Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 04

 

        Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүгч Л.Түвшинжаргал, шүүгч Ц.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Ц  х  Эрүүгийн ахлах мөрдөгч Б.М ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Далт багийн иргэн С.М  холбогдох халаалтын тогооны үнэ 4200000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, нэхэмжлэгч Б.М э, хариуцагч С.М , хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган сум дахь сум дундын Ц  х  халаалтын уурын зуухны тогоо хагарсан тул галч С.М аас тогооны үнэ болох 4200000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Галчийн буруугаас болж хагарсан. Тогоо худалдаж авах үнэ нь 4200000 төгрөг юм гэв.

Хариуцагч С.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш ээлжийн галчгүй ганцаараа ажиллаж байсан. Галчийн буруу байгаагүй. Уг тогоо нь гагнасан хэсгээрээ 3 см орчим задарсан байсныг гагнаад одоо хэвийн ажиллаж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Ц  х  Эрүүгийн ахлах мөрдөгч Б.М э нь С.М  холбогдуулан тогооны үнэ 4200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т: Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэгч гаргагч этгээдийг хэлнэ, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна гэж заасан.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар нэхэмжлэгч нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байхыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл төлөөлөгч нь чухам ямар эрх эдэлж, үүрэг хүлээхэд итгэмжлэл олгогдож буйг нарийвчлан заах ба итгэмжлэлд тусгагдаагүй эрх, үүргийг төлөөлөгч хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн үйлдэлд бусдыг төлөөлөх бүрэн эрхгүй гэж үзнэ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Ц  х  даргын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 336 тоот албан бичиг нь хуулийн дээрхи шаардлагыг хангаагүй, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Ц  х  Эрүүгийн ахлах мөрдөгч Б.М э нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Ц  х  Эрүүгийн ахлах мөрдөгч Б.М ий нэхэмжлэлтэй С.М  холбогдох тогооны үнэ 4200000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шүүхийн тогтоолд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.