Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/206

 

 2023         6            13                                  2023/ШЦТ/206

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,  

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Н.Х нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Д-н хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2325000000290 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Н.Х

Шүүгдэгч Н.Хаш-Эрдэнэ нь;

2023 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө согтуурсан үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум  баарны гадаа хохирогч Ж.Мөнх-Эрдэнэтэй маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Н.Х дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

иргэн Ж.М “...2023 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Зэст багийн нутаг дэвсгэрт бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

хохирогч Ж.М “...Миний бие 2023 оны 5 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед найз Гантулга, Соёмбо, Нямдорж нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” бааранд орж 1л нэг шил архи, ганц нэг пиво уусан. Баар хаагаад баарнаас гараад машины зогсоол дээр байж байхад өндөр залуу намайг “бацаан” энэ тэрээр нь дуудаад, над руу томроод байсан, тэгэхлээр нь тухайн залуутай маргалдсан, нэг нэгнийгээ заамдаж авсан, маргалдаж явсаар уг баарны баруун талын байрны үзүүр дээр ирээд тухайн залуу миний нүүр лүү гараараа цохиж, толгойгоороо мөргөсөн, миний уруулаас цус гарч хавдсан...би эмнэлэг явж урууландаа оёдол тавиулсан.” гэх /хавтаст хэргийн 12 дахь тал/,

гэрч Ж.Ш “...2023 оны 5 дугаар сарын 12-ны орой 23 цаг өнгөрч байхад дүү Мөнх-Эрдэнэ “хүн зодоод байна” гэж залгахаар нь би Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт байрлах “Wave” баарны гадаа яваад очиход манай дүүгийн уруул хавдаад цус гарчихсан, хувцас нь урагдчихсан байсан.” гэх /хавтаст хэргийн 14 дахь тал/,

гэрч З.Б “...2023 оны 5 дугаар сарын 12-ны орой би Төмөрхуяг, Гүндсамбуу хоёр найзтайгаа “Wave баарны гадаа очсон. ...баарнаас найз Мөнх-Эрдэнэ гараад ирсэн, ...мэндэлчихээд цааш яваад хүмүүстэй тамхи татаад баарны гадаа зогсож байснаа хүмүүстэй маргалдаад байгаа бололтой харагдсан. ...Би гар утсаа оролдож байгаад хартал баахан хүмүүс зогсож байсан, ...гарч ирээд “гар утсаа өгч байгаач, найз нь хүнд зодуулчихлаа, цагдаа дуудна.” гэхээр нь би машинаас буугаад гар утсаа өгөөд хэсэг юм ярьж зогсож байгаад холдсон.” гэх /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Н.Х яллагдагчаар өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 12-ны орой би Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave бааранд найз нөхдийн хамт орсон. Тэнд үл таних нэг эрэгтэй хүнтэй маргалдсан ,намайг өдөөд байхаар нь нэг удаа цохиж мөргөсөн нь үнэн.” гэх /хавтаст хэргийн 38 дахь тал/ мэдүүлгүүд,

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 447 дугаартай; “...Ж.Мөнх-Эрдэнийн биед дээд урууланд шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна. Дээд урууланд шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст 26-27 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Н.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хавтаст хэргийн 65, 67 дугаар талуудад авагдсан хохирогч Ж.Мөнх-Эрдэнийн “гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 300.000 төгрөгийг төлсөн баримт, гомдолгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

         Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Х шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хаш-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ