| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2023/1100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1117 |
| Огноо | 2023-08-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1117
2023 8 24 2023/ШЦТ/1117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч З.Хүслэн,
шүүгдэгч Ө.Х, түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 02496 1485 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Х нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар зочид буудлын 210 тоот өрөөнд хамт үйлчлүүлсэн хохирогч О Redmi note 8 маркийн гар утас, Хаан банкны виза картыг нууцаар, хууль бусаар авч улмаар хохирогчийн виза картыг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5954090288 тоот данснаас 1.900.000 төгрөг авч бусдад 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Э эзэмшлийн 435.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-52 загварын гар утсыг авч улмаар түүний данснаас 765.000 төгрөгийг өөрийн төрсөн ээж болон өөрийн данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хохирогчид 1.200.000 төгрөгийг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үүрээр 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын туннелийн Сансар зочид буудлын 210 тоотод орсон. Улмаар тухайн буудалд орохоос өмнө Сансарын туннел дээр шорлог зарж байсан хүмүүс дээр очиж шорлог авч идсэн. Тэгээд тэнд байхдаа танихгүй эмэгтэйтэй танилцаж байсан тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Тэгээд тухайн эмэгтэйн хамт CU үйлчилгээний газар луу орж 12.000 төгрөгөөр 4 ширхэг лаазтай пиво, нэг том ундаа авсан ба тооцоог нь би өөрийнхөө картаар хийсэн. Тооцоо хийхдээ картны нууц дугаарыг хэлсэн. Тэгээд Сансар зочид буудалд орсон. Тэнд ортол тухайн эмэгтэй бие засчихаад ирье гээд өрөөнөөс гарлаа гээд сууж байсныг санаж байна. Тэгээд би унтчихсан байна билээ. Өглөө сэртэл утас байхгүй, утасны ард Хаан банкны виза карт хавчуулсан байсан юм. Тэгээд үүрээр 05 цагийн үед миний Хаан банкны данснаас 1.900.000 төгрөг гарсан байсан. 1.000.000 төгрөгөөр нэг удаа, 900.000 төгрөгөөр нэг удаа гарсан байсан. Redmi note 8 маркийн хөх өнгийн Хятад утас...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),
Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн үед ангийнхаа залуутай уулзаж Баянзүрх худалдааны төвийн хажуу талын буудалд орж Эдэн нэртэй архи хувааж уугаад 18 цагийн үед гарсан. Манай найзууд буудалдаа уугаад үлдсэн. Би гэр лүүгээ харих гээд Бөхийн өргөөний автобусны буудал дээр такси барих гээд зогсож байсан. Нэг танихгүй эмэгтэй ирээд намайг таксинд суулгаж өгье гэж хэлсэн. Ойролцоогоор 30 минут зогсож байгаад бид хоёр автобусны ар талын хоолны газар орж хоол идсэн. Тэр эмэгтэй хоолны газраас гарч ирээд миний утсыг аваад явсан байсан. Би тэр эмэгтэйг явсны дараа миний утас алга болсныг мэдсэн. Хамт хоол идэж байхдаа миний интернэт банкны кодыг мэдсэн байх. Гэртээ харьсныхаа дараа шууд интернэт банкаа хаалгасан. Өнөө өглөө симээ сэргээлгээд банк орон дансаа шүүлгэтэл 2 удаа зарлага гарсан байсан. 19 цаг 35 минутын үед Б.Саранчимэг эзэмшигчтэй 5018705347 данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. 19 цаг 55 минутын үед Х гэх хүний 5374278500 данс руу 265.000 төгрөг шилжүүлэн авсан байсан. Миний гар утас хар өнгийн А-52 загварын гар утас байсан. Би имей кодоо мэдэхгүй байна. Хайрцаг сав гэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дугаар хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Эхний видеог нээж үзэхэд CU дээр хохирогч цагаан өнгийн куртиктэй үсээ задгай тавьсан эмэгтэй хүний хамт зогсож байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд цагааан өнгийн куртиктэй эмэгтэйн хамтаар CU дотор явж байгаа нь харагдаж байна. Дараагийн бичлэгийг нээж үзэхэд Сансар зочид буудлын 210 тоот өрөөнөөс цагаан өнгрийн урт куртиктэй, хар өнгийн өмд пүүзтэй% дотуураа улаан хар өнгийн цамцтай эмэгтэй гарч явж байгаа нь харагдаж байна.” гэх мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11, 74 дүгээр хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-28, 86-89 дүгээр хуудас),
Э эзэмшлийн ХААН банкны 5802115663 тоот дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга, О эзэмшлийн ХААН банкны 5954090288 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 47-48, 75-76, 77 дугаар хуудас),
Хаан банкны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 29/3793 дугаар “5954090288 тоот данснаас 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 900.000 төгрөгийг зарлагын гүйлгээг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансар үйлчилгээний төв Сансар Ехрress-д байрлах АТМ1470-д хийсэн” гэх албан бичиг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 28л-1а/4665 тоот (хавтаст хэргийн 148 дугаар хуудас),
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 28з4-1/2538 тоот (хавтаст хэргийн 149 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Ц-1/541 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Ц-1/429 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Ө.Х нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар зочид буудлын 210 тоот өрөөнд хамт үйлчлүүлсэн хохирогч О Redmi note 8 маркийн гар утас, Хаан банкны виза картыг нууцаар, хууль бусаар авч улмаар хохирогчийн виза картыг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5954090288 тоот данснаас 1.900.000 төгрөг авч бусдад 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Э эзэмшлийн 435.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-52 загварын гар утсыг авч улмаар түүний данснаас 765.000 төгрөгийг өөрийн төрсөн ээж болон өөрийн данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хохирогчид 1.200.000 төгрөгийг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ө.Х нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар зочид буудлын 210 тоот өрөөнд хамт үйлчлүүлсэн хохирогч О Redmi note 8 маркийн гар утас, Хаан банкны виза картыг нууцаар, хууль бусаар авч улмаар хохирогчийн виза картыг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5954090288 тоот данснаас 1.900.000 төгрөг авч бусдад 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Э эзэмшлийн 435.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-52 загварын гар утсыг авч улмаар түүний данснаас 765.000 төгрөгийг өөрийн төрсөн ээж болон өөрийн данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хохирогчид 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч О Redmi note 8 загварын гар утсыг 260.000 төгрөгөөр, хохирогч Э Samsung A52 загварын гар утсыг 435.000 төгрөгөөр тус тус үнэлсэн,
Мөн хохирогч О ХААН банкны виза картыг картыг авч, түүний 5954090288 тоот данснаас 1.900.000 төгрөгийг, хохирогч Э интернет банкийг ашиглан түүний 5802115663 тоот данснаас 765.000 төгрөгийг авсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ө.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Ө.Х нь хохирогч Д.Отгон-Од эзэмшлийн Redmi note 8 загварын гар утас, түүний эзэмшлийн ХААН банкны 5954090288 тоот данснаас 1.900.000 төгрөгийг авч, нийт 2.160.000 төгрөгийн хохирол, Э Samsung A52 загварын гар утас, түүний эзэмшлийн ХААН банкны 5802115663 тоот данснаас 765.000 төгрөгийг авч, нийт 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байгаа нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ө.Х нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар зочид буудлын 210 тоот өрөөнд хамт үйлчлүүлсэн хохирогч О Redmi note 8 маркийн гар утас, Хаан банкны виза картыг нууцаар, хууль бусаар авч улмаар хохирогчийн виза картыг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5954090288 тоот данснаас 1.900.000 төгрөг авч бусдад 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Э эзэмшлийн 435.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-52 загварын гар утсыг авч улмаар түүний данснаас 765.000 төгрөгийг өөрийн төрсөн ээж болон өөрийн данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хохирогчид 1.200.000 төгрөгийг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Мөн шүүгдэгч Ө.Х нь дээрх гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ө.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.
Хохирогч Д.Отгон-Одод 2.160.000 төгрөг, Э.Энхбаяр 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх тул шүүгдэгч 3.360.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Отгон-Одод 2.160.000 төгрөг, хохирогч Э.Энхбаяр 1.200.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Ө.Хд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгч бага насны нэг хүүхэдтэй. Хамтран амьдрагч гэж хүн байгаа боловч баталгаа байхгүй. Гурилын үйлдвэрт ажилладаг тул хохирол төлбөр төлөх бүрэн боломжтой тул 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.Хгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хд нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Х нь цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ө.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х д 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хд нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 угаарзүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хгаас 3.360.000 төгрөгийг гаргуулан хохирогч О 2.160.000 төгрөг, хохирогч Э 1.200.000 төгрөг тус тус олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Х нь цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ