| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2023/0176/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/251 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Энхбуян |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/251
2023 03 13 2023/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0176/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч: Н.Энхбуян,
хохирогч Н.Г,
шүүгдэгч: Д.Б, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2209026752275 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Б (РД:)
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, *** тоот хашаанд байсан хохирогч Н.Г-н эзэмшлийн 2 ширхэг бетон кольцог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдэж, хохирогчид 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч: Манай хажуу айлын хашааг хохирогч түрээсэлдэг байсан. Тухайн кольцог машин түрээслээд хашаанаас нь авсан. Би тухайн бетон кольцог авах талаар хохирогчид өмнө нь хэлж байсан. Тухайн өдөр утсаар ярих гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Би 9568**** дугаарын утас руу залгаад Н.Г-тэй ярилаа гэж бодтол түүний ах Б гэж хүнтэй ярьсан байсан. Би Б-тэй кольцо авах талаар ярихад намайг нэгийг нь 120.000 төгрөгөөр бодоод өгчих гэж хэлж байсан. Б яагаад цагдаа дуудсаныг нь мэдэхгүй, өмнө нь хэлж байсан учраас мартсан байсан байх. Н.Г-х манай хажууд талын хашаанд байдаг, би өмнө нь бетон кольцо үйлдвэрлэж байхад нь орж гарч тусалж байсан. Намайг хашаа манаж бай гэж хэлээгүй. Би хохиролд 400.000 төгрөг төлсөн.
Хохирогч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэг хүн хоёр кольцо авна гэхээр нь хашаан дээр очоод үзүүлээд байж байхад Д.Б гарч ирээд намайг 2 кольцо өгчих гэхээр нь би хүнд зараад мөнгөө авчихсан гэж хэлсэн. Ингэж хэлчихээд хашаагаа хаачихаад явсан ба орой нь ирж авах гэсэн боловч бороо ороод авч чадаагүй. Тэгээд өглөө ирэхэд кольцо алга болсон байсан бөгөөд манай ах цагдаад хэл гэж хэлээд би цагдаад дуудлага өгсөн. Ингээд үүнээс хойш 3 хоногийн дараа цагдаагаас таны эд зүйлийг хажуу айлын чинь хүн Д.Б авсан байна гэж хэлсэн. Надад одоогоор ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирол барагдсан.” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өчигдөр орой 18.00-19.00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, **** тоот хашаанд бетон кольцоо байрлуулан тавьсан бөгөөд өнөөдөр 18.00 цагийн орчим ирэхэд хашаанд байсан 3 ширхэг бетон кольцо алга болсон байсан. 1 ширхэг 230.000 төгрөг, 1 нь 800 кг 1,1 тонн жинтэй. ...Хажуу айлын хүнийг сэжиглэж байна. 32-ын крантай хүмүүс байж болзошгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)
Иргэний нэхэмжлэгч Л.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С гэдэг залуутай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гудамжинд таараад ойр зуурын юм ярьж байгаад “Манай нойл дүүрчхээд байна, чамд нойлд тавьчих бетон кольцо байна уу" гэхэд С “Би олоод өгье, надад байгаа" гэж тохиролцоод С-тэй үнээ тохиролцоод "надад 200.000 төгрөг өгчих, би хямдхан олоод өгье" гэсэн. Тэгээд С-тэй 9 сарын 20-нд мөнгийг бэлэн тоолоод өгсөн. Би охинтойгоо хамт явж байсан. Манай охин С бид 3 гэрийнх нь хажуу талын хашаанд очиж үзээд авахаар болоод 2-3 хоногийн дараа авна унаа байхгүй байна гэсэн. 2022 оны 09 дүгээр сарын 22-нд өглөө 07.00 цагийн үед С манайд орж ирээд "Бушуухан кольцогоо аваарай" гэсэн. Тэгээд би "надад унаа тэрэг байхгүй, тэгж байгаад авна" гэхэд "би 32-ын урдаас кран аваад өгье" гээд намайг дагуулаад кран машин түрээсэлсэн. Тэгээд краны жолоочтой яриад жолооч нь ачиж өгөхөөр болоод 60.000 төгрөгөөр ачина гээд байсан. Надад байгаа мөнгө нь 40.000 төгрөг байсан. Мөнгө хүрэхгүй байна, болилоо гэсэн чинь Сайханаа “би 20.000 төгрөгийг нь өгчихье” гэсэн. Тэгээд Сайханаа гэрийнхээ хажуу хашаанаас 2 ширхэг кольцо ачуулаад манай хашаанд буулгачхаад яваад өгсөн. Нэг кольцо нь буулгаж байхад хагараад эвдэрсэн, 1 нь бүтнээрээ манай хашаанд байгаа... ...Би худалдан авсан мөнгөө буцаан авмаар байна. Худалдан авсан мөнгө 200,000 төгрөг, мөн ачуулсан 40,000 төгрөг нийт 240,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33, 38-39 дэх тал)
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө 32-ын тойргийн “Жаст колонк”-ийн урд зогсоол дээр зогсож байтал өглөө 09.00 цагийн үед хоёр эрэгтэй хүн ирээд "Сансар" дэлгүүрийн урд билүү нэг гудамжнаас “Бетон кольцо 2 ширхгийг ачаад урд хашаанд буулгаад өгөөч ээ хэдээр явах вэ” гэж асуусан. Тэгээд би 100.000 төгрөгөөр явж өгье гэсэн чинь жоохон буулгаад өгөө гээд гуйгаад байхаар нь за яахвэ гээд 60.000 төгрөгөөр бетон кольцог нь ачиж өгсөн. Залуухан эрэгтэй хүн нь 20.000 төгрөг, настай эрэгтэй хүн нь 40.000 төгрөг өгөөд 60.000 төгрөгөөр тохиролцсон. Надад юмаа ачуулсны дараа бэлнээр 60.000 төгрөг өгсөн. ...Ачсан гудамжны урд хашаанд хойшоо харсан хашаа байсан. Хашаа нь дотор нь нурсан байдалтай хазайсан жорлонгийн хажууд буулгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал)
"Дамно" эд хөрөнгийн үнэлгээний 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн СБ2-22-1413 дугаартай “...муу усны нүхэнд хэрэглэх кольцо 1 ширхэг нь 120.000 төгрөг, 2 ширхэг нь 240.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 51-52 дахь тал)
2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-18 дахь тал)
2022 оны 12 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-25 дахь тал)
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн “...Хохирогч Н.Г нь би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Миний алдагдсан кольцо 3 ширхэг байснаас 2 ширхэг нь алга болсон. Харин би хэргийн материалтай танилцах боломжгүй, хөдөө явж байна" гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 105 дахь тал)
2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн "яллагдагч Д.Б хохирогч Н.Г-д 400.000 төгрөгийн хохирол барагдуулсан” талаарх баримт (хавтаст хэргийн 103 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, **** тоот хашаанд байсан хохирогч Н.Г-н эзэмшлийн 2 ширхэг бетон кольцог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдэж, хохирогчид 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хулгайлах гэмт хэрэг мөн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд нь “...хохирогч Н.Г нь Д.Б-г хашаа манаж байгаарай гэж хэлсэн, тухайн кольцо нь түүний итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө байсан, урьд Д.Б кольцог авна гэж хэлсэн байсан тул энэ нь хулгайлах гэмт хэрэг биш, завших гэмт хэрэг байна...” гэж мэтгэлцсэн бөгөөд энэ нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Г-н өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэг хүн хоёр кольцо авна гэхээр нь хашаан дээр очоод үзүүлээд байж байхад Д.Б гарч ирээд намайг 2 кольцо өгчих гэхээр нь би хүнд зараад мөнгөө авчихсан гэж хэлсэн. Ингэж хэлээд хашаагаа хаачихаад явсан... ...хажууд айлын хүнийг кольцо авсан байж болзошгүй гэж сэжиглэж байна. 32-ын кранаар зөөсөн байж магадгүй...” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Мөн гэрч Б.Б-н “...бетон кольцо 2 ширхгийг ачаад урд хашаанд буулгаад өгөөч ээ хэдээр явах вэ” гэж асуусан. Тэгээд би 100.000 төгрөгөөр явж өгье гэсэн чинь жоохон буулгаад өгөө гээд гуйгаад байхаар нь за яахвэ гээд 60.000 төгрөгөөр бетон кольцог нь ачиж өгсөн. Залуухан эрэгтэй хүн нь 20.000 төгрөг, настай эрэгтэй хүн нь 40.000 төгрөг өгөөд 60.000 төгрөгөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.А-н “...Манай нойл дүүрчхээд байна, чамд нойлд тавьчих бетон кольцо байна уу" гэхэд С /Д.Б/ "Би олоод өгье, надад байгаа, 200.000 төгрөг өгчих, би хямдхан олоод өгье" гэсэн. Тэгээд Сайханаад 9 сарын 20-нд мөнгийг бэлэн тоолоод өгсөн. ...Манай охин, С бид 3 гэрийнх нь хажуу талын хашаанд очиж үзээд авахаар болоод 2-3 хоногийн дараа авна унаа байхгүй байна гэсэн. 2022 оны 9 дүгээр сарын 22-нд өглөө 07.00 цагийн үед Сайханаа манайд орж ирээд "Бушуухан кольцогоо аваарай" гэсэн. Тэгээд би "надад унаа тэрэг байхгүй, тэгж байгаад авна" гэхэд "би 32-ын урдаас кран аваад өгье" гээд намайг дагуулаад кран машин түрээсэлсэн. ...Надад байгаа мөнгө нь 40.000 төгрөг байсан. Мөнгө хүрэхгүй байна, болилоо гэсэн чинь С “би 20.000 төгрөгийг нь өгчихье” гэсэн...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Б нь бусдын өмчлөлийн буюу хохирогч Н.Г-н хашаандаа үйлдвэрлэсэн 2 ширхэг бохирын бетон кольцог хохирогчийн хашаа, гэр хүнгүй байх хугацааг тааруулан хулгайлан авч өргөгч кранаар ачаа тээвэр хийж байсан Б. Бишүүгарав гэгч жолоочийг хөлслөн кранаар ачуулж иргэний нэхэмжлэгч Л.А-д зарж худалдан өөртөө ашиг олсон үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.Б нь амар хялбар аргаар, бусдын эд хөрөнгөөр мөнгө, ашиг хонжоо олж амьдрах гэсэн явуургүй шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Н.Г-д 400.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байх бөгөөд хохирогч шүүх хуралдаанд “надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна. Харин иргэний нэхэмжлэгч Л.А-д 240.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирол, төлбөрийг төлж барагдуулахаар шүүх хуралдааныг завсарлуулж, 240.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Л.А-д төлж барагдуулсан байна.
Иймд Д.Б-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан тохирох ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, краны төлбөр болох 36.240.943 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, хэрэгт эд мөрийн битүүмжлэгдсэн бетон кольцог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид олгох саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялаас доош татаж хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Д.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах буюу өөрөө болон ердийн хэрэгслээр өргөж дийлэхгүй овор хэмжээ том, хүнд жинтэй эд зүйл болох бетонон кольцог өргөж ачуулах, тээвэрлэх зориулалтаар өргөх машин механизм ашиглан үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон.
Мөн шүүгдэгчийн ашигласан гэх тээврийн хэрэгсэл нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар шүүгдэгч Д.Б-н нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна /хх-70/ гэжээ. Иргэний нэхэмжлэгч Л.А, гэрч Б.Б нарын мэдүүлгүүдээр бетоныг зөөсөн тээврийн хэрэгсэл нь Д.Б-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш болох нь нотлогдсон.
Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №01 дугаартай тогтоолд тайлбарлахдаа “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зөөж, тээвэрлэж буйгаа мэдээгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийн тээврийн хэрэгслийг хурааж болохгүй.
Тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглуулсан болохоо мэдсэн эсэхийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд заавал тогтоосон байвал зохино.” гэжээ.
**** УНЕ краны тээврийн хэрэгслийн жолооч буюу Б.Б нь шүүгдэгч Д.Б-г тухайн 2 ширхэг бетон кольцог хулгайлан авч байгаа болохыг мэдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, иргэний нэхэмжлэгч, яллагдагчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу шүүгдэгчээс 36 243 943 төгрөгийн хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах тухай саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн 1 ширхэг кольцог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Г-д буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн 1 ширхэг бетон кольцог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Г-д буцаан олгож, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР