Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/968

 

 

2023        07        05                                  2023/ШЦТ/968

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалмаа,

Улсын яллагч Д.Мөнхтулга /томилолтоор/,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Д.Б холбогдох /************* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токорчин мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хувиараа засварын газарт ажилладаг, ам бүл 2, хүүхдийн хамт *************** тоотод оршин суудаг, урьд нь

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 875 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн.

********** ургийн овогт Д.Б /РД:**********/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Д.Б нь согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 13-ны оройн 21 цагийн орчимд ************ гэртээ хамтран амьдрагч Б.Э-ийг утсанд нь чат ирсэн гэж хардан, ёс бус үг хэллэгээр харааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хохирогч Б.Э-ийн толгой руу цохих, өшиглөх, зүүн талын хавирга руу удаа дараа цохих зэргээр биед нь хууль бусаар халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн 8,9-р хавирганы цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 13-ны оройн 21 цагийн орчимд *************** гэртээ хамтран амьдрагч Б.Э-ийг утсанд нь чат ирсэн гэж хардан, ёс бус үг хэллэгээр харааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хохирогч Б.Э-ийн толгой руу цохих, өшиглөх, зүүн талын хавирга руу удаа дараа цохих зэргээр биед нь хууль бусаар халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн 8,9-р хавирганы цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Э-ээс өгсөн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед ажлаа тараад ***************байх гэртээ очиход хамтран амьдрагч Д.Б-тэй уулзаад, хоолонд орж, дэлгүүр орж 2.5л Сэнгүр нэртэй пиво аваад гэртээ орсон. Гэртээ ороод пиво уугаад сууж байгаад миний утсанд эмэгтэй дүүгээс сайн уу, юу хийж байна гэж чат ирэхэд Б уурлаад миний утсыг булааж аваад миний фэйсбүүкийн бүх эрэгтэй найзууд руу сайн уу, уулзъя гэж чат бичээд, намайг хүмүүстэй унтаж хэвтсэн, янхан, банзал гэж уурлаад миний толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохихоор нь би Бат-Эрдэнийн үснээс зулгааж, хуванцар үнсний сав авч шидэхэд толгойн ар дагз хэсэгт оносон ба эргүүлээд миний толгой хэсэг рүү Израйл гутлаар 2-3 удаа гараа атгаж байгаад зүүн талын хавирга хэсэг рүү 2-3 удаа, миний Самсунг Q8 загварын гар утсыг хугалаад цонхоор гаргаад шидчихсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь/ тал

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн мөрдөгчөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Аюулын зэргийн үнэлгээ хийсэн “Хохирогчийн сэтгэл санаа тайван бус байна, цохиж зоддог, толгой, чих өвдөж байна гэх нөхцөл байдалтай тул аюулын зэргийн үнэлгээг өндөр гэж тогтоон, хуулийн дагуу арга хэмжээ авах шаардлагатай.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 22-23 дахь/ тал,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ц-ийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5648 дугаартай “Б.Э-ийн биед зүүн 8,9-р хавирганы цууралт, зүүн хацар, баруун шуу, зуун бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх хавирганы цууралтууд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12/-р тал зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Э нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 06 /зургаа/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** ургийн овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 06 /зургаа/ хүртэл сарын хугацаанд төлөхөөр тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БЭЭЖИН