Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

  2020              1             02                                       2020/ДШМ/30

 

 

Д.С, П.С, Д.Х, С.В

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

шүүгдэгч Д.С, цагаатгагдсан этгээд П.С, Д.Х, С.В нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/875 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Д.С, П.С, Д.Х, С.В нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б овгийн Дгийн С, 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуур, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ... тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД:.../,

 

  1. Б овгийн Пийн С, 1970 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

 

  1. Б овгийн Дгийн Х, 1987 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Оросын Холбооны Улсын Москва хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “ХОТУЛА” нэртэй амралтын газар менежер ажилтай, ам бүл 5, эх, эгч, дүү, охин нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЖ87051708/,

 

  1. Б овгийн С В, 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

С.В нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах 204 тоот өрөөнд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараагаар “Д.Сг иргэн Б.Бын толгойн хэсэгт тоосгоор цохиж газарт унагаагүй, Б.Б нь өөрөө газарт унасан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт,

П.С нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах 204 тоот өрөөнд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараагаар “Д.Сг иргэн Б.Бын толгойн хэсэгт тоосгоор цохиж газарт унагаагүй, Б.Б нь өөрөө газарт унасан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт,

Д.Х нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах 204 тоот өрөөнд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараагаар “Д.Сг иргэн Б.Бын толгойн хэсэгт тоосгоор цохиж газарт унагаагүй, Б.Б нь өөрөө газарт унасан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг,

Д.С нь 2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцсийн автобусны буудлын орчим иргэн Б.Бын нүүрэн тус газарт гараараа, толгойн дагзны хэсэгт тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.В, П.С, Д.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С, Д.Х, С.В нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, шүүгдэгч Б овогт Дуламрагчаагийн Сг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сгээс нийт хохирол төлбөрт 9.926.076 төгрөг гаргуулж хохирогч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.316.653 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид эмчлүүлэхэд гарсан зардал, өмгөөлөгчийн хөлс, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 4-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг 1 жилийн хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Сд мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.С, Д.Х, С.В нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор П.Бямбасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6, 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр, хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхийг нь тайлбарлаж, хэрэв мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол санаатай худал мэдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар урьдчилан сануулсан нь П.С, Д.Х, С.В нарын гарын үсгээр нотлогдсон байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг заавал сануулах талаар тусгаагүй бөгөөд Үндсэн хуулийн уг заалт нь түүнд нийцүүлэн батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт бүрэн утгаараа тусгагдсан, тухайн заалтыг гэрчүүдэд урьдчилан тайлбарласан байхад хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт хийж шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хуулийн үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн бол түүнийг “хүний эрүүл мэндэд хохирол учруулаагүй, хохирогч өөрөө унасан” гэсэн эрс зөрүүтэй, бодит байдлыг гуйвуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан П.С, Д.Х, С.В нарыг худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй юм. Гэтэл шүүгдэгч Д.Сг “гэмт хэрэг үйлдсэн” гэсэн дүгнэлт хийсэн атлаа “гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн худал мэдүүлэг өгсөн шүүгдэгч нарыг цагаатгасан асуудал нь бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүгдэгч Д.С нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогч Б.Баас нэхэмжилсэн нийт 12.926.076 төгрөгөөс 3.000.000 төгрөг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. ...” гэсэн нөхцөл хангагдаагүй байхад шүүгдэгч Д.Сд биелэгдэх боломжгүй 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор үзэхдээ П.С, Д.Х, С.В нарт гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарласан. Энэ нь гэрч нарын гарын үсгээр нотлогдож байгаа гэх хавтас хэрэгт авагдсан нотлох баримт буюу П.С, Д.Х, С.В нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, эрх үүрэг тайлбарласан хэсэгт гарын үсгээ зурсан байдаг. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн  6 дахь хэсэгт зааснаар гэрчийн гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зүгээр нэг бланк дээр уншсан болоод гарын үсэг зуруулах биш, бүр сануулж өгөх тухай тодорхой зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, та гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мэдүүлэг өгөх үү гэж тодруулж асуусны дараа мэдүүлгээ авах ёстой байсан. Шүүгдэгч нар мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд энэ тухай сануулаагүй гэдэг тул прокурорын хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж сануулсан гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн шүүхээс Д.Сд 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан тухайд Д.С нь тодорхой ажил эрхэлдэггүй. Ийм байхад торгох ял оногдуулсан нь  шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”  гэсэн нь торгуулийн ялыг төлөх хугацааг тогтоосон зохицуулалт болохоос биш торгуулийн ял оногдуулж болно, болохгүй талаарх зохицуулалт биш юм. Өөрөөр хэлбэл, цалин орлого ихтэй бол их хэмжээгээр, бага орлоготой бол бага хэмжээгээр тогтоох тухай зохицуулалт болохоос биш тодорхой ажилгүй хүнд торгуулийн ял оногдуулж болохгүй тухай зохицуулалт биш байна. Шүүгдэгч Д.С нь эрхэлсэн тодорхой ажилгүй ч орлогогүй гэсэн үг биш. Д.С хувиараа плита нааж, барилгын  ажил эрхэлж, тодорхой хэмжээний орлого олдог болох нь хавтас хэрэгт авагдсан түүний дансны хуулгаар  нотлогддог. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцсийн автобусны буудлын орчим иргэн Б.Быг автомашиндаа сууж байхад нь “Эгч П.Сыг оролдох гэлээ” гэдгээр шалтаглан нүүрэн тус газарт гараараа нэг удаа, улмаар хохирогчийг автомашинаас буусны дараа харилцан маргалдах явцдаа “Төгс төмөр” Хүнсний дэлгүүрийн гадаа түүний толгойн дагзны хэсэгт тоосгоор нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бын “...машин дотор сууж байхад хамт нийтийн караокед байсан ахмад эмэгтэй нь хүрч ирээд миний машины урд талын суудалд орж ирж суугаад ойр зуурын юм яриад байж байтал хамт явсан эрэгтэй нь хаалга онгойлгоод миний толгой руу хатуу зүйлээр цохиод би манараад өөдөөс нь хөлөөрөө жийгээд өөрийгөө хамгаалсан. Тэгээд урд сууж байсан эгч “болиоч ээ” гээд хаалгыг нь онгойлгоод хүүхэд нь аваад цаашаа явсан, би толгойноосоо гарч байгаа цусаа дараад машинаасаа буугаад тусламж гуйх гээд Бэлхийн эцэст байрлах Төгстөмөр дэлгүүр рүү яваад орох гэтэл дотор нь тооллого хийгээд гэрэл нь асаалттай байсан. Би эргээд хартал намайг цохисон залуу над руу чулуу шидсэн. Би оногдсон үгүйгээ санахгүй байна. ...” гэх /1хх 70/,

гэрч Г.Энхжаргалын “...Б.Б манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг залуу. Түүнийг нэг өндөр залуу толгой руу нь тал тоосгоор цохиж унагаад зугтсан. ...Бид дөрөв гадаа гарч Быг харахад маш их хэмжээний цус алдаж байсан. ...” гэх /1хх 80/,

гэрч Ш.Ариунтуяагийн “...Манай худалдагч Энхжаргал “Б цонх цохиж байна” гэсэн, яг тэгж хэлснийхээ дараа “Б цохиулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь худалдагч Энхжаргал, Ганчимэг, Цэрэнсодном нарын хамт дөрвүүлээ гараад хартал манай дэлгүүрээр байнга орж ирдэг Б гэх залуу газарт унасан, толгойноос нь цус гарсан хэвтэж байсан. ...” гэх /1хх 88/,

гэрч Ц.Цэрэнсодномын “...Энхжаргал гадаа Б хүнд зодуулчихлаа гэнгүүт нь бид дөрөв гарахад Б эмийн сан автобусны буудлын голд толгой нь баруун тийшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь “хүүе яасан бэ” гэж асуухад юм яриагүй, тэгээд толгой орчим нь цус болсон байсан. ...” гэх /1хх 10, 102/,

гэрч Ц.Цэнд-Аюушийн “...Очиж авахад толгой нь хагарсан, хамаг хувцас нь цус болсон, явж чадахааргүй байсан. Гэрт очоод харахад зүүн талын дээд талд хагарсан 2 шарх байсан. Тухайн үед толгойноос өөр газар учирсан гэмтэл харагдаагүй. ...” гэх /1хх 103-104/,

гэрч Б.Батзулын “...Толгойн зулайн хэсэгт бага хэмжээний цохигдсон шархтай, өөр биед ил гэмтэл шарх сорви байгаагүй, хохирогчтой ямар ч байсан 2 эмэгтэй байсан. ...” гэх /1хх 235/,

 гэрч П.Сы “...Намайг юм ярьж сууя гээд хоргоогоод байхаар нь “эгч нь даараад байна” гээд хэлсэн чинь миний машинд суучих гэсэн. Чиний машин хаана байгаа юм гэхэд “Ууган” төвийн хажууд зогсож байна гэхээр нь очоод сууж байтал намайг сонирхоод үнсэх гээд байхаар нь би “болиоч” гээд түлхсэн чинь манай дүү хаалгыг нь онгойлгоод нүүрэн тус газар нь цохиод авсан. Би “яаж байгаа юм бэ” гэтэл таныг машины цонхоор харлаа, таныг гараараа түлхэж байхаар нь дээрэмдэж байна гэж бодоод цохичихлоо гээд боль гэж хэлээд өөрийн охин В, дүү С нарыг гэр рүүгээ дагуулаад үүдээрээ орох гэж байтал бид нарын араас гартаа тоосго бариад “одоо эр хүн шиг үзье” гэж хэлээд гүйгээд ирэхээр нь манай дүү бултаад өөрөө хүчиндээ унахаар нь хэдүүлээ хүн хаяж явж болохгүй байх гээд цонхоороо харж байтал унасан газраасаа босохгүй болохоор нь Х гэрээс гарч ирээд “яасан бэ” гээд очтол толгойноос нь цус гарсан байна, түргэн дуудаач ээ гээд орилсон чинь дэлгүүрээс худалдагч нар гарч ирээд түргэн дуудсан. ...” гэх /1хх 92/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “...1. Б.Бын биед зүүн зулай ясны цөмөрч, бяцарсан хугарал, зүүн зулайн тархины эдийн няцрал, зүүн ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, зүүн зулайн хуйхны шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. ...” гэх 11443 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 107/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Сг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Сгийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд уг зүйлд зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Прокурорын эсэргүүцэлд дурдсан шүүгдэгч Д.Сгийн гэр бүлийн гишүүд болох цагаатгагдсан этгээд П.С, Д.Х, С.В нарын худал мэдүүлсэн гэх мэдүүлгүүдийг үзэхэд, шүүгдэгч Д.Сгийн үйлдлийг өмөөрч хамгаалсан шинжтэй бөгөөд мэдүүлгэн нотлох баримтуудын хувьд хувь хүний гадаад мэдрэхүйгээр дамжин, дотоод ухамсраар илэрхийлэгддэг учир хүний хүсэл зоригтой шууд холбоотой байдгаараа онцлог гэдгийг харгалзан үзэж, хөндлөнгийн гэрч Г.Энхжаргал, Ш.Ариунтуяа, Ц.Цэрэнсодном нарын мэдүүлсэн мэдүүлэг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэв.

Мөн “...шүүгдэгч Д.С нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. ...” гэсэн нөхцөл хангагдаагүй байхад түүнд биелэгдэх боломжгүй торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. ...” гэх үндэслэлийг эсэргүүцэлдээ дурджээ.

Анхан шатны шүүх хуульд заасан төрөл, хэмжээний дотор Д.Сгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.С, Д.Х, С.В нарыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах 204 тоот өрөөнд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараагаар “Д.Сг иргэн Б.Бын толгойн хэсэгт тоосгоор цохиж газарт унагаагүй, Б.Б нь өөрөө газарт унасан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч П.С, Д.Х, С.В нарыг “...Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэйг тайлбарлан өгөөгүй, ...мэдүүлэг авсан гэж тэмдэглэлд тусгасан боловч эрх зүйн байдлын хувьд гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн аль болох тодорхойгүй, ...гэрч, хохирогчийн хувьд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.6, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгүүдэд заасныг ноцтойгоор зөрчиж авсан мэдүүлгийг үндэслэн ялласан...” гэсэн дүгнэлтүүдийг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан байна.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох П.С, С.В нараас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр авсан мэдүүлэг, Д.Хгаас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр авсан мэдүүлэг /хэргийн 1 дэх хавтасны 91-95 дахь тал/-ийн тэмдэглэлүүдээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан өрөөнд авсан эсэх нь тодорхойгүй, тэдэнд ямар зорилгоор мэдүүлэг авахаар хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн талаар танилцуулаагүй, эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, түүнчлэн хуульд заасан эрх, үүргийг танилцуулсны дараа үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн “Баталгаа” гаргуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл П.С, Д.Х, С.В нарын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Биднээс 5-6 хүн суудаг өрөөнд байцаалт авсан, эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй, байцаагч “Юу болсон? Яасан?” гээд асуугаад байсан” гэсэн тайлбарыг няцаан үгүйсгэсэн зүйл байхгүй ажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгаас авч үзвэл, гэрчээс мэдүүлэг авахдаа уг хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрх”-ийг мөрдөгч тусгайлан тайлбарлах учиртай төдийгүй гэрч үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн тохиолдолд энэ талаар болон Эрүүгийн хууль сануулсан “Баталгаа” гаргуулж бичгээр баримтжуулж байх шаардлагыг хуульчилсан байгааг цаашид анхаарвал зохино.  

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Сгийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй ба П.С, Д.Х, С.В нарыг цагаатгахдаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул прокурор П.Бямбасүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай “...анхан шатны шүүх П.С, Д.Х, С.В нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/875 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийн 2 дахь хавтасны 172 дахь талд авагдсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1859 дугаартай тэмдэглэлд хуралдааныг “шүүгч Л.Одончимэг даргалсан” байдлаар бичсэн нь бичилт техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг;

мөн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийтгэх тогтоолыг бичгээр гаргахдаа хугацааг хэтрүүлэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэргийн оролцогч нарт гардуулсан, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэргийн бусад оролцогч нарт танилцуулсан нэр төдий холбогдох тайлбарыг авалгүйгээр хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан байгааг тус тус энэхүү магадлалд дурдаж, цаашид ийм алдаа, зөрчил гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/875 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Бямбасүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ