Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/742

 

 

 

 

 

 

 

   2023       07            28                                       2023/ШЦТ/742

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Б.Өнөбат (томилолтоор),

шүүгдэгч Д.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Улаанбаатар хотын Ажилчны районы ардын шүүхийн 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 99 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1981 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сүхбаатар районы ардын шүүхийн 1983 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1983 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн б-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Төв аймгийн хэсгийн ардын 4 дүгээр шүүхийн 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 cap 27 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 5 cap 27 хоногийн хугацаагаар тогтоож, 1993 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 390 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 650 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 256 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260.2 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Нийслэлийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2/б-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 11 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 cap 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас заримыг нь буюу 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 cap 3 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Д.Б нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын орчимд үйл ажиллагаа явуулах цайны газарт байхдаа иргэн Ж.О-ийн ширээн дээр тавьсан байсан “Релми Жи 7” загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч түүнд 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн  журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үл таних хүнд 50.000 төгрөгөөр зараад мөнгөөрөө архи, хоол ундны юм авсан. ...Би согтуу байсан. Хохирлоо нөхөн төлсөн” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.О /хх-ийн 6/, гэрч Н.Э /хх-ийн 8/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-15/, Д.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23/, Д.Бийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан баримт /хх-ийн 33/, Д.Бийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 48/, Д.Бийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 52-84/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын орчимд үйл ажиллагаа явуулах “.....” цайны газарт байхдаа тухайн газраар үйлчлүүлж байсан иргэн Ж.О-ийн ширээн дээр тавьсан байсан “Релми Жи 7” загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч түүнд 385.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

хохирогч Ж.О-ийн /хх-ийн 6/: “...2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах “Цайны газар” гэх газарт ганцаараа орж хоол идчихээд, архи уучихсан согтуу байсан учраас хүнтэй гар утсаараа ярьж байгаад 1 минут орчим дуг хийхдээ утсаа ширээн дээр тавьчихсан байсан. Тэгээд сэртэл миний гар утас байхгүй болчихсон байсан бөгөөд тэр газрын хяналтын камерын бичлэгийг үзтэл миний зүүн талын ширээн дээр сууж байсан хар бараан өнгийн хувцастай, 40-50 орчим насны эрэгтэй хүн /камер дээр тодорхой харагдахгүй байсан/ юм идчихээд гарахдаа миний урд талын ширээн дээр хальт суугаад босохдоо миний урд талаас гар утсыг маань аваад гараад явж байгаа дүрс бичигдсэн байсан. Би тэр бичлэгийг үзчихээд тэр цайны газрын тогооч гэх эмэгтэйгээс тэр хүний талаар асуухад “энэ хавиар явдаг, байнга орж ирдэг хүн” гэж надад хэлж байсан. ...Сайн электрониксоос 1.400.000 орчим төгрөгийн гар утсыг 2022 онд 1 жилийн хугацаатай лизингээр худалдаж авч байсан. Одоо үнэлбэл 1.100.000 орчим төгрөгөөр үнэлнэ. Миний гар утас нь ямар нэгэн сэв зураасгүй, шилэн наалтгүй, шар өнгийн резинэн кейстэй, хойд талдаа Рэлми гэх бичиглэлтэй, цагаан цэнхэр өнгийн Рэлми Жи-7 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Э-гийн /хх-ийн 8/: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын автобусны буудал дээр байрлах “.....” цайны газарт ажил дээрээ байж байтал манай тэр хавиар байнга согтуу явж байдаг хүмүүс хөгжимчин Бааска гэж дууддаг 60 орчим насны эрэгтэй хүн орж ирчихээд хоол нэхээд байсан. Тэгж байгаад хаалганы хажууд цонхны дэргэд ширээн дээр суугаад унтаж байсан хүний дэргэд очоод гараад явсан дараа нь тэр хүн сэрээд “миний утас байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Бааска гэх архи уудаг хүн авсан байна гэж бодсон. Тухайн хүн угаасаа энэ хавиар дандаа хулгай хийж явж байдаг. Өмнө нь бас манай цайны газраар орж ирээд хүний карманаас утас авчихсан байсан гэсэн. Өөр зүйл мэдэхгүй байна. ...Байнга согтуу байдаг...” гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-15/,

 

Д.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 23/: “...Би уржигдар буюу 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 7 буудлын автобусны буудлын ард байдаг нэг үе үе ордог нэрийг нь мэдэхгүй цайны газар байдаг тийшээ орсон чинь нэг залуу ширээн дээр гар утсаа тавьчихсан унтаж байсан. Тэгээд хүн багатай байхаар нь би гарахдаа ширээн дээрээс нь гар утсыг нь авч гараад төв зам хөндлөн гараад ХААН банкны урд нэг залууд 50.000 төгрөгөөр зарсан. Тэгээд зарсан мөнгөөрөө архи авч уусан, хоол ундны юм авч хэрэглэсэн. ...Би согтуу байсан. ...Надад ямар нэгэн санаа зорилго гэх юм байхгүй. Би гадуур тэнэмэл байдалтай амьдардаг болохоор өлсөөд мөнгө хэрэгтэй байсан. Тэгэхээр нь ширээн дээр байгаа бэлэн утсыг нь хулгайлчихсан юм. ...ганцаараа байсан. ...Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Бид холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Д.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч Д.Бид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэм буруут үйлдлийн улмаас 385.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ял  шийтгэж,  мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Яллах дүгнэлтийн хавсралтад хохирол төлбөр төлөгдсөн гэжээ. Гэтэл хэрэгт хохирол төлсөн баримт байхгүй, хавтаст хэргийн 45 дугаар талд хохирогч Ж.О нь хохирол төлбөрөө барагдуулж авах хүсэлт гаргасан, мөн шүүхээс хурлын тов мэдэгдэхэд хохирлоо нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн болно.

 

Иймд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон нөхөн төлөгдөөгүй хохирол, төлбөр болох 385.000 төгрөгийг шүүгдэгч Д.Боос гаргуулж хохирогч Ж.Од олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 71 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бийн өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 71 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Боос 385.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Од олгосугай.

 

7. Д.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Д.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ