| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/00562/И |
| Дугаар | 00660 |
| Огноо | 2020-03-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 00660
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 23-18 тоотод оршин суух, Хотгойд овогт Мөнхөөгийн Золзаяа /РХ90011100/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 30-04 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Эрдэнэбилэгийн Ууганбаяр /ФД89062134/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Золзаяа нь Э.Ууганбаяртай 2012 онд танилцан 11 сард гэр бүлээ бүртгүүлсэн. 2013 оны 02 дугаар сард охин У.Мөнххүслэн төрсөн. Бид хоёр охиноо төрснөөс хойш хэрүүл маргаантай байсаар өдийг хүрлээ. Нөхөр Ууганбаяр хааяа архи ууж, агсам согтуу тавина, сүүлдээ эрүүл байхдаа ч элдэвээр харааж, хардаж эцэг, эх дүү нарыг минь тайван байлгахаа байсан. Тэдний гэр бүлийнхэн мөн гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч одоо охин бид хоёр өөр газар амьдарч байна. Мөн 2020 оны 02 дугаар сарын 10-нд надад гар хүрч би цагдаад гомдол гарган 2020 оны 02 дугаар сарын 12-нд зөрчлийн хэргээр Э.Ууганбаяр 8 хоног хоригдож байгаа. Ийм байдалтай цаашид байвал хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх учир 2012 оны 0177488 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг цуцлаж өгнө үү. Би охин Мөнгөнхүслэнг өөрөө асран халамжлах бөгөөд хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсч байна. Бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч М.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр эд хөрөнгийн маргаан байхгүй. Тусдаа гарч өөрсдийн гэсэн эд хөрөнгөтэй болоогүй. Охиноо өөр дээрээ авч, охиндоо ааваас нь тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Өөр хэлэх зүйлгүй гэв. Сүүлийн үед над руу уурлаж надад гар хүрдэг болсон. Манай ах, дүү нар одоо боль гэж хэлэх болсон. Өөрөө ч гэсэн ер нь хоёулаа больё гэсэн. Сэтгэл санаа нийлэхээ больж хэрүүлтэй байдаг болсон. Бид хоёр ярилцаж байгаад гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Архи уухаараа гар хүрээд байдаг болсон. Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн зун нилээн маргаан болж эрүүлжүүлэхэд ороод Таван толгой руу ажил руугаа явсан. Тэгээд 11 сард ирж байж байгаад сая 2 сард хойш нь тал руу машинаараа авч давхиж байгаад замын хажуу тал руу ороод машинаа эвдсэн. Өмнөх өдөр нь ажил дээр байхад бас цохиж, зодсон. Би хадмындаа амьдарч байгаад хадам ээж архи уудаг болохоор бид хоёр муудалцаад би охиноо аваад дүү нар руугаа явлаа эсвэл ажилдаа ойрхон ахындаа очлоо гэсэн чинь гэрээс явах гэлээ гээд уурласан. Тэгээд ирээд надад чи хавар болтол намайг хүлээчих тэгээд хашаа байшин аваад тусдаа гаръя гэхээр нь чи тэгвэл хашаа байшингаа авчихаад намайг ав би дахиж танайд очихгүй гэсэн чинь чи надаас салаад явах гэлээ гээд архи уугаад бас хардаад чи өөр хүнтэй болчихоод явах гээд байгаа юм байна гэдэг болсон.Дандаа тулга тойрсон хэрүүл хийдэг. Тэгээд сүүлийн үед архи уухлаараа сэтгэцийн өөрчлөлттэй болоод байгаа юм уу өөрийгөө удирдах чадваргүй, миний духыг цөм цохиод, чи надаас салах гээд байгаа юм бол охиноо энд үлдээчихээд Хатгал руу явж үхье гэж давхиж байгаад зам дээр явж байсан эргүүлийн цагдаатай таараад цагдаагаас буцаж зугтах гэж эргэж байгаад замын хажуу тал руу машинтайгаа ороод цагдаад баригдсан. Би маш их айдаг болсон... гэв.
Хариуцагч Э.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.Ууганбаяр би М.Золзаяагийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Э.Ууганбаяр нь М.Золзаяатай 2010 онд танилцан үерхэж байгаад 2012 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж улмаар бидний дундаас 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр охин У.Мөнгөнхүслэн төрсөн. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа үзэл бодол таарч тохирохоо болсон учраас цаашид амьдрал боломжгүй болсон.
Иймд Э.Ууганбаяр би М.Золзаяагийн гэрлэлт цуцлуулж, охин Мөнгөнхүслэнг асрамжидаа авч надаас охин Мөнгөнхүслэнд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М.Золзаяа нь хариуцагч Э.Ууганбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.Золзаяа, хариуцагч Э.Ууганбаяр нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин У.Мөнгөнхүслэн төрсөн болох нь;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын Тамгын газраас олгосон “РД-ФД89062134, Монгол улсын иргэн 1989 оны 6 дугаар сарын 21-нд төрсөн Гөрөөчин овогт Эрдэнэбилэгийн Ууганбаяр, РД-РХ90011100, Монгол улсын иргэн 1990 оны 01 дүгээр сарын 11-нд төрсөн, Хотгойд овогт Мөнхөөгийн Золзаяа нар 212 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 188-рт бүртгэж гэрчилгээ олгов.” гэж бичигдсэн №0177488 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/
2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Мөрөн суманд төрсөн Гөрөөчин овогт Ууганбаярын Мөнгөнхүслэн /РЮ13222600/-ийн №0000863340 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ... гэж заасан байх тул нэхэмжлэгч М.Золзаяа нь шаардах эрхтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл, учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.
Хэрэгт нэхэмжлэгчээс Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 77 дугаартай “Э.Ууганбаярт шийтгэл оногдуулах тухай” шийтгэвэр 2 хуудас баримтыг ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан байх ба зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй хариуцагч Э.Ууганбаяр нь охин Мөнххүслэнг эх Золзаяагийн асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул охин У.Мөнгөнхүслэнг эх М.Золзаяагийн асрамжинд үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг эх дараахь үүрэг хүлээнэ: ...26.2.2-т Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасан байх тул эцэг Э.Ууганбаяраас хуульд заасан хэмжээгээр охин У.Мөнгөнхүслэнд сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж тус тус шийдвэрлэв.
Хэрэгт охин У.Мөнххүслэн нь эрүүл бойжиж байгаа болон эх М.Золзаяагийн асрамжинд байгаа талаар: Хөвсгөл Энх үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн Хүний их эмч Б.Мөнхтуяагийн “ Ууганбаяр овогтой Мөнгөнхүслэн нь 6 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно. “ гэх Эмчийн тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн засаг дарга Н.Даваадуламын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14/12 дугаартай “ Иргэн Мөнхөөгийн Золзаяа /РХ90011100/ ам бүл 3, дүү, охин хоёрын хамт Мөрөн сумын 1 дүгээр багийн 23-18 тоот хаяганд бүртгэлтэй боловч тухайн хаягт амьдардаггүй болно. “ гэх албан бичиг зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар Зохигчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй гэж заасан ба энэ үүргээ хариуцагч Э.Ууганбаяр биелүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “ ... хүрэлцэн ирж чадахгүй, өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч хүрэлцэн ирж чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаараа нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч М.Золзаяагийн төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ууганбаяраас 104.414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гөрөөчин овогт Эрдэнэбилэгийн Ууганбаяр /ФД89062134/, Хотгойд овогт Мөнхөөгийн Золзаяа /РХ90011100/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 02 дугаар сарын 26-нд төрүүлсэн охин Гөрөөчин овогт Ууганбаярын Мөнгөнхүслэн /РЮ13222600/-г эх Хотгойд овогт Мөнхөөгийн Золзаяа /РХ90011100/-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 02 дугаар сарын 26-нд төрүүлсэн охин Гөрөөчин овогт Ууганбаярын Мөнгөнхүслэн /РЮ13222600/-д 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Гөрөөчин овогт Эрдэнэбилэгийн Ууганбаяр /ФД89062134/, -аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Золзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ууганбаяраас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Золзаяад олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА