Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/ШШ2022/0009

 

 

 

 

 

 

 

               Т.Ц-О-ын нэхэмжлэлтэй

               захиргааны хэргийн тухай

                                                                                      

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Ц-О

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гуравдагч этгээд: Н.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Хуульч, өмгөөлөгч Т.Ц-О надад сануулах арга хэмжээ авах хариуцлага хүлээлгэсэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, гуравдагч этгээд Н.Г, иргэдийн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нар оролцов.

Хэргийн индекс: 221/2022/0006/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Ц-О нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар тогтоолоор: “Өмгөөлөгч Т.Ц-О-ын Өмгөөллийн  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.12 дахь заалтуудыг тус тус зөрчсөн буруутайд тооцож, Т.Ц-От Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар сануулах арга хэмжээ авах хариуцлага хүлээлгэж” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... 3.1. Хуульч, өмгөөлөгч Т.Ц-О надад холбогдуулан Н-Г-аас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргаж Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны 22 дугаартай тогтоолоор “2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцоогүй” нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.12 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэн, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар сануулах арга хэмжээ авах хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцэхгүй байна.

3.2. Учир нь Н.Г-ын гомдлыг Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороогоор 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хянан шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай магадлалаар тогтоолыг хүчингүй болгож буцаан шийдвэрлэсэн. Тэгтэл дахин гомдол гаргасан гэсэн үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо гомдлыг хянан шийдвэрлэхдээ анх гомдол гаргасан цаг хугацаа, үйл баримт болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрмийг хууль хэрэглээний хувьд анхаарч үзээгүй төдийгүй Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай магадлал зэрэгт дүгнэлт хийгээгүй надад Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар сануулах арга хэмжээ авах хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй.

3.3. Мөн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр батлагдан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Өмгөөллийн тухай хууль болон 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн тавдугаар бүлгийг хүчингүйд тооцсон. Тэгтэл Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь надад холбогдуулан Н.Г-аас гаргасан гомдлоор 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцоогүй нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.12 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж Өмгөөллийн тухай хууль батлагдаагүй байх үед буюу “2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцоогүй” гэсэн зөрчилд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр батлагдан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Өмгөөллийн тухай хуульд заасныг баримталж, өмгөөлөгч надад арга хэмжээ авч байгаа нь хууль эрх зүйн хэм хэмжээний хувьд ч, хууль хэрэглээний хувьд ч хуульд нийцэхгүй миний эрх ашгийг хөндөж байна. Маргаан бүхий 22 дугаартай тогтоол нь Т.Ц-О миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

3.4. Иймд хуульч, өмгөөлөгч Т.Ц-О надад сануулах арга хэмжээ авах хариуцлага хүлээлгэсэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар тогтоол бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хариу тайлбартаа: “4.1. Иргэн Н.Г-аас “би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд өргөдөл гаргасан. Гэтэл гомдол маань сунжирч явсаар байгаад өнөөдөр танай байгууллагад хандаж байна. Өмгөөлөгч Т.Ц-О нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Н.Г миний Сонгинохайрхан дүүрэгт болсон анхан шатны шүүх хуралд оролгүй миний хувийн эрхийг хамгаалж өгөлгүй хохироосон...” гэх гомдлыг ирүүлсэн. Уг гомдлын дагуу хянан шалгах ажиллагааг Мэргэжлийн хариуцлагын хороо хууль болон журмын хүрээнд явуулсан бөгөөд гомдолд холбогдох нотлох баримтуудыг иргэн Н.Гас гарган өгсөн байх бөгөөд хуульчдын холбооноос хуулбарлан маргааны материалд хавсаргаж баримтжуулсан байна.

4.2. Гомдлын үндэслэлд Монголын Хуульчдын холбоогоор өмнө нь шийдвэрлэж байсан асуудлаар Мэргэжлийн хариуцлагын хороо шийдвэр гаргасан гэх боловч захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт өмгөөлөгч Т.Ц-От холбогдуулан хариуцлага тооцсон тухай асуудлыг шийдвэрлээгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн нь шинээр байгуулагдсан Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг үгүйсгэх нөхцөл үүсээгүй байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд хариуцагч Т.Ц-Оыг биечлэн оролцуулж гомдол гаргагч хэн алины эрх ашиг сонирхлыг тайлбарын хамт сонсон маргаан хянан шийдвэрлэх журмын хүрээнд шийдвэрлэсэн.

4.3. Өмгөөлөгч Т.Ц-О-ын Өмгөөллийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь шүүхийн хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал тул Мэргэжлийн хариуцлагын хорооны зүгээс тогтоолын үндэслэлээ дэмжиж оролцох болохоо илэрхийлж байна” гэжээ.

5. Гуравдагч этгээд Н.Г хариу тайлбартаа: “5.1. Өмгөөлөгч Т. Ц-О нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 19/11 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” хийсэн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй хэрэгт өмгөөлөгчөөр оролцуулах болсон. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралд товыг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нотлох баримт гаргаж өгөлгүй хуралдаанд оролцоогүй. Тийм учраас Монголын Хуульчдын холбоонд гомдол гаргасан. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Мэргэжлийн хариуцлагын хорооны мэргэжлийн дүгнэлт гарсан. Мэргэжлийн дүгнэлтээр “Т.Ц-О нь өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээд нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гэж үзсэн. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Т.Ц-От сануулах арга хэмжээ авах хариуцлага хүлээлгэсэн.

            5.2. Т.Ц-О нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шатны шүүхэд гаргаж өгөхийг хүссэн чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг гаргаж өгөөгүйн дотор, хариуцагч талтай зээлийн гэрээ байгуулсныг нотлоход ач тустай байсан дүрс бичлэг бүхий диск, мөн шүүхийн журмаар нотлох баримтыг эрүүгийн хэргийн хавтсаас гаргуулах хүсэлт гаргуулахаар уламжилсныг дамжуулж өгөөгүй зэрэг байдлаас болж би хохирсон. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Г миний гаргасан нэхэмжлэл бол миний гал голомт болсон орон байртай холбоотой чухал маргаан байсан ч Т.Ц-О, түүний нэр заан итгэмжлэл гаргуулан авсан С.Т нар нь туйлын хариуцлагагүй хандсан. Тухайлбал, Т.Ц-О, С.Т нар нь шүүх хуралдаан болсон талаар надад огт мэдэгдээгүй. Шүүхээс шийдвэр гарсан талаар гэнэт залгасны дагуу би шийдвэр, хурлын тэмдэглэлтэй танилцахад Т.Ц-О нь шүүх хуралд шалтгаангүйгээр ирээгүй байсан. Үүнийг мэдээд балмагдан түүн рүү байнга утсаар залгахад утсаа авахгүй байсан ба ажлын газар дээр нь очиход ажил дээрээ байхгүй байсан. Ингээд анхан шатны шүүх дээр шаардагдах нотлох баримтыг гаргаж өгөөгүйн улмаас орон байраа алдахад хүрсэн би гомдол гаргаж Хуульчдын холбоонд хандах үед Т.Ц-Отой уулзсан. Гэтэл Т.Ц-О нь намайг ажлын хөлсөө төлөөгүй тул хуралд нь ороогүй гэж гүтгэсэн. Бодит байдал дээр би мөнгө өгсөн болохоо нотолж дансны хуулга, баримттайгаар гаргаж өгсөн. Цаашилбал, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2-т зааснаар хөлсийг “иргэний шүүх хурал дуусахаар бүрэн төлж барагдуулах” байтал урьдчилж хөлсөө төлсөөр байхад гэрээний үүргээ биелүүлээгүй, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг бүдүүлгээр хохироосонд маш их гомдолтой байна.

            5.3.  Учир нь анхан шатны шүүхээс дараа дараагийн шатанд нотлох баримт шүүх хүлээн авдаггүй бөгөөд энэ ч утгаараа Улсын дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 305 дугаартай тогтоолын Хянавал хэсэгт Т.Ц-О өмгөөлөгчийн хариуцлагагүй үйлдлийн улмаас нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүйг дахин баталсан байдаг нь “Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй” гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

5.4. Өөрөөр хэлбэл, хэрэв уг хэрэгт өмгөөлөгч Т.Ц-О нь багахан ч атугай хариуцлагатай хандаж, гэрээний үүргээ биелүүлж оролцсон байсан бол миний хувьд нотлох баримтыг иргэний хэргийн хавтаст өгөх, авахуулах боломжтой байсан ядаж дараа дараагийн шатны шүүхэд маргаанд оролцохдоо зааж дурдаж, иш татах нотлох баримтыг иргэний хавтас хэрэгт өгөх, авахуулах боломжтой байсан боловч энэ боломжийг үгүй хийж, орон байрынхаа өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэх ажиллагааг бүрэн гүйцэд, үнэн зөвөөр явуулж чадаагүйд туйлын гомдолтой байна.

5.5. Т.Ц-О өмгөөлөгчийн дээрх хариуцлагагүй үйлдэл дүгнэгдэж тодорхой болсноор тухайн асуудлыг би Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулахаар хандах хүсэлтэй байгаа бөгөөд энэ нь өмгөөлөгчийн хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлийн улмаас хохирсон би эрх ашгаа сэргээлгэхээр хандах цөөн найдлагуудын нэг болоод байгааг шүүх бүрэлдэхүүн та бүхэн харгалзан үзэхийг хүсье. Энэ хүний шүүхэд бичсэн гомдол, тайлбаруудтай танилцаж үзэхэд бүхэл бүтэн гэр бүлийн орон байрны /зах зээлийн үнэлгээ нь 2016 оны байдлаар 257 500 000 төгрөг/ асуудал шийдвэрлэх маргаанд алдаа дутагдал гаргаснаа өчүүхэн төдий ч ухамсарлан ойлгож буй шинжгүй, харин ч өөрийгөө зөвтгөн хаацайлахдаа иргэн намайг гүжирдэн гүтгэсэн шинжтэй байгаад ихээхэн харамсаж байна” гэжээ.

6. Иргэдийн төлөөлөгч Д.Т “Нэхэмжлэлийн шаардлагыг авч үзэхэд аль аль талдаа маш хариуцлагагүй байсан байна. Иргэн Н.Г материалуудыг өгсөн боловч өмгөөлөгч нь шүүх хуралд авч ороогүй, Н.Г өөрөө шүүх хуралдаа ирээгүй, өмгөөлөгчийн хөлсөө дутуу өгсөн. Өмгөөлөгч Т.Ц-О нь шүүх хуралд оролцоогүй. Учир ь материал дутуу өмгөөлөгчийн мөнгөө дутуу өгсөн гэх. Үүнээс үзэхэд өмгөөлөгч Т.Ц-Оыг өмгөөлөгчийн ёс зүйн хариуцлагын алдаа гаргасан гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.    

2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Т.Ц-О нь “Хуульч, өмгөөлөгч Т.Ц-О надад сануулах арга хэмжээ авах хариуцлага хүлээлгэсэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

2.2. Гуравдагч этгээд Н.Гас Т.Ц-От холбогдуулан Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд “... хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгдсэн, нэг л удаа шүүх хуралдаанд оролцсон, миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасныг тус хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэбилэг нь “... Т.Ц-О нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн” гэж үзээд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үйлдэж холбогдох баримт материалыг маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд шилжүүлсэн, тус хорооны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “... 01 дүгээр дүгнэлтэд Өмгөөллийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг барьсан нь “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэл болно” гэж үзээд 01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож, дахин ажиллагаа хийхээр буцаасан”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дүгээр магадлалаар “...Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь мэргэжлийн дүгнэлтийг хүчингүй болгох эрх хэмжээ олгогдоогүй, ... гомдлыг хянаж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан эсэхийг тогтоож, маргааныг хянан шийдвэрлүүлэхээр буцаасан”, уг магадлалыг эс зөвшөөрч Т.Ц-Ооос гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 618 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна. Эдгээрээс үзвэл Н.Гас Т.Ц-От холбогдуулан гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

2.3. Өмгөөллийн тухай хууль /2019 оны/-ийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, энэ хууль болон Ёс зүйн дүрмийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд Н.Гас 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Т.Ц-От холбогдуулан гомдол гаргасан, тус хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Өмгөөлөгч Т.Ц-О-ын Өмгөөллийн  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.12 дахь заалтуудыг тус тус зөрчсөн буруутайд тооцож, Т.Ц-От Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д зааснаар “сануулах” арга хэмжээ авах хариуцлага хүлээлгэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.4. Тодруулбал, 2012 онд батлагдсан, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар бүлэгт хуульч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах үүрэгтэй, 36 дугаар зүйлийн 36.9-д зааснаар өмгөөлөгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар өмгөөллийн үйлчилгээ явуулж болохгүй, 36.10-д зааснаар өмгөөлөгч нь энэ хуулийн 36.9-д заасныг зөрчиж өмгөөллийн үйлчилгээ явуулсан бол түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгохоор хуульчилсан.

            2.5. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар бүлгийг хүчингүй болсонд тооцсон, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.5-д тус тус зааснаар өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаанд хууль дээдлэх, шударга ёсыг сахих, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх зарчмыг баримталж ажиллах, 14 дүгээр зүйлийн 14.1.3-д зааснаар үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах, 14.1.12-т зааснаар  хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох үүрэгтэй байна. Мөн 19 дүгээр зүйлийн 19.6-д өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээд нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тодорхой заасан. Мөн 2020 онд батлагдсан “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Өмгөөлөгч нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа чин сэтгэлээсээ хандах бөгөөд хүчин чармайлт гаргаж, шуурхай, зохион байгуулалттай ажиллана”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хууль болон энэ дүрэмд заасан үүрэг, шаардлагыг зөрчсөн өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцно” гэж тус тус заасан байна.

            2.6. Өмгөөлөгч Т.Ц-О-ын хувьд Н.Гтай 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 19/11 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулсан, уг гэрээнд ажлын хөлс нийт 2,000,000 төгрөг, урьдчилгаа 1,000,000 төгрөг, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг шүүх хурал дуусахаар бүрэн барагдуулахаар тохирсны дагуу 1,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан, мөн өдөр Н.Гас С.Төд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр итгэмжлэл олгосон, улмаар С.Т нь анхан шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2019 оны 04 дүгээр сарын 16, 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд нийт 2 удаа, Т.Ц-О нь өмгөөлөгчөөр 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1 удаа оролцсон, Т.Ц-О-ын нөхөр болох С.Т нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч биш бөгөөд эдгээр үйл баримтуудтай талууд маргаагүй.

            2.7. Т.Ц-О нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд “... хурал хойшлоод 06 дугаар сарын 06-ны өдөр болоход миний бие очиж үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж, шүүх хуралдаанд оролцоогүй, алдаа зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч алдаа дутагдлаа чин санаанаасаа гэмшиж байна. Н.Гтай гэрээнд заасан төлбөрийн тооцоогоо дуусгаагүй тул шүүх хуралдаанд оролцоогүй, дахин алдаа дутагдал гаргахгүй, ... анх удаа гаргасан энэ зөрчилд хаалттай сануулах арга хэмжээ авч өгөхийг хүсье” гэх хүсэлтийг гаргасан, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “... өөрийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч хаалттай сануулах хариуцлага хүлээлгэх хүсэлтээ илэрхийлсэн” гэсэн, тус хорооны 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд “хаалттай сануулах шийтгэл ногдуулахад гомдолгүй болохоо илэрхийлсэн” байна.

            2.8. Дээр дурдсан үйл баримтууд, хуулийн зохицуулалтуудаас үзвэл Т.Ц-О нь Н.Г-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхээр 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан атлаа түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалаагүй, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тодруулбал, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхэд шүүх хуралдаанд оролцоогүй болох нь тогтоогдсон, Н.Г “... өмгөөлөгч миний нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, давах дээр очоод нотлох баримт өгөөгүй, авахгүй гээд дээд шатан дээр буцаад ялагдсан, шүүхийн журмаар нотлох баримтыг эрүүгийн хэргийн хавтсаас гаргуулах хүсэлт гаргуулахаар уламжилсныг дамжуулж өгөөгүй, анхан шатны шүүхэд баримтыг гаргаж өгөөгүйн улмаас би орон байраа алдахад хүрч хохирсон, хэрэв өмгөөлөгч гэрээний үүргээ биелүүлсэн бол би маргах боломжтой байсан, өмгөөлөгчийн хариуцлагагүй үйлдлээс болж би тухайн асуудлыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах  хүсэлтэй байгаа” гэж тайлбарласан, Т.Ц-О нь ийнхүү зөрчил гаргасан болохоо үгүйсгэж маргахгүй байгаагаас үзвэл түүнд хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            2.9. Харин түүнд хариуцлага хүлээлгэхдээ баримталсан хууль хэрэглээний тухайд  2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр маргаан бүхий үйл баримт болох үед буюу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар бүлгийг хүчингүй болсонд тооцсон, Өмгөөллийн тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тус тус зааснаар өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах үүрэгтэй бөгөөд өмгөөлөгч нь энэ үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан хууль хүчингүй болсон гэх үндэслэлээр зөвтгөж, хариуцлагаас чөлөөлөх боломжгүй, “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар хууль болон энэ дүрэмд заасан үүрэг, шаардлагыг зөрчсөн өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцохоор заасан тул Т.Ц-От шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.10. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10 /Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр хүчингүй болсонд тооцсон/-д зааснаар өмгөөлөгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар өмгөөллийн үйлчилгээ явуулсан бол “түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох”-оор хуульчилсан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Өмгөөллийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д мөн л дээрх үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Хариуцагч “Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журам”-ын 14.2-т зааснаар өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэхдээ түүний гаргасан зөрчил, түүний шинж, үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх бөгөөд өмгөөлөгч Т.Ц-От энэ үндэслэлээр хариуцлага хүлээлгээгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр “сануулах” шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй байна.

3. Товчхондоо хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаар нэхэмжлэгч Т.Ц-О нь Өмгөөллийн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд иргэдийн төлөөлөгчийн “... нэхэмжлэлийн шаардлагыг авч үзэхэд аль аль талдаа маш хариуцлагагүй байсан байна. Иргэн Н.Г материалуудыг өгсөн боловч өмгөөлөгч нь шүүх хуралд авч ороогүй, Н.Г өөрөө шүүх хуралдаа ирээгүй, өмгөөлөгчийн хөлсөө дутуу өгсөн. Өмгөөлөгч Т.Ц-О нь шүүх хуралд оролцоогүй. Үүнээс үзэхэд өмгөөлөгч Т.Ц-Оыг өмгөөлөгчийн ёс зүйн хариуцлагын алдаа гаргасан ...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

4. Иймд маргаан бүхий тогтоолоор нэхэмжлэгчид сануулах шийтгэл ногдуулсан нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн өмгөөлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ”, 31.3.1-д “Сануулах гэж тус тус заасантай нийцсэн, уг тогтоолыг хүчингүй болгох хууль үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.12, 31 дүгээр зүйлийн 31.3.1, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль /Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсон/-ийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д тус тус заасныг баримтлан Т.Ц-Ооос Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Хуульч, өмгөөлөгч Т.Ц-О надад сануулах арга хэмжээ авах хариуцлага хүлээлгэсэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

                    ШҮҮГЧ                                                                  Н.ДОЛГОРСҮРЭН

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР               

                    ШҮҮГЧ                                                        Д.ОЮУМАА