж үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заажээ.
Зохигчийн хооронд түрээсийн гэрээ хийгдээгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж бичгээр хэлцэл байгуулаагүй, түрээсийн төлбөрт маргаан бүхий орон сууцны ойр хавьд байрлалтай орон сууцнуудын дундаж түрээсийн ханшаар тооцож нэхэмжилсэн гэсэн тайлбарыг нотолсон баримтгүй, хариуцагч Т.Ций /Т.Ц/ хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа байх тул хариуцагч Т.Цээс түрээсийн төлбөр, хохиролд 6.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүлйд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Т.Цээс 6.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА