Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 110/2017/0035/З/ |
Дугаар | 303 |
Огноо | 2017-09-20 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 303
З.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Я.С нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0033 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0389 дүгээр магадлалтай, З.С-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0033 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1, 163.1.1, 163.2, 163.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.С-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дүгээр тойргийн дүнг гаргасан тус сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн ...дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл” бүхий шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн дүн хүчингүй болсон хэмжээгээр Ногооннуур сумын Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт тус сумын Хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль зохион байгуулж явуулахыг Ногооннуур сумын Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0389 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2, Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д заасныг тус тус баримтлан З.С-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хороонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Ногооннуур сумын 9 дүгээр тойргийн 165 дугаар хэсгийн сонгуулийн дүнг гаргасан тус сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн саналын нэгтгэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн дүн хүчингүй болсон хэмжээгээр дахин сонгууль явуулахыг Ногооннуур сумын сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч З.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, зарим зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Миний нэхэмжлэлийн шаардлага Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д заасан сонгуулийн байгууллагын шийдвэртэй шууд холбоогүй бөгөөд мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т заасны дагуу гаргаж байгаа нэхэмжлэл байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсан нь хууль бус байна. Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2 дахь хэсэгт “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно” гэж тодорхой зааж өгсөн.
Ногооннуур сумын 9 дүгээр тойргийн 165 дугаар хэсгийн сонгуулийн дүн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Тухайн үед миний гомдол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр хянагдаж байсан ба шүүхийн эцсийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болоогүй байсан учир шууд гомдол гаргах ямарч боломжгүй байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д заасанчлан энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох ёстой.
Гэтэл хариуцагч хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргасан учир анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан. Нөхцөл байдал ийм байхад давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд миний гомдлыг хяналтын журмаар дахин хянаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хянавал:
Иргэн З.С-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хороонд холбогдох “Ногооннуур Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлагатай захиргааны хэргийг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2016/0033 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2016/0703 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагч хяналтын журмаар гомдол гаргасан боловч “гомдол”-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлээр гаргаагүй учир Улсын дээд шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дүгээр захирамж, мөн захирамжийг хянасан Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор уг гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
Нэхэмжлэгч З.С “...хууль бус шийдвэрийн улмаас “сонгогдох эрх” зөрчигдсөнийг шүүхийн шийдвэрээр тогтоосон /тул/ ...хуулийн дагуу сонгуулийн дүнг хүчингүй болгож, хүчингүй болсон хэмжээгээр дахин сонгууль явуулахыг даалгах” нэхэмжлэл гаргасан, хариуцагчаас “...З.С-ийг нэр дэвшигчээр бүртгэж, түүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлээгүй байхад дахин сонгууль явуулах боломжгүй, ...дахин сонгууль явуулах нь нэр дэвшигчээр бүртгэгдэж, сонгуульд шударгаар өрсөлдөж ялалт байгуулсан бусад нэр дэвшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчих эрсдэлтэй, ...дээд шатны сонгуулийн байгууллагаас манай Сонгуулийн хороонд үүрэг даалгавар өгөөгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар “шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” байтал хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хороо шүүхийн дээрх шийдвэрийг үл биелүүлж, З.С-ийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтад бүртгэж аваагүй, түүний “сонгогдох эрх”-ийг эдлүүлээгүйн үр дагаврыг арилгаагүй байна.
Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “...“сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” ойлгохоор, сонгуулийг хүчингүйд тооцох үндэслэлийг мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно”, энэ тохиолдолд дахин сонгууль явуулахыг 163 дугаар зүйлийн 163.1.1-д “сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон” гэж тус тус зааснаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хороо “сонгуулийн хууль тогтоомж” зөрчиж нэхэмжлэгч З.С-ийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтад бүртгээгүйн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, энэ тохиолдолд тогтоогдсон хэмжээгээр сонгуулийн дүн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахаар зохицуулжээ.
Анхан шатны шүүх “сонгогдох эрх” зөрчигдсөн маргааны үйл баримтад холбогдуулж, хэрэглэвэл зохих Сонгуулийн тухай хуулийн дээрх зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, дахин сонгууль зохион байгуулж явуулахгүй байгаа Сонгуулийн хорооны “эс үйлдэхүй” нь нэхэмжлэгч З.С-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т заасан “нэхэмжлэл гаргах” хугацааны талаарх зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглэсэн нь буруу байна.
Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т “сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэсэн нь мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2 дахь заалтуудаар тусгайлан зохицуулсан “сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болгох”, “дахин сонгууль явуулах”, “дахин сонгууль зохион байгуулж явуулах” Сонгуулийн байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх, энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой маргаанд хамааралгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн үр дагаврыг арилгахтай холбоотой харилцаанд шүүх хөөн хэлэлцэх хугацаа тооцох, “хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол”-оо сэргээлгэх боломжийг хязгаарласан нь буруу байна.
Нөгөө талаар “сонгуулийн хууль тогтоомж зөрчиж”, нэхэмжлэгчийг нэр дэвшигчдийн нэрийг бүртгээгүйг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2016/0033 дугаар шийдвэрийг хариуцагч Ногооннуур сумын Сонгуулийн хороо эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сонгуулийн санал хураалт явагдаж өнгөрсөн, хяналтын журмаар гаргасан “гомдол”-ыг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжгүй гэж Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2017 оны 2 дугаар сарны 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараагаар хариуцагч “хууль зөрчсөн” шийдвэрийнхээ үр дагаврыг өөрөө арилгаагүй, “дахин сонгууль” явуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсны улмаас нэхэмжлэгч “даалгах” нэхэмжлэлийг гаргасан болохыг анхаараагүй байна.
Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.С-ийн хяналтын журмаар гаргасан “давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0389 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ