Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/953

 

 

 

2023        07        04                                  2023/ШЦТ/953

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

Хохирогч Ч.М,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Б.Н холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт *************** тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан,

************* овогт Б.Н /РД:***********/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр **************д хамтран амьдрагч Б.М-тай маргалдаж, улмаар толгойд шилээр цохиж түүний бие дагзанд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******************* хамтран амьдрагч Ч.М-тай маргалдаж, улмаар толгойд шилээр цохиж түүний бие дагзанд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/, 

Хохирогч Ч.М-ын “...Би хамтран амьдрагч Н-ийн хамтаар ************** нийтийн байранд амьдраад 1 жил орчим болж байна. 2023 оны 03 дугаар сарын 06-ны шөнө Н бид 2 хамтдаа халтууранд явж байгаад хоорондоо маргалдаад Н машинаас буучихаар нь би шууд гэртээ харьчихсан. Гэрийн гадаа би найз Б-тэй тааралдаад машинд нь юм ярьж сууж байгаад гэртээ ортол Н ирчихсэн байсан ба хувцсаа аваад явлаа гэхээр нь би явуулахгүй гээд бид 2 хоорондоо хэрэлдсэн. Тэгээд байж байгаад бид 2 гадаа гараад Билгүүний машинд суусан ба Б-ий машинд архи, пиво байсан. Тэгээд бид нар тухайн архи пивыг уугаад сууж байгаад Н бид 2 юунаас ч билээ дахин маргалдаж байгаад Н явлаа гээд машинаас буугаад гүйхээр нь би хойноос нь гүйж байтал Н газраас 1 юм шүүрч аваад гүйсэн. Би хойноос нь гүйж очоод хувцаснаас нь бариад автал На эргэж харах үедээ миний шилэн хүзүүний дээд хэсэгт шилээр зүсчихсэн. Тэгээд би газар суугаад На цааш гүйж яваад удалгүй буцаад ирсэн. Би архи уусан байсан. Гэхдээ болсон асуудлыг бүгдийг нь санаж байгаа. Урд шөнө нь бол бид 2 мөнгө төгрөгийн асуудлаас болж маргалдсан. Миний шилэн хүзүүний дээд хэсэгт бага зэрэг зүсэгдсэн өөр гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5957 дугаартай “... Ч.М-ын биед дагзанд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/

Яллагдагч Б.Н-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Ч.Мөнхтамир нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Н-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 08 /найм/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-ьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* ургийн овогт Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Н-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Б.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 08 /найм/ хүртэл сарын хугацаанд төлөхөөр тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БЭЭЖИН