Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/ма2025/0704

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаал болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Т***** субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0586 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Х.М, Ц.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 128/2025/0385/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаал, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Т***** субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0586 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.10, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2.3, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2, Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 1.2, 2.1, 4.2, 5.4, 5.4.1, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргаж журам”-ын 1.4.2, 1.4.5, 3.2, Цагдаагийн алабн хаагчийн сахилгын дүрмийн 4.3, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаал болон Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын  20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-г урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Т***** субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажилд нь буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл хугацаагаар тооцон олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга давж заалдах гомдолдоо:

3.1. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд хяналт шалгалтыг ...Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлэхээр хуульчилсан. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам"-ын 1.3-д "Аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү нийтлэг журамд нийцүүлэн, өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон "Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-тай байна." гэж заасан.

3.2. Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/283 дугаар тушаалаар баталсан "Байгууллагын үйл ажиллагаанд дотоод болон санхүүгийн хяналт шалгалт хийх (код 111) журам"-ын дагуу Мөрдөн байцаах албаны зарим нэгжийн үйл ажиллагаанд "төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт хийх удирдамжийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргаар батлуулж, удирдамжид заасан шалгах чиглэлийн хүрээнд хяналт шалгалт явуулсан.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан "... Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-д заасныг баримтлах нь зүйтэй." гэсэнтэй Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийг баримталсан нь нийцэхгүй юм.

 3.3. Нөгөө талаар 1-рт, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн баталсан 2025-003-0000-001 дугаартай албаны шалгалт, 2-рт, мөн албаны дарга, цагдаагийн хурандаа П.О нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн танилцуулга зэргийг үндэслэн дээрх "төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт"-ыг явуулсны дүнд дотоод хяналт шалгалтын нэгжийн ажилтан нь илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын "Мөрдөн байцаах албаны зарим нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулсан дүнгийн тухай" 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/61 дугаартай танилцуулгаар Цагдаагийн ерөнхий газрын даргад сахилгын шийтгэл оногдуулах саналыг хүргүүлж шийдвэрлүүлсэн.

3.4. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/283 дугаар тушаалаар баталсан "Байгууллагын үйл ажиллагаанд дотоод болон санхүүгийн хяналт шалгалт хийх (код 111) журам"-д заасны дагуу Т***** субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн үндсэн үйл ажиллагааг 33 чиглэлийн 71 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, дүгнэхэд 63.7 буюу "Дутагдалтай" үнэлгээтэй дүгнэгдсэний зөрчил, дутагдал заагдсан чиглэл тус бүрээр дурдвал,

3.4.1. Удирдлагын үйл ажиллагааг 12 чиглэлийн 36 үзүүлэлтээр шалгахад "Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг судалгаа, дүн шинжилгээнд суурилан зохион байгуулж, үр дүнг тооцох чиглэлийн хүрээнд т***** субъектийн үйлдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд статистик мэдээ гаргахдаа цагдаагийн байгууллагын алба хаагчдын холбогдсон дэлгэрэнгүй бүртгэл гаргаснаас өөр бүртгэл судалгаагүй, тухайн төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахдаа түүнд холбогдсон алба хаагчдын тоон болон чанарын үзүүлэлтийг харьцуулсан хүснэгтэн судалгаа, мэдээллийг гаргасан эх сурвалж нь үнэн зөв, бодит, бүрэн дүүрэн, тоон мэдээтэй харьцуулах боломжтой байдлаар илэрхийлээгүй, программ хангамж, техник хэрэгслийг ашиглах, тоо баримт, судалгаа, мэдээлэлд үндэслэн эерэг болон сөрөг үр дагавар, нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, судалгааны үр дүнгээс гарсан үндэслэл бүхий дүгнэлт, санал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний зөвлөмж зэргийг боловсруулж гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн дүүрэн аваагүй байсан.

3.4.2. Т***** субъектийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик үзүүлэлтийг бүрэн дүүрэн тал бүрээс нь судалсан судалгааг гаргаагүй тул энэ чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээний үр дүн гараагүйгээс гадна "Дүн шинжилгээ, судалгаа хийх (код 715) журам"-д заасан дүн шинжилгээ, судалгаанд тавигдах шаардлагыг хангаж ажиллаагүй, удирдлагаас мэргэжил, арга зүйн зааварчилга өгч, дэмжлэг үзүүлэх ажил дутмаг, урьдчилан сэргийлэх ажлыг орхигдуулсан, өссөн, буусан шалтгааныг судлан холбогдох ажлын хэсэгт танилцуулсан материалгүй байсан.

Мөн тус хэлтэст 2024 онд шалгагдсан хэрэг бүртгэлийн болон мөрдөн байцаалтын хэрэгт холбогдсон алба хаагчийн харьяа анги, байгууллагын удирдлагад "Мэдэгдэл" хүргүүлсэн талаар бүртгэлд бүртгэгдсэн боловч 21 буюу 52.2 хувьд мэдэгдлийн хариуг хүлээн авсан нь шаардлагын хэмжээнд хүрэхгүй, харьяа нэгжийн удирдлагаас 2024 онд нэгжийн алба хаагчдад Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны "Цагдаагийн байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлох (код 100)" журмын 100.3.13 дахь хэсэг "Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нар өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд албан даалгавар, зөвлөмжийг харьяа нэгжид хүргэж, бүртгэл хөтлөн үр дүнг тооцно" гэж заасныг мөрдөж ажиллаагүй.

3.4.3. Түүнчлэн харьяа нэгжийн даргаас 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай 12 заалт бүхий "Үүрэг"-ийг чиглэлийн ахлах, ахлах мөрдөгч нарт өгч биелэлтийг хагас, бүтэн жилээр тооцохоор алба хаагчдад өгсөн хэдий ч уг үүргийн 10,11,12 дугаарт заасан зарим заалтыг харьяа нэгжийн чиглэлийн ахлах, ахлах мөрдөгч нар бүрэн дүүрэн гүйцэтгээгүй байхад нэгжийн удирдлагаас алба хаагчдын өөрсдийн өгсөн үнэлгээгээр үнэлсэн нь хэрэгжилтийг бодитой тооцоогүй, холбогдох баримт, нотломжид тулгуурлан үнэлээгүй, нэгжийн даргаас үүргийн биелэлттэй танилцсан тэмдэглэлгүй байгаа нь өөрийн өгсөн үүргийн биелэлтийг тооцдоггүй, цагдаагийн байгууллагын гэмт хэргийн бүртгэлийн цахим санд 103 зааварчилга өгсөн талаар мэдээлэл оруулсныг баримттай тулган үзэхэд 64 зааварчилгаагаар зөрүүлж удирдлагыг буруу мэдээллээр хангасан зэргийг шалгагчаас үнэлж, 63.7 оноо буюу дутагдалтай гэж дүгнэсэн.

3.4.4. Зохион байгуулалтын ажлыг 7 чиглэлийн 16 үзүүлэлтээр шалгахад нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө нь журамд заагдсан шаардлагыг хангаагүй, нэгжийн онцлогт тохируулаагүй, Мөрдөн байцаах албаны 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг шууд хуулбарласан, 2024 оны эхний хагас жилд төрийн албан хаагчийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангуулах явцын ярилцлагыг тус хэлтсийн алба хаагчидтай хийж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг бүтэн жилээр гаргуулан авч, үнэлгээ өгсөн боловч үнэлгээг бодитой өгөөгүй, прокурорын шаардлага, албан бичгийн дагуу хариу арга хэмжээ аваагүй, алба хаагчдынхаа мөрдөн шалгах ажиллагаа, хууль хэрэгжүүлэх чадварыг сайжруулах чиглэлээр нэг бүрчилсэн ажил зохион байгуулаагүй байсан.

Мөрдөн байцаах албаны даргаас тус хэлтсийн үйл ажиллагаанд хамаарах 87 үүрэг өгснөөс биелэлт 45.2 хувьтай байгаа нь үүргийн биелэлтийг хангуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй, мөн тус хэлтсийн даргаас өөрийн хариуцсан нэгжийн мөрдөгч нарт 39, бусад нэгжийн мөрдөгч нарт 16, нийт 55 үүрэг, зааварчилгааг бичсэн боловч нэгдсэн бүртгэл хөтлөөгүй, биелэлтийг тооцоогүй зэргийг шалгагчаас үнэлж, 60.5 оноо буюу дутагдалтай гэж дүгнэсэн.

3.4.5. Үндсэн үйл ажиллагааг 12 чиглэлийн 36 үзүүлэлтээр шалгахад гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр шүүхэд шилжүүлсэн 40 хэрэгт 40 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлж, 15 мэдэгдлийн хариуг авсан, 25 мэдэгдлийн үр дүнг тооцоогүй, "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавих (код 310) журам"-ын дагуу хөтлөгдвөл зохих бүртгэлээс хэргийн эд мөрийн баримт, барьцааны эд зүйл, мөнгө, хураан авсан болон битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээн авч шийдвэрлэсэн тухай бүртгэл хөтлөөгүй, нэгжийн даргын зааварчилгааны бүртгэл 2022 оны 09 сараас хойш хөтлөөгүй, хэрэг, материал хүлээлгэн өгсөн бүртгэл 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш бүртгээгүй, мөрдөн байцаалтын хэргийн хяналтын бүртгэл 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш хугацаанд бүртгээгүй, хэрэг бүртгэлтийн хэргийн хяналтын бүртгэл 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хугацаанд бүртгээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүсийн бүртгэлийг тус тус хөтлөөгүй, тухайн онд бүртгэгдсэн хэрэгт даргын зааварчилга бичиж, биелэлт, үр дүнг тооцох ёстой боловч 2024 онд шалгасан 203 хэрэгт 36 зааварчилга бичсэн нь хангалтгүй, хэрэг шийдвэрлэх график 1, 3 дугаар улиралд гаргаж дүгнэсэн, 2, 4 улиралд батлагдсан график, төлөвлөлт байхгүй, сургалтын төлөвлөгөө батлуулж, хэрэгжүүлээгүй зэргийг шалгагчаас үнэлж, 67.0 оноо буюу дутагдалтай дүгнэгдсэн.

3.4.6. Шалгасан чиглэл тус бүрийн ажлын баримтуудыг хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бд танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуран баталгаажуулжээ. Шалган зааварчлах ажиллагааны дүнгийн хурлыг ажлын хэсгээс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус албаны Т***** субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын өрөөнд харьяа нэгжийн алба хаагч нарыг оролцуулан хийж, шалган зааварчлах ажиллагааны нийлбэр дүнгээр "63.7" оноогоор "дутагдалтай" үнэлэгдэж байгаа талаар танилцуулаад үнэлгээтэй холбоотой асууж тодруулах зүйл байгаа талаар лавлахад тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бас шалгалт, үнэлгээтэй холбоотой асуух зүйл байхгүй гэж үнэлгээг хүлээн зөвшөөрснөөр бүрэн нотлогдсон гэж үзэхээр байна.

3.5. Нэхэмжлэгч Б.Б-аас тухайн үйлдлийн талаар байгууллагын дотоод хяналт шалгалтаар зөрчил үйлдсэн болохыг тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан, өвчтэй байгаа талаар өөрийн удирдлага буюу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн даргад мэдэгдээгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилд очихгүй байх, ажил хаясан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.

3.6. Энэ үйлдэлд нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5- д заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан нь зүйтэй юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн 68.1-д "Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ." гэж, Төрийн албаны тухай хуулийн 37.1-д "Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ:" гээд 37.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;” гэж тус тус хуульчилсан.

3.7. Үүнээс үзэхэд цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүргийг хүлээж байгаа, мөн нэхэмжлэгч Б.Б нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн тодорхой зүйл, заалтыг зөрчсөн үйлдэл нь хангалттай нотлогдсоор байтал шүүхээс дээрх байдлаар хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн үнэлээгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 128/ШШ2025/0586 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаал, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Т***** субъектийн үйлдсэн гэм хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

3.1. Хариуцагчаас Б.Б-д Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т "... Цагдаагийн албанд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна", 79.2-т "... Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна”, 79.2.1-т "...энэ хуульд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан”, 79.2.3-т “ажлын байр албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн" гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан байна.

3.2. Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаалаар төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтаар "Дутагдалтай" үнэлгээтэй дүгнэгдсэн Б.Б-г Мөрдөн байцаах албаны Т***** субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс чөлөөлж, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчаар томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3.3.  Б.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/638 дугаар тушаалаар Мөрдөн байцаах албаны Т***** субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилогдож, 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 85,4 B буюу хэвийн үнэлгээгээр, 2023 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 87,6 B буюу маш сайн үнэлгээгээр, 2024 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 93,4 A буюу маш сайн үнэлгээгээр үнэлэгдэж байсан, хамгийн сүүлд 2024 оны бүтэн жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 90,5 A буюу маш сайн үнэлгээгээр үнэлэгдсэн байна.

3.3. 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас Мөрдөн байцаах албаны зарим нэгжийн 2024 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулж, “дутагдалтай” үнэлэн сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан нь 2024 оны бүтэн жилийн үнэлгээтэй зөрчилдөж байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч Б.Бас шалгалтын дүнг хүлээн зөвшөөрсөн, зөрчил дутагдал гарсан байдлыг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

3.4. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт “Төрийн албаны тухай хуулийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 5.2.1, 14.6, Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 1.3, 2 дугаар зорилтын 2.2, 2.3, 3 дугаар зорилтын 3.1, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм-ын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5, дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх үйл баримтууд хангалттай нотлогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

3.5. Иймээс Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т “...Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 4.3-т “Сахилгын зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулна” гэж тус тус заасны дагуу зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж, түүнд тохирох сахилгын шийтгэлийн төрлийг сонгох, эсхүл түүнийгээ засаж залруулах боломжийг олгох нь зүйтэй.” гэж заасныг баримтлан хариуцагчид дээрх хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэгч Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дахин нягтлан шалгах боломж олгох нь зүйтэй.

3.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаалыг хүчингүй болгосон хэсгийг  өөрчилж, Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дахин шийдвэрлэх хүртэл Б/245 дугаар тушаалыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Т***** субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох, тус дүнгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

4.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Б-г Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, Цагдаагийн хурандаа цолыг хураажээ.

4.2. Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр “Албаны шалгалтын дүнгийн танилцуулга”-д Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Чиглэлийн ахлах байцаагч цагдаагийн хурандаа Б.Б нь дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, биелүүлэхээс татгалзаж, томилогдсон ажил, албан тушаалд очоогүй, ... хуанлийн 25, ажлын 17 хоног ажил тасалсан гэж буруутган дээрх сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

4.3. Нэхэмжлэгч Б.Б нь түүний албан тушаалыг бууруулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан, мөн Гранд мед эмнэлгийн тодорхойлолтоор хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул  удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилд очоогүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бг урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Т***** субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох, тус дүнгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

4.4.Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаалаар Б.Б-г Мөрдөн байцаах албаны Т***** субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс чөлөөлж, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчаар томилсоныг эс зөвшөөрч гомдол гаргасан байхад түүнийг  Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн нь агуулгын хувьд алдаатай Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6.”Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.”Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.” гэх шаардлагыг хангаагүй тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 586 дугаар шийдвэрийн Тогтоох хэсийн 1 дэх заалтыг “Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.3, 81.4.3, 81.45 д заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаалыг дахин шинээр акт гарах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, мөн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-г урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Т***** субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс ажилд буцаан томилсон тушаал гарах өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох, тус дүнгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 болгон өөрчилж, 2 дахь заалтыг “ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаалыг шүүхийн шийдвэрт түдгэлзүүлсэн 1 сарын хугацаанд дахин гаргаагүй бол уг тушаал хүчингүй болохыг дурдсугай.” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн,эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэжхэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                          Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                          Б.АДЪЯАСҮРЭН