Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1091

 

                                             

                                                                                                                   

      2023         8            15                                      2023/ШЦТ/1091

 

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,     

шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гансүхийн Г т холбогдох эрүүгийн 2206 00114 0632 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г, Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 15-87 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Дархан Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дархан Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 290 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн, (РД: ).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Атилла хүнсний дэлгүүрт иргэн О эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 774.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:      

Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг болсон гэх газар нь БЗД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 104а байрны “Атена” гэх нэртэй хүнсний дэлгүүр байх бөгөөд албаны GPS төхөөрөмжөөр шалгахад EN гэх солбилцолийг зааж байв. Уг хүнсний дэлгүүр нь гадна талдаа байрнаас илүү гарсан 2х2 метрийн харьцаатай үүдний хэсэгтээ байх бөгөөд уг хэсгээр дамжин дэлгүүрийн хүрэн өнгийн төмөр хаалгыг татаж дотогш ороход 5х6 метрийн харьцаатай өрөөнд хүнсний бүтээгдэхүүн улаан цагаан өгийн төмөр лангуун дээр өрөөстэй байх ба уг өрөөнд үзлэгийг цагийн зүүний дагуу хийхээр тогтов.

... тус дэлгүүрийн голд Fresh гэсэн бичигтэй олон хаалгатай зайрмагын хөргөгч байх бөгөөд хөргөгчний эсрэг талд буюу урд хананд модон олон тасалгаатай архи, дарс, пивонууд өрөөстэй байх бөгөөд баруун гар талаас 3 дахь нүдэнд буюу доод талаасаа 4 дэх нүдэнд байсан Yellow Tail гэсэн бичигтэй дарсны гадаргуун дээрээс 2 ширхэг гарын мөр бэхжүүлж авав. Мөн хажууд нь байсан Conti Bassi гэсэн бичигтэй дарсны гадаргуун дээрээс 2 гарын мөр, Alazani Valley гэсэн бичигтэй дарсны гадаргуун дээрээс 4 ширхэг гарын мөр бэхжүүлж авав.

... дэлгүүрийн баруун хэсэгт касс байрлах хэсэгт үргэлжлүүлэн улбар шаргал өнгийн модон тавиур дээр HIKVISION гэсэн бичиглэлтэй дэлгэц 2 ширхэг байх ба уг дэлгэцний хажууд алдагдсан утас байсан гэх газрыг 47 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-23 дүгээр хуудас),

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар хэсэг 104-а байрны 05 тоотод байх “Атилла” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт ажил дээрээ байж байтал 20 цагийн орчимд нэг эмэгтэй 2 эрэгтэй 1 нийт 3 залуу гаднаас орж ирсэн. Тэд нар тахианы мах, виноны үнэ зэрэг зүйл асуугаад байсан тэгээд нэг нь кассны хажууд ирж виноог надаар уншуулж асууж байхад нөгөө өндөр эрэгтэй нь лангуун дээр байсан миний Самсунг А-52 маркийн гар утсыг авсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн 02/18 дугаартай “...шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд ММ003010009697 дугаараар бүртгэгдсэн Гансүх овогтой Г ын баруун гарын дунд хурууны хээний дардастай, 2 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд М1М003010009697 дугаараар бүртгэгдсэн Гансүх овогтой Г ын баруун гарын эрхий хурууны хээний дардастай, 3 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд МЫ003010009697 дугаараар бүртгэгдсэн Гансүх овогтой Г ын баруун гарын долоовор хурууны хээний дардастай тохирч байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33 дүгээр хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “Үзлэгийг 2023 оны 02 сарын 09-ний өдрийн 22 цаг 50 минутанд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 212 албан өрөөнд явуулав. ...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Атилла хүнсний дэлгүүр дотроос Самсунг А52 маркын гар утас алдсан гэх хэрэгт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Атилла хүнсний дэлгүүрийн дотор талын хяналтын камерын бичлэг байна. ...Бичлэгт цаад талын ханандаа архи пиво зэрэг эд зүйлс орж байрлуулсан модон тавиур, хажууд нь чихэр зэрэг эд зүйл өрж байрлуулсан тавиур, архи пиво өрж байрлуулсан тавиурны наад талд цэнхэр өнгийн масктай, бараан өнгийн куртик цайвар өнгийн өмдтэй эрэгтэй хүн наад талд нь цэнхэр өнгийн куртик цайвар өнгийн үстэй эрэгтэй хүн харагдах ба бичлэгийн баруун талд дэлгүүрийн кассны хэсэг харагдаж дотор нь эмэгтэй хүн суусан наад талд нь цагаан өнгийн зах, цайвар өнгийн товчтой хар өнгийн куртик, бараан өнгийн өмдтэй эрэгтэй гээд бичлэгэнд 4 хүн харгдаж байна. Бичлэгэнд харагдаж эмэгтэй дэлгүүрийн голд байрлах хөлдөөгчнөөс ямар нэгэн зүйл үзэж хажууд нь цайвар өнгийн өмдтэй эрэгтэй, цагаан өнгийн захтай хар өнгийн куртиктэй эрэгтэй 2 очиж зогсон эмэгтэй хөргөгчнөөс Тагтуритан гэсэн улаан өнгийн ууттай зүйл гаргаж ирэн цагаан өнгийн захтай эрэгтэйд өгөхөд цагаан өнгийн захтай хар өнгийн куртиктэй эрэгтэй баруун гараараа тухайн зүйлээс барин явсаар худалдагчид өгөн худалдагч буцаан өгех зүүн гараараа аван баруун гартаа шилжүүлэн цайвар өнгийн өмдтэй эрэгтэйд өгч бичлэг дууссанаар тус файлыг хаан дараагийн ... кассан дээр эрээн өнгөтэй цамцтай шаргал өнгийн үстэй эмэгтэй урд нь эд зүйлс замбараагүй байрлуулсан ширээ байх ба ширээн дээр байх 2 дэлгэцний баруун дэлгэцний доод хэсэгт хар өнгийн гар утас байгаа нь харагдаж байв. Бичлэгний зүүн талаас өмнөх бичлэгт байх цэнхэр өнгийн масктай цайвар өнгийн өмдтэй эрэгтэй гартаа нэг зүйл барьж хүрч ирэн худалдагчид өгөхөд бичлэгний баруун талд өмнөх бичлэгт байсан цагаан өнгийн захтай хар өнгийн куртиктэй эрэгтэй худалдагчийн урдах ширээн дээр байх 2 дэлгэцний баруун талын дэлгэцний доор байсан гар утсыг аван цааш халаасандаа хийгээд алхан кассыг тойрч худалдагчийн ширээн дээр байсан ууттай зүйлийг авч явсанаар бичлэг дуусав...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Ялын тооцоо (хавтаст хэргийн 130 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 467/ш дугаар “Яллагдагчаар шилжүүлэн цагдан хорих тухай” захирамж, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 566/1 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 657 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж (хавтаст хэргийн 131-132, 135-136, 144-145 дугаар хуудас),

Хохирогч О гомдол, саналгүй гэх гар бичмэл (хавтаст хэргийн 139 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 79 дүгээр хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтас хэргийн 80-111 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Г нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Атилла хүнсний дэлгүүрт иргэн О эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 774.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Атилла хүнсний дэлгүүрт иргэн О эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 774.600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Б.Хонгорзулын Samsung A52 загварын гар утсыг 774.600 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хохирогч Б.Оюунбилэгт учирсан хохирлыг шүүгдэгчийн ар гэрээс барагдуулсан байна. (хавтаст хэргийн 139 дүгээр хуудас)

Хэргийн үйл баримт нь камерын бичлэгт бичигдсэн байх бөгөөд уг камерын бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэгдэж, уг нотлох баримтаар хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Г нь хохирогч О эзэмшлийн гар утсыг авсан байх бөгөөд уг гар утасны үнэлгээ нийт 774.600 төгрөгөөр үнэлэгдсэн, хохирогч Б.Оюунбилэгт 774.600 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г нь хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Г.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь Г нь нийгэмшээгүй, амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлтээс болж гарчээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

Хохирогч Б.Оюунбилэг нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Г.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Г.Г т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж ... хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн хорих ялд нэмж нэгтгэх, нийт цагдан хоригдсон хугацааг оногдуулах ялд оруулан тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Г нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг ялаас биеэр 01 жил 05 сар 10 хоногийн хорих ялыг эдэлсэн, 05 сар 10 хоногийн үлдэгдэл ялтай гэх ялын тооцоо хавтаст хэргийн 130 дугаар хуудаст авагдсан байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г т оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 хоногийн хорих ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 10 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 сар 10 хоногийн хугацаагаар тогтоов.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Г т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 467/ш дугаар “Яллагдагчаар шилжүүлэн цагдан хорих тухай” захирамж авагдсан байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгч Г нар нь 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр цагдан хорих 461 хорих ангид ирсэн гэх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г ын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г т 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г т оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 хоногийн хорих ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 10 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Г т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ