| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2020/00479/И |
| Дугаар | 182/ШШ2020/00605 |
| Огноо | 2020-03-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Цалин хөлсний маргаан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2020/00605
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..... оршин суух, О.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ....байрлах “ТС” ХХК-д холбогдох
Ажилласан хугацааны цалин хөлс 1.896.984 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, хариуцагч “ТС” ХХК-ийн захирал Л.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус компанитай 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан “төслийн ажилтан”-аар орж 1 сарын цалин хөлс 1.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дууссан ба намайг үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулах, цалин хөлс 1.200.000 төгрөг болгох хүсэлтээ захирал н.О, хүний нөөцийн менежер н.Н нарт гаргаж байсан. Би үргэлжлүүлэн ажилласан бөгөөд ажиллаж байсан хугацааны /2019 оны 11, 12 дугаар сарын/ цалин хөлс өгөөгүй. Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажлаасаа гарсан. Анх миний цалин хөлсийг 80 хувиар тохирсон гэвэл хөдөлмөрийн гэрээ шинэчлэгдсэн бол цалин 1.200.000 төгрөг болох байсан. Иймд сүүлийн 2 сарын цалин хөлс болох 1.896.984 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч “ТС” ХХК-ийн захирал Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б нь манай байгууллагад 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд сарын 1.000.000 төгрөгийн цалинтайгаар ажилласан нь үнэн. Түүнийг ажиллаж байх хугацаанд нь 7.174.159 төгрөгийн цалин өгөх байснаас татвар тооцоод гарт нь 5.854.218 төгрөг олгох байсан ба үүнээс цалин хөлс болох 4.398.719 төгрөгийг шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл О.Б-т олгогдоогүй цалин хөлс 1.455.499 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Гэвч манай байгууллагын ажил зогсоод үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул дээрх мөнгийг 5 сарын хугацаанд хувааж төлөх саналтай байна гэв.
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч “ТС” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин хөлс 1.896.984 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /х.х-ийн 1-26 тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” ба нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацаандаа гаргасан гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.1-д ззасан агуулгаас үзэхэд ажилласан үеийн цалин гаргуулах маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх хянан шийдвэрлэхээр байх боловч тухайн байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тохиолдолд шүүх маргааныг хянан шийдвэрлэнэ.
Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч “ТС” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанид төслийн ажилтнаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар ажилласан, цалин хөлсийг сарын 1.000.000 төгрөг байхаар тохирсон болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, “ТС” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 тоот “Ажилд томилох тухай“ тушаал, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, хөдөлмөрийн дотоод журам, нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тооцоолол зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-8, 10, 36, 43-47 тал/
О.Б нь тус компанийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 40/19 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх бөгөөд энэ тухайд талууд маргаагүй, харин нэхэмжлэгч нь ажиллаж байх үеийн буюу 2019 оны 11, 12 дугаар сарын цалин хөлс 1.896.984 төгрөгийг шаардаж байгаа болно. /х.х-ийн 1, 5, 10-26 тал/
Ажил олгогч “ТС“ ХХК нь О.Б-ийн ажилласан хугацааны цалин хөлсийг хугацаандаа олгоогүй, цалингаа шаардаж байсныг үгүйсгээгүй ба олгогдоогүй цалин хөлс 1.455.499 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэх тайлбар гарган мэтгэлцэж байна. /х.х-ийн 35-42/
Зохигчдын хооронд энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэгдэж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогч байсан тул ажилтан ажилласан хугацааны цалин хөлсөө шаардах эрхтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд О.Б нь “ТС” ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс төслийн ажилтны үүрэгт ажлыг гүйцэтгэн, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан хэдий ч үргэлжлүүлэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан, сарын цалин хөлс 1.000.000 төгрөг байхаар тохиролцсоны дагуу цалин хөлсийг олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, О.Б-ийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж байсан болох нь зохигчдын тайлбар нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн дэлгэрэнгүй тооцоолол, Голомт банкны дансны хуулга, цахим гүйлгээний баримт зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 9-26, 36-42 тал/
Хариуцагч “ТС” ХХК-ийн хариу тайлбар болон шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дээрх баримтуудыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй.
Иймд хариуцагч “ТС” ХХК-иас 1.455.499 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-т олгож, нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 441.485 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байгаа, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.302 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч О.Б-т буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар “ТС” ХХК-иас 1.455.499 /нэг сая дөрвөн зуун тавин таван мянга дөрвөн зуун ерөн есөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-т олгож, нэхэмжлэлээс 441.485 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.302 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч О.Б-т буцаан олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 зааснаар хариуцагч “ТС” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 38.238 /гучин найман мянга хоёр зуун гучин найман/ төгрөгийг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ