Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Хохирогч Б.Чулуунбаатарын өмгөөлөгч Ч.Болдбаатар /ҮД: 0082/,

Хохирогч Д.Жадамбаа,

Шүүгдэгч Г.Эрдэнэсум, түүний өмгөөлөгч Д.Бурмаа /ҮД:0025/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амт овогт Гансумын Эрдэнэсумд холбогдох эрүүгийн 201624000612 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дөл хангай ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 5 эхнэр, 03-11 насны хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 41 дүгээр гудамж 689 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Амт овгийн Гансумын  Эрдэнэсум /РД: Н379101973/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Эрдэнэсум нь 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 55 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Дамбадаржаагийн уулзварын хойд талын замд “Тоёота приус” маркийн 27-55 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Киа бонго пронтер” маркийн 42-59 УНБ, Тоёота ландкруйзер маркийн 81-81 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж хохирогч Б.Чулуунбаатарт 36.671.300 төгрөгний шууд, Д.Жадамбаад 1.095.000 төгрөгний шууд хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Эрдэнэсум нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 6 дугаар сарын 23-ны өдөр 08 цаг 50 минутын орчим цагдаагийн постоос хойшоо 7 буудлын автобусны буудлын баруун урд талаас портер маркийн машин нэгдүгээр эгнээгээр зорчиж байсан. Намайг эгнээ байраа эзлээд явж байхад портер маркийн машин гүйцэд түрүүлж орж ирээд урд тормослож зогссон. Би дохиогоо өгч эгнээгээ өөрчлөөд баруун гар талын эгнээнд орж хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Цагдаагийн пост буюу Дамбадаржаагийн уулзвар өнгөрөхөд нэгдүгээр эгнээнд цагаан өнгийн жип машин зогсож байсан. Дохиогоо өгөөд зүүн гар талын хоёр дугаар эгнээнд явж байхад түк гээд хажуугаас мөргөлдөж осол гарсан. Би баруун гар талын нэгдүгээр эгнээнд зогссон. Портер маркийн машин ирээд “яаж яваад байгаа юм бэ” гэсэн. Удалгүй замын цагдаагийн шинжээч нар ирж хаана мөргөлдсөн гэхэд машинууд явсан байсан тул тодорхой зүйл хэлж чадаагүй. Сүхбаатар дүүргийн цагдаагийн дэслэгч цолтой шинжээчид портер маркийн машины жолооч “27-55 дугаартай машины жолооч гудамжнаас гарч ирснээс хойш надтай хэрүүл хийгээд ийм осол болчихлоо” гэж хэлж байсан. Би хэрүүл огт хийгээгүй. Би 09 цагаас ажилтай байсан тул яарч явж байсан…” гэв. 

Шүүгдэгч Г.Эрдэнэсум нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 26-ны өглөө 08-09 цагийн орчимд өөрийнхөө эзэмшлийн 27-55 УБТ дугаартай Тоёота приус маркийн автомашиныг жолоодоод ганцаараа гэрээсээ гараад ажил руугаа очихоор урдаасаа хойшоогоо 1-р эгнээгээр 40-50 орчим км/цагийн хурдтай явж байсан. 1-р эгнээнд цагаан өнгийн жийп маркийн автомашин зогсож байхаар нь эгнээгээ өөрчлөхөөр зүүн гар тийшээгээ дохиогоо өгөөд шилжиж орохдоо 2-р эгнээгээр ирж явсан Киа бонго пронтер маркийн автомашинтай мөргөлдсөн. Би 1-р эгнээнд хойшоогоо харсан байдалтай зогссон. Би машинаасаа буух үед Киа бонго пронтер машины жолооч над руу хүрч ирсэн. Яаж яваад байгаа юм бэ гэж хэлж байсан...." гэсэн мэдүүлэг /хх 87-89 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Чулуунбаатар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Машин миний эзэмшлийнх. Манай бэр Т.Очгэрэл миний машиныг жолоодож явсан. Машиныг зөвшөөрөлтэй жолоодож явсан. ...2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Таван богд ХХК-наас 143.000.000 төгрөгөөр худалдаж аваад тэр өдрөө улсын дугаараа авсан. Оношилгоонд орсон бүрэн бүтэн байсан. Гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг /хх 20 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Жадамбаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн процесс болж байхад би байгаагүй, хөдөө явж байгаад ирсэн. Нийслэлийн авто тээврийн газар хэргийн материалтай танилцсан. Киа портер маркийн машин бол Энхболд бид хоёрын машин. Миний машинд 1.480.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 175.000 төгрөг даатгалаас орж ирсэн. Би машиныхаа кабиныг дагалдах бүх зүйлтэй нь хамт сольсон. Өөр хохирол барагдсан зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулбал гомдол санал байхгүй…” гэв.

Хохирогч Д.Жадамбаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Машинд учирсан хохиролыг барагдуулчих юм бол цаашид нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх 23 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Очгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...09 цагийн орчимд 81-81 УБЭ улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн автомашиныг жолоодоод нөхөр Отгонбаяр, найз Ганзориг, дүү Тэнгис нарын хамтаар Зуслангаас хот руу орохоор ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй 40-50 орчим км/цагийн хурдтай 2-р эгнээгээр Дамбадаржаагийн замын цагдаагийн постны хойд талд явж байтал эсрэг урсгалаас ачааны цагаан өнгийн Киа бонго пронтер маркийн автомашин гэнэт эсрэг урсгалаас голын цагаан зураас даваад ороод ирэхээр нь аюулыг зайлуулахаар шууд баруун гар тийшээгээ жолоогоо дарах үед нөгөө машин миний жолоодож явсан машины зүүн хажуу талаас зүүн урд хаалга орчимд мөргөсөн. Би машинтайгаа хэсэг яваад 1-р эгнээнд орж зогссон. Би хаалгаа онгойлгоод машинаа харсан. Тэгэхэд машины зүүн тал тэр чигээрээ зурагдаад хонхойгоод орчихсон байсан. Машины аваарын дэрнүүд гарсан..." гэсэн мэдүүлэг /хх 25 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Отгонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2016 оны 6 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчимд 81-81 УБЭ дугаартай Тоёота ланд круйзер маркийн автомашиныг манай эхнэр Очгэрэл жолоодоод найз Ганзориг, дүү Тэнгис бид нар Зуслангаас хот руу орохоор ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй 2-р эгнээгээр Дамбадаржаагийн замын цагдаагийн постны хойд талд явж байсан. Би жолоочийн хажуу талын урд сандалд сууж явсан. Ганзориг Тэнгис хоёр арын сандалд сууж явсан. Гэнэт эсрэг урсгалд явсан ачааны цагаан өнгөтэй Киа бонго пронтер маркийн автомашин гэнэт эсрэг урсгал сөрөөд голын цагаан зураасыг даваад машины зүүн хажуу талаас зүүн урд хаалга орчимд мөргөсөн. Манай эхнэр шоконд ороод яваад байхаар нь зогс гэж хэлээд 1-р эгнээнд оруулж зогсоосон. Машин дотроо хэсэг байж байгаад машинаас бууцгаасан. Би тухайн үед баруун талынхаа хаалганы шилийг толгойгоороо мөргөсөн. Зүүн талаас баахан шил орж ирсэн. Зүүн талын толь машины ард орчихсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх 26 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Энхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Дохио өгөөгүй, 1-р эгнээнд миний ард явсан. 1-р эгнээнд сонгуулийн самбарыг буулгаж байсан ачааны машин зогсож байсан. Тоёота приус маркийн автомашин миний баруун гар талаар гүйцэт түрүүлж орж ирээд 1-р эгнээнд зогсож байсан машиныг гүйцэт түрүүлж орж ирээд 1-р эгнээнд зогсож байсан машиныг гүйцэт түрүүлэх гээд зүүн гар тийшээгээ жолоогоо дараад миний эгнээнд буюу 2-р эгнээнд орж ирээд миний машины баруун урд хажуу талаас мөргөх үед жолоодлого алдагдаад шууд зүүн гар тийшээгээ болохоор нь шууд тоормос гишгээд эсрэг урсгалд ирж явсан Тоёота ланд круйзер маркийн автомашины зүүн хажуу талын хоёр хаалга орчимд мөргөөд зогссон. Мөргүүлсэн Тоёота ланд круйзер машин урагшаагаа яваад 1-р эгнээнд зогссон..." гэсэн мэдүүлэг /хх 28 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Пүрэвдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2016 оны 6 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Энхболд 42-59 УНБ дугаартай Киа бонго пронтер маркийн автомашиныг жолоодоод Ядамсүрэн бид нар урдаасаа хойшоогоо Гойдоон ам руу ажил руугаа Дамбадаржаагийн Замын цагдаагийн постийг өнгөрөөд 2-р эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байхад гэнэт баруун гар талаас түс хийгээд мөргөх шиг болох үед манай машин хөндөлсөөд эсрэг урсгалд орж өөдөөс ирж байсан жийп маркийн автомашинтай мөргөлдсөн...." гэсэн мэдүүлэг /хх 30 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Ядамсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Энхболд ах 42-59 УНБ дугаартай Киа бонго пронтер маркийн автомашинтай Пүрэвдоржийн хамтаар манай гэрээр ирээд намайг аваад Гойдоон зуслан явахаар 3,4 хорооллоос хөдлөөд явсан. Би жолоочийн арын сандалд суугаад унтаж явсан. Гэнэт түс тас хийсэн. Сэрээд харахад машинтай мөргөлдсөн байсан..." гэсэн мэдүүлэг /хх 31 дүгээр хуудас/,

 

Итгэлт эстимэйт ХХК-ны ¹72480 дугаартай автомашины эвдрэл хохиролын үнэлгээ...

Тоёота ландкруйзер маркийн 81-81 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 36.671.300 төгрөгний шууд хохирол, 40.301.300 төгрөгний нийт хохирол учирсан..." гэжээ. /ХХ-ийн 40-43 дугаар хуудас/

 

Ашид билгүүн ХХК-ны ¹1262 дугаартай автомашины эвдрэл хохиролын үнэлгээ...

Киа бонго маркийн 42-59 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1.095.000 төгрөгний шууд хохирол, 1.480.000 төгрөгний нийт хохирол учирсан..." гэжээ. /ХХ-ийн 52-55 дугаар хуудас/

 

Техникийн шинжээчийн ¹373 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Тоёота Приус маркийн 27-55 УБТ дугаартай автомашины жолооч Г.Эрдэнэсум нь Монгол улсын ЗХД-ийн 7.8-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Киа бонго пронтер маркийн 42-59 УНБ дугаартай автомашины жолооч Г.Энхболд нь Монгол улсын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.

3. Тоёота ланд круйзер маркийн 81-81 УБЭ дугаартай автомашины жолооч Т.Очгэрэл нь Монгол улсын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна…” гэжээ /хх 72-74/,  

 

Техникийн шинжээч нарын ¹406 дугаартай дүгнэлт /бүрэлдэхүүнтэй/ “...Дүгнэлт:

1. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ¹373 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. 27-55 УБТ дугаартай Тоёота приус маркийн автомашины жолооч Г.Эрдэнэсум нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

3. 42-59 УНБ дугаартай Кма бонго пронтер маркийн автомашины жолооч Г.Энхболд, 81-81 УБЭ дугаартай Тоёота ландкруйзер маркийн автомашины жолооч Т.Очгэрэл нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4. 81-81 УБЭ дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашины жолооч Т.Очгэрэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна..." гэжээ. /хх 77-78 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...Somel гэсэн бичигтэй цагаан өнгийн 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцов...” гэжээ. /хх 17 дугаар хуудас/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-7 дугаар хуудас/, гэрч З.Ганчимэгийн мэдүүлэг /хх 29 дугаар хуудас/, гэрч Д.Сэлэнгийн мэдүүлэг /хх 33/, гэрч М.Тэнгисийн мэдүүлэг /хх 36/, Ухаа шүрт ХХК-ын ¹6772 дугаартай хохирлын үнэлгээ /хх 62-63/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 90 дугаар хуудас/, гэрлэлтийн лавлагаа /хх 92/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 101 дүгээр хуудас/, цаг агаарын тодорхойлолт /хх 110/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 208/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 209/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 210-221/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Эрдэнэсум нь 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 55 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Дамбадаржаагийн уулзварын хойд талын замд “Тоёота приус” маркийн 27-55 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Киа бонго пронтер” маркийн 42-59 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Д.Жадамбаад 1.095.000 төгрөгийн хохирол учруулж, уг автомашиныг жолоодож явсан жолооч Г.Энхболдын жолоодлогыг алдагдуулсаны улмаас эсрэг урсгалд зорчиж байсан “Тоёота ландкруйзер” маркийн 81-81 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Б.Чулуунбаатарт 36.671.300 төгрөгийн буюу нийт 37.766.300 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Жадамбаа, Б.Чулуунбаатар, гэрч Т.Очгэрэл, Ч.Отгонбаяр, Г.Энхболд, Ж.Пүрэвдорж, Д.Ядамсүрэн, Д.Сэлэнгэ, Б.Ганзориг, М.Тэнгис нарын мэдүүлэг, техникийн шинжээчийн №373 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчдийн №406 дугаартай дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Эрдэнэсумыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Г.Эрдэнэсумд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс хохирогч Б.Чулуунбаатарт учирсан 40.301.300 төгрөгийн нийт хохирол, төлбөрөөс 12.325.000 төгрөгийг нөхөн төлсөнөөс үлдэгдэл 27.976.300 төгрөгийг, хохирогч Д.Жадамбаад учирсан 1.480.000 төгрөгийн хохирол, төлбөрөөс 175.000 төгрөгийг нөхөн төлсөнөөс үлдэгдэл 1.305.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Г.Эрдэнэсумаас гаргуулж хохирогч тус бүрт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г уг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгч Г.Эрдэнэсумын №436504 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй.

Хэрэгт шүүгдэгч Г.Эрдэнэсумын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 689а тоот хаягт байрлах газар, Ү-2202020210 дугаартай хувийн сууц, NHM203157535 тоот арлын дугаартай “Тоёота приус” маркийн 27-55 УБТ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчын тогтоолтой болохыг дурдаж, шүүгдэгч Г.Эрдэнэсум цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Амт овогт Гансумын Эрдэнэсумыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэсумыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэсумд оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилан эдлүүлсүгэй.

            4.  Шүүгдэгч Г.Эрдэнэсум нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Г.Эрдэнэсумын №436504 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Г.Эрдэнэсумын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 689а тоот хаягт байрлах газар, Ү-2202020210 дугаартай хувийн сууц, NHM203157535 тоот арлын дугаартай “Тоёота приус” маркийн 27-55 УБТ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашин зэргийг битүүмжилсэн болохыг дурдсугай.

 Г.Эрдэнэсумын “Хаан” банкны 5024451428 дугаартай, “Хас” банкны 5001343982 дугаартай дансны гүйлгээг зогсоосныг тус тус хүчингүй болгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэсумаас 27.976.300 /хорин долоон сая есөн зуун далан зургаан мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 21 дүгээр байрны 18 тоотод оршин суух хохирогч Б.Чулуунбаатар /РД:ЧП47071611/-т, 1.305.000 /нэг сая гурван зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж  Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 22 дугаар байрны 130 тоотод оршин суух хохирогч Д.Жадамбаа /РД:ОЮ75102873/-д тус тус олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэсумын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Эрдэнэсумд урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 11. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 12. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эрдэнэсумд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН