Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 119

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч З.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А овогт Н.М

Хариуцагч: А овогт Н.Н

1 356 922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Нармандах,  хариуцагч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Энхбат, иргэдийн төлөөлөгч М.Уранбаяр,  нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Н.М миний биөд халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Н.Н уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор түүнд 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. Миний бие Н.Н зодуулсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болно. Иймд Н.Н ажилгүй байсан хугацааны цалин /эмчилгээ хийлгэсэн/ 196 976 төгрөг, эмнэлэгт эмчилгээ хийлгэсний төлбөр, эм тарианы мөнгө 819 743 төгрөг, таксины хөлс 82 000 төгрөг нийт 1 098 719 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.М нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Н.М нэхэмжлэлтэй Н.Н холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч би нэхэмжлэлийн шаардлагаа 258 203 төгрөгөөр нэмэгдүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Нийт 1 356 922 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэмтэл авсан. Н.Н нөхөртэйгөө намайг хашаанаас нүү гэж хэлсний улмаас ирж хэрүүл хийж биед халдсан Хоёулаа над руу дайрч толгой тархинд халдсан учраас би сандрахдаа болиоч гэж хэлэхэд салахгүй байсан. Би охиноосоо тусламж гуйгаад бүр болохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. 10-20 минутын дараа цагдаа орж ирсэн. Цагдаа орж ирэнгүүт араас нь манай дүү Н.Н орж ирээд манай нөхөр ямар ч хамаагүй, биднийг салгах гэж ирсэн юм гэж хэлсэн. Тэр өдөр бямба гараг байсан. Цагдаа 1 дэх өдөр өргөдөл өгөөрэй гэсэн боловч би ах дүү хүмүүс юм чинь гэж бодоод тухайн үед өргөдөл өгөөгүй байсан. 3-4 хоногийн дараагаар миний биеийн байдал эвгүй болсон. Би гэртээ ганцаараа байсан. Дотор муухайраад босож явахаар бие сульдаад байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь гэмтлийн эмч нь чи гэртээ ганцаараа, тэгээд ийм байдалтай байж ямар нэгэн  асуудал үүсвэл хэн сүүлд нь хариуцах вэ гэсэн. Тэгээд тухайн үед томограффикаар зураг авахуулсан. Түүнээс хойш байнга сульдаж тамирдаж, нүд хавддаг болсон. Хувийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Гэмтлийн эмч Улаанбаатар хот руу нарийн шинжилгээнд ор гэсэн боловч надад зав чөлөө байдаггүй, мөн санхүү мөнгөний асуудалтай байсан. Би өөрөө өрх толгойлсон эмэгтэй. Өчнөөн зардал чирэгдэл гарсан. Үнэхээр би төрсөн дүүгээ нөхөртэйгээ нийлж намайг ийм байдалд хүргэнэ гэж бодоогүй. Амралтынхаа үеэр болон ажлаасаа чөлөө авч эмнэлэгт хэвтсэн. Нийт 1 356 922 төгрөг нэхэмжилж байгаа. Өмнө нь эмнэлэгт хэвтсэн, авсан эмнийхээ бичгийг алга болгосон учраас байгаа баримттай зардлуудаа нэхэмжилж байгаа. Энэ хүнд эвлэрье гэж зөндөө хэлсэн боловч эвлэрэх ямар ч боломжгүй гэсэн. Тийм учраас би гомдолтой байгаа гэв.

Хариуцагч Н.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.М гаргасан 1 098 719 төгрөг гаргуулах тухай Н.Н надад холбогдох нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Н намайг өөрийн эгч Н.М биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгэсэн.

Мөн Н.М биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах зардалд 31 242 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж би торгох шийтгэл болон хохирогчид төлөхөөр шийдвэрлэсэн 31 242 төгрөгийг төлж барагдуулсан. Шийтгэх тогтоолд цаашид иргэний нэхэмжлэл гаргаж хохирол нэхэмжлэх эрхтэй талаар тусгаагүй. 31 242 төгрөгөөр гэмт хэргийн улмаас үүссэн хохирол барагдана гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй худал баримт байна. Би нэхэмжлэлийн шаардлагаас нэг ч төгрөг төлөх үүрэггүй гэжээ.

Хариуцагч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сард болсон зүйл. Би тухайн үед хашаа газраа зарах хэрэгтэй болоод эгч Н.М нүүх шаардлагатай байна гэж хэлсэн. Тухайн үед Н.М өөрөө эхэлж над руу дайрч миний нүүр амыг самардсан. Тэгээд манай нөхөр салгах гээд зууралдсан. Төд удалгүй охин нь гарч ирсэн. Гэтэл бид хоёрыг нийлж зодсон болгоод цагдаа шүүхээр явсан. Би тухайн үед эгч дүүс юм чинь гээд эмнэлэгт үзүүлж гомдол гаргаагүй. Энэ талаар мөрдөн байцаагч нь мэдэж байгаа. Тэгээд нөхцөл байдал явсаар байгаад шийдэгдсэн. Шийдэгдэхдээ намайг гэм буруутайд тооцсон. Би тухайн үед шүүх шинжилгээгээр үзүүлээгүй дээрээс нь цаг алдсанаас болоод надад сорвиноос өөр зүйл үлдээгүй. Хөнгөн зэргийн гэмтэл нь 28 хоногийн дотор эдгэсэн байдаг гэдгийг шүүгч хэлж байсан. Шүүхийн шийдвэр гарч 450 000 төгрөгийн торгууль, мөн эмчилгээний төлбөр 31 242 төгрөг гаргуулахаар шийдвэрлэгдсэн. Дээрээс нь томограффикийн зураг авахуулсан 120 000 төгрөг гээд тухайн үед гарсан төлбөрүүдийг тухайн үед нь төлөөд дуусгасан байгаа. Мөн тухайн газрыг булаацалдаад шүүхээр шийдвэрлүүлсэн байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би төлөх үндэслэлгүй. Намайг 2019 оны 04 дүгээр сараас хойш худлаа үнэн хэлж цагдаа шүүхээр байнга явуулсан. Энэ бүхэнд би хохиролтой, гомдолтой байна. Миний хувьд энэ мөнгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Н.Н холбогдуулан ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 196 976 төгрөг, эмчилгээний төлбөр 819 743 төгрөг, таксины хөлс 82 000 төгрөг нийт 1 098 719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний төлбөр 118 703 төгрөг, таксины хөлс 139 500 төгрөг нийт 258 203 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 1 356 922 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нь “...2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Н.Н миний биед халдаж хөнгөн хохирол учруулж уг үйлдэлд тэрээр гэм буруутай болох нь нэгэнт тогтоогдсон тул надад учирсан хохирлыг хариуцах учиртай...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, хариуцагч нь “...тухайн үед шийтгэх тогтоол, магадлалаар гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөр мөнгийг төлж барагдуулсан, уг тогтоол, магадлалд цаашид иргэний нэхэмжлэл гаргаж хохирол нэхэмжлэх эрхтэй талаар тусгаагүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Н.Н нь Н.М харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан үндэслэлээ “хөнгөн хохирол учруулсан гэм буруутай нь үнэн боловч шийтгэх тогтоол, магадлалд цаашид иргэний нэхэмжлэл гаргаж хохирол нэхэмжлэх эрхтэй талаар тусгаагүй, 31 242 төгрөгөөр гэмт хэргийн улмаас үүссэн хохирол барагдана гэж шийтгэх тогтоолд дүгнэсэн” гэжээ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг 4 долоо хоног хүртэл хугацаагаар сарниулах гэмтэлд хамаарахаар заасныг үндэслэн нэхэмжлэгчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар 15-ны өдрийг хүртэл хугацааны цалинг “Саппорт сервисес монголиа” ХХК-ийн тодорхойлолт /хх-14, 15/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-13/ зэргийг үндэслэн цаг хугацааны хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 8 хоногийн цалин 196 976 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь таксины хөлс 221 500 төгрөг гаргуулахаар шаардаж уг үйлчилгээг үзүүлсэн гэх иргэдийн тодорхойлолт, өөр иргэний хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг  нотлох баримтаар ирүүлсэн, мөн эмчилгээний төлбөр 938 446 төгрөг гаргуулахаар шаардаж ирүүлсэн баримтуудаас хавтаст хэргийн 7, 11 дүгээр талд авагдсан баримтуудаар эм, тариаг хэн худалдаж авсан нь тодорхойгүй, 8, 12 дугаар талд авагдсан “2019 оны 09 сарын 06-ны өдөр эмчилгээний төлбөр 310 000 төгрөг”, “2019 оны 09 сарын 20-ны өдрийн Бүтэнжаргал 220 943 төгрөг” гэх баримтаар хаана, ямар эмчилгээг хийлгэсэн нь тодорхойгүй, цаг хугацааны хувьд хариуцагчийн үйлдлээс учруулсан хохирлыг арилгахаар зарцуулсан зардал гэж үзэх үндэслэлгүй,  түүнчлэн хэргийн 10 дугаар талд авагдсан Тэгш дүүрэн эмнэлгийн 75 000 төгрөгийн баримт нь нэхэмжлэгчийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл болохоос өмнө буюу 2018 оны баримт байх тул нэхэмжлэлээс 1 159 946 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгчид учирсан хохирол буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацааны цалин 196 976 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Н нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 196 976 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 6559.28 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Н 196 976 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М олгож, нэхэмжлэгчийн 1 159 946 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт

зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар  хариуцагч Н.Н улсын тэмдэгтийн хураамж 6559.28 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ                               Б.ОТГОНСҮРЭН

                                             ШҮҮГЧИД                               Л.УГТАХБАЯР

                                                                                             З.ГАНЧИМЭГ